| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 184/2019/01742/И |
| Дугаар | 001/ХТ2021/00426 |
| Огноо | 2021-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2021/00426
Норт эйшиа инвестмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02380 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1947 дугаар магадлалтай,
Норт эйшиа инвестмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Б.Анхбаяртад холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,776,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэлмэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Чойжилсүрэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Норт эйшиа инвестмент ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Анхбаяртад 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 7.500.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ хуваарийн дагуу төлж байгаад таслалт үүсэхэд нь биечлэн очиж мэдэгдэл хүргүүлсэн. Зээлдэгч Б.Анхбаярт нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7.500.000 төгрөг, үндсэн хүү 5.220.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.056.000 төгрөг, нийт 13.776.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгө болох Б.Анхбаяртын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Шавартын 1 дүгээр гудамж, 9 тоотод байрлах 88 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай байшин, мөн хаягт байршилтай Г-2201015773 дугаарт бүртгэлтэй 555 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Анхбаярт шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч байгууллагаас өөрийн эзэмшлийн хашаа байшингаа барьцаалан 7.500.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь үндсэн зээлийн хүүгээ сар бүр төлж байсан. Ингээд нэмж зээл авахаар нэхэмжлэгч байгууллагад очиход дахиж зээл гарах боломжгүй манайх дампуурч байгаа учраас үндсэн зээлээ төлнө үү гэдэг шаардлага тавьсан байсан. Ингээд үндсэн төлбөр 7.500.000 төгрөгийг авч очиход нэхэмжлэгч байгууллага нь хаяган дээрээ байхгүй, ямар дансанд төлөхөө мэдэхгүй байсан учраас төлөх боломжгүй байсан. Зээлдэгчийг таслалт хийсэн гэдэг шалтгаанаар дахиж зээл олгоогүй байдаг. Гэтэл зээлдэгч нь хөдөө орон нутагт томилолтоор явсан. Би үндсэн зээлийн төлбөр болох 7.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгч тал нь өөрсдөө урт хугацаагаар алга болчхоод, зээлээ төлөх талаар ямар нэгэн мэдэгдэл хүргүүлээгүй байж гэнэт ийм их хэмжээний мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 онд хуучин ажиллаж байсан газарт нь очиход хаяган дээрээ байхгүй, утас нь болохгүй байсан. Зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байх ёстой. Ингэж удаан хугацаагаар шаардахгүй байж байгаад өндөр үнийн дүн шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Байгуулсан гэрээгээ өөрсдөдөө ашигтай байдал үүсгэж хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаад гомдолтой байна гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02380 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Анхбаяртаас зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.764.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Норт Эйшиа Инвестмент ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Анхбаяр нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Шавартын 1 дүгээр гудамжны 9 тоотод байрлах 88 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай Ү-2201027420 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 18638314513432 нэгж талбарын дугаартай, Г-2201015773 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 555 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297.330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Анхбаяртаас 292.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Норт Эйшиа Инвестмент ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1947 дугаар магадлалаар: Сонгинохйрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 24-ны өдрийн 184/ШШ2019/02380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 115,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэлмэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны 1947 дугаарт магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч тал нь хаягаа өөрчлөн замын хойд урд тал руу л нүүсэн нь үнэн... гэж нэхэмжлэгч тал хурлын явцад тайлбарласан. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт нэхэмжлэгч тал нь урт хугацаагаар алга болсон, хаяг өөрчилсөн тухайгаа мэдэгдээгүй талаар дэлгэрэнгүй тайлбарласан атал шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй ямар учраас удаан хугацаанд зээлдэгчтэй холбоо бариагүй, төлбөр төлөхийг шаардаагүй талаар асууж тодруулалгүй зээлдэгчийн хүлээсэн үүрэгтэй холбож тайлбарлаж байгаа нь алдаа дутагдалтай. Учир нь Б.Анхбаярт нь зээлдүүлэгч байгууллагаас ахин зээл авах талаараа биечлэн уулзахад нь байгууллагаа өөр газар руу нүүх тухайгаа мэдэгдэх боломжтой байсан, хэрэв тухайн үедээ хэлээгүй бол энэ талаар утсаар дамжуулан мэдэгдэж болох байсан. Хаягаасаа нүүсэн талаар утсаар асууж тодруулах гэхээр гэрээ байгуулсан Золзаяагийн утас огт холбогдолгүй байсан. Нэхэмжлэгч тал нь байгууллагын хаяг өөрчлөгдсөн тухайгаа мэдэгдээгүй улмаас хариуцагчийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байх тул зээлийн хүү болон хүүгийн хүүг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1947 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, хүү болон хүүгийн хүү болох 6.264.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Норт эйшиа инвестмент ББСБ ХХК нь Б.Анхбаяртад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,776,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл, 2016.09.09-ний өдрийн зээлийн гэрээгээр Норт эйшиа инвестмент ББСБ ХХК нь 7,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар Б.Анхбаяртад зээлдүүлж, зээлийн үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, хариуцагч өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Шавартын 1 дүгээр гудамжны 9 тоотод байрлах 88.8 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай Ү-2201027420 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 18638314513432 нэгж талбарын дугаартай, Г-2201015773 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 555 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан ба зээлдэгч зээлийн төлбөрт 4,470,000 төгрөг төлсөн, үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний төрөл, барьцааны гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн биелүүлэх үүргийн хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар хоёр шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Норт эйшиа инвестмент ББСБ ХХК нь зээлийн гэрээ байгуулах үед зээлийн үйл ажиллагаа эрхэлж байсан болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийг 2019.05.08-ны өдрөөс хүчингүй болгосон байх ба шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан хариуцлагыг хүлээж, хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагчийн татгалзал, энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
Зээлийн гэрээний 3.3, 3.4-т зээлийн төлбөр төлөх дансыг тодорхойлж заасан байх тул ...нэхэмжлэгч хаягаа өөрчилснөө мэдэгдээгүйгээс зээл төлж чадаагүй... гэх гомдлыг хангах боломжгүй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хариуцагчийн биелүүлэх үүргийг үндэслэлтэй тогтоосон боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн нэрийг буруу бичсэнийг давж заалдах шатны шүүх залруулаагүй байна.
Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1947 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02380 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дах заалтын ...Б.Анхбаяр гэснийг ...Б.Анхбаярт гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төлсөн 115,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ