Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/02328

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 05 өдөр

    Дугаар 101/ШШ2018/02328

Улаанбаатар хот

 

 

                         

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б Т Н” ХХК /Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 29 дүгээр байр, Даймонд оффис, 502 тоот оршин байх, УБД:9011653048, РД:6200702/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан Өлгий, 29 дүгээр гудамж, 461 тоот хаягт оршин суух, Цогнууд овогт Ганбаатарын Ч /РД:МД82051960/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14.713.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн, Г.Мөнхбуян,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа /ШТ№0201/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                       

Нэхэмжлэгч “Б Т Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон Б.Энхсүрэнгийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Зээлдэгч Г.Ч нь “Б Т Н” ХХК-иас нийт 4 удаагийн зээл авсан бөгөөд хамгийн эхнийх нь 2017.07.27-ны өдөр 5.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдэн авах, зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны төлөхөөр тохирсон боловч гэрээнийхээ үүргийг зөрчиж байсан. 

Дараа нь 2017.08.27-ны өдөр Г.Чийн хүсэлтийн дагуу 6.000.000 төгрөгийг, 60 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлээр өмнөх зээлийн үлдэгдлийг хааж явсан.

2017.07.27-ны өдрийн 5.000.000 төгрөгийн зээл 2017.08.28-ны өдөр төлөгдөж дууссан. Ингээд 2017.08.27-ны өдрийн зээлийн эргэн төлөлт зөрчигдөж эхлээд 2017.09.29-ний өдөр гэхэд 1.915.000 төгрөг төлсөн. Г.Ч нь өмнөх зээлийн үлдэгдлийг төлж  чадахгүй байгаа учир нэмж зээл олгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасан.

Үүний үндсэн дээр   2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ-201709293 тоот зээлийн гэрээ, БГ-201709293 тоот барьцааны гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 7.500.000 төгрөгийг, 90 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээл авсан.

Ингэхдээ өмнөх 2017.08.28-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг суутгаж өгөөч гэж хүссэний дагуу өмнөх 6.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 5.204.200 төгрөг дээр 2017.09.29-ний өдөр 2.220.800 төгрөг бэлнээр олгож,  7.500.000 төгрөгийн гэрээ байгуулсан.

Энэ гэрээний дагуу 7.500.000 төгрөгийг бэлнээр Г.Чт  хүлээлгэн өгөөгүй, түүний хүсэлтээр өмнөх зээлийн үлдэгдлийг хасч тооцсон нь зээлдэгчид өөрт нь ашигтай юм.

Гэтэл мөн урьдын адил зээлийн эргэн төлөлт зөрчигдөж эхэлсэн. Тэрээр 2017.12.18-ны өдөр гэрээг 2 сараар сунгаж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоож, хүүг 5.5 хувь болгосон.

Г.Ч нь 2017.09.29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6 хувийн хүүтэй байхад үндсэн зээлд 3.137.500 төгрөг, хүүд 562.500 төгрөг, хугацаа сунгаж хүүг 5.5 хувь болгосноос хойш үндсэн зээлд 2.498.781 төгрөг, хүүд 130.419 төгрөг, нийт 6.329.100 төгрөг төлсөн. 

 Энэ гэрээний үүрэгт Г.Чээс үндсэн зээлийн үлдэгдэл 2.125.00 төгрөг, хүүд 2.250.000 төгрөг, алданги 2.187.500 төгрөг, нийт 6.562.500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс алданги 699.200 төгрөгийг хасч, алдангиа 1.488.300 төгрөг болгон багасгаж, нийт 5.863.300 төгрөг нэхэмжилж байна.

 

- 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ-201801021 тоот зээлийн гэрээ, БГ-201801021 тоот барьцааны гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 5.000.000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Дээрх гэрээний дагуу Г.Ч тохиролцсон хугацаанд эргэн төлөлт огт хийгээгүй тул түүнээс үндсэн зээл  5.000.000 төгрөг, зээлийн хүү 900.000 төгрөг, алданги 2.950.000 төгрөг, нийт 8.850.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.

   Зээлийн гэрээнүүдийн хувьд маргах зүйлгүй, талууд өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан бөгөөд алдангийг хасч тооцох боломжгүй. Зээлдэгч Г.Ч нь удаа дараа зээлийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба ЗГ-201709293, ЗГ-201801021 тоот зээлийн гэрээний 3.5 дахь нөхцөлийг тус тус зөрчин зээлээ төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нь бидэнд хохирол учруулж байна.

Иймд Г.Чт холбогдуулан дээрх 2 гэрээний үүрэгт 2018.02.28-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 12.706.220 төгрөг нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  алдангийг 2.706.280 төгрөгөөр нэмэгдүүлж, 15.412.500 төгрөг болгосон ба уг шаардлагын алдангийн 699.200 төгрөгөөс татгалзаж, 14.713.300 төгрөг болгож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний өмгөөлөгч Н.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Г.Ч нь “Б Т Н” ХХК-иас  

1. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөгийн зээлийг аваад хүүгийн хамт 5.464.000 төгрөгийг төлж дууссан.

2. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 6.000.000 төгрөгийн зээлийг авч 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1.915.000 төгрөгийг төлсөн.

3. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 2.280.000 төгрөг авч 90 хоногийн хугацаатай 6%-ийн хүүтэй 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс:

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 480.000 төгрөг,

2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 740.000 төгрөг,

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөг,

2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 740.000 төгрөг,

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 270.000 төгрөг,

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг,

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 270.000 төгрөг,

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 879.000 төгрөг ,

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 875.000 төгрөг ,

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 875.000 төгрөгийг нийт 6.629.000 төгрөг төлсөн.

4. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, 6%-ийн хүүтэй авснаас эргэн төлөлт хийгээгүй болно. Учир нь нөхөр Ж.Цогтбаяр нь үйлдвэрлэлийн ослын улмаас 2006 оноос хойш хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтай, группд байдаг.

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тархинд цус харвасан учраас өнөөдрийг хүртэл эмчлүүлж байна. Би 3-15 насны гурван хүүхэдтэй, нөхрөө асран, хажуугаар нь лангуу түрээсэлж амьдралаа залгуулдаг. Өөрийн үндсэн хөрөнгө гэх зүйлгүй, дан банкны зээлээр амьдардаг учраас алдангийг хасч тооцож өгнө үү.

Талуудын хооронд 2017.09.29-ний өдөр байгуулагдсан 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу уг мөнгийг бэлнээр хүлээж аваагүй бөгөөд өмнөх зээлийн үлдэгдэл дээр 2.220.800 төгрөгийг нэмж өгсөн. Үүнээс 6.329.100 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийг 7,7 хоногоор хийсэн байсан нь зээлийг ашигласны эцэст хүүг төлөх ёстой байсныг зөрчсөн гэж үзэж байна.

Эргэн төлөлтийн хуваарийн дагуу 7 хоногоор төлөлт хийхээр өндөр төлөлт хийгдсэн гэж үзэж байгаа учир алдангийг хасч тооцохыг хүсч байна.

Мөн 2018.02.01-ний өдрийн 5.000.000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн хамт 5.900.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алдангийг зөвшөөрөхгүй. Г.Ч нь үндсэн зээлээ хүүгийн хамт 1 жилийн дотор нэхэмжлэгчтэй тохиролцон төлөх хүсэлтэй байдаг гэв. 

/хх-ийн 52 дугаар тал/

                                

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б Т Н” ХХК нь хариуцагч Г.Чт холбогдуулан талуудын хооронд 2017.09.29-ний өдөр, 2018.01.02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 12.706.220 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15.412.500 төгрөг болгон нэмэгдүүлсэн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 699.200 төгрөгөөс татгалзаж, 14.713.300 төгрөг болгон багасгаж, энэхүү шаардлагаа дэмжсэн болно.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1.Талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний тухайд:

“Б Т Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2.125.00 төгрөг, хүү 2.250.000 төгрөг, алданги 1.488.300 төгрөг, нийт 5.863.300 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж,

Хариуцагч Г.Ч, түүний өмгөөлөгч нь уг зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр №201709293 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Б Т Н” ХХК нь 7.500.000 төгрөгийг, 90 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлдэгч Г.Чт зээлдүүлэх,

Зээлдэгч нь  эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт төлөхөөр  тохиролцсон,

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үндсэн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алдангийг зээлдэгчид  төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан байна. 

/хх-ийн 6-7 дугаар тал/

 

Мөн талууд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр уг зээлийн гэрээний хугацааг 60 хоногоор сунгаж, зээлийн хүүг 5.5 хувь байхаар тохиролцжээ.

 

/хх-ийн 8 дугаар тал/

 

Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан, гэрээний талаар зохигч шаардлага гаргаагүй тул талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан, тухайн гэрээнийхээ агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэх үндэстэй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд өмнөх 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 5.204.200 төгрөг,  2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлдүүлэгч “Б Т Н” ХХК-иас 2.220.800 төгрөгийг бэлнээр зээлдэгч Г.Чт хүлээлгэн өгснөөр 7.500.000 төгрөгийг, 90 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдож байна.

/хх-ийн 86, 130, 132 дугаар тал/

 

Хариуцагч Г.Ч нь зээлийн гэрээний үүрэгт 2017.10.14-ний өдөр 740.000 төгрөг, 2017.10.15-ны өдөр 740.000 төгрөг, 2017.10.31-ний өдөр 740.000 төгрөг, 2017.11.08-ны өдөр 480.000 төгрөг, 2017.11.14-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017.12.25-нд 879.100 төгрөг, 2018.01.02-ны өдөр 875.000 төгрөг, 2017.01.10-ны өдөр 875.000 төгрөг, нийт 6.329.100 төгрөг төлжээ.

/хх-ийн 70,76,85-95 дугаар тал/

 

Зээлийн гэрээ байгуулагдсан дээрх үйл баримт болон зээлийн эргэн төлөлтийн талаар зохигч маргаагүй болно.

 

Талууд өмнөх зээлийн өрийг нэгтгэн 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй, зээлийн гэрээ байгуулагдсан өдөр уг зээлээс 2.220.800 төгрөгийг бэлнээр олгосон, үлдэх хэсгийг бэлнээр олгоогүй, өмнөх зээлийн гэрээний үүргийн талаар тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зээлдүүлэгчээс зээлийг зээлдэгчид бэлнээр олгоогүй байна.

 

Үүнээс үзэхэд зээлдүүлэгч нь 7.500.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлээгүй мөртлөө Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар  гэрээний үнэ буюу зээлийн хүүг зээлдэгчээс шаардсан зээлдүүлэгчийн шаардлага үндэслэлгүй болжээ.

 

Харин талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож зээлийн гэрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу зээл төлөх хугацааг хэтрүүлбэл хоног тутам 0.5 хувийн алданги төлөх талаар бичгээр тохиролцсон нь  хариуцагч Г.Чийг алданги төлөхөөс чөлөөлөх болохгүй гэж үзэв.

 

 Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д :”Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.Чээс төлсөн 6.329.100 төгрөгийг үндсэн зээл 7.500.000 төгрөгөөс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 1.170.900 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д:”... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алданги 585.450 төгрөг, нийт 1.756.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Г.Чээс 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1.170.900 төгрөг, алданги 585.450 төгрөг, нийт 1.756.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б Т Н” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4.106.950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, хүү 900.000 төгрөг, алданги 2.950.000 төгрөг, нийт 8.850.000 төгрөг нэхэмжилжээ. 

Хариуцагч Г.Ч нь уг зээлийн гэрээнээс үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 900.000 төгрөг, нийт 5.900.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 2.950.000 төгрөгийг зөвшөөрөхгүй маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №201801021 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Б Т Н” ХХК нь 5.000.000 төгрөгийг, 90 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлдэгч Г.Чт зээлдүүлэх,

Зээлдэгч нь  эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг, хүүгийн хамт төлөхөөр  тохиролцсон,

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үндсэн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алдангийг зээлдэгчид  төлөх нөхцөлийг тохирсон байна. 

/хх-ийн 9-10 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т:” Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 5.000.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 90 хоногийн  хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан, “Б Т Н” ХХК нь  гэрээний зүйлийг Г.Чийн өмчлөлд шилжүүлсэн,

Г.Ч нь гэрээний зүйлийг хүлээн авсан, шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг биелүүлээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.

 

Дээрх зээлийн гэрээний талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т:”Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т :”... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд алданги төлөхөөр бичгээр тохиролцсон нь нийцсэн гэж үзнэ.

 

Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх тул хариуцагчийн тайлбараар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу  анзын хэмжээ илт гэж үзэн алдангиас чөлөөлөх үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч Г.Ч нь алдангийг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

Өөрөөр хэлбэл тэрээр алданги зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэв.

Хариуцагч Г.Чээс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 900.000 төгрөг, алданги 2.950.000 төгрөг, нийт 8.850.000 төгрөг, нийт 8.850.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан байдлыг дүгнэхэд хариуцагч Г.Чээс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 900.000 төгрөг, алданги 2.950.000 төгрөг, нийт 8.850.000 төгрөг,

 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1.170.900 төгрөг, алданги 585.450 төгрөг, нийт 1.756.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг гэрээний үүрэгт шаардсан 4.106.950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

 

Иймд хариуцагч Г.Чээс дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 10.606.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б Т Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.106.950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Г.Чт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд Г.Чийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Чээс 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1.170.900 төгрөг, алданги 585.450 төгрөг,

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 900.000 төгрөг, алданги 2.950.000 төгрөг, нийт 10.606.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б Т Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.106.950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Г.Чээс улсын тэмдэгтийн хураамжид 184.651 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б Т Н” ХХК-д олгож,

нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297.309 төгрөгөөс илүү төлсөн 62.296 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч “Б Т Н” ХХК-д олгож, үлдэх 235.012 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2018/08296 тоот “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийн 1 дэх хэсэгт зааснаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОНГЭРЭЛ