Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 02277

 

Д.Оын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02897 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Оын хариуцагч Б.Г, Б.Э нарт холбогдуулан гаргасан хариуцагч нараас 10 485 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 515 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, хариуцагч Б.Гантүлхүүрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ошүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Снар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Б.Э нь 10 000 000 төгрөгөөр Старекс гэх машиныг хүнээс авч байгаа, мөнгөө шилжүүлээч гэж гуйсны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Гийн Х банк ХХК-ийн 5017230677 тоот данс руу 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. 2015 оны 04 дүгээр сарын 25-ны үед мөнгө яаралтай хэрэгтэй байна мөнгөө авъя гэхэд өгөхгүй байсан учраас Б.Гтэй ярихад "Т" гэдэг ББСБ-д зээлтэй машиныг Б.Этай наймаалцсан гэж ярьсан. Би Б.Грийн данс руу нийт 10 485 000 төгрөг шилжүүлсэн учраас тэр мөнгөө Б.Гээс нэхэмжилж байна. Харин Б.Э надад итгүүлж 10 000 000 төгрөгийг удаахгүй өгнө гэж энэ мөнгийг шилжүүлүүлсэн тул мөн Б.Эрдэнэбаярыг энэ мөнгийг хамт хариуцна. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, Б.Эын хүсэлтийн дагуу Б.Гт мөнгө шилжүүлсэн гэжээ.

Хариуцагч Б.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Б.Э Д.О нар нь Старекс машиныг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 14 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж, тус өдөр Д.Оаас 10 000 000 төгрөгийг авто машины үнэ гэж шилжүүлсэн. Уг машин нь "Т" ББСБ-д барьцаанд байгаа гэдгийг Б.Э, Д.О нарт хэлж байсан. 14 000 000 төгрөгийнхөө 10 000 000 төгрөгийг өгч, үлдэгдэл 4 000 000 төгрөгийг 3-4 хоногийн дараа өгөхөөр тохиролцсон. Үлдэгдэл 4 000 000 төгрөгийг төлөхгүй байсан учраас банкны төлөлт болчихлоо, эхний ээлжинд банкны хүү болох 485 000 төгрөгийг төл гэж Д.О руу ярихад автомашины үнэ гэж шилжүүлсэн. Д.О нь авто машины үнэ гэж 10 000 000 төгрөг, 485 000 төгрөгүүдийг шилжүүлээд байгаа нь уг авто машиныг худалдаж авсан гэдгийг нотолж байгаа юм. Сөрөг нэхэмжлэлийн тухайд 4 000 000 төгрөгийг 3 хоногийн дараа өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй, Д.О уг машиныг өөрийн эзэмшилдээ авч, өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул үлдэгдэл төлбөр болох 3 515 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Г, Б.Э нараас 10 485 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Оын нахэмжлэлийн шаардлагыг, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 515 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 710 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 910 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдооНэхэмжлэгч нь өөрийн мөнгө болох 10 485 000 төгрөгийг Б.Гийн дансанд орсныг нотолсон, нотлох баримттай хэргийг хариуцагч Б.Гээс гаргуулж шийдвэрлэх байтал харин ч хариуцагч Б.Гт нэхэмжлэгчийн 10 485 000 төгрөгийг завшуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Б.Г нь шүүхэд анхнаасаа л "миний машин би машинаа Б.Эт худалдсан" гэж хэлж ярьж, тайлбар гаргаж байснаа сүүлд сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчид худалдсан болж өөрчлөгдсөн бөгөөд харин шүүхээс шүүхийн журмаар нотлох баримт татуулахад өөрийнх нь машин биш өөр хүний өмчлөлийн машин болох нь бүрэн нотлогдсон юм. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах бүрэн боломжтой байхад шүүх эсрэгээр нь шийдвэрлэсэн. Өгсөн, авсан нь нотлох баримттай, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 10 485 000 төгрөгийг хариуцагч Б.Э нь авч хэрэглээгүй, хариуцагч Б.Г нь ганцаараа авсан гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгч 10 485 000 төгрөгийг хэн нэгэн этгээдэд өгснөө өөрөө нотолж чадахгүй тохиолдолд нэхэмжлэгч эрсдлээ хүлээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ойлголт гарч ирнэ. Гэтэл шүүх нэхэмжлэлиин шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, гаргасан шийдвэрийн үндэслэлээ нэхэмжлэгч гэрээний бус үүрэгтэй холбоотой нэхэмжлэлиин шаардлага гаргасан тул энэ шүүх хуралдаанаар гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй, мэтгэлцээгүй, энэ талаар нэхэмжлэгч шүүхээр эрхээ хамгаалуулахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг ямар ч ойлгомжгүй, хуульд нийцээгүй. Хуулийг хэрхэн хэрэглэж, зөв тайлбарлах нь шүүхийн асуудал. Гэтэл нэг асуудлаар иргэн хүнийг хэдэн удаа шүүхэд ханд гэж хэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Тэгсэн атлаа гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй, мэтгэлцээгүй гэчихээд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 515 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Б.Э нь найз Б.Гтэй үгсэн хуйвалдан нэхэмжлэгчийн мөнгийг авсан гэж үзэж байна. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Г нь шүүх хуралдаан хийлгэхийг зөвшөөрч байна, хариуцагч Б.Этай машины наймаа хийсэн учраас уулзмаар байна гэж хариуцагч Б.Г хэлэхэд шүүгч З.Б нь илт өөрөө санаачлага гарган өмгөөлөгч авахыг санал болгоход Б.Г тэгье, гэсэн. Шүүгч өмгөөлөгч авах хүсэлтээ бичгээр өг гэж хэлсэн. Шүүгч З.Бнь хариуцагч талд санаа тавьж, түүнд үйлчилж байна гэх бодлыг тухайн үед шууд төрүүлсэн. Иймд Б.Г, Б.Э нараас 10 485 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон заалтыг хүчингүй болгож, бусад хэсэг болох худалдах, худалдан авах гэрээнии үүрэгт 3 515 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Гийн сөрөг нэхэмжлэлиин шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б.Э, Б.Г нарт холбогдуулан 10 485 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шаардлага гаргасныг хариуцагч Б.Г эс зөвшөөрч /хх.47/ худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 515 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ. Хариуцагч Б.Э нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна. /хх.1/

 

Анхан шатны шүүх шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2015/11788 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж шүүх хуралдааныг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товложээ. /хх.20/ Шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэх хуудсаар хариуцагч Б.Эт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /хх.23/ байна.Тухайн өдрийн шүүх хуралдаанаас хойш товлогдсон 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10 цаг 00 минут, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 13 цаг 30 минут, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Эт мэдэгдээгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах хэргийн оролцогчийн эрх хангагдаагүй байхад шүүх хуралдааныг явуулжээ.

 

Мөн нэхэмжлэгч талаас хариуцагч Б.Эыг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаагүй байхад түүний эзгүйд шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасантай нийцэхгүй бөгөөд хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрх хангагдсан гэж үзэх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлзэх зарчим хэрэгжээгүй байхад давж заалдах шатны шүүхээс маргааны талаар дүгнэлт өгөх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулаагүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б.Эаас хэдэн төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхой бус байхад шүүхээс уг асуудлыг зээлийн гэрээний харилцаа биш гэх зэргээр дүгнэсэн нь эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хуулийг хэрхэн зөв хэрэглэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02897 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

Д.БАЙГАЛМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ