| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2018/00803/И |
| Дугаар | 936 |
| Огноо | 2018-04-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 936
| 2018 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2018/00936 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Дэ.Энхцэцэг, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 115-15 тоотод оршин суух Харагчид овогт Шийтэвийн Агийн /РД:ХЛ67050504/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Туул 89-97 тоотод оршин суух Шангууд овогт Шагдарсүрэнгийн Чт /РД:ЧП67022513/ холбогдох
Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, хохиролд 2 614 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А, хариуцагч Ш.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш.А миний бие нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туул 89-97 тоотод байрлах өөрийн эзэмшлийн 2 өрөө орон сууцыг иргэн Б.Эрдэнэ-Отгонтой харилцан тохиролцож 2017 оны 8 сарын 30-ны өдрөөс 2018 оны 8 сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан хөлслүүлсэн. Б.Эрдэнэ-Отгоны утас огт холбогдохгүй байгаа бөгөөд уг байранд одоо Ш.Ч гэгч амьдарч байна. Ш.Чаас байрны төлбөр тооцоогоо хийх, байрнаас гарч байр чөлөөлж өгөх шаардлага тавихад бид байрны эзэнтэй төлбөр тооцоогоо хийж орсон гээд байр чөлөөлж өгөхгүй байна. Шминий бие нь иргэн Ш.Чтай гэрээ хийж орон сууцандаа оруулаагүй учраас байрнаас гаргаж байраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Иймээс миний хүсэлтийг хүлээн авч Ш.Чыг байрнаас гаргаж, орон сууцыг чөлөөлж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагчаас 2 614 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. 2017 оны 12 сараас 2018 оны 1-4 сар хүртлэх орон сууцны түрээсийн төлбөр 2 500 000 төгрөг, байрны төлбөр 2018 оны 3 сарынх 41 500 төгрөг, СӨХ-ны төлбөр 2017 оны 12 сараас 4 сарын 75 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би орон сууцаа хөлслүүлэхээр зар тавьж, Б.Эрдэнэ-Отгон ирсэн. Тэгээд байраа үзээд хөлслөхөөр болж түлхүүрээ аваад байранд орсон. 2017 оны 10 сард гэрээгээ хийсэн, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. 2017 оны 9, 10 сарын мөнгөө төлсөн, 11 сарын мөнгөө дансаар шилжүүлсэн. 12 сарын мөнгийг өгөх боломжгүй байна, удахгүй өгнө гэсэн. Гэтэл гэнэт л 2018 оны 2 сард Ш.Ч гэдэг хүн залгаад тог тасалчихлаа, таны нэр байрны нэрэнд байна гэсэн. Тэгээд өөрийнхөө байранд Ш.Чыг амьдарч байгааг мэдсэн. Манай байр ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй гар гэхэд гарахгүй, Б.Эрдэнэ-Отгоноос мөнгө зээлээд сууж байгаа гээд байсан. Тиймээс албадан гаргаж өгнө үү, мөн энэ хугацааны түрээсийн төлбөр, байрны болон СӨХ-ны мөнгө нийт 2 614 000 төгрөгийг хохиролд тооцож гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш.Ч миний бие 2017 оны 10 сарын 03-ны өдрийн Шуурхай зар сонин дээрээс 15 000 000 төгрөг зээлж, хүүнд 2 өрөө байрандаа суулгана гэсэн зарын дагуу утсаар ярьж иргэн Б.Эрдэнэ-Отгон гэдэг хүнтэй уулзаж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туулын 89 байр, 97 тоотод ирсэн. Б.Эрдэнэ-Отгон нь энэ байр манай эхнэр Нарангэрэлийн нэр дээр байдаг байр гэж хэлсэн. Ингээд байранд нь суухаар тохиролцож нотариат дээр очиход лизингтэй байрыг нотариатаар баталгаажуулахгүй гэсэн. Ингээд 2 талаас тохиролцож гэрээ хийсэн. 2017 оны 10 сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ хийсэн. 15 000 000 төгрөгөө зээлүүлж байранд нь суусан. Ингээд байр, гэрэл, СӨХ-ны мөнгийг эхнэр Нарангэрэлийн цалин дээрээс суутгаж авдаг гээд надаас сар болгоны 05-нд эхнэр Нарангэрэлийн ХААН банкны дансаар 95 000 төгрөг шилжүүлэн авдаг байсан. Гэтэл 2018 оны 2 сарын 06-ны өдөр гэнэт байрны тог тасалсан байсан. Ингээд орон сууцны Баян дулаан контороос асуухад 2017 оны 12 сараас хойш гэрлийн мөнгө төлөөгүй учир тог тасалсан гэж хэлсэн. Гайхаад Б.Эрдэнэ-Отгон, эхнэр Нарангэрэл нар луу залгахад бүгд утсаа хаасан байсан. Ингээд конторын ажилчнаар шүүлгэсэн чинь байрны эзэн Ш.А гэдэг хүн гарч ирсэн. Конторын ажилчнаас Ш.Агийн утсыг аваад ярьсан чинь Б.Эрдэнэ-Отгон гэдэг хүн сарын 500 000 төгрөгөөр түрээсэлж сууж байснаа сүүлийн 2 сарын мөнгөө төлөөгүй байгаа гэж хэлсэн. Би гайхаад яагаад байрны гэрчилгээ бичиг баримтаа канондож өгсөн юм бэ гэж асуухад гэрээ хийхдээ канондоод өгсөн гэж хэлсэн гэсэн. Тэгээд яагаад сүүлийн саруудад мөнгөө төлөөгүй байхад байраа эргэж ирээгүй юм бэ гэхэд тэр хүнд итгээд ирээгүй, удахгүй мөнгийг чинь өгнө гээд байсан гэж хэлсэн. Би одоо эхнэр хүүхдээ дагуулаад очих газар байхгүй. Б.Эрдэнэ-Отгоноос 15 000 000 төгрөгөө авч байж байрнаас гарна. Ш.Аг анх байраа хөлслүүлж намайг залилсан Б.Эрдэнэ-Отгоныг олж өгөхийг хүсэж байна. Бид энэ байранд суух хугацааныхаа тог, байр, СӨХ-ны мөнгийг төлөөд явж байгаа болно.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би хууль бусаар байранд орж суугаагүй. Б.Эрдэнэ-Отгонтой харилцан тохиролцоод мөнгө зээлээд байранд орсон. Энэ талаар нотлох баримт хэрэгт байгаа. Би энэ тухай мэдээд цагдаад гомдол гаргасан шалгаж байгаа боловч Б.Эрдэнэ-Отгон олдохгүй байна. Нэхэмжлэгч Ш.А ойр ойрхон байраа эргэж тойрдог байсан бол эрт мэдэх байсан. Гэтэл би өөрөө ярьж байж олсон. Энэ хүн хуйвалдсан байхыг ч үгүйсгэхгүй, би үнэхээр их хохирсон, мөнгөө авах боломжгүй болчихоод байна. Учир нь байрны бичиг баримт бүгд л Б.Эрдэнэ-Отгонд байсан болохоор нь би итгэсэн юм. Тиймээс энэ байдлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага 2 614 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Амьдарч байх хугацааныхаа тог цахилгаан, байрны мөнгө, СӨХ-ны төлбөрийг бүгдийг нь төлсөн. Харин түрээсийн мөнгө сарын 500 000 төгрөгийг надтай тохироогүй болохоор зөвшөөрөхгүй. Би 15 000 000 төгрөгийг зээлээд байранд суусан гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Ш.Чт холбогдуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 89 дүгээр байр, 97 тоот хаягт байршилтай 47,5 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, хохиролд 2 614 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хууль ёсоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тул өмчлөх эрхийг хангаж, уг барилгад зөвшөөрөлгүй амьдарч байгаа Ш.Чыг албадан нүүлгэж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, хохиролд 2 614 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь уг орон сууцыг Б.Эрдэнэ-Отгонд 15 000 000 төгрөгийг зээлж, 1 жилийн хугацаанд амьдрахаар гэрээ байгуулж, хууль ёсоор оршин сууж байгаа, оршин суух хугацаандаа байрны төлбөр, цахилгааны төлбөр, СӨХ-ны төлбөрийг бүгдийг төлсөн тул чөлөөлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Ш.А нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 89 дүгээр байр, 97 тоот хаяг байршилтай, 47.5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000451302 тоот гэрчилгээгээр нотлогдож байна. /хэргийн 6-р хуудас/
Иймд нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 89 дүгээр байр, 97 тоот хаяг байршилтай, 47.5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгч болох нь эрх олгосон баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-д “...өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй байна гэж үзэв.
Хариуцагч Ш.Ч нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 89 байрны 97 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй, Б.Эрдэнэ-Отгонд 15 000 000 төгрөгийг зээлсэн тул орон сууцанд 1 жилийн хугацаатай амьдрахаар харилцан тохиролцсон, орон сууцанд амьдарч байхад нэхэмжлэгч нь нэг ч ирээгүй, тиймээс Б.Эрдэнэ-Отгонтой хуйвалдсан байж болзошгүй, мөн хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гэж мэтгэлцсэн боловч амьдарч байгаа орон сууцыг хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй эсэхийг баримтаар нотлоогүй, Б.Эрдэнэ-Отгон нь орон сууцны өмчлөгч биш болно.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий эд юмстай харьцагч этгээд тухайн эд юмсыг эзэмших эрхгүй, мөн өмчлөгчийн өмчлөх эрх нь зөрчигдсөн байхыг тус тус ойлгох бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцыг чөлөөлөхгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан үйлдэл хийсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Мөн хариуцагчаас орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь Б.Эрдэнэ-Отгоны эхнэр н.Нарангэрэлийн өмчлөлийнх гэсэн, бичиг баримт нь бүгд байсан болохоор итгэсэн гэсэн боловч уг орон сууц нь Ш.Агийн өмчлөлд бүртгэгдсэн, мөн Ш.А Б.Эрдэнэ-Отгон нар нь 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулсан, уг гэрээний үндсэн дээр орон сууцыг хөлслөн амьдарч байхдаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ш.Чтай “Гэрээ хэлцэл” байгуулж түүнээс 15 000 000 төгрөгийг зээлж, Ш.Агийн өмчлөлийн орон сууцанд суулгаж, амьдрах хугацааны зардлыг Ш.Чыг хариуцахаар тохиролцжээ. /хэргийн 7-9, 22-23-р хуудас/
Иймд нэхэмжлэгч Ш.А нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 89 байр 97 тоот хаягт байршилтай, 47,5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэдэг нь баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшдэг гэдгийг баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ш.Чыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 89 байр 97 тоот хаягт байршилтай, 47,5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, уг орон сууцыг албадан чөлөөлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны түрээсийн төлбөрт 2017 оны 12 сар, 2018 оны 1 сараас 4 сар хүртэл 1 сарын 500 000 төгрөгөө тооцож 2 500 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 2017 оны 12 сар, 2018 оны 1-4 сарын төлбөр 1 сарын 14 500 төгрөгөөр тооцож 72 500 төгрөг, орон сууцны конторын 3 сарын төлбөр 41 500 төгрөг, нийт 2 614 000 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч нь зөвшөөрөхгүй 500 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцоогүй, амьдарч байх хугацааныхаа төлбөрийг төлсөн тул хохирол төлөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Чыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж, орон сууцанд зөвшөөрөлгүй амьдарч байсны улмаас учирсан хохирол буюу түрээсийн төлбөрт 2 500 000 төгрөгийг нэхэмжилсэн, түрээсийн төлбөрийг сарын 500 000 төгрөгөөр тооцсон гэсэн боловч хэрэгт авагдсан 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”-г Ш.А, Б.Эрдэнэ-Отгон нарын хооронд байгуулсан, орон сууцыг хариуцагчтай сарын 500 000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцоогүй, уг байрны хөлслөх буюу түрээсийн төлбөрийн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түрээсийн төлбөрийг сарын 500 000 төгрөгөөр тооцож, 2 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Мөн СӨХ-ны 2017 оны 12 сар, 2018 оны 1-4 сарын төлбөр 1 сарын 14 500 төгрөгөөр тооцож 72 500 төгрөг, орон сууцны конторын 3 сарын төлбөр 41 500 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагч нь амьдарч байх хугацааны бүх зардлыг төлсөн, төлж байгаа гэж тайлбарлаад Төрийн банкны СӨХ-ны болон орон сууцны “Батбаян дулаан” ХХК-ийн төлбөрийг баримтыг шүүхэд ирүүлсэн, төлбөр төлөгдсөн талаар нэхэмжлэгч маргаагүй, хариуцагч нь уг байранд амьдарч байгаа тул 2018 оны 4 сарын мөнгийг нэхэмжлэх нь гарахаар төлнө гэж тайлбарласан болно. /хэргийн 31-36-р хуудас/
Иймд нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Ш.Чаас хохиролд 2 614 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шаардлагаа баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хариуцагч Ш.Ч нь Б.Эрдэнэ-Отгонд мөнгөө зээлж байранд нь оршин сууж байгаа гэж тайлбарласан, энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргасан боловч энэ нь нэхэмжлэгч буюу өмчлөгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад саад болохгүй бөгөөд хэрэв хариуцагч болон нэхэмжлэгч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч Ч.Гантулгад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг эхлэхэд ямар нэгэн санал, хүсэлт ирүүлээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар хариуцагч Ш.Чыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 89 дүгээр байр, 97 тоот хаяг байрлах 47,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас албадан гаргаж, уг орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 2 614 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 277 төгрөгийн төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Дэ.ЭНХЦЭЦЭГ
Б.МӨНХБАЯР