Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/847

 

 

 

 

 

 

 

       2022         06          30                                        2022/ШЦТ/847

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох ...  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дэлгэр паб”-д зөөгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хотын ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Боржигон овогт Б.Б (РД:УП9408...).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-н автобусны буудал орчимд хохирогч А.Э-тай “зураг дарлаа” гэх асуудлаас үүдэн маргалдаж улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохиж газарт унагах, газарт унасны дараа нүүр, толгойн хэсэгт өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд дээд уруулын салстад шарх, цус хуралт, доод уруулын салстад цус хуралт, зүүн доод 1-р шүдний сулрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 сарын 24-ний өдрийн 837 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Б.Б-ий үйлдлийн улмаас А.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:

- Иргэн А.Э-аас  гаргасан “Бусдад зодуулсан” гэх  гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 хуудас)

- Хохирогч А.Э-ын “...намайг зураг дарлаа гэж маргалддаг бүдүүн залуу миний ширээн дээр ирж суугаад “чи яах гэж ингэж байгаа юм” гэж намайг дарамтлах маягтай нэлээн удаан суусан ба араас нь надруу дайраад байсан туранхай биетэй залуу ирж бас миний ширээн дээр буюу бүдүүн залуу бид хоёрын хажууд суугаад “чи яасан их цагдаа руу залгадаг юм” гэж хэрүүл өдөж маргалдсан...32-н автобусны буудал дээр байхад миний араас ирээд “чи яасан их цагдаа дууддаг юм” гэж хэлээд гараараа миний нүүррүү 2-3 удаа цохихоор нь би цохиулсандаа болж газар унасан чинь тэр залуу миний нүүр, толгойруу хөлөөрөө өшиглөсөн ба би босоод тухайн залуутай маргалдаад байж байсан цагдаа ирсэн... Билгүүнтэй уулзаад эмчилгээний зардлыг гаргуулан авсан тул надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 хуудас)

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7222 дугаартай шинжээчийн “...А.Э-ын биед дээд уруулын салстад шарх, цус хуралт, доод уруулын салстад цус хуралт, зүүн доод 1-р шүдний сулрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 хуудас)

- Б.Б-ий мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд өгсөн “...гэм буруугаа, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   3. Хохирогч А.Э- нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 9-11, 59 хуудас)-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

5. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            6. Шүүгдэгч Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Б.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр “Дэлгэр паб”-д зөөгч ажилтай, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Б-д үүрэг болгосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б-д мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ