Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/248

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх А.Алтангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******  холбогдох эрүүгийн 2221000000235 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1958 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, Хэрлэн сумын 11 дүгээр баг ******* тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Цаг уурын 2-5 тоот хашааны гадна талд хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар чулуу шидэн түүний толгойн тус газарт цохиж, дух ясны цөмөрсөн хугарал, духны язарсан шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад хөрш *******ийн гэрт очсон. ******* хашааныхаа гадна зогсож байсан бөгөөд би тухай үед архи уусан байсан. Бид хоёр юм ярьж байгаад ам муруйж үл ялих шалтгаанаар маргалдсан. Би хэрүүл хийхээ болиод гэр рүүгээ алхаад явахад миний араас чулуу шидээд толгойн зүүн талд духны хэсэгт оносон. Миний толгойноос цус гарсан бөгөөд би шууд гэртээ орсон. Тэгээд эмнэлэгт очоод толгойдоо оёдол тавиулсан. ...Тухайн үед дэлгүүрийн худалдагч хүүхэн харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан юм. Тэгээд удаагүй 10-аад минутын дараа гэх хүн гэрт орж ирээд танай хүнийг ******* чулуугаар чулуудсан, та хурдан очоорой гэж хэлсэн. Намайг очиход хашааны буланд сууж байсан бөгөөд толгой нь бөөн цус болсон байсан. Юу болсон талаар асуухад ******* чулуугаар шидсэн гэж хэлсэн. ******* нь манай зүүн талын дэлгүүрийн манаач хийдэг бөгөөд би дэлгүүр рүү нь очиж байхад дэлгүүрийн худалдагч Энхцэцэг гаднаа зогсож байхаар нь юу болсон талаар асуухад *******, ахтай хэрэлдсэн. Тэгээд чулуу аваад шидчихсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн орчимд Цаг уурын 3-7 тоотын дэлгүүрээ нээх гээд ******* ахын хамт зогсож байхад Цаг уурын 2-5 тоотод амьдардаг ах согтуу байдалтай ирээд ******* ахыг ална шүү гээд дайрахаар нь би тэр хоёрыг салгаад ахыг урагш нь, ******* ахыг хойш нь явуулсан. Тэгсэн чинь ах буцаж ирээд дахиад ******* ахыг ална шүү гээд өөдөөс нь хараад зогсож байсан. Тэгээд ******* ах газраас чулуу аваад ах руу шидчихсэн. Тэгэхэд тог гээд дуугарсан бөгөөд ахын дух хэсгээс цус гарахаар нь би эхнэрийг нь утсаар дуудсан бөгөөд хүүгийнхээ хамт ирээд аваад явсан... ******* ах дунд зэргийн бор саарал өнгийн олон талсттай чулуугаар шидсэн, тухайн газар олон чулуу байгаа юм, дунд зэргийн хоёр л чулуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн орчимд би дэлгүүрийн гадна зогсож байхад Цаг уурын 2-5 тоотод амьдардаг нь архи уусан байдалтай над руу согтуу ирсэн. Би чамайг зодож чадна шүү гээд надтай маргалдсан. Чи болио гэхэд болихгүй би дарга байсан чамайг зодож чадна гээд байхаар нь би жижиг чулуу аваад шидсэн чинь толгойд нь оносон. Тэгэхэд духнаас нь цус гарсан бөгөөд эхнэр нь хүүтэйгээ ирээд аваад явсан... нь согтуу над руу ирээд чамайг зодож чадна шүү, би цэрэгт дарга байсан гээд элдвээр хэлээд байхаар нь чулуу шидсэн. Бид хоёр өмнө нь хэрэлдэж маргалдаж, зодолдож байгаагүй. Тухайн үед дэлгүүрийн худалдагч Энхцэцэг гэх хүн байсан, намайг цохиогүй. ...Би Улаанбаатар хотод 2016 онд ажиллаж байгаад толгойндоо гэмтэл авсан. Би толгойны гэмтлээр группт байж байгаад одоо тэтгэвэрт гарсан. Эмнэлгийн хяналтад байдаггүй, миний ухаан мэдрэл зүгээр...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Шүүх сэтгэц, эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 42 тоот дүгнэлтэд:

1. ******* сэтгэцийн байдал тархины өвчин, гэмтэл, үйлийн хямралын шалтгаант бие хүний органик эмгэг өвчин тогтоогдож байна.

2. ******* нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. ******* нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаггүй ба холбогдох өвчний түүх үгүй байна.

4. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна.

5. ******* нь сэтгэцийн байдал нь одоо тархины өвчин, гэмтэл, үйлийн хямралын шалтгаант бие хүний органик эмгэг хэмээх өвчинтэй байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед *******ийн сэтгэцийн байдал дээрх эмгэгтэй байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна гэжээ. /хх-ийн 33-34/

 

Дорнод аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 424 тоот дүгнэлтэд:

1. ийн биед дух ясны цөмөрсөн хугарал, духны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар тогтоогдсон дух ясны цөмөрсөн хугарал нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, духны язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 28-29/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-09/

- *******ийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 37-42/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/

- Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх-ий44-45/

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютерт томограф шинжилгээ /хх-ийн 46/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Цаг уурын 2-5 тоот хашааны гадна талд иргэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар чулуу шидэн түүний толгойн тус газарт онож, дух ясны цөмөрсөн хугарал, духны язарсан шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 424 тоот “...ийн биед дух ясны цөмөрсөн хугарал, духны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар тогтоогдсон дух ясны цөмөрсөн хугарал нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, духны язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулууг устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг 1 /нэг/ жилийн  хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

             4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг устгахыг Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА