Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1542

 

“Да хүрээ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00822 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Да хүрээ трейд” ХХК-ийн хариуцагч В.Батцэцэгт холбогдуулан гаргасан 2 808 000 төгрөг гаргуулах, газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, Ж.Чимэдцэрэн, хариуцагч В.Батцэцэг, өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Да хүрээ трейд” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, Ж.Чимэдцэрэн нарын тайлбарт: Иргэн В.Батцэцэгтэй 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр № 4-018 дугаартай түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан хамтран ажилласан, түрээслэгч нь худалдаа, үйлчилгээ эрхлэхээр түр байгууламж барихыг хүссэн тул 44 м.квадрат талбайг гарган өгч, "Алтаргана" цайны газрыг /обьект/ барьж үйл ажиллагаагаа явуулж байсан болно. Нэг сарын түрээсийн төлбөр нь 270 000 төгрөг байхаар тохиролцсон, төлбөрийг cap бүрийн 10-ны дотор түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцсон, 2013 оны 8 дугаар сараас эхлэн ямар нэгэн саадгүйгээр талбай /газар/ ашигласны түрээсийн төлбөрийг тогтмол төлж ирсэн, гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дууссанаас хойш түрээслэгч нь түрээсийн гэрээний 4.11 дэх хэсэгт заасны дагуу талбайг бүрэн чөлөөлж өгөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардсан. Түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрт "...НӨАТ, орчны тохижилтийг сайжруулах, хөрөнгө оруулалтын зардал, харуул хамгаалалт, хог, хэв журам сахиулалт, шөнийн гэрэлтүүлэг зэрэг үйлчилгээний хөлс, газар эдэлбэрийн төлбөр..." зэрэг багтах бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш газрын төлбөр, харуул хамгаалалтын төлбөрийг хариуцахгүй юм. Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаартай захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 133022/0014 нэгж талбарын дугаар бүхий 65 143 м.квадрат газрыг эзэмшиж байгаа бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан өөрийн эзэмшиж буй газрын хэмжээгээр /нэгжийн үнэ 440 төгрөг/ улиралд 7 165 730 төгрөгийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлдөг. Энэ нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудаар хангалттай нотлогдоно. Түрээслүүлэгчийн зүгээс гэрээнд зааснаар гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд түрээсийн үндсэн төлбөрт багтсан газрыг төлбөрийг төлж ирсэн ба гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2014 оны 11 дүгээр сараас хойш 2016 оны 12 дугаар cap хүртэл (нийт 26 cap) хугацаанд (44 х440=19.360х26=503 360) төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлж хохирсон. Мөн гэрээнд зааснаар гэрээний хугацаанд түрээсийн үндсэн төлбөрт багтсан дүнгээр харуул хамгаалалтын төлбөрийг төлж ирсэн бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар cap хүртэл (нийт 26 сар) хугацаанд (88 640х26=2 304 640) төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлж хохирсон. Газрын төлбөр болон харуул хамгаалалтын төлбөр нийлээд (үндсэн түрээс 270 000 төгрөг) тогтоосон журамд заасан 40 хувь буюу (270 000/40 хувь=108 000) төгрөг болж байгаа юм Түүнчлэн түрээслэгч В.Батцэцэг нь түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоход талбайг /газар/ бүрэн чөлөөлж өгөх үүргийг гэрээний дагуу түрээслүүлэгчийн өмнө хүлээсэн боловч 2014 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл талбайг /газар/ чөлөөлж өгөөгүй биднийг чирэгдүүлсээр байгаа болно. Манай компанийн зүгээс өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг хууль болон гэрээнд заасны дагуу гаргах эрхтэй. Иймд хариуцагч В.Батцэцэгээс гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны газрын төлбөр, харуул хамгаалалтын төлбөрт 2 808 000 /хоёр сая найман зуун найман мянга/ төгрөгийг гаргуулан газар албадан чөлөөлүүлэх тухай шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В.Батцэцэг, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Баянзүрх дүүрэг, Шархад, 17 дугаар хороо, Шархадны 55-д байрлалтай "Да хүрээ" ХХК-ийн газарт байрлалтай "Алтаргана” цайны газрыг худалдан авч ажиллуулж байгаад 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Cypмаажав овогтой Номинд худалдах, худалдан авах гэрээг нотариатч Ж.Даваанямаар баталгаажуулан худалдсан болно. Үүнийг ажиллуулж байх хугацаанд түрээсийн төлбөрийг тогтмол цаг xугaцаанд нь төлж ирсэн бөгөөд түрээсийн төлбөрийн хувьд өр төлбөргүй болно. Худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагч тал энэ өдрөөс хойшхи төлбөр тооцоо, гуравдагч этгээдийн өмнө хүлээнэ гэж заасан байгаа болно. Иймээс түрээсийн гэрээ сунгуулах асуудлыг С.Номин хариуцах учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Тухайн үед С.Номин өөр хүнд обьектоо шилжүүллээ гэдгээ "Да хүрээ" захын удирдлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь мэдэгдсэн. Харин хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр ийм нөхцөл байдал үүссэн болохыг мэдсэн. "Да хүрээ" ХХК-д дээрхийг мэдэгдсэн гэдэг боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Хэрвээ энэ талаар мэдэж байсан бол В.Батцэцэг “...би С.Номинтой гэрээ байгуулсан, энэ хүнээс байраа чөлөөлүүлээд ав” гэсэн асуудлыг хэлэх байсан. Түрээсийн гэрээ байгуулсан учраас ямар нэгэн байдлаар В.Батцэцэгээс төлбөрийг нь гаргуулаад авчих боломжтой гэсэн байдлаар "Да хүрээ" ХХК өнөөдрийг хүртэл хандсан. Хэрэв энэ газар нь зайлшгүй хэрэгцээтэй байсан бол чөлөөлүүлээд авах боломжтой байсан. Тухайн үйл ажиллагааг явуулж байгаа нөхцөлд "Да хүрээ" ХХК-ийн байцаагч нар В.Батцэцэг үйл ажиллагаа явуулахгүй байна шүү гэдгийг нотлох шаардлагагүй бүрэн мэдэж байсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Газар чөлөөлүүлэх асуудалд тухайн обьект В.Батцэцэгийн өмчлөлөөс гарсан тул В.Батцэцэгт үүнтэй холбоотой ямар нэгэн эрх байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч В.Батцэцэгт холбогдох, түрээсийн гэрээ дууссанаас хойшхи хугацааны газрын төлбөр, харуул хамгаалалтын төлбөр, нийт 2 808 000 төгрөг гаргуулах, газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч "Да хүрээ трейд" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч "Да хүрээ трейд" ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130 078 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгч “Да хүрээ трейд” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, зохигчдын тайлбар бусад баримтуудаас үзэхэд талууд 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, хариуцагч В.Батцэцэг нь "Да хүрээ трейд" ХХК-ийн эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг талбайгаас /газар/ 30 м.квадрат талбай бүхий газарт “Алтаргана" нэртэй цайны газрыг ажиллуулан үйл ажиллагаа явуулж байсан ба түрээсийн гэрээ 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргахгүй болно. Мөн гэрээний 3.3-т зааснаар түрээсийн сарын төлбөр 270 000 төгрөгт харуул хамгаалалт, газрын төлбөр багтсан. "Да хүрээ трейд" ХХК нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 65 143 м.квадрат газар эзэмшдэг бөгөөд газар эзэмшсэний төлбөрт нэгжид 440 төгрөг төлдөг болох нь 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар ззэмшүүлэх гэрээгээр тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлж, дүгнэхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэл муутай болсон. Түрээслэгч В.Батцэцэг нь сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээ нь 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Түрээсийн гэрээний 4.1, 4.2, 1.5-д заасны дагуу В.Батцэцэгээс өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй бөгөөд В.Батцэцэгийн буруутай үйлдэл дээрх худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдон тогтоогдож байна. Түрээслэгч В.Батцэцэг нь "Да хүрээ трейд" ХХК-ийг хууран мэхэлж маргаан бүхий обьектыг дамжуулан худалдсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад эсрэгээрээ шаардах эрхгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. "Да хүрээ трейд" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаартай захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэгж талбарын 133022/0014 дугаар бүхий 65 143 м.квадрат газрыг эзэмшиж байгаа бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан өөрийн эзэмшиж буй газрын хэмжээгээр (нэгжийн үнэ 440 төгрөг) улиралд 7 165 730 төгрөгийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлдөг бөгөөд энэ нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудаар хангалттай нотлогддог. "Да хүрээ трейд" ХХК-ийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 тоот тушаалын хавсралтаар батлагдсан техникийн худалдаа үйлчилгээний "Да хүрээ трейд" ХХК-ийн хэмжээнд дагаж мөрдөх ажил үйлчилгээний түрээс, хураамжийн тарифт заасны дагуу "...Түрээслэгчийн сарын түрээсийн төлбөрийн 40 хувь нь харуул, хамгаалалтын зардал, газар эдэлбэрийн төлбөр байхаар, давхар обьектын ба түүнээс дээшхи давхрын түрээсийн төлбөрийг үндсэн түрээсийн 50 хувиар тус тус бодож тооцно..." гэж заасан журам үйлчилдэг ба энэхүү журамтай холбогдуулан түрээслүүлэгчийн зүгээс дараах бодит зардлуудыг гаргаж давхар хохирсон. Тухайлбал, түрээслүүлэгчийн зүгээс гэрээнд зааснаар гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд түрээсийн үндсэн төлбөрт багтсан газрын төлбөрийг төлж ирсэн ба гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар cap хүртэл (нийт 26 cap) хугацаанд (44 м.квадрат х 440 төгрөг=19 360 төгрөг х 26 cap = 503 360 төгрөг) төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлсөн бөгөөд дээрх үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдсон. Хариуцагч В.Батцэцэг нь түрээсийн гэрээнд заасны дагуу дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд шүүхийн зүгээс түүнийг уг хэргийн хариуцагч биш, уг обьектын эзэмшигч нь биш гэж дүгнэж байгаа нь хэт өрөөсгөл нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэх боломжтой байна. Түрээслэгч В.Батцэцэг нь "Да хүрээ трейд" ХХК-ийг хууран мэхэлж маргаан бүхий обьектыг дамжуулан худалдсан үйлдэл нь уг хэргийн хариуцагч биш гэх үндэслэл биш юм. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг залруулан өөрчлөх шаардлагатай байна.

           

    Нэхэмжлэгч “Да хүрээ трейд” ХХК нь хариуцагч В.Батцэцэгт холбогдуулан түрээсийн төлбөрийн зарим хэсэг болох 2 808 000 төгрөг гаргуулах, газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг газар дээр байрлаж байсан цайны газрыг 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр С.Номинд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн, цайны газрыг өөрөө ажиллуулж байх хугацааны түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн гэх үндэслэл заан маргажээ.

Нэхэмжлэгч “Да хүрээ трейд” ХХК болон хариуцагч В.Батцэцэг нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай талбай түрээслэн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон /хх.8-9/ бөгөөд уг гэрээний 2.1-д заасны дагуу гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар, дээрх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 6.4-т “...Гэрээг жил бүрийн тогтоосон хугацаанд шинэчлэн байгуулах бөгөөд дурдсан хугацаанд шалтгаангүйгээр гэрээг шинэчлээгүй тохиолдолд гэрээг дуусгавар болсонд тооцно” гэж заасан бөгөөд талууд гэрээг шинэчлэн байгуулсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Түрээслэсэн талбай дээр байрлуулсан цайны газрыг С.Номин гэх иргэн хариуцагчаас худалдан авч, үргэлжлүүлэн ашиглаж байсан болох нь С.Номингийн гэрчийн мэдүүлгээр нотлогдсон боловч хариуцагч В.Батцэцэг түрээслэсэн талбайг нэхэмжлэгчид буцаан өгснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. /хх.67/ Иймд хариуцагч буюу түрээслэгч В.Батцэцэг нь түрээсийн гэрээ дуусгавар болоход Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасны дагуу түрээслэсэн талбайг нэхэмжлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч компани хариуцагчаас Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2014 оны 11 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг хүлээн авсан болохоо өөрийн тайлбараар нотолсон /хх.74/ байх тул үүнээс хойшхи хугацаанд газрыг хүлээлгэж өгөөгүйтэй холбоотой нөхөн төлбөл зохих түрээсийн төлбөрийг сарын 108 000 төгрөгөөр тооцон 2 808 000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр түрээсийн төлбөрийг сарын 270 000 төгрөгөөр тодорхойлж, уг төлбөрт НӨАТ, орчны тохижилтыг сайжруулах хөрөнгө оруулалтын зардал, харуул хамгаалалт, хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, хэв журам сахиулалт, шөнийн гэрэлтүүлэг зэрэг үйлчилгээний хөлс, газар эдэлбэрийн төлбөр зэрэг багтахаар гэрээний 3.3-т заасан байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлдээ зааж буй харуул хамгаалалтын болон газар эдэлбэрийн төлбөрийг түрээсийн төлбөрийн хэсэг гэж үзэх боломжтой.

Хариуцагч нь эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхээр хариуцагчид хандсан боловч нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзсан агуулга бүхий тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, 25.2.2-т зааснаар баримтаар нотлож чадаагүй байх тул түрээслэсэн эд хөрөнгийг буцаан өгөх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой түрээслэгчид хуулийн дагуу үүсэх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч “Да хүрээ трейд” ХХК-д хариуцагч В.Батцэцэгийн зүгээс түрээсийн талбайг хүлээлгэн өгөх талаар тодорхой үйлдэл хийснийг нотлох баримтгүй байхад нэхэмжлэгч компанийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн зүйлийг хүлээн аваагүй буюу хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч гэж үзэх боломжгүй юм.

Хэргийн 38 дугаар талд авагдсан баримтаар түрээслэгч В.Батцэцэг нь түрээсийн талбайд байрлуулсан хөрөнгийг буюу цайны газрыг С.Номинд 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр худалдсан болох нь “гэрээ” гэсэн бичгийн баримт /хх.38/, гэрч С.Номингийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд түрээслэсэн талбай дээр байрлаж, хариуцагчийн газраа эзэмшихэд нь саад болж буй “Алтаргана” цайны газар гэх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь хариуцагч В.Батцэцэг биш байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмших эрхтэй газар дээр байрлаж буй “Алтаргана” цайны газар гэх обьект хариуцагч В.Батцэцэгийн өмчлөх эрхэд байхгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд саад болж буй уг эд хөрөнгийг эзэмшээгүй байна. Иймд хариуцагч В.Батцэцэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс газар албадан чөлөөлүүлэх тухай шаардлага, нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

                                                                                                                                                                                                                                                                                              

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00822 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч В.Батцэцэгээс 2 808 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Да хүрээ трейд” ХХК-д олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч В.Батцэцэгийн хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

                тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “56.1” гэснийг “56.2” гэж, “...нэхэмжлэгч “Да хүрээ трейд” ХХК-ийн шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130 078 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “...нэхэмжлэгч “Да хүрээ трейд” ХХК-ийн шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130 078 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Батцэцэгээс 59 878 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Да хүрээ трейд” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

                2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 130 078 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЭНХТӨР

                                  ШҮҮГЧИД                                                          А.ОТГОНЦЭЦЭГ

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ