Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                             

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                            

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:       

Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багт оршин суух, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт 3 дугаар багийн нутаг Сэрвэнгийн Усан Мухар гэх газар түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД:*******/.

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт 3 дугаар багийн нутаг “Сэрвэнгийн Усан мухай” гэх газарт гэртээ *******ыг зодож дух хэсэгт шарх үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                                                                                                                  

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг Тээлийн усан мухар гэх газар байдаг гэх айлд орсон. нь манайхны хүргэн байгаа юм. бид хоёр 1 шир архи хувааж уусан. Тэгтэл гэнэт уурлаад миний охиныг та нар алсан гээд сууж байсан сандлаараа миний толгойн тус газар цохьсон. Миний дух хэсгээс цус гарсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 35 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр  манайд хамаатны ирсэн. Тэгээд би авдарнаасаа тал шил архи гаргаж ирж өгчихөөд гэрээсээ гараад явсан. Удалгүй 30 орчим минутын дараа гэртээ орж иртэл ******* ахын толгой руу сандлаар цохьсон байсан. Толгой хэсгээс нь цус гараад байсан. /хх-ийн 10 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хайрхандулаан суманд очиход манай хадам аав *******ын толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд толгойг нь цэвэрлээд боолт хийж өгсөн. Тэгээд эмнэлэгт хүргэж өгсөн. /хх-ийн 13-14 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр ******* өглөө 09 цагийн үед дүү ******* очих гээд гарсан. Гэртээ ирэхдээ толгойноос нь цус гоожсон байдалтай ирсэн. Би гайхаад юу болсон талаар асуухад ******* сандлаар цохьсон гэж хэлсэн. /хх-ийн 15 хуудас/,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №254 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. Үзүүлэгч *******ын биед дух хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23-24 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******ын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 1-2 хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 60 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 45, 47, 48-53 хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт 3 дугаар багийн нутаг “Сэрвэнгийн Усан мухай” гэх газарт гэртээ *******ыг толгойн тус газар нь сандлаар цохиж дух хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт 3 дугаар багийн нутаг “Сэрвэнгийн Усан мухай” гэх газарт гэртээ *******ыг толгойн тус газар нь сандлаар цохиж дух хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг Тээлийн усан мухар гэх газар байдаг гэх айлд орсон. нь манайхны хүргэн байгаа юм. бид хоёр 1 шир архи хувааж уусан. Тэгтэл гэнэт уурлаад миний охиныг та нар алсан гээд сууж байсан сандлаараа миний толгойн тус газар цохьсон. Миний дух хэсгээс цус гарсан. Гэрч *******ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр  манайд хамаатны ирсэн. Тэгээд би авдарнаасаа тал шил архи гаргаж ирж өгчихөөд гэрээсээ гараад явсан. Удалгүй 30 орчим минутын дараа гэртээ орж иртэл ******* ахын толгой руу сандлаар цохьсон байсан. Толгой хэсгээс нь цус гараад байсан. Гэрч *******ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хайрхандулаан суманд очиход манай хадам аав *******ын толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд толгойг нь цэвэрлээд боолт хийж өгсөн. Гэрч *******гийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр ******* өглөө 09 цагийн үед дүү ******* очих гээд гарсан. Гэртээ ирэхдээ толгойноос нь цус гоожсон байдалтай ирсэн. Би гайхаад юу болсон талаар асуухад ******* сандлаар цохьсон гэж хэлсэн гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №254 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******ын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №254 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******ын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт 3 дугаар багийн нутаг “Сэрвэнгийн Усан мухай” гэх газарт гэртээ *******ыг толгойн тус газар нь сандлаар цохиж дух хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж“... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 300000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сандал 1 ширхгийг устгаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 /зургаан зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 300000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сандал 1 ширхгийг устгасугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ