Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 949

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2018/00949

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 20 дугаар байр, 16 тоотод оршин суух Хорчин овогт Гомбожавын Бгийн /РД:УШ89101707/ нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 49 дүгээр байр, 31 тоотод оршин суух Боржигон овогт Баяраагийн Од /РД:ТА88102209/ холбогдох

            Бараа бүтээгдэхүүний үнэд 1 891 774 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулгэрэл, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.   

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Хандаатай түрээсийн гэрээ байгуулж, ХУД-ийн 3 дугаар хороо 49 дүгээр байрны 31 тоот хаягт байрлалтай орон сууцны өргөтгөлийн хүнсний дэлгүүрийг түрээслэн, мөн орон сууцны хэсгийг гэр бүлийн хамт хөлслөн 2018 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл амьдарсан. Улмаар миний бие хүүхдээ асрах болсон шалтгааны улмаас энэхүү хүнсний дэлгүүрээ ажиллуулах боломжгүй болж түрээслүүлэгч Б.Хандаад мэдэгдэн зөвшөөрөл авсны үндсэн дээр Эрдэнэсувд гэх хүнийг орон сууцанд суулгахаар болсон бөгөөд дараагийн хүнсний дэлгүүрийн түрээслэгч болох Б.О гэх хүнд 2018 оны 01 дүгээр сарын 05-нд хүнсний дэлгүүр дэх өөрийн бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эд хэрэгслийг тоолж шилжүүлэн хүлээлгэн өгсөн бөгөөд түүний төлбөр 3.841.774 төгрөгөөс 1.950.000 төгрөгийг хүлээн авсан боловч 1.891.774 төгрөгийг Б.О өнөөдрийг хүртэл өгөхгүй намайг хохироож байна. Тухайн дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн, мөн түүнчлэн дэлгүүрт ашиглагддаг миний бусдаас худалдан авсан хөргөгч, баталгаат жин, 3-н программ бүхий татварын пос машин зэрэг тоног төхөөрөмжийг шалгаж Б.О нь эдгээрийг хүлээлцэж авсан тухай гарын үсэг зурсан баримтын хэсгийг тооцооны дэвтэрээс урж аван өгөхгүй байгаа нь шууд санаатайгаар намайг хохироох зорилготой үйлдсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд хариуцагч Б.Огаас миний хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүний үнэ болох 1.891.774 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г.Б нь Б.Од хүнсний дэлгүүрт байсан бараа бүтээгдэхүүн болон хэрэглэж байсан тоног төхөөрөмж гээд нийт 3 841 774 төгрөгний эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Үүнд үлдэгдэл бараа 1 541 774 төгрөг, баталгаат жин 100 000 төгрөг, хөргөгч 1 000 000 төгрөг, пос машин 1 200 000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Өөрөө эдгээр зүйлийг хүлээн авсан талаараа бичсэн байдаг. Гэвч гарын үсэг зурсан хэсгийг нь ураад авчихсан болохоор тоног төхөөрөмжийн үнэ бичигдсэн хэсэг нь байхгүй болчихоод байгаа юм. Гэхдээ нийт үнийн дүн нь байгаа, мөн уг 3 841 774 төгрөгнөөс 1 950 000 төгрөгийг буцааж өгсөн, үлдэх 1 891 774 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй учраас шүүхэд хандсан. Хариуцагчийн төлсөн гээд байгаа мөнгөнөөс Хос дуулгад төлсөн 528 000 төгрөгийг бол зөвшөөрнө, 1 221 060 төгрөгийг бол төлөөгүй, мөн данснаас 1 420 000 төгрөгийг авсан гэдгийг зөвшөөрнө, харин байрны мөнгө, хажуу айлын мөнгийг зөвшөөрөхгүй, энэ нь хүлээн авсан бараа бүтээгдэхүүнтэй хамаагүй, мөн зээлээр эд зүйл авч өрнөөс хасах талаар ямар нэгэн ярилцаж тохирсон зүйл байхгүй тул хүлээн авсан барааны төлөөгүй үнэ болох 1 891 774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

*

 

 

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Хандаатай түүний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 49-31 тоотод байрлалтай орон сууцны байр болон өргөтгөлийн хүнсний дэлгүүрийг түрээслэн авч ажиллуулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр урд нь түрээслэж байсан Г.Бгаас уг байр дэлгүүрийг хүлээн авсан. Үүнд: дэлгүүрийн үлдэгдэл бараа 1.516.219 төгрөг, баталгаат жин 1 ш 80.000 төгрөг, хөргөгч 1ш 1.000.000 төгрөг, нийт үнийн дүн нь 2.596.219 төгрөг. Энэ мөнгийг 1 сарын дараа буюу 02 дугаар сарын 01-ний дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсон болно. Энэ хугацаанд дэлгүүрийн өдөр тутмын орлогоос иргэн Г.Бгийн өр болох “Хос дуулга” ХХКомпанид төлөх ёстой 34.000 төгрөгийг өдөр бүр 01 дүгээр сарын 04-нөөс 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл өдөр бүр 20 удаа, түүний хоногийн алданги болох 120.000 төгрөгийг бэлнээр төлж өгсөн. Мөн Г.Бд олон удаа бага багаар болон бараа материал өгөх журмаар төлөөд 1.221.060 төгрөгийг төлж барагдуулсан болно. Үлдэгдэл мөнгөө төлөхөөр 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Бд (тэр хүнд хар буруу саналгүй итгээд) өөрийн ХААН банкны картаа өгөөд мөнгө аваад ирж туслаач гэж явуултал Б нь миний дансанд байсан бүх мөнгийг 1.420.000 төгрөгийн санаатайгаар хулгай хийж луйвардан авч намайг хохироосон болно. Тэр надад найз нь хэн нэгэн хүний тэтгэврийн зээлийг нь хаагаад дахин зээл авах гэж байгаа тэгээд мөнгийг чинь гаргаад өгье гэж гуйгаад байхаар нь би өгчих байх гээд хүлээсэн боловч өгөхгүй бүр мөнгө байхгүй, юуг нь авах гэсэн юм бэ мөнгөтэй болохоороо өгнө гээд уурлан доромжилсон. Би арга буюу цагдаад хандсан. Гэтэл иргэн Б нь намайг ямар ч үндэслэлгүй гүтгэж байна. Би ямар нэгэн дэвтрийн хуудас урж аваагүй. Энэ бол гүтгэлэг гэж үзэж байна. Харин би Бг энэ ПОС-ын машиныг би хаана зарах гээд явж байх вэ авчихаач гээд гуйхад нь түүнийг авахаар болж мөнгийг нь төлсөн. Одоо иргэн Бд ямар ч өр байхгүй. Харин миний дансанд байсан 1.420.000 төгрөгийг санаатайгаар луйвардан авсныг учрыг олж шийдвэрлэн өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын 05-нд хүнсний дэлгүүрийн үлдэгдэл бараа, тоног төхөөрөмжийг авсан нь үнэн. Гэхдээ үлдэгдэл бараа нь 1 541 774 төгрөг, баталгаат жин 80 000 төгрөг, хөргөгч нь 1 000 000 төгрөг, пос машин 600 000 төгрөг, нийт 3 221 774 төгрөгийн эд зүйлс байсан. Өөрөө л пос машинаа гуйж байгаад өгчихөөд одоо 1 200 000 төгрөгөөр тооцож байгааг зөвшөөрөхгүй, хэрвээ ийм үнээр бол би авахгүй байсан. Г.Бд 3 221 774 төгрөгнөөс “Хос дуулга”-д төлсөн буюу барааны үнэд тооцсон 1 221 060 төгрөг, хажуу айлын мөнгө 1 200 000 төгрөг, байрны мөнгө буюу тог, цахилгааны мөнгө 201 100 төгрөг, бэлнээр 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 200 000 төгрөгийг өгсөн. Мөн миний картнаас төлбөрийн үлдэгдэл авах байхад байсан бүх мөнгө болох 1 420 000 төгрөгийг авсан тул нийт төлсөн нь 4 242 100 төгрөг буюу Г.Бд мөнгө өгөх биш мөнгө буцааж авах асуудал үүсээд байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Од холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэд 1 891 774 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Од дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн болон дэлгүүрт ашиглагдах хөргөгч, баталгаат жин, татварын пос машин зэрэг тоног төхөөрөмж нийт 3 841 774 төгрөгний эд зүйлсийг хүлээлгэн өгсөн боловч 1 950 000 төгрөгийг өгч, үлдэх 1 891 774 төгрөгийг өгөөгүй тул гаргуулж өгнө үү гэсэн.

            Хариуцагч нь нийт 3 221 774 төгрөгний дэлгүүрийн бараа болон тоног төхөөрөмжийг хүлээн авсан, 1 221 060 төгрөгийг “Хос дуулга” ХХК-нд болон зээлээр авсан барааны үнэд, 1 200 000 төгрөгийг хажуу айлын мөнгөнд, тог байрны төлбөрт 201 100 төгрөгийг, бэлнээр 200 000 төгрөгийг буцаан төлсөн, мөн нэхэмжлэгч нь миний данснаас 1 420 000 төгрөгийг авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, авсан бараа, тоног төхөөрөмжийн мөнгийг өгч дууссан гэж маргасан.

           

            Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Од дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн болон дэлгүүрт ашиглагдах хөргөгч, баталгаат жин, татварын пос машин зэрэг тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан, хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Г.Бгаас уг бараа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийг хүлээн авсан талаараа маргаагүй болно. /хэргийн 9-11-р хуудас/

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө,түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь эд зүйлийг шилжүүлэн өгсөн тул хариуцагч нь хүлээн авсан эд зүйлийнхээ үнийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь шаардах эрхтэй болно.  

            Нэхэмжлэгч нь уг хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүний үнийг нийт 3 841 774 төгрөгөөр буюу үлдэгдэл бараа 1 541 774 төгрөг, баталгаат жин 100 000 төгрөг, хөргөгчийг 1 000 000 төгрөг, пос машиныг 1 200 000 төгрөгөөр тус тус тохиролцсон болох нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн тооцооны дэвтрээр нотлогдоно гэж, хариуцагч нь үлдэгдэл барааны үнийг 1 541 774 төгрөг, хөргөгчийг 1 000 000 төгрөгөөр тохирсон талаар маргаагүй боловч баталгаат жинг 80 000 төгрөгөөр, пос машиныг 600 000 төгрөгөөр буюу нийт 3 221 774 төгрөгөөр тохирсон гэж мэтгэлцсэн. /хэргийн 11-р хуудас/

            Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тооцооны дэвтэрийн 72 дугаар хуудсанд 3 841 774 төгрөг гэж бичигдсэн, уг үнийн дүнг хариуцагч бичсэн талаар маргаагүй боловч зохигч талууд баталгаат жин болон пос машиныг хэдэн төгрөгөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна гэж үзэв. Нэхэмжлэгчээс үнийн дүнг тохирсон байсан хуудсыг хариуцагч нь урж авсан гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагч нь хуудсыг урсан талаар хүлээн зөвшөөрөөгүй болно.

            Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д “худалдах худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно” гэж зааснаар зохигч талууд барааны үнийг 1 541 774 төгрөгөөр, хөргөгчийг 1 000 000 төгрөгөөр, баталгаат жинг 80 000 төгрөгөөр, татварын пос машиныг 600 000 төгрөгөөр тооцож буюу нийт 3 221 774 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг хүлээлцсэн болох нь тогтоогдож байна гэж үзэв. /1 541 774+80 000+1 000 000+600 000=3 221 774/

            Хариуцагч нь нэхэмжлэгчид дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийн үнийг төлж барагдуулсан гэж тайлбарлаад энэ нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн тооцооны дэвтрээр нотлогдоно, уг тооцооны дэвтэрт нэхэмжлэгч нь худалдсан эд хөрөнгийн үнэд бараа тооцож авч байсан гэж тайлбарласан боловч нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн тооцооны дэвтэрт эд зүйлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаарх гарын үсэг зурагдаагүй, барааг нэхэмжлэгч нь хүлээн аваагүй гэж маргаж байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, тайлбар нь баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хэдэн төгрөгийн бараа зээлээр авч, шилжүүлж авсан эд зүйлийн үнээс хассан гэдэг нь тодорхойгүй байна.

            Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн “Хос дуулга” ХХК-нд төлөх байсан өрд нь 1 221 060 төгрөг, түрээсийн байрны цахилгааны болон байрны төлбөрт 201 100 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 30-нд бэлнээр 200 000 төгрөг нийт 1 622 160 төгрөгийг төлж барагдуулсан, хажуу өрөө түрээслэгчээс 1 200 000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрөө бэлнээр авсан байсан бөгөөд үлдэгдэл 400 000-гаад төгрөгийг төлөх байхад данснаас 1 420 000 төгрөгийг авсан тул илүү 980 000 төгрөгийг төлсөн гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан “Хос дуулга” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Т/18-11 дугаар тодорхойлолтод “...Д.Төмөрчулуун нь үндсэн зээл 1 100 000 төгрөг, хүү 193 750 төгрөг, торгууль 23 000 төгрөгийг төлж барагдуулсан нь үнэн болно. Д.Төмөрчулуун нь зээлийн эргэн төлөлтөө ХУД-ийн 3-р хороо, 49 байр, 31 тоотын өргөтгөл болох Мишка дэлгүүрээс хийж байсан” гэсэн байх бөгөөд зээлийн эргэн төлөлтийн тооцооллыг хавсаргасан боловч уг зээлнээс 1 221 060 төгрөгийг нь Б.О төлсөн,  төлсөн зээл нь худалдан авсан барааны үнэд тооцогдсон гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь 528 000 төгрөгийг Б.О төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул уг мөнгийг хасч тооцох үндэслэлтэй байна гэж үзэв. /хэргийн 33-35-р хуудас/

Хариуцагч нь байрны хөлсөнд 82 000 төгрөг, 60 100 төгрөг, 59 000 төгрөг, нийт 201 100 төгрөгийг төлсөн гэсэн боловч хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар Б.Хандаа гэсэн байх тул хариуцагчийг төлсөн гэж үзэх боломжгүй, мөн хажуу айлын мөнгө 1 200 000 төгрөг, бэлнээр 200 000 төгрөгийг төлсөн гэдгийг баримтаар нотлоогүй болно. /хэргийн 31-р хуудас/

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг данснаас 1 420 000 төгрөгийг авсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

            Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч Б.О нь нэхэмжлэгчид шилжүүлэн авсан бараа, тоног төхөөрөмжийн үнэд 528 000 төгрөг, мөн данснаас 1 420 000 төгрөг нийт 1 948 000 төгрөгийг буцаан төлсөн байх тул хариуцагчаас 1 273 774 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 618 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. /528 000+1 420 000=1 948 000, 3 221 774-1 948 000=1 273 774/  

             

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                       

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Огаас бараа бүтээгдэхүүний үнэд 1 273 774 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 618 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 219 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Д.ХУЛАН