Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2024/0155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: ТЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “ТAIS нэгдсэн системийг нэвтрүүлэхдээ төлбөл зохих 58,700,440,154.76 төгрөгийн татварын өр дээр АМНАТ-ын 22,382,701,431.10 төгрөгийг нэмэгдүүлж бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйлдлийг илт хууль бус актад тооцуулах, TAIS системд бүртгэгдсэн дээрх дүнг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Тооцоо нийлсэн актын дагуу шинэчлэн бүртгэхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0953 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А, Я.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин

Хэргийн индекс: 128/2023/0173/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас ТЕГт холбогдуулан “ТAIS нэгдсэн системийг нэвтрүүлэхдээ төлбөл зохих 58,700,440,154.76 төгрөгийн татварын өр дээр АМНАТ-ын 22,382,701,431.10 төгрөгийг нэмэгдүүлж бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйлдлийг илт хууль бус актад тооцуулах, TAIS системд бүртгэгдсэн дээрх дүнг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Тооцоо нийлсэн актын дагуу шинэчлэн бүртгэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0953 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 17 дугаар зүйлийн 17.1.8, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.26, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1,  Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГт холбогдох захиргааны хэргийг хянаад шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0953 дугаартай шийдвэрийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцээгүй гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

3.1. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгтээ Засгийн газрын баталсан эрх зүйн хэм хэмжээг ямар хугацаанаас хэрэглэх талаар хууль хэрэглээний маргаан байна гэж дүгнэсэн. Уг маргааны тухайд эрх зүйн хэм хэмжээний актыг үндэслэсэн татварын харилцаа үүсэж маргаан гарах нөхцөл үүсээгүй байсан гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй байна. Засгийн газрын 2013 оны 131, 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан журмуудтай холбоотой маргаан тухайн цаг хугацаандаа нэхэмжлэлийн дагуу харьяаллын дагуу шүүхүүд нь шийдвэрлээд шийдвэр нь хүчин төгөлдөр болчихсон.  “А” ХХК-д уг асуудлаар маргах шаардлага, шалтгаан үүсээгүй, өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрүүдийг татварын алба тухайн үед нь биелэлтийг нь хангачихсан.

Өнөөдөр дээрх шийдвэрүүдийг үндэслэн 2009-2017 оны АМНАТ-ийг хүчингүй болгох үндэслэл байхгүй юм. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь хэсгийг үндэслэл болгон “А” ХХК-ийн АМНАТ-ийг 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж TAIS нэгдсэн системд бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйл ажиллагааг илт хууль бус акт болохыг тогтоож шийдвэрлэжээ. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэргийн нөхцөл байдлыг тодорхойлоогүй, нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь хэсгийг үндэслэх нөхцөл тухайн хэрэгт үүсээгүй байсан. Тодруулбал татварын албанаас “А” ХХК-д 22,3 тэрбум төгрөгийн татварыг нэмэгдүүлсэн захиргааны ямар ч акт гаргаагүй. Энэ талаар тодорхой тайлбар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байхад шүүхээс нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан.

3.2. Нэхэмжлэгчээс хариуцагчийг буруутгах үндэслэлээ хууль зүйн хувьд тодорхойлон тайлбарлаагүй, түүний ямар эрх ашиг нь хөндөгдсөн, захиргааны ямар акт гаргасан нь тодорхойгүй байхад илт хууль бус акт гаргасан мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч ямар акт гаргасан нь аль хуулийн аль заалтыг зөрчсөн тэр нь тухайн компанийн ямар эрх ашгийг хөндсөн болох нь тодорхойгүй байдаг. TAIS татварын албаны үйл ажиллагааны бүртгэлийн л программ. Уг программд байгаа мэдээллийг татварын албаны шийдвэргүйгээр, Татварын ерөнхий хуулийн /2008/ 33.1-д заасан үйлдэх баримтгүйгээр 22 тэрбумаар үндэслэлгүйгээр бууруулсан нэр бүхий байцаагчдын үйлдэл нь татварын албаны шийдвэр биш бөгөөд хууль бус шийдвэр гаргасан үйлдлийг засан программд бүртгэсэн нь буруутай үйл ажиллагаа биш. Программ бол татварын албаны, татварын байцаагчийн шийдвэр биш, харин татварын байцаагчийн шийдвэрийг бүртгэдэг хэрэглээний систем юм. Өөрөөр хэлбэл татварын тайлан, татварын улсын байцаагчийн актыг үндэслэн энэ программд бүртгэлийг хийдэг, тэгэхээр ямар ч үндэслэлгүйгээр бүртгэл татварын өрийг программд үүсгэх гэх асуудал байдаггүй болно. Шүүхийн шийдвэрээс харахад шүүх тус компанитай холбогдох өмнө нь шийдвэрлэгдсэн Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдтэй уялдуулан энэ маргааныг шийдвэрлэжээ.

УДШ-ийн Иргэний хэргийн 2014.10.03-ны өдрийн 546-р тогтоолоор *******-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэм хэмжээний акт хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Захиргааны хэм хэмжээний актыг хууль зөрчсөн үндэслэлээр илт хууль бусад тооцдоггүй, харин хүчингүй болгодог бөгөөд үйлчлэл нь ИХШХШТХ-ийн 119, 120-д заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаа буюу 2014.10.03-ны өдрөөс эхэлнэ. Энэ талаар Улсын дээд шүүх хууль тайлбарлах эрхийнхээ хүрээнд тайлбарлан хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

-Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2017.05.10-ны өдрийн 125 дугаар тогтоолоор *******-ийн нэхэмжлэлтэй, Улсын төсвийн орлого хяналтын байцаагч нарт холбогдох татварын улсын байцаагчийн акттай холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Уг хэргийн тухайд тухайн компанийн 2010-2014 оны татвар ногдуулалт төлөлтийн байдлыг шалгаад 2015 онд буюу Засгийн газрын хэм хэмжээний актын төмөрт холбогдох хэсэг 2014.10.03-ны өдөр хүчингүй болчихсон байхад хүчингүй болсон Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн акт тогтоосон нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн байдаг.

Дээрх 2 шүүхийн шийдвэрийг хариуцагчаас биелүүлж актаар тогтоосон төлбөрийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хүчингүй болгон программд бүртгэн 2014.10.03-ны өдрөөс эхлэн дараагийн Засгийн газрын хуульд нийцсэн хэм хэмжээний акт гарах хүртэл АМНАТ-ийг татвар төлөгчийн борлуулалтын үнэлгээгээр тооцон авахыг ТЕГ-аас УТОХГ-т чиглэл болгосон нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Үүнээс хойш тухайн компанитай холбогдох маргаантай захиргааны акт гараагүй бөгөөд УДШ-ээр эцэслэн шийдвэрлэсэн иргэний болон захиргааны хэрэгт татвар төлөгчийн АМНАТ-ийн тайлагналтай холбоотой маргааныг шийдвэрлээгүй болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс харагдана. Өөрөөр хэлбэл “А” ХХК-д татварын албаны зүгээс 22 тэрбумаар АМНАТ-ыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн захиргааны аливаа шийдвэр, үйлдэл гараагүй энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад илт хууль бус акт тогтоосон, акт тогтоох эрх зүйн үндэслэл байгаагүй гэж шүүхийн үзээд байгаа нь ЗХШХШТХ-ийн 7.1. Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасантай зөрчилдөж байна.

3.3. Татварын ерөнхий хуулийн /2008/ 1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино, 18.1. Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.2. татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх, гэж хуульчилсан. Дээрх хууль тогтоомжийн дагуу “А” ХХК нь 2010-2014 оны АМНАТ-ийн тайлангаа тухайн цаг хугацаануудад өөрөө тайлагнаж татварын албанд ирүүлсэн байдаг. Гэтэл 2010-2014 онд АМНАТ-ийн тайлангаар ногдуулсан 22.3 тэрбумын татварыг татварын алба үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн 2010-2014 онд татвар төлөгч нь АМНАТ тайлангаа үнэн зөв тайлагнасан эсэхийг татварын алба шалгаад 2015 онд хяналт шалгалтаар 83 тэрбум төгрөгийн АМНАТ нэмж ногдуулсныг УДШ-ийн 2017.05. 10-ны өдрийн 125 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн. Татварын улсын байцаагчтай тооцоо нийлсэн акт гэх цаасыг үндэслэл болгож хууль тогтоомжид зааснаас өөрөөр татварыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй билээ. Тус компанид татварын албанаас 22 тэрбумаар нэмэгдүүлсэн гэх татварыг ямар нэгэн актаар ногдуулаагүй бөгөөд татварын улсын байцаагчтай тооцоо нийлсэн гэх баримт нь татварын алба, татварын улсын байцаагаас үйлдэгдэх хуульд заасан захиргааны акт биш байна.

Татварын улсын байцаагч нь зөвхөн Татварын ерөнхий хуулийн 33.1. Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид "тэмдэглэл" гэх/ үйлдэнэ, 34.1. Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2 6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ, 34 2. Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид "акт, дүгнэлт" гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, гэж заасны дагуу хуульд нийцсэн шийдвэр гаргах ёстой бөгөөд түүнийг нь харьяалах хэлтсийн дарга нь баталгаажуулахаар хуульчилсантай нийцэхгүй байна. Түүнчлэн татварын улсын байцаагчаас гарах акт дүгнэлтийн маягтуудыг Татварын ерөнхий газрын дарга баталсан байдаг бөгөөд татварын албанаас тооцоох нийлэх акт гэх захиргааны акт шийдвэрийг гаргадаггүй болно. Тийм актын батлагдсан маягт ч байхгүй болно.

3.4. Хэн нэгэн Татварын алба нь хуульд зааснаас өөрөөр эрхээ хэтрүүлэн хуулийн дагуу төлсөн татварыг хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд энэ нь Татварын ерөнхий хуулийн /2008/ 3.1. Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж заасныг зөрчиж буй үйлдэл болно. Татварын улсын байцаагчийн тооцоо нийлсэн гэх баримт нь татварын албаны шийдвэр (тодруулбал захиргааны акт) биш бөгөөд зөвхөн татварын хуульд заасан үндэслэлээр татварыг хөнгөлөх, хүчингүй болгох зохицуулалтыг чиглэл болгон ажиллаж байгаа татварын албаны үйл ажиллагааг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг хэргийн үйл баримт, нотлох баримттай холбон тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх гэдэгтэй нийцэхгүй байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.08-ны өдрийн 128/ШШ2023/0953 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Анх нэхэмжлэгч “А” ХХК-иас Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт, 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсэг, мөн 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ын “төмрийн баяжмал”-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянаад 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, дээрх тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.2. Уг шүүхийн шийдвэрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 517 дугаар магадлалаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

2.3. Үүний дараа “А” ХХК-иас “... шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслэн тус компанид 53.1 тэрбум төгрөгийн нөхөн татвар, 15.9 тэрбум төгрөгийн торгууль, 17.99 тэрбум төгрөгийн алданги, нийт 87 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан” Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 дугаартай актыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.4. Дээрх шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 210020529 дүгээр актаар тогтоосон 15.931.560.597 төгрөгийн торгууль, 17.999.414.625.4 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр дээрх иргэний болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2.5. Улмаар нэхэмжлэгч компаниас 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Хариу хүсэх тухай” 187 дугаартай “... 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1435, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1478 дугаар албан бичгүүдээр хоёр талаас тооцоо нийлэх асуудлыг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан. Дээр дурдсан асуудлыг компанийн зүгээс яаралтай шийдвэрлүүлэх шаардлага үүсээд байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг Татварын ерөнхий газрын даргад хандан гаргасан байх ба Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсангийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/550 дугаар албан бичгээр “... Танай байгууллага нь 6 жил татварын хяналт шалгалтад хамрагдаагүй байгаа шалтгааныг хүндэтгэн үзэж ... 2009 оноос хойш хугацаанд төлбөл зохих татварын ногдлыг үзэж шалгахаар 2015 оны 03 сард шалгах аж ахуйн нэрсийн жагсаалтад оруулаад байна. Иймд дээрх иж бүрэн хийгдэх шалгалтын дараа “А” ХХК-ийн АМНАТ-ын тайлангийн ногдол, түүний өөрчлөлт эцсийн хувилбараар тодорхой болох тул хоёр талаас тооцоо нийлж болох үндэслэлтэй” гэсэн хариуг өгчээ.

2.6. Мөн “А” ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах тухай” 785/15 дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан байх ба 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/5995 дугаар албан бичгээр “... Тус яамнаас ТЕГт хандаж тооцоо нийлж, холбогдох шийдвэр гаргахад шаардагдах мэдээ, судалгааг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 4-2/5633 тоот албан бичгээр хүргүүлсэн тул танай компанитай тооцоо нийлэх боломжтой болсныг үүгээр мэдэгдье” гэсэн хариу өгснөөр нэхэмжлэгч компаниас тооцоо нийлэх хүсэлт, тооцоо нийлсэн акт, 2010-2016 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг ТЕГт хүргүүлсэн, татварын улсын байцаагч нар хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.7. Гэтэл “А” ХХК-ийн 2009-2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлбөл зохих 4,414,915,589.26 төгрөгийг Татварын ерөнхий газрын “TAIS” нэгдсэн системд 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж бүртгэснээр энэхүү маргаан үүсжээ.

2.8. Хариуцагч Татварын ерөнхий газраас “А” ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлангийн дүн зөрүүтэй, алдаатай гэж маргаагүй бөгөөд гагцхүү “... Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянаад 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с дугаар шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт, 2013 оны 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ын “төмрийн баяжмал”-д холбогдох хэсэг, 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэхээс өмнөх 2009-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тогтоож бүртгэсэн нь зөв” гэж маргасан.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

3.1. Тодруулбал, дээрх маргаантай асуудлаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1569/с дугаар шийдвэрт “... Засгийн газраас 2013 оны 131 дүгээр тогтоолоор “төмөр”-т холбогдох хэсэг, 2011 оны 193 дугаар тогтоолын “төмрийн баяжмал”-д холбогдох хэсгийг өөрчилсөн байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д заасны дагуу Геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар баталсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. ... зөвхөн 2013 оны 131 дүгээр тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болгосноор өмнөх тогтоолын заалтууд сэргэх учир бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.” гэж дүгнэсэн,

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолд “... Аргачлалд заасан дээрх шалгуур үзүүлэлт нь MNS ISO 11323:2011 стандарт, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасан ангилалтай нийцээгүй байна. ... нэхэмжлэгч “А” ХХК нь аргачлалыг баримталбал боловсруулсан төмрийн баяжмалаа “төмрийн баяжмал” ангилалд хамааруулан нөөцийн төлбөр төлж чадахгүйд хүрч, нөөцийн төлбөрөө төлөх боломжгүй болсноор компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна гэх тайлбарыг буруутгахгүй.” гэж дүгнээд “Алтай хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан Засгийн газрын тогтоолуудын холбогдох заалтуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн,

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар шийдвэрт “... хариуцагчаас шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд хууль зөрчсөн Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр байсан, уг хүчин төгөлдөр байсан цаг хугацаанд нь хамааруулж захиргааны акт гаргасан гэж маргаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. ... Засгийн газрын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээдийн зүгээс хууль зөрчсөн үндэслэлээр хэзээ хүчингүй болгосноос үл хамааран дагаж биелүүлэхгүй байх нь хууль дээдлэх зарчимд нийцнэ” гэж дүгнэсэн,

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаар тогтоолд “... Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэхдээ “...Засгийн газрын тогтоол 2014 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тухайн тогтоолд заасан жишиг үнэ, аргачлалын дагуу бодож төлөөгүйг зөвтгөх үндэслэл болохгүй...” хэмээн дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “хууль дээдлэх ёс”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” гэсэн эрх зүйт төрийн зарчмыг алдагдуулахад хүргэсэн байна. ...Үүнээс үзвэл, хариуцагч шүүхээс “хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр “хүчингүй” болгосон Засгийн газрын тогтоолыг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан байна. ...шүүхээс захиргааны хэм хэмжээний актыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон бол захиргаа тэрхүү эрх зүйн үр дагаваргүй болсон хэм хэмжээг хэрэглэн акт гаргах боломжгүй юм. ...Иймээс нэхэмжлэгчийг ...  татварын ногдлыг “жишиг үнийн арга”-аар тодорхойлох үндэслэлгүй” гэсэн дүгнэлтүүд хийж, 87 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан” Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 дугаартай актыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

3.2. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээс үзвэл иргэний хэргийн шүүх Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт, 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсэг, мөн 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ын “төмрийн баяжмал”-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон, захиргааны хэргийн шүүх “хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр “хүчингүй” болгосон Засгийн газрын тогтоолыг үндэслэн гаргасан татварын актыг тус тус хүчингүй болгосонтой холбоотойгоор хариуцагч ТЕГ нэхэмжлэгч “А” ХХК-ийн 2009-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр бус харин гэрээний үнээр тооцож, татварын “TAIS” системд бүртгэх ёстой байжээ.

3.3. Гэтэл хариуцагчаас “... Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоол гарах хүртэл буюу 2009-2014 оны хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу тайланг тооцож бүртгэсэн” гэж тайлбарлан хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслэн “А” ХХК-ийн 2009-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнийн аргаар 22,382,701,431.10 төгрөгийн зөрүүтэй байдлаар тооцож, татварын нэгдсэн системд бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

4. Түүнчлэн 2015 оны татварын улсын байцаагч 210020529 тоот актын үндэслэлээ “2010-2014 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Засгийн газраас тогтоосон олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг үнийг хэрэглэлгүйгээр өөрийн гэрээний үнээр тооцож Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг зөрчсөн” гэж тодорхойлон маргасан актыг шүүх хүчингүй болгосон байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг хүчингүй болсон актаар тавьсан төлбөр одоогийн маргаантай ямар ч хамааралгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 

4.1. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гомдолдоо “... “А” ХХК-д 22.3 тэрбум төгрөгийн татварыг нэмэгдүүлсэн захиргааны ямар ч акт гаргаагүй байхад илт хууль бус захиргааны акт гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй ... татварын нэгдсэн “TAIS” систем бол захиргааны акт биш” гэж тайлбарлаж байна.

4.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 39 дүгээр зүйлийн 39.2-т “Захиргааны актыг энэ хуулийн 37.1-д заасан хэлбэрээс гадна цахимаар, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж болно” гэж тус тус заасан.

4.3. Хариуцагчаас “А” ХХК-ийн 2009-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхдээ ямар нэгэн бичгийн хэлбэртэй акт гаргаагүй хэдий ч татварын нэгдсэн системд төлбөр бүртгэсэн үйл ажиллагаа нь шууд үр дагавар үүсгэж байгаа захиргааны акт гэж үзнэ.

4.4. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд “А” ХХК-ийн 2009-2014 онд төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болсон хэм хэмжээний актыг үндэслэн TAIS системд 22.382.701.431 төгрөгөөр үндэслэлгүйгээр нэмэгдүүлж бүртгэсэн хариуцагчийн үйл ажиллагаа буюу захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй буюу захиргааны актын илт хууль бус шинжийг агуулсан байна. Тиймээс төлбөрийг нэмэгдүүлж бүртгэсэн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх агуулгаар хариуцагчид төлбөрийн хэмжээг бууруулж бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй.

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ