Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2024/0156

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: ДАЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамжид заасан 21060225867 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацааг 2 жил гэсэн нь Газрын тухай хууль зөрчсөнийг тогтоож, хууль зөрчиж хугацаа тогтоосноо зөвтгөхгүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний болон гэрээний хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацааг сунгасан шийдвэр гаргаж, газрын нэгдмэл санд бүртгэхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 116/ШШ2023/0056 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин

Хэргийн индекс: 116/2023/0042/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь ДАЗДд холбогдуулан “Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамжид заасан 21060225867 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацааг 2 жил гэсэн нь Газрын тухай хууль зөрчсөнийг тогтоож, хууль зөрчиж хугацаа тогтоосноо зөвтгөхгүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний болон гэрээний хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацааг сунгасан шийдвэр гаргаж, газрын нэгдмэл санд бүртгэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 116/ШШ2023/0056 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад” гаргахаар хуульчилсан бөгөөд энэхүү хуулийн заалтыг “Б” ХХК нь зөрчсөн” хэмээн үзэж хуульд заасан үүргээ тус компани биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ЗХШХШТХ-ийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэсэн нотлох зарчмыг анхан шатны шүүх огт биелүүлээгүй. Мөн эрх сунгуулах хүсэлтийг нэхэмжлэгчээс холбогдох байгууллагад гаргасан тайлбар баримтыг гаргуулах талаар шүүхээс ажиллагааг огт хийгээгүй, хэрэгт хариуцагчаас сунгуулах хүсэлтийг гаргаагүй талаар няцаасан тайлбарыг огт гаргаагүй байхад шүүх нотлох баримтад үндэслэхгүйгээр “хугацаа сунгуулах хүсэлт”-ийг нэхэмжлэгч гаргаагүй гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Талуудын хүсэлт зоригийн илэрхийлэл гарч улмаар Газрын тухай хуульд огт заагаагүй “Эзэмшил газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах” гэх нэршилтэй захиргааны шинжтэй гэрээг 2014 онд байгуулсан бөгөөд шүүх нэхэмжлэгчийг аль огнооноос хугацаа сунгуулах хүсэлтийг өгөөгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс үнэн зөв дүгнэж өгнө үү. Аймгийн Засаг даргын зүгээс 2014 онд “Эзэмшил газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах” гэрээг байгуулж байгаа нь хугацааг сунгасан гэж үзэх эсэх, хугацааг 2016 он хүртэл сунгасан гэж захиргааны байгууллага, анхан шатны шүүхээс үзсэн бол Газрын тухай хуульд заасан хэлбэр, шаардлага, нөхцөлийг хангасан захиргааны акт гаргаагүй үйл баримтад үндэслэл бүхий тайлбар, хууль зүйн дүгнэлтийг гаргаагүй, энэ талаар анхан шатны шүүхээс нотлох ямар нэг ажиллагааг хийгээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах төдийгөөр хянан шийдвэрлэх ажиллагаа хязгаарласан нь ЗХШХШТХ-ийг зөрчиж байна.

3.2. Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/201 дугаартай “Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамжаар “Б” ХХК-д Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт /хуучнаар 96-ын барилгын суурин дээр/ орон сууц байх зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 1500 м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, мөн танай компанийн аймгийн Засаг даргатай 2014 онд байгуулсан “Эзэмшил газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах” гэрээний 4.3 дугаар заалтад заагдсан нөхцөл байдал үүссэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн албан бичгийг “Б” ХХК-д хүргүүлсэн байна гэж анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ дурдсан бол хариуцагч талаас мөн дээрх гэрээний 4.3-т заасан нөхцөл үүссэн тул хугацааг сунгахгүй байгаа талаар тайлбарласан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 “Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна”, 28.1.1 “гэр бүлийн хамтын хэрэгцээний”, 28.1.2 “төрийн байгууллагын”, 28.1.3 “аж ахуйн нэгж, байгууллагын” гэсэн төрөлтэй байхаар хуульчилсан байхад хуульд нэрлэж заагаагүй “Эзэмшил газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах” гэх гэрээг байгуулж, түүний үүргийг газар эзэмшигчээс шаардахыг зөвтгөж байгаа нь анхан шатны шүүх Газрын тухай хуулийг илтэд буруу тайлбарлаж, хуулийг ноцтой зөрчсөн. Хариуцагч талаас мөн Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд заагаагүй гэрээг газар эзэмших харилцааг үүсгэх, дуусгавар болгох үндэслэл болгосон тайлбар гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Газрын тухай хуулийг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй 12 жил болсон нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас газар эзэмших эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломжгүй байсан эсэх нөхцөл байдлыг тогтоох, түүнд холбогдох нотлох ажиллагааг огт хийгээгүй зөвхөн Газрын тухай хууль зөрчиж байгуулсан гэрээг дүгнэх замаар шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нотлох зарчмыг хангаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс тал бүрээс нь бодитой үнэн, зөв хянаж өгөхийг хүсье.

3.3. “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.” гэж заасан бөгөөд Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/196 дугаар захирамжийн 3 дахь заалт энэхүү хуулийн заалтыг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх захирамжийн 3 дахь заалтаар “... эзэмшил газрын зарим хэсгийг буцааж авсантай холбогдуулж, “Б” ХХК-д 6-р багийн нутагт орших /хуучнаар 96-ийн суурь/ 1500 м2 газрыг 2 жилийн хугацаанд орон сууц барих зориулалтаар эзэмшүүлснийг “Б” ХХК тухайн үедээ зөвшөөрч, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Эзэмшил газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах” гэрээг байгуулж 2 тал гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх үзэхдээ Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг илт буруу тайлбарласан байна. Анхан шатны шүүхийн шүүгчээс Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг хуулбарлан бүхэлд нь бичсэн атлаа яагаад 2 жилээр буюу хуульд заасан доод хязгаараас даруй 7.5 дахин бага хугацаагаар олгож байгааг зөвтгөх хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, дээд шүүхийн тайлбарыг иш татаагүй хэт субьектив байдлаар Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/196 дугаар захирамжийн 3 дахь заалт энэхүү хуулийн заалтыг зөрчөөгүй” хэмээн дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг зөрчсөн.

3.4. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ аймгийн Засаг даргын 2 жилээр газар эзэмших эрх олгохоор шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан газрын эзэмших хугацааны үлдэх хэсэгтэй нийцүүлж олгож байгаа мэтээр хэрэгт огт хамааралгүй үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хольж хутгаж дүгнэсэнд маш их гомдолтой байна. Манай компанийн төрийн мэдэлд шилжүүлсэн 960 м2  газрын эзэмших эрхийн дуусгавар болох огноог үндэслэж шийдвэр гаргах ёстой, гэхдээ Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрээг шинээр байгуулж байгаа нөхцөлд Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хугацааг тогтоох үүргийг хуулиар шийдвэр гаргах эрх бүхий этгээд тогтоож өгсөн тул 2011 оны “Б” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг олгохдоо дор хаяж 15 жилээр доод хугацааг тогтоох үүргийг ДАЗД хүлээж байсан атлаа илт хууль бус үйлдэл гаргаж 2 жилээр эзэмших эрхийг тогтоосон үйлдлээ зөвтгөөгүй нь хууль бус эс үйлдэхүй мөн юм.

Манай компанийн хувьд 2011 онд 15 давхар үйлчилгээ, орон сууцны цогцолбор барихаар төлөвлөсөн бөгөөд инженерийн дэд бүтцийг бий болгох техникийн нөхцөл авах, газар, хөрсний шинжилгээ хийлгэх, барилгын зураг зуруулах гэх мэтээр тухайн газрыг эзэмшиж ашиглахад шууд шаардлагатай бичиг баримтын бүрдлийг хангахаар ажиллаж байсан нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх тайлбарыг хангалттай няцаана. Тухайн газрын хувьд инженерийн хийцэл бүхий томоохон барилгын бүтээн байгуулалт тул шууд газрыг ухаад, хашаа бариад эхлэх боломжгүй, нөгөө талаар өнөөдөр ч 2 жилийн хугацаанд 15 давхар барилгыг бүрэн барьж ашиглалтад хүлээлгэн өгөх технологийн боломж, нөөц байхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Бидний зүгээс хэд хэдэн удаа техникийн нөхцөл авч хугацаа ихээр алдсан, Дорнод аймгийн Газрын харилцааны албанаас барих барилгаас 2 өрөө орон сууцыг аймгийн ЗДТГ-ын мэдэлд өгөхийг шаардаж гэрээ байгуулсан зэрэг төрийн байгууллагын илэрхий шахалт, хууль бус эс үйлдэхүйн үр дагаврын улмаас цаг хугацаа, мөнгө санхүүгээр их хохирсон.

3.5. Энэ тохиолдолд ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан итгэл хамгаалах зарчим үйлчлэх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлсэн” бөгөөд уг эрхийг Газрын тухай, Барилгын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн болон захиргааны байгууллагын бичгийн шийдвэр, дүгнэлтийг гаргуулж байсан. Эдгээрийг гаргуулахгүйгээр газрыг шууд ашиглаж барилга барих боломжгүй, хэрвээ нэхэмжлэгчээс газрыг шаардлагатай бичиг баримт, эрх олгосон шийдвэргүйгээр ухаж барилгын суурийг тавьсан бол мөн л ДАЗД ажлыг зогсоож, газар эзэмших эрхийг цуцлах байсан. Тиймээс анхнаасаа энэ газрыг “Б” ХХК-д эзэмшүүлэхгүй байх хувийн сэдэл, эс үйлдэхүй байсан гэж үзэхээр байна. Тухайлбал хуулийн этгээдийн өөрийн зардлаар хэрэгжүүлэх төслөөс газар эзэмшүүлэх гэрээг байгуулж байгаатай холбогдуулан тухайн үеийн аймгийн Засаг дарга Ц.Жанлав, ГХБХБГ-ын дарга Д.Дамдинбазар нь мөн л Газрын тухай хуулийг санаатай, ноцтой зөрчиж “Б” ХХК-д хууль бус шаардлага тавьж 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2011 оны А/196 дугаар захирамжийг үндэслэн №01 тоот “хамтран ажиллах” гэрээг байгуулж улмаар “Б” ХХК-ийн барих объектоос гал тогоо болон 00 өрөө бүхий 1 өрөө хоёр орон сууцыг аймгийн ЗДТГ-ын мэдэлд үнэ төлбөргүй авахаар дахин гэрээг байгуулсан зэргээс дүгнэхэд тухайн үеийн ДАЗД анхнаасаа “Б” ХХК-д хуулийн дагуу шилжин очиж байгаа газарт хууль бус эс үйлдэхүй гаргах замаар өөрт болон бусдад давуу байдал үүсгэсэн, улмаар хуулийн этгээдийг гарцаагүй байдалд оруулах замаар 2 жилээр эзэмших эрхийг олгосон байна.

Газар эзэмших гэдэг нь инженерийн шугам бүхий газрын хувьд олон хууль, тогтоомжийн биелэлттэй уялдаатай тул шууд хашаад, ухаад байх боломжгүй ба холбогдох байгууллагуудад хандаж дүгнэлт, шийдвэрүүдийг гаргуулж байгааг газар эзэмших үйл явцад хамааруулан ойлгох ёстой. Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамжийг цуцлах, хүчингүй болгох хууль зүйн боломж 2017 оны хувьд ч, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар ч боломжгүй болсон тул хариуцагчаас мэдэгдэл өгсөн гэх боловч захиргааны актыг цуцалсан талаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа буюу хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас ДАЗДд холбогдуулан “Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамжид заасан 21060225867 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацааг 2 жил гэсэн нь Газрын тухай хууль зөрчсөнийг тогтоож, хууль зөрчиж хугацаа тогтоосноо зөвтгөхгүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний болон гэрээний хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацааг сунгасан шийдвэр гаргаж, газрын нэгдмэл санд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Анх Дорнод аймгийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох, гэрчилгээ шилжүүлэн олгох тухай” 333 дугаар захирамжаар иргэн Н.Энхболдын эзэмшилд байсан Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах 800 машины засварын газрын “Б” блокын 3,960 м.кв газрыг “Б” ХХК-д шилжүүлж, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлжээ.

3.2. Дараа нь мөн аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн шилжүүлэн олгох, гэрчилгээг хүчингүйд тооцох тухай” А/196 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн эзэмшлийн 3,960 м.кв газраас “Усан бассейн” барих зориулалтаар 960 м.кв газрыг төрд буцаан авч, үлдэх 3,000 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, гэрчилгээ олгосон байх ба газрын зарим хэсгийг буцаан авсантай холбогдуулж “Б” ХХК-д Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутагт байрлах /хуучнаар 96-ын суурь/, 2106025867 нэгж талбарын дугаартай 1,500 м.кв газрыг орон сууц барих зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

4. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд ...” гэж заасан.

4.1. Нэхэмжлэгчээс “... газар эзэмших эрхийн гэрчилгээний болон гэрээний хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй” гэж тайлбарлан маргадаг боловч “Б” ХХК-иас уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ ДАЗДд гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

4.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч компаниас газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ захиргааны байгууллагад гаргаагүй энэ тохиолдолд хариуцагч Дорнод аймгийн Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

4.3. Түүнчлэн Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшлийн тухай” 1/2294 дүгээр “... 2 жилийн хугацаатайгаар эзэмших хугацаа дуусгавар болсон тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдээд байна”, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/201 дүгээр “... 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 1,500 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, мөн танай компанийн аймгийн Засаг даргын Тамгын газартай 2014 онд байгуулсан “Эзэмшил газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гэрээ”-ний 4.3 дугаар заалтад заагдсан нөхцөл үүссэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох болсныг үүгээр мэдэгдэж байна”, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/1040 дүгээр “... гэрээ байгуулагдсантай холбоотойгоор 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших гэрээг дахин 2 жилийн хугацаатай байгуулсан боловч гэрээнд заасан хугацаанд барилга угсралтын ажил явагдаагүй, ажлыг эхлүүлээгүй байх тул 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/1201 дүгээр албан бичгээр мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүйд тооцох тухай мэдэгдлийг “Б” ХХК-д хүргүүлсэн” гэсэн агуулгатай албан бичгүүдийг тус тус “Б” ХХК-д хүргүүлж байжээ.

5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан.

5.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Б” ХХК-ийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутагт байрлах /хуучнаар 96-ын суурь/, 2106025867 нэгж талбарын дугаартай 1,500 м.кв газрыг эзэмших эрхийн хугацааг сунгасан, дахин олгосон үйл баримт тогтоогдохгүй байх ба маргаан бүхий газрыг эзэмших эрхийн хугацаа 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэхээр байна.

5.2. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, “Б” ХХК нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 01 дугаартай “Эзэмшил газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гэрээ” байгуулсныг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан гэж үзэхгүй.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг илт буруу тайлбарласан ... 2 жилийн хугацаагаар олгож байгаа нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Газрын тухай хуулийг зөрчсөн” гэжээ.

6.1. Гэтэл нэхэмжлэгч компаниас маргаан бүхий газрыг эзэмшихээр 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулахдаа “2 жил”-ийн хугацаатайгаар олгож байгааг хүлээн зөвшөөрч, тухайн үед гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээ байгуулснаас хойш гэрээний 4.3-д зааснаар газрыг захирамжаар олгосон зориулалтын дагуу эзэмшээгүй, гэрээнд заасан хугацаанд газар дээрээ үе шаттай хуваарийн дагуу барилга бариагүй, хариуцагчаас энэ талаар удаа дараа мэдэгдсэн, тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлан эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар чөлөөлүүлэх арга хэмжээ авахаар талууд харилцан тохиролцож уг гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээнд заасан үүргээ өнөөдрийн хүртэл биелүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

6.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 116/ШШ2023/0056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ