| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2022/0875/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/895 |
| Огноо | 2022-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/895
2022 07 06 2022/ШЦТ/895
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,
шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Пинпак” ХХК-нд хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ажилладаг, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Бор тольт овогт Н.М (регистрийн дугаар: УМ8810...)
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.М- нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ... тоотод Ц.Н-тай “нөхөр, хадам ээжийг нь дарамталдаг түүний зүй бус үйлдлийн талаар цагдаад өргөдөл гаргасан” асуудлаас болж маргалдан түүний уруулын баруун буланд шарх, хүзүү зүүн шуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, баруун хөмсөг, хамар, баруун хацар, зүүн доод зовхи, эрүү хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 713 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1.Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Н.М- нь Ц.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Ц.Н-ын “...Н.М-д чи яагаад энэ Батжаргал гэдэг хүнийг өмгөөлж хүн шантаачилж худлаа зүйлийн төлөө өргөдөл гаргаад байгаа юм гэж хэлтэл түй май, чи манайхаас нэг төгрөг ч олж долоохгүй, гэж хэлээд намайг заамдаад авахаар нь би адилхан заамдаад хоорондоо бие биеийнхээ үснээс зулгаагаад бие биеийнхээ цээж хэсэг рүү маажилцаад байж байх үед Батхишиг хажуугаас орж ирээд хойноос татаад унагаасан. Эхнэр Мөнгөн-Ундрал нь дээр гарчхаад хоолойноос боогоод үснээс зулгааж намайг чирээд Батжаргалын гэрт оруулахаар нь би уурандаа Батхишигийн гэр дотор байсан юмнуудыг аваад шидсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-82 хуудас)
- Гэрч Б.Б-ийн “...Нармандах Мөнгөн-Ундрал хоёр хоорондоо хэрэлдээд Нармандах Мөнгөн-Ундралыг чи яахаараа цагдаад өргөдөл өгдөг юм бэ тэрийгээ буцааж ав гэж хэлэх үед Мөнгөн-Ундрал чадахгүй авахгүй гэж хэлтэл Нармандах чи зээлсэн 60.000-70.000 төгрөг өгчих гэхэд эхнэр гичий минь наадхаа сайн зулгаа гэж хэлээд эхнэр босож ирээд харилцан бие биеийнхээ үснээс зулгааж үүдэнд гараад дахин бие биеэ үсдэлцээд хоорондоо маргалдаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 хуудас)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” №2598 дугаартай шинжээчийн “...Ц.Н-ын биед уруулын баруун буланд шарх, хүзүү, зүүн шуунд цус хуралт, баруун зулайн хуйх, дух, баруун хөмсөг, хамар, баруун хацар, зүүн доод зовхи, эрүү хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, (хавтаст хэргийн 71-72 хуудас),
Шүүгдэгч Н.М- мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гаргасан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харилцан зодолдсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийг зодсон гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
3. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Ц.Н- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Н.М-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
4. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруугаа хүлээж байна гэсэн.
5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.М- нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Н.М- хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, ажил эрхэлдэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бор тольт овогт Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Н.М-д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.М-д мэдэгдсүгэй.
5. Хохирогч Ц.Н- эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ