Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 7

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Хэргийн индекс: 114/2021/004/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Ж-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  ДУАУБХ-т холбогдох

Нэхэмжлэлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг 10 дугаар хороололын 10а байрны 22 тоот орон сууцны өмчлөгчөөр Ч.Ж-г өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг  ДУАУБХ-т даалгахтухай шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                          Ч.Ж-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                  П.Батжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                           Б.Хишгээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Миний бие харьяаллын дагуу Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00685 дугаар шийдвэрээр өмчлөгчөөр тогтоолгосон бөгөөд уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Өмчлөгчөөр тогтоолгосны дараа Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч мөн татгалзсан хариу ирүүлсэн бөгөөд үүнийг эс зөвшөөрч дараагийн шатанд буюу Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гаргахад 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 8/748 дугаар албан бичгээр надад гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан тухай үндэслэлгүй хариу ирүүлсэн. Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Л- И-” ХХК-аас иргэн Б-, Д- нарт гэрчилгээ шилжүүлэхдээ маргаан бүхий 22 тоот байрыг “Л- И-” ХХК-д үлдэх ёстой байсан боловч улсын бүртгэгчийн буруутай үйлдлээс болж Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 10 дугаар хороолол 10а байрны 22 тоот байрыг орхигдуулан бичснээс болж одоо миний байр ямар нэгэн гэрчилгээнд бүртгэлгүй байна. Иймээс миний өмчлөх эрх зөрчигдөж байх тул Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг, 10 дугаар хороолол, 10а байрны 22 тоотын өмчлөгчөөр Ч.Ж- миний нэр дээр бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “...Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн их суудлын хуралдааны шийдвэрт Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 гэсэн заасан заалтууд гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр гэж заасан хэсгийг барьцаалагчийн талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрх ашигт хандсан байх тул гээд цэцийн шийдвэрээр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй гэж заасныг зөрчсөн гэж үзээд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц 2015 оны 11 дүгээр тогтоолоор дээрх хуулийн заалтуудыг хүчингүй болгосон. Ямар нэгэн барьцаанд байгаагаар өмчлөгчийн бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэсэн заалтын дагуу асуудал шийдвэрлэсэн тул барьцааны гэрээ бүртгэлтэй гэсэн үндэслэлээр өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4/2764 тоотоор шилжилт хөД- хийхийг түдгэлзүүлсэн гэх уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоод иргэн Б- нь 46 айлын орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулаад авчихсан байдлаар тогтоогдоно. Нэхэмжлэгчийн 22 тоот нь Б-, Д- нарт олгогдсон байруудад ороогүй “Л- И-”ХХК-д үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4/2764 тоотыг дурдаж татгалзсан хариу ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Хяналтын улсын байцаагчийн 2019 оны 705 дугаар дүгнэлтээр шилжилт хөдөлгөөн зогсоосон нь маргаан бүхий орон сууцтай огт хамааралгүй зөвхөн Б-, Д- нарын шилжилт хөдөлгөөнтэй хамааралтай асуудал юм. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00685 дугаар шийдвэрээр өмчлөгчөөр тогтоолгосон уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул 705 дугаар актаар татгалзсан нь үндэслэлгүй байна.

Иймд  ДУАУБХ-т Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг, 10 дугаар хороолол, 10а байрны 22 тоотын өмчлөгчөөр Ч.Ж-г бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишгээгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг бүртгэлийг хийхдээ шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Д-, Б- нарт салгаж бүртгэж үлдсэн байрыг “Л- И-”ХХК-д гэрчилгээнд тусгасан байдаг. Уг шилжүүлэг хийх явцад процессын алдаа гарч маргаан бүхий Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг, 10 дугаар хороолол, 10а байрны 22 тоот байрыг “Л- И-”ХХК-д бүртгэх ёстой байсныг бүртгээгүй орхисон. Татгалзаад байгаа үндэслэл нь уг байр бүхэлдээ Батпүрэв гэдэг хүнтэй хийсэн барьцааны гэрээ дуусгавар болоогүй байгаа учраас өмчлөх эрх бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 705 дугаар дүгнэлтээр уг байрны шилжилт хөдөлгөөний түдгэлзүүлсэн учраас татгалзсан...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч нь   ДУАУБХ-т холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн хэлтсийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг хариуцагчид  даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа  шүүх хуралдаан дээр ““Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг, 10 дугаар хороолол, 10а байрны 22 тоот орон сууцны өмчлөгчөөр Ч.Ж-г өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг  ДУАУБХ-т даалгахгэж тодруулсан болно.

Нэхэмжлэгч Ч.Ж- нь Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг, 10 дугаар хороолол, 10а байрны 22 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон Баянгол дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 102/ШШ2020/00685 дугаар шийдвэрийг үндэслэн  орон сууц өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр хариуцагч байгууллагад 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  хүсэлтээ гаргасан боловч Улсын бүртгэлийн хэлтэс 2020 оны 10 дугаар сарын 30-ны “Хариу хүргүүлэв” 1503 дугаар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Хариу өгөх тухай” 8/748 дугаар албан бичгээр тус тус татгалзсан хариу өгсөн нь үндэслэлгүй байна. Учир нь:

Хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс 2019 оны 2 дугаар сарын 21-ны өдөр Б.Д-, Д.Б- нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2003021859, Ү-2003021860, Ү-2003021861, Ү-2003021862 дугаарт салган бүртгэл хийж, үлдэх хэсгийг “Ласти-интернэшнл” ХХК-ийн Ү-2003018160 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байх бөгөөд маргаан бүхий орон сууц болох 10а байрны 22 тоот орон сууц уг бүртгэлд бүртгэгдээгүй, нэхэмжлэгчийн зүгээс улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт  бүртгүүлэх болон ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийлгүүлэхээр хүсэлт гаргаж байгаагүй болох нь хэргийн оролцогч нарын тайлбар,улсын бүртгэл түүнд үндэслэн олгосон 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000674797 дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.                                       

          Мөн Улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Улсын бүртгэлийг түтгэлзүүлэх тухай” 705 дугаар дүгнэлтээр “Ласти-интернэшнл” ХХК-ийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг түтгэлзүүлж, улмаар тусгай тэмдэглэл хийгдсэн байхад хариуцагчаас нь тусгай тэмдэглэл цуцлагдсан тохиолдолд маргаан бүхий орон сууцны 22 тоотыг “Ласти-интернэшнл” ХХК-ийн Ү-2003018160 дугаарт бүртгэж дараа нь Ч.Ж-гийн нэр дээр шилжүүлэн бүртгэх боломжтой, мөн О.Батпүрэв, “Ласти-интернэшнл” ХХК-ний хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ хүчинтэй байгаа гэж татгалзсан нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д ” бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа”, 29.1.5-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” гэх хуулийн заалттай нийцээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь  шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоосон Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг, 10 дугаар хороолол, 10а байрны 22 тоот орон сууцаа өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээгээ гаргуулахаар хүсэлт гаргасан байхад өөрт нь хамааралгүй  улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй холбон бүртгэхээс татгалзсан нь хууль бус байх бөгөөд хариуцагчийн гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “...хуульд үндэслэх...”, 4.2.5-д “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх...” зарчимд нийцэхгүй байна.

Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д” Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д засан эрхийг  хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”  гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг, 10 дугаар хороолол, 10а байрны 22 тоот  орон сууцны өмчлөгчөөр Ч.Ж-г эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг  ДУАУБХ-т даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2,106.3,106.3.4,106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.5, 5 дугаар зүйлийн 5.1,  тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ж-гийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг, 10 дугаар хороолол, 10а байрны 22 тоот  орон сууцны  өмчлөгчөөр Ч.Ж-г эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг  ДУАУБХ-т даалгасугай.

         2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Ж-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар шүүхийн шийдвэрийг хүрэлцэн ирж гардан авах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                                                                                              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНЧИМЭГ