Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Баттөмөр,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгион,

хохирогч: О.Сарантунгалаг,

шүүгдэгч: Б.Сугаржаргал, түүний өмгөөлөгч Р.Энхтайван / ҮД:2172/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Луваан овогт Болдпүрэвийн Сугаржаргалд холбогдох эрүүгийн 201626020080 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.              

Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай
аймгийн Арвайхээр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд
боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 28 дугаар гудамжны 758 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Сөүлийн гудамжны 14-60 тоотод оршин суудаг, 2010 онд Жудо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 1 дүгээр байр эзэлж Алтан медаль, 2011 онд Улсын аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнд 1 дүгээр байр эзэлж Алтан медаль, Засгийн газрын мөнгөн шагнал, Жудо бөхийн насанд хүрэгчдийн 2014 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, Байлдааны самбо, самбо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд 1 дүгээр байр эзэлж Алтан медаль, 2013 онд Алтан гадас одон, үндэсний бөхийн улсын начин цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, Луваан овгийн Болдпүрэвийн Сугаржаргал /РД:ЙЮ89122914/.

 

Шүүгдэгч Б.Сугаржаргал нь архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн
үедээ 2015 оны 12 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол
дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх гал үйлчилгээний төв
дотор О.Сарантунгалагийг илтэд үл хүндэтгэн шалтаг шалтгаангүйгээр хүч хэрэглэн зодож, бие махбодид нь дээд, доод уруулд язарсан шарх, хамрын ясны хугарал, баруун дээд үүдэн 1, 2 дугаар шүд, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрч нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Сугаржаргал мэдүүлэхдээ:

2015 оны 12 дугаар сарын 29-нд найзуудынхаа хамт төрсөн өдрийн баяраа тэмдэглэх гээд Мөнх гал үйлчилгээний төвийн караокед очиж орсон. Тэнд 2 цаг гаруй суусан. Тэгээд би 3 найзынхаа хамт тамхины өрөө рүү орж тамхи татчихаад гараад ариун цэврийн өрөө орох гээд явж байсан чинь ариун цэврийн өрөөний үүдэнд 2, 3 хүн зогсож байсан. Тэр хүмүүс хохирогч Сарантунгалаг болон түүний нөхөр Гантулга нар байсан. Гэтэл Сарантунгалаг надад хандаж “чи ямар бүдүүн юм бэ, наад хаалгаараа багтаж орж чадах юм уу” гэх мэтээр хэлсэн. Тэгэхээр нь би Сарантунгалагтай маргалдчихаад ариун цэврийн өрөө рүү орсон. Харин би ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд нөхөр нь болох  Гантулга мөн адил хэл үгээр доромжилсон. Тэгээд нөхөртэй нь маргалдаж байгаад миний уур хүрээд нөхрийг нь цааш нь түлхчихсэн. Тэгтэл Сарантунгалаг над руу ирээд намайг алгадаж аваад самардаад орилж дайраад байсан. Тэгтэл намайг манай 2 найз аваад караокены өрөө рүү орсон. Энэ хэргийн талаар тухайн үед байсан 2 үйлчлэгч болон бусад хүмүүс гэрчилнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-О.Сарантунгалаг мэдүүлэхдээ:

2015 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө бид нар Мөнх гал үйлчилгээний төвд шинэ жилийн баяр тэмдэглэж байгаад дээд давхарт нь байрлах караокед орох гээд хувцсаа сольж өмсчихөөд ариун цэврийн өрөө орох гээд байж байтал Дандар ах хүрч ирээд өрөө бэлэн болчихлоо ороорой гэж хэлсэн. Тэгээд ариун цэврийн өрөө рүү орох гэхэд үүдэнд нь цайвар цамцтай том биетэй хүн зогсож байсан. Харин бид нар урд жилийнхээ шинэ жилийн баяр болон палажны талаар хоорондоо яриад байж байтал нөгөө том биетэй залуу манай нөхрийг цохиод унагаасан. Тэр залуу хаалга таглах маягтай гараа алдлаад зогсож байсан. Харин манай нөхөр цохиулаад нүд нь эргэлдээд газар унасан тэгэхээр нь би нөхрийгөө өргөх гэсэн боловч даахгүй байсан учраас тонгойж харчихаад яаж байгаа юм бэ гэж хэлээд дээшээ хартал намайг үгийн зөрүүгүй шууд цохисон. Тэгэхээр нь бүдүүн тарганаар нь дуудаж орилж хашгирсан. Харин Сугаржаргалд цохиулахаасаа өмнө ямар нэгэн байдлаар үг хэлээр доромжилж хэлсэн зүйл байхгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаа нар хүрч ирэхэд Сугаржаргал караокены өрөө рүү орчихсон байсан. Дуудлагаар ирсэн эргүүлийн хоёр цагдаа Сугаржаргалыг өмгөөлөх байдлаар надад хандсан. Тэгэхээр нь би дахиж дуудлага өгөхөд хоёр цагдаа нэмэгдэж ирсэн. Тэр цагдаа нар та цохиулсан хүнээ олоод ир гэж хэлсэн. Харин би ойр орчмоор хайж байгаад олсон чинь өмсөж явсан хувцсаа сольчихсон байсан. Тухайн үед байсан үйлчлэгч нар болон бусад хүмүүс Сугаржаргалыг өмгөөлж хамгаалж байсан. Тэнд байсан нэг хүн Сугаржаргалтай нэг нутаг бололтой ижилхэн аялгаар ярьж байсан. Мөн Сугаржаргал болон түүнтэй хамт явж байсан хүмүүс маш их хэмжээний согтолттой байсан. Одоо би гомдолтой байгаа. Хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна. Мөн энэ эрүүл мэндийн хохирол дээрээ нэмж ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг нэхэмжилж байгаа. Тухайн Мөнх гал үйлчилгээний төвд ажиллаж байсан хүмүүс бүгд Сугаржаргалын талд мэдүүлэг өгсөн байна лээ. Тухайн үйл явцыг харсан гэрчүүд цагдаагийн албан хаагч нарт худлаа мэдүүлэг өгч байхаар нь би нэг цагдаагийн албан хаагчийн хамт дээшээ гарч хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд болсон үйл явдлын ерөнхий байдал харагдаж байсан гэв.

           

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Д.Гантулга мэдүүлэхдээ:

“... 2015 оны 12 дугаар сарын 29-ний шөнө эхнэр О.Сарантунгалаг бид 2 Мөнх гал үйлчилгээний төвд Бэлмот компанийн шинэ жилийн баярт оролцож байгаад Дандарваанчиг ах эхнэр бид 3 караокений 00-ын өрөөнд юм яриад зогсож байхад махлагдуу биетэй өндөр залуу ирээд 00-ын өрөөний хаалгыг гараараа тэгнээд зогсоод байсан. Тэгснээ миний нүүр рүү гараараа цохиж унагасан. Тэгэхээр нь эхнэр “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь эхнэрийг цохисон. Эхнэрийн маань нүүр рүү гараараа 1 удаа цохисон. ... Бид 3 тэр залуутай юу ч яриагүй ээ, тэгэхэд шууд л намайг цохиод дараа нь эхнэрийг мань цохисон. ... Тэр залууг цохисны дараа манай эхнэрийн ам, хамарнаас цус гараад тогтохгүй байсан” гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Дандарваанчиг мэдүүлэхдээ:

“... 2015 оны 12 дугаар сарын 29-ний орой манай компанийн шинэ жилийн баяр 19 цагаас Мөнх гал төвд болсон. Сарантунгалаг, түүний нөхөр 2-ыг бид урьж оролцуулсан. ... 23 цагаас хойш ... арга хэмжээ дуусахаар нь “3 давхар луу караоке руу оръё” гээд Сарантунгалаг, түүний нөхөр Гантулга бид 3 дээшээ гарсан. 00-ын өрөөний хажуугийн тамхи татах өрөөнд том бандгар биетэй залуу зогсож байснаа Гантулгыг цохиод унагасан. Сарантунгалаг хань ижлийг нь нүдэн дээр нь цохиод унагахаар тэгэлгүй яахав, “хүүе чи яаж байнаа” гэхэд шууд Сарантунгалагийг цохиод унагасан. ... дараа нь тэд цагдаа дуудсан” гэжээ. (хэргийн 52 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч-Ц.Буянжаргал мэдүүлэхдээ:

“... 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ ажлаа хийж байхад манай караокегоор үйлчлүүлээгүй танихгүй эмэгтэй “миний шүдийг хугалчихпаа” гэж орилоод бие засах өрөөний тэндээс ганцаараа гараад ирсэн. Тэгэхээр нь би гайхаад бие засах өрөө рүү орж харахад манай 3 тоотод сууж үйлчлүүлж байсан хүмүүсээс 4-5 хүн, харин тэр эмэгтэйтэй хамт явж байсан нөхөр гэх ... залуу байсан” гэжээ. /хэргийн 55 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч-Ц.Жаргалсайхан мэдүүлэхдээ:

            “... Би 2015 оны 12 дугаар сарын 29-ний орой Мөнхгал төвийн 3-4 давхрын караокед зохион байгуулагчийнхаа ажлыг хийж байсан чинь нэлээн шөнө ... 3 давхарт хүмүүс чанга чанга орилолдоод байхаар нь харсан чинь ... цагдаа ирчихсэн байсан. ... Зодуулсан гээд байсан эмэгтэй ... “том биетэй хүн зодсон” гээд орилоод байсан” гэжээ. /хэргийн 56 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 621 тоот дүгнэлтэд:

“1. Сарантунгалагийн биед дээд, доод уруулд язарсан шарх, хамрык ясны хугарал, баруун дээд үүдэн 1, 2 дугаар шүд, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ. (хэргийн 64 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 454 тоот дүгнэлтэд:

“1. Шинжээч эмч Г.Энхбаатарын гаргасан 2015.01.05-ны өдрийн №621
дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. О.Сарантунгалагийн биед тухайн үед дээд, доод уруулд язарсан шарх, хамрын ясны цөмөрсөн хугарал, баруун дээд үүдэн 1,2 дугаар шүд, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл учирчээ. Тухайн үед үүдэн 3 шүдний сулрал гэмтэлтэй байсан ба эрүүл шүднүүдийг бэхэлгээ болгон дамнуулж чиг тавьсан байна. Дээрх гэмтлүүд нь 621 тоот дүгнэлтэд нөлөөлөхгүй.

3. О.Сарантунгалагт тогтоогдсон гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 болон хэд хэдэн удаагийн
хүчин зүйлийн үйлчлэлийн аль алингаар үүсгэгдэх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ. /хэргийн 69 дүгээр хуудас/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Сугаржаргал ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 85 дугаар хуудас)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Сугаржаргал нь архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн
үедээ 2015 оны 12 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол
дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх гал үйлчилгээний төв
дотор О.Сарантунгалагийг илтэд үл хүндэтгэн, шалтаг шалтгаангүйгээр хүч хэрэглэн зодож, бие махбодид нь дээд, доод уруулд язарсан шарх, хамрын ясны хугарал, баруун дээд үүдэн 1, 2 дугаар шүд, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрч нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Сарантунгалаг, гэрч Д.Гантулга, Н.Дандарваанчиг, Ц.Буянжаргал, Ц.Жаргалсайхан нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 621 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 454 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгчийг бусдыг илтэд үл хүндэтгэн шалтаг шалтгаангүйгээр хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрч нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс 1 300 000 төгрөг нэхэмжилж байснаас баримтаар нотлогдож буй хохирол 714 175 төгрөг болж байх бөгөөд шүүгдэгч Б.Сугаржаргал нь 2 000 000 төгрөгийг хохирогчид бэлнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч нь одоогоор 6 600 000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Б.Сугаржаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний  хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Луваан овогт Болдпүрэвийн Сугаржаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Сугаржаргалыг  3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Сугаржаргалд оногдуулсан 3 /гурав/ жил  1 /нэг/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Б.Сугаржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Б.Сугаржаргалд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Сугажаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Хохирогч О.Сарантунгалаг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Сугаржаргалд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ