Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/876

 

 

 

 

 

 

 

       2022         07          04                                        2022/ШЦТ/876

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Г.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.П-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд

- ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21/539 тогтоолоор өршөөлд хамруулсан,  

Боржигон овогт Г.П (Регистрийн дугаар: АЕ9608...).

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Г.П- нь 2022 оны 01 сарын 15-ны өдрийн өглөө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дэн буудлын 301 тоотод хохирогч А.М-н эзэмшлийн Samsung А-52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 3 сарын 30-ны өдрийн 375 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шин

жлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Шүүгдэгч Г.П- нь хохирогч А.М-н Samsung A-52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн А.М-ээс: “...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудалд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн Самсунг А-52 маркийн гар утсаа хулгайд алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 60-5)

- Хохирогч А.М-н “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн Кембаб Чон Гүг хоолны газрын хажууд байрлах дэн буудлын 301 тоотод манай найз Энхмөрөн, Ариун-Эрдэнэ нарын хамт байсан ба манай хоёр найзтай хамт ажилладаг гэх Г.П- эхнэрийн хамт байсан. Тухайн өдрийн 09 цагийн үед Энхмөрөн, Ариун-Эрдэнэ нар нь ажилдаа яваад өгсөн ба Г.П- эхнэртэйгээ үлдсэн ба унтаж байгаад 18 цагийн үед сэрэхэд миний Самсунг А-52 маркийн гар утас алга болсон байсан ба буудлаас гараад Ариун-Эрдэнэтэй утсаар яриад Г.П- утас авч явсан талаар хэлэхэд Г.П-тай холбогдох утсыг олоод хэлье гэсэн. Г.П- нь 91215251, 88648183 гэсэн дугаарыг Ариун-Эрдэнэ олж өгсөн. Тухайн 15-ны өдрийн 21 цагийн үед 88648183 дугаар луу нь залгаж холбогдох гэтэл Г.П-ын ээж нь утсаа аваад Г.П- ирээгүй байна гэхээр нь танай хүүхэд Г.П- миний утсыг аваад явчихлаа гэхэд тэр талаар сайн мэдэхгүй байна гээд утсаа тасалсан. 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төв дээр Ариун-Эрдэнэтэй уулзсан ба Г.П- нь Ариун-Эрдэнэ рүү 98-тай дугаараар холбогдож надтай ярьсан ба тухайн үед Г.П- нь “Ах аа уучлаарай таны утсыг андуураад аваад явсан байна орой хот руу ороод тантай холбогдоно” гэсэн. Тэрнээс хойш Г.П-тай холбогдоогүй бөгөөд иймд Цагдаагийн байгууллагад хандаж байна... миний бие гомдолтой байна. Алдсан гэх гар утсаа олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 хуудас)

- “Тэнцвэр Эстимейт” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 188 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр Samsung A-52 гар утсыг 900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хавтаст хэргийн 23 хуудас)

- Гэрч Б.Ариун-Эрдэнийн “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээр буюу Бага тэнгэрийн аман дээр Г.П-тай танилцсан. Тэгээд тухайн оройн нь Монгол-Эрдэнэтэй уулзаад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Кембаб Чон Гүгийн хажуу талын дэн буудал өрөө авч Энхмөрөн, Монгол-Эрдэнэ нартай хамт хонохоор болсон. Тухайн үед араас Г.П- нь найз охины хамтаар тус буудалд бид хэд дээр ирсэн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн өглөө ажилдаа явсан ба ажилдаа явсан дараа Монгол-Эрдэнэ нь араас залгаад Г.П- миний гар утсыг аваад явчихлаа гэж байсан...98618189 дугаараас Г.П- нь ярьсан бөгөөд тухайн үед би Монгол -Эрдэнийн гар утсыг аваад явсан байна уучлаарай согтуудаа аваад явсан байна бүрэн бүтэн байгаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 хуудас)

- Шүүгдэгч Г.П-ын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн  “...Миний бие Монгол-Эрдэнийн Самсунг А-52 маркийн гар утсыг өөрт нь мэдэгдэлгүйгээр нууцаар авч явсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг нотлох баримтаар нотлогдсон.

 

2. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зоригоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

 

Шүүгдэгч Г.П-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтээр хохирогчийг унтаж байх хойгуур нь түүний гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

4. Шүүгдэгч Г.П-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

5. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Монгол-Эрдэнэд 900,000 төгрөгийг нөхөн төлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 6. Улсын яллагчаас шүүгдэгч Г.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах тухай санал, дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Г.П-аас: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэв.

6. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.П- нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн /хавтаст хэргийн 64 хуудас/ нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

   7 . Шүүгдэгч Г.П-ын хувийн байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн тул улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Г.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.П-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Г.П-д оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

   5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ