Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 120/2016/0011/з |
Дугаар | 221/МА2016/0497 |
Огноо | 2016-07-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2016/0497
2016 оны 7 сарын 21 өдөр | Дугаар 221/МА2016/0497 | Улаанбаатар хот |
Иргэн В.*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч В.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасансүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын сарын 15-ны өдрийн 283 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн В.*******ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.*******ад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч В.******* 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн В.*******ийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 2015 оны Б/65 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны цалин хөлсний зөрүүг бодож, нөхөн олгохыг даалгуулах” гэжээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 283 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.1, 23 дугаар зүйлийн 23.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.4, 39.5, 39.7-д заасныг баримтлан иргэн В.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/65 дугаар тушаалыг хүчингүй болгож, В.*******ийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан В.*******ийн ажиллаж байсан хугацааны цалин хөлсний зөрүүг бодож олгохыг Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Шүүгч маргаан бүхий захиргааны актыг дүгнэхдээ “...захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж, Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 1 дэх хэсэгт заасан шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчимд нийцээгүй байна” гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн.
Гэтэл шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтаас нэхэмжлэгч В.******* нь тухайн ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдохдоо Хөдөлмөрийн сайдын баталсан “Хөдөлмөрийн хэлтсийн албан тушаалтан, мэргэжилтнгүүдийн жишиг ажлын байрны чиг үүрэг”-т ахлах мэргэжилтэн нь “санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэдэг шаардлагыг нэхэмжлэгч В.*******ийг ахлах мэргэжилтнээр томилогдох тушаал гарахын өмнөх өдөр тухайн үеийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ган-Эрдэнэ тушаал гаргаж “нийгмийн ажилтан” гэж шинээр нэмсэн.
Учир нь нэхэмжлэгч В.******* “нийгмийн ажилтан” мэргэжилтэй тул түүний эрх, ашиг сонирхолд нийцүүлэн гаргасан тушаал болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин нэмэлт тайлбартаа тодорхой тусгаж нотлох баримтуудаа гаргаж өгсөн боловч үүнийг харгалзан үзсэн эсэх нь эргэлзээтэй шийдвэртээ энэ талаар огт дурдаагүй байна. Мөн хурал даргалагч шүүх хурлын асуулт, хариултын үед нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс асуулт тавих, хариултаа авах эрхийг нь бүрэн эдлүүлсэн хэрнээ гуравдагч этгээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчөөс хурал даргалагчийн зүгээс энэхүү эрхийг хэрэгжүүлэх талаар ямарваа нэг арга хэмжээ огт авалгүй орхигдуулсан буюу шүүх хуралдаанд талууд тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн /Шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана/
Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ “...Төрийн албаны тухай хууль, төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчимд нийцээгүй байна” гэж үзсэн хэрнээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүй байгаа нь уг зарчмуудын агуулгыг зөрчиж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнээс гадна маргаан бүхий акт нь нэхэмжлэгч В.*******ийн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх, хуульд заасан бусад үндэслэлээр албан тушаал бууруулахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэж үзсэн.
Гэтэл энд нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч байхад халсан, чөлөөлсөн асуудал байхгүй, өмнө ажиллаж байсан ажилтай нь зэрэглэлийн хувьд ижил түвшний албан тушаалд томилсон. Харин хууль бусаар тушаал дэвшсэн нь төрийн албанд хувийн ашиг сонирхлоор хандаж байсан Ж.Ган-Эрдэнийн гаргасан тушаал эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байсан, хууль зөрчин ажилд томилсон нь үндэслэлгүй байна” гэж үзэж гуравдагч этгээд Б.*******г ажилд нь эргүүлэн томилсон. Шүүгчийн тайлбарласнаар хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим байтал тухайн үеийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.Ган-Эрдэнийг хувийн ашиг сонирхлоор хууль зөрчин, нэхэмжлэгчийг хууль бус тушаалаар албан тушаалын зэрэглэл нэмж томилсныг юу гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, мөн төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчиж гэсэн байна. Гэтэл Ж.Ган-Эрдэнэ томилогдож ирээд тус хэлтэст албан үүргээ гүйцэтгэж байсан 11 хүнийг хууль бусаар халж, чөлөөлж 6 хүнийг албан тушаалд энэ мэтээр хууль бусаар томилсон.
Шүүгч Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.Ган-Эрдэнэ Б.*******г албан тушаал бууруулсан тушаалдаа өөртэй нь тохиролцож албан тушаал бууруулаад оронд нь нэхэмжлэгч В.*******ийг томилсон нь хуульд нийцсэн мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Ямар ч хүн өмнө нь ажиллаж албан тушаалыг нь үндэслэлгүйгээр тэр дундаа албан тушаалыг чинь бууруулаад өөр хүн томилно гэхэд тохиролцох болов уу? мэдээж үгүй.
Ийнхүү төрийн албыг улс төрөөс ангид хараат байх зарчмыг алдагдуулж дураар авирласан хэсэг нөхдөөс болж төрийн алба, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан төрийн жинхэнэ албан хаагчид тэр дундаа нэхэмжлэгчийн маргаан үүсгээд буй ажлын байранд ажиллаж байсан Б.*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, төрийн албаны баталгааг хэн хангах вэ, тэд энэ мэт хохирсоор байх уу?
Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар Ж.Ган-Эрдэнэ гэгчийн ажиллах 2 сарын хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчдыг хууль бусаар халж, чөлөөлсөн тушаалыг 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн сайдын тушаалаар томилогдон ажиллаж байгаа А.******* залруулж, төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн гэж үзэн үндэслэлгүйгээр албан тушаал буурсан Б.******* болон үндэслэлгүйгээр албан тушаал дэвшсэн В.******* нарыг урд ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон.
Энд хэн нэгний эрх ашгийг зөрчсөн, хууль бус үйлдэл огт байхгүй байтал шүүгч энэ ажлыг 2013 оноос хойш хийж гүйцэтгэсэн Б.*******н эрхийн талаар нэг ч асуудал хөндөөгүй байж нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаа нь өрөөсгөл байна.
Дээрх нөхцөл байдлуудыг тунгаан хууль тогтоомжийг өөртөө ашигтайгаар хэрэглэж төрийн албыг чирэгдүүлж байгаа нөхдүүдийн увайгүй үйлдлийн улмаас төрийн албанд учрах хохирол, эрх зүйн үр дагаврыг шүүх харгалзан үзэхгүйгээр ийм гаж буруу тогтолцоо төрийн албанд батжихаас урьдчилан сэргийлж, тухайн байгууллагад үүссэн нөхцөл байдал, хэнийх нь жинхэнэ хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, харин албан тушаал бууруулсны цалингийн зөрүүг дүнгээр нь тооцож шүүхийн шийдвэрт тусгаагүй, мөн хууль хэрэглээний хувьд тухайн маргаанд үл хамаарах хуулийн заалтыг баримталсан байх тул зохих өөрчлөлтийг оруулав.
Давж заалдах гомдолд “...Хөдөлмөрийн сайдын баталсан “Хөдөлмөрийн хэлтсийн албан тушаалтан, мэргэжилтнгүүдийн жишиг ажлын байрны чиг үүрэг”-т ахлах мэргэжилтэн нь санхүү, эдийн засаг, хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэсэн шаардлагыг В.*******ийг ахлах мэргэжилтнээр томилох тушаал гаргахын өмнөх өдөр тухайн үеийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ган-Эрдэнэ тушаал гаргаж “нийгмийн ажилтан” гэж шинээр нэмсэн. Энэхүү тушаал нь түүний эрх, ашиг сонирхолд нийцүүлсэн тушаал болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа тодорхой тусгасан, холбогдох нотлох баримтыг хангалттай гаргасан...” гэх боловч хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, мэргэжилтний сургалт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод зааснаар В.*******ийг уг албан тушаалд томилох үед тавигдах шаардлагын нэгэнд “нийгмийн ажилтан” гэсэн шаардлага байсан, харин 2016 оны 149 дүгээр тушаалаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтод дээрх шаардлагыг хасчээ.
Цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг томилох үед ажлын байранд тавигдах шаардлагын нэгийг В.******* хангасан байх тул энэ нь түүнийг албан тушаалаас бууруулах үндэслэлд үл хамаарна.
Мөн 2015 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх асуудал нь ажил олгогчийн чиг үүрэгт хамаарах бөгөөд мөн л хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн үр дүнгийн гэрээний илтгэх хуудсанд 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөр огноолж нэхэмжлэгч В.******* гарын үсэг зурсан байх тул үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй гэх хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
Түүнчлэн хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар гуравдагч этгээд Б.*******г өөртэй нь “тохиролцсоны дагуу” гэсэн үндэслэлээр Хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд энэхүү тушаалтай холбогдуулж Б.******* 8 дугаар сарын 19-ний өдөр Хэлтсийн даргаар дахин томилогдсон А.*******ад холбогдуулж гомдол гаргахаас өмнө Төрийн албаны салбар зөвлөлд гомдол, эсхүл шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүйгээс “төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргаантай холбогдсон гомдлыг төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргах” тухай Төрийн албаны тухай хуульд заасан хугацаа дууссан, иймд энэхүү гомдлыг шийдвэрлэх хүрээнд нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.
Маргаан бүхий актын нэг үндэслэл болгосон Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 1/14 дүгээр тушаалаар баталсан тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д “төрийн захиргааны албан хаагчид ажилтныг томилоход баримтлах зарчим”-ыг, 4.12-т “ажил нь өөрчлөгдөж буй ажилтан өөрийн хариуцан гүйцэтгэж байсан албан ажилд холбогдох баримт бичиг, тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэргийг холбогдох ажилтнуудад хүлээлгэн өгөх” тухай зохицуулалт тусгагдсан, гэвч процессийн шинжийг нь эс тооцвол эдгээр нь нэхэмжлэгчийг албан тушаалаас бууруулахад хамааралгүй, мөн ямар нэгэн сул орон тоо гараагүй байхад уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн заалтыг баримталсан нь буруу болжээ.
Үндсэндээ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-ийн “албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, эсхүл 23.1.2-ын “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл нэхэмжлэгчийн тухайд бүрдээгүй байхад түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулсан нь хуульд нийцээгүй байна.
Харин анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуульд заасан тухайн маргаанд шууд хамаарах нарийвчилсан харилцааг зохицуулсан заалтыг бус харин ерөнхий буюу төрийн албаны зарчмын талаарх 4 дүгээр зүйлийн 4.1, мөн тухайн маргаанд үл хамаарах буюу сул орон тоог нөхөх тухай 17 дугаар зүйлийн 17.1, төрийн албаны төв байгууллагын хянан шийдвэрлэх маргааны харъяаллын талаарх дээрх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.4, 39.5, 39.7 дахь заалтыг баримталсныг зөвтгөж, түүнчлэн 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, мэргэжилтний сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр В.*******ийг томилж, түүний сарын үндсэн цалинг ТЗ-5-4 дэх шатлалын 599237 төгрөгөөр тогтоон, зэрэг дэвийн нэмэгдлийг үндсэн цалингийн 17 хувиар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг үндсэн цалингийн 5 хувиар, бусад нэмэгдлийг холбогдох журам, зааврын дагуу бодож олгохыг, маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/65 дугаар тушаалд нэхэмжлэгчийн шинээр томилогдсон 13, 16 дугаар хороонд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний сарын үндсэн цалинг ТЗ-4-3 дахь шатлалын 545107 төгрөгөөр тооцож, бусад нэмэгдлийг холбогдох журам, зааврын дагуу бодож олгохыг нягтлан бодогчид тус тус зөвшөөрсөн, В.******* нь 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн жирэмсний чөлөө авсан зэргээс тооцон үзэхэд тушаал гарсан буюу 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ний өдөр хүртэлх хугацааны нийт 2 сарын цалингийн зөрүү болох 106.981 төгрөгийг хариуцагчаас гаргуулах байдлаар шийдвэрт тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдааныг хуульд заасан журам, дарааллын дагуу явуулсан, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг ямар нэгэн хэлбэрээр ялгаварлан хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 283 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.4, 39.5, 39.7-д...” гэснийг хасч, 2 дахь заалтын “...ажиллаж байсан хугацааны цалин хөлсний зөрүүг бодож олгохыг...” гэснийг “...2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ний өдөр хүртэлх хугацааны нийт 2 сарын цалингийн зөрүү 106.981 гэж төгрөгийг олгохыг...” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН