Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/796

 

 

 

 

 

 

 

       2022         06          22                                        2022/ШЦТ/796   

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Ө.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ө-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Айс маркет”-д жолооч хийдэг, ам бүл-1, ... тоотод оршин суудаг, урьд

- ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг 01 жилийн хорих ялыг 02 жилийн хорих ялд багтааж, нийт эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар тогтоож,

- ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

- ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө-ын  нийт эдлэх ялыг 04 жил 07 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

- ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 704 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын үлдэгдэл 03 жил 07 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 03 жил 09 сар 25 хоногийн хорих ялаар тогтоож,

- ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад 1 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 704 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 09 сар 16 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрх хязгаарлах ялыг 03 жил 09 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

Боржигон овогт Ө.Ө (регистрийн дугаар:ХД8510...).

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Ө.Ө- нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Поло” нэртэй караокед үйлчлүүлж байсан Б.А-ын цүнхнээс бэлэн мөнгө 105 000 төгрөг, “Хайоми Поко М-3” загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч Б.А-д 994,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Ө.Ө-ын хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Шүүгдэгч Ө.Ө- нь хохирогч Б.А-ын цүнхнээс бэлэн мөнгө 105, 000 төгрөг, “Хайоми Поко М-3” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 994,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Б.А-ын Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1, 3 хуудас)

 - Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-8 хуудас)

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... караокед гурвуулаа сууж байгаад Ө.Ө- дуулаад сууж байгаа эмэгтэй цүнхнээс эхлээд гар утас, дараа нь мөнгийг авч байгаа”  (хавтаст хэргийн 11-13 хуудас)

- Поло нэртэй караоке хяналтын камерыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 хуудас)

- Мөрдөн шалгах ажиллагааг “Поло нэртэй караокены хяналтын камерын бичлэг бүхий сиди”-г хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (хавтаст хэргийн 16 хуудас)

- Хохирогч Б.А-ын “...Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 15-16 цагийн хооронд найз Зулчимэгтэй Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах "Fashion" нэртэй пабд ороод хоол идэж, пиво уугаад сууж байтал өөрийгөө Өлзийжаргал гэж танилцуулсан залуу бид хоёр дээр ирээд би сийлбэрчин мужааны ажил эрхэлдэг гэхээр нь бид хоёр хамт суухгүй гэж хэлэхэд гуйсаар байгаад хамт суусан. Бид хоёр тамхи татах гээд 18-19 цагийн орчимд гадаа гартал тэр залуу хойно дагаж гарч ирээд гар утсаараа яриулаач гэхээр нь би өөрийн Xiaomi Росо М3 загварын гар утсаа өгч яриулаад буцаагаад авсан. Найзтайгаа хамт дотогшоо ороод байж ба хойноос орж ирээд дахиад яриад өгий гээд миний гар утсыг гуйгаад авсан. Буцааж аваад байж байтал гар утсаа өгч бай гэж хэлээд Өлзийжаргал гэх миний гар утсыг аваад гарсан. Найз Зулчимэг “чиний гар утсыг аваад гарчихлаа” гэж хэлээд араас нь гарах гэтэл “одоо ороод ирэх байх” гэж хэлээд би найзыгаа араас нь гаргаагүй. Удалгүй 2-3 минутын дараа манай найз хойноос нь гарч харахад тухайн залуу байхгүй байна гэж орж ирээд миний 89069283 дугаар руу залгахад тэр залуу миний гар утсыг аваад удахгүй орлоо 5 минут болно гэж хэлсэн 5 орчим минутын дараа залгахад яг доо 5 минут гэж хэлсэн тэгээд ирэхгүй болохоор нь найзынхаа гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд цагдаа нар ирэхэд тухайн залуу миний гар утсыг гартаа бариад гүйгээд ирсэн. Тэр залуугаас би гар утсаа аваад өөрийн үүрч байсан цүнхэндээ хийгээд цагдаагийн алба хаагчид худал дуудлага мэдээлэл өгсөн гэж торгуулсан. Дотогш ороод бид 3 нэг нэг пиво аваад сууж байгаад хоорондоо ярилцаад тухайн газраас гараад хажууд талд байрлах "Поло" нэртэй караоке руу орж уух юмаа захиалаад сууж байгаад өөрийн цүнхнээс гар утсаа гаргаж үзэхэд миний гар утас унтарчихсан байхаар нь өөрийн өмсөж явсан куртикны баруун халаасанд гар утсаа хийчхээд бид 3 дуулаад байж байтал удалгүй найз Зулчимэг гадагш гарж тамхи татаад орж ирэхдээ шинэ танил гэх үл таних эмэгтэйг гаднаас дагуулж орж ирсэн. Бид З юм яриад сууж байтал Өлзийжаргал гэх залуу гадагшаа гараад явж байхыг хараад найз Зулчимэг “чиний гар утас байна уу” гэж асуухаар нь би өөрийн Хíaomi Росо М3 загварын гар утсаа шалгахад миний гар утас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 хуудас),

- Гэрч Г.З-ийн “...Тамхи татаж байхад нэг үл таних залуу "утсаараа яриулаач гэж" асуухад манай найз Алтанзул өөрийн гар утсаа тэр залууд өгсөн. Тэгээд буцаад паб руугаа буцаж ороод сууж байтал нөгөө үл таних залуу бид 2 дээр ирээд “хамт суучих уу” гэж гуйсан. Бид 2 татгалзсан. Тэгэхэд тэр залуу зөвшөөрөлгүй бид хоёрын хажууд суусан...” гэсэн мэдүүлэг /(хавтаст хэргийн 26 хуудас)

- 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Тэнцвэр Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “Xiaomi Росо М3” гар утас 889,000 төгрөг..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар)

- Шүүгдэгч Ө.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би нэлээн согтсон байсан тухайн газраас гарахдаа Б.А-ын гар утсыг хулгайлаад гарсан байсан. Бичлэг дээрх үйл явдлыг хүлээн зөвшөөрч байна.Миний бие хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан болно, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг нотлох баримтаар нотлогдсон.

2. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зоригоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

 

Шүүгдэгч Ө.Ө-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтээр хамт караокед байсан хохирогч Б.А-д мэдэгдэлгүй нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  санал, дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Ө.Ө-аас: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, надад хорихоос өөр хөнгөн ял оноож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

4. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ө.Ө- нь гэмт хэрэг үйлдсэний дараа биет байдлаар гар утсыг хүлээлгэн өгсөн, 100,000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

5. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай.

 

            6. Шүүгдэгч Ө.Ө- нь урьд таван удаа ял шийтгүүлсэн, одоо “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг их биш, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            7. Ө.Ө- нь Зорчих эрх хязгаарлах ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2.1-т заасан ноцтой зөрчилд тооцогдож, хорих ялаар солих үндэслэлд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

            Тодруулбал: Шүүгдэгч Ө.Ө- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 сарын 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 704 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 09 сар 16 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрх хязгаарлах ялыг 03 жил 09 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

 

            Дээрх тогтоолоор Ө.Ө-ын өмнөх ялуудыг нэмэхдээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг /Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 704 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын үлдэгдэл 03 жил 07 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 03 жил 09 сар 25 хоногийн хорих ялаар тогтоосон/ орхигдуулж, мөн тогтоолын тогтоох хэсэгт Ө.Ө-ын уг хэрэгт 40 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулах тооцохоор заажээ. Шүүгдэгч Ө.Ө-д оногдуулсан 480 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял - 40 /цагдан хоригдсон хоног/- ийг нийтэд тустай ажил хийлгэх ял дүйцүүлэн 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч =  160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэхээр байгаа.

            Иймд Ө.Ө-д энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр түүний эдлээгүй үлдсэн 03 жил 03 сар 13 хоног /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн даргын албан бичгээр 2022 оны 5 сарын 23-ны өдрийн байдлаар/-ийн ялыг нэмж биечлэн эдлэх ялын хугацааг дараах байдлаар тогтоов. Үүнд: 1 жил энэ тогтоолоор оногдуулсан ял + 3 жил 3 сар 13 хоног Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 608 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял + 160 480-320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  буюу 20 хоног хорих ял руу шилжүүлсэн хоног = 04 жил 04 сар 03 хоногийн хорих ялаар түүний биечлэн эдлэх ялын хугацааг тогтоов.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Ө.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Ө-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Ө-д оногдуулсан 01 жил энэ тогтоолоор оногдуулсан ял + 3 жил 03 сар 13 хоног Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 608 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял + 160 цаг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон хугацааг хассан буюу 20 хоног хорих ял руу шилжүүлсэн хоног = 04 жил 04 сар 03 хоногийн хорих ялаар түүний биечлэн эдлэх ялын хугацааг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Ө-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ө.Ө-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ