Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/243

 

 

                                        

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2221001990251 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* гэх газарт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* Баатархүү /РД: *******/

                                                    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Баатархүү нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг Шохой толгой гэх газраас зөвшөөрөлгүйгээр 14 ширхэг бөөрөнхий нарс мод бэлтгэж Porter маркийн 48-10 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Надад ******* сумын 4 дүгээр багт өөрийн эзэмшил газар байдаг. Тухайн үед багийн Засаг дарга намайг хашаагаа сэлбэ гэхэд нь би банз зүсүүлж хашаагаа сэргээх зорилгоор 14 ширхэг мод бэлтгэж тээвэрлэсэн нь үнэн...” гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******гийн хууль бусаар мод бэлтгэсэн ******* сумын 1 дүгээр баг Шохой толгой гэх газар нь сумын төвөөс 25 орчим км зайд байрладаг ашиглалтын бүс буюу 2 дугаар мужлалд орно. ...дээрх ой бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Байгаль экологид учруулсан 521,512 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* сум дахь Сум дундын Цагдаагийн тасагт эргүүлийн цагдаагаар ажилладаг. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус сумын 6 дугаар баг Өвөр Эрээн гэх газар руу нэг айлын хаягаар явах шаардлага гараад ганцаараа явсан. Өвөр Эрээн орох замд ******* гэх газарт нутагладаг Баатархүү гэх айлын малын хашааны баруун талд 14 ширхэг бөөрөнхий 2 метр орчим урттай нойтон мод хураалттай байхаар нь би экологийн байцаагч Ж.Батбаярт хэлж танилцуулсан. Ж.Батбаяр байцаагч миний өгсөн мэдээллийн дагуу ******* гэх айл руу очоод мод бэлтгэх зөвшөөрөлтэй эсэхийг лавлахад зөвшөөрөл аваагүй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 35/

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр модонд явна гээд өөрийн эзэмшлийн цагаан өнгийн 48-10 ДОА улсын дугаартай Porter маркийн машинтайгаа ганцаараа явсан. Хаанаас ямар нэртэй газраас хэдэн мод тайрч ирснийг мэдэхгүй. Ямар ч байсан 14 ширхэг бөөрөнхий түлээний мод ачаад ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 36/

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 48-10 ДОА улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийг сумын Баатархүү ахад 2021 оны 05 дугаар сард 1,500,000 төгрөгөөр зарсан бөгөөд тухайн үед машин маань эвдэрхий байсан тул бид 2 тохиролцоод зарсан. Уг машин миний нэр дээр байгаа боловч эзэмшигч нь Баатархүү ах юм, бид хоёрын дунд ямар нэгэн төлбөрийн тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/

 

            Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 онд сумын төвд байдаг газар дээрээ хашаа барих гэж сум дундын ойн ангиас 21-072404 гэсэн сери дугаартай 3 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тухайн мод бэлтгэх эрхийн бичгээрээ заасан хугацаанд нь 2021 оны 07 дугаар сарын 08-нд талбай тусгаарласан талбайгаас нь 1 машин мод буюу 1.5 метр куб түлээний мод татсан. Энэ талаараа байгаль хамгаалагч Р.Бямбадоржид мэдэгдэж мод бэлтгэх бичгийн ар талд нь тэмдэглэгээ хийлгэсэн. Үлдэгдэл 1.5 метр куб модоо татах гэхэд миний өөрийн машин эвдрээд модоо татаж чадалгүй орхисон. Тэгээд би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн орчимд гэрээсээ өөрийн эзэмшлийн 48-10 ДОА улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслээ жолоодон ганцаараа модонд явсан. Би мод тайрсан газрынхаа нэрийг сайн мэдэхгүй байна. 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Шохой толгой гэх газрын ойролцоох ой мод бүхий газарт очоод босоо байсан 4 нарс модыг өөрийнхөө бензин моторт хөрөөг ашиглан тайрч унагаад түүнийгээ 2 метр орчим урттайгаар тайрч бэлтгэн машиндаа ачсан. Тухайн газраас би нийт 2 метр орчим урттай 14 ширхэг бөөрөнхий мод авчираад малын хашааныхаа баруун талд хурааж тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/

 

Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын ойн ангийн инженер А.Оюунтөгсийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2022/05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

1. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ургаж байсан ургах чадвартай мод байна.

2. 2022 онд ******* нь Сум дундын Ойн ангиас хэрэглээ, түлээний мод бэлтгэхээр мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байна.

3. 2022 онд ******* сумын 3-р баг Шохой толгой гэх газарт мод бэлтгэхээр иргэдэд зөвшөөрөл олгогдоогүй газар болно.

4. Ойгоос мод бэлтгэх эхлэлийн акт үйлдэгдээгүй, мод бэлтгэлийн технологийн карт үйлдэгдээгүй болно.

5. Шохой толгой гэх газар нь Ашиглалтын бүсэд багтаж байгаа 2-р мужлалд орж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.

6. Уг моднууд нь хэрэглээ болон түлээний стандартаар бэлтгэгдсэн, хашааны шон болгож ашиглахад тохиромжтой мод байна.

7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор: Бэлтгэсэн мод нь нойтон түлээний мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,4 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээ нэмсний буюу нийт үнээр 2-р мужийн ургах чадвартай нойтон нарс төрлийн мод хэсэгт орох 14 ш нарс модон дээр нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 460456 төгрөг болно. Түлээний модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь: 14 ширхэг нойтон нарс мод: 0,809м3х1,4х460456=521512,5 төгрөг болно гэжээ. /хх-ийн 42-43/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 08-11/

- Эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-13/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн, 17-18, 21-22/

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16, 19-20/

- Вендо ХХК-ийн автомашин техникийн үнэлгээ, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-61/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/

- Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 70-73/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* бүрэн дунд боловсролтой бөгөөд тэрээр шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол учирсан байх тул гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг Шохой толгой гэх газраас зөвшөөрөлгүйгээр 14 ширхэг бөөрөнхий нарс мод бэлтгэж, Porter маркийн 48-10 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Ганболор, гэрч Т.Отгонтөмөр, Г.Чаминчимэг, Б.Хүрэлчулуун нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн  талаар маргаагүй болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******гийн ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн 14 ширхэг бөөрөнхий нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 14 ширхэг нойтон нарс мод: 0,809м3х1,4х460456=521,512.5 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ...нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******гийн ойн санд учруулсан хохирлыг 1,564,537.5 төгрөг гэж тогтоож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ******* овогт Цэвэгжавын ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.

 

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Porter маркийн 48-10 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 14 ширхэг нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бензин моторт хөрөө зэргийг тус тус хураан авч гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 1,564,537.5 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 14 ширхэг нойтон нарс мод  нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Porter маркийн 48-10 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******д тус тус хадгалагдаж байгаа болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бензин моторт хөрөө, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Цэвэгжавын Баатархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэвэгжавын Баатархүүг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******гээс гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохирол 1,564,537.5 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 521,512.5 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар *******гийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 6,141,238 төгрөгийн үнэлгээ бүхий Porter маркийн 48-10 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 521,512.5 төгрөгийн үнэлгээ бүхий 14 ширхэг нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан 1,564,537.5 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох  14 ширхэг нойтон нарс мод нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Porter маркийн 48-10 ДОА улсын дугаартай  тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******д тус тус  хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Porter маркийн 48-10 ДОА улсын дугаартай  тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 14 ширхэг нойтон нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж хөрөө зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА