Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 1037

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2018/01037

Улаанбаатар хот

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 416 байр, 96 тоотод оршин суух Тайж овогт Отгончулууны Нын /РД:АЮ91120111/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Гэрэлт хотхон,  25 байр, 26 тоотод оршин суух Сартуул овогт Мөнхжаргалын Ч/РД:ДЖ91121815/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Гэрэлт хотхон,  25 байр, 26 тоотод оршин суух Буянбат овогт Чимэгийн О РД:/ИЭ71083102/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 383 412 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, хариуцагч М.Чандмана-Эрдэнэ, Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн багасгасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн О.Н миний бие 2016.08.30-ний өдөр иргэн М.Чандмань-Эрдэнэтэй Иргэний хуулийн 281-р заалтыг үндэслэн зээлийн гэрээг бичгээр байгуулж нийт 50 000 000 төгрөг буюу монгол мөнгөөр 7 254 000 төгрөг, америк доллараар 19 300 долларийг зээлүүлж 3 сарын хугацаатайгаар, сарын 6% хувийн хүүтэйгээр шилжүүлсэн. Зээлдэгч сарын бүрийн 30-ний өдөр зээлийн хүүг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр гэхэд үндсэн зээлийг зээлдүүлэгчид төлж зээлийг барагдуулна гэж тохиролцсон. Гэвч өнөөдрийг хүртэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй байна. Зээлийн хугацаа дуусч удаа дараа шаардсаны үр дүнд 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бэлнээр 50 00 000 төгрөг өгсөн бөгөөд хүү алдангийг удахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй байна. Иймд хуулийн холбогдох заалтыг үндэслэн шаардаж байна. Нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.2-г үндэслэн гадаад валютын ханш буюу Монгол банкны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зарласан долларын ханшаар тооцон зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2395.36 х 19300 = 46 229 290 төгрөг, нэг сарын хүү буюу 6% хувийн хүү 1158 долларыг нийт 3 сарын 6 хувиар хүү тооцон 1158 х 3 = 3474 долларын хүүг монгол банкны ханшаар тооцон 3474 х 2395.30 = 8 321 272 төгрөг, нийт 54 550 562 төгрөг, төгрөгөөр зээлүүлсэн үнийн дүнг нэмж 54 550 562+7.254 000=61 804 562 төгрөг, зээлийн гэрээний 2.6 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэсний дагуу 61 804 562 төгрөгнөөс алданги тооцсон бөгөөд алданги нь нийт гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалтыг үндэслэн 30 902 281 төгрөг буюу нийт 92 706 843 төгрөг, үүнээс төлсөн 50 000 000 төгрөгийг хасан нийт 42 706 843 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

Иргэн О.Н нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагч талаас 42 706 843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 30 383 413 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Шүүх хуралдаанд багасгасан нэхэмжлэлийн шаардлага болох 30 383 413 төгрөг гаргуулахыг дэмжиж байна. Учир нь анх 2016 оны 08 дугаар сарын 30-ний өдөр нийт 7 250 000 төгрөг, 19 300 долларыг 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр дууссан. Гэрээний хугацаа дуусахад хариуцагч талаас мөнгөө төлөөгүй. Улмаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нийт төлөх ёстой 59 000 000 төгрөг байсан. Ингээд нэг өдрийн алданги 294 000 төгрөгөөр тооцоод нийт алданги 2 065 000 төгрөг болсон. 2016 оны 11 дүгээр сарын 30-наас 2016 оны 12 дугаар сарын 05-ныг хүртэл нийт 61 065 000 төгрөг болсон. Үүнээс хасаад 53 065 000 төгрөг болж байна. Үүнээс өгөлгүй явсаар байгаад 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 52 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Төлөлт хийгээгүй хугацааг тооцоод үзэхэд нийт алданги 265 300 төгрөг болж байна. Ингээд нийт 53 065 000 төгрөг болж байгаа юм. Энэ бүгдээс хасахад өнөөдрийн багасгасан үнийн дүн болох 30 383 143 төгрөг болж байгаа юм. Үндсэн зээлээс анх 8 000 000 төгрөг хасагдсан. Нийт 2016 оны 12 дугаар сарын 05-наас төлөлт  хийгдээгүй. Төлбөрөө хугацаандаа төлөлгүй явсаар байгаад өнөөдрийг хүртэлх алданги нь 53 065 000 төгрөг болж байна. Нийт гүйцэтгээгүй үнийн дүн 61 065 000 төгрөг болж болж байна. Үүнээс 12 дугаар сарын 05-нд өгсөн 8 000 000 төгрөгийг хасаад 53 065 000 төгрөг болж байгаа юм, алданги нь үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсний дагуу үнийн дүнг 2-т хуваахад 26 532 500 төгрөг болж байгаа юм. Нэхэмжлэгч нь хүү, алдангийг 10 000 000 төгрөгөөр тооцох талаар тохиролцоо хийсэн зүйл байхгүй гэдэг. Иймд багасгасан үнийн дүнгийн хэмжээгээр буюу 30 383 413 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Чшүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би 2016 оны 08 дугаар сарын 30-ний өдөр О.Наас 50 000 000 төгрөгийг зээлж авсан, миний дансанд уг мөнгө шилжин орсон нь үнэн. Уг мөнгийг О.Наас аваад Ч.От өгсөн. Зээлийн мөнгөнөөс 2016 оны 12 дугаар сарын 05-нд үндсэн зээлнээс 8 000 000 төгрөгийг төлсөн. Мөн ээж Ч.О маань үлдэх 42 000 000 төгрөг, түүний хүү, алдангид 10 000 000 төгрөг нийт 52 000 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг бүрэн барагдуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Бид О.Нтай ярилцаад хүү, зээлээ хойшлуулах талаар ярилцсан байсан. Мөн хүү, алдангийг тохиролцоод төлсөн байхад биднийг шүүхэд дуудсан байна гэв.

 

Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 08 дугаар сарын 30-нд О.Наас 50 000 000 төгрөг зээлж авсан. Би энэ залууд үндсэн мөнгө 50 000 000 төгрөг дээр нь 10 000 000 төгрөгний хүү, алданги төлсөн. 9 000 000 төгрөгийг нь хүү, 1 000 000 төгрөгийг нь алданги гэж төлсөн. Нийт 60 000 000 төгрөг төлсөн. Үүнийг 2016 оны 12 сарын 05-нд Чандмана-Эрдэнийн данснаас Нын дансруу 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь үлдсэн мөнгөнөөс нь хассан. 2017 оны 07 сарын 18-нд Интермед эмнэлгийн 3 давхарт эхнэрийн хамт ирж 52 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Би дансруу нь хийе  гэсэн боловч өөрөө бэлнээр авах саналаа хэлж өөрийн биеэр эхнэрийн хамт ирж авсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь О.Наас 50 000 000 төгрөгийг зээлж, О.Н нь М.Чандмана-Эрдэнийн данс руу шилжүүлж, М.Чнь надад өгсөн. Энэ мөнгийг аваад хөдөө мал бэлтгэхээр явсан юм. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч О.Нт өгсөн. Дараа нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 52 000 000 төгрөгийг үндсэн зээл 42 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгнөөс 9 000 000 төгрөгийг хүү, 1 000 000 төгрөгийг алданги гэж тооцож өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                  

                                                                                           

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч М.Чандмана-Эрдэнэ, Ч.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 383 412 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч М.Чандмань-Эрдэнэ, Ч.О нарт 50 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч тохирсон хугацаандаа буцаан өгөөгүй гэж зээлийн гэрээний үүрэгт 30 383 412 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч М.Чандмань-Эрдэнэ, Ч.О нар нь 50 000 000 төгрөгийг зээлж авсан талаараа маргаагүй хүлээн зөвшөөрсөн боловч үндсэн зээл 50 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, хүү алдангид нийт 10 000 000 төгрөгийг харилцан тохиролцоод төлсөн тул дахин хүү, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч М.Чандмань-Эрдэнэтэй 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ. /хэргийн 3-р хуудас/

Нэхэмжлэгч нь хариуцагч М.Чандмань-Эрдэнэд 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдөр 7 254 000 төгрөг, 19 300 ам.доллар буюу нийт 50 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан, хариуцагч М.Чандмань-Эрдэнэ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа уг 7 254 000 төгрөг, 19 300 ам.долларыг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан, уг мөнгийг Ч.От өгсөн, хариуцагч Ч.О нь мөнгийг М.Чандмань-Эрдэнээс шилжүүлэн авсан талаараа маргаагүй, энэ нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны дотоодын шилжүүлгийн маягтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар мөнгө шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв. /хэргийн 5-6-р хуудас/

Мөн зохигч талууд 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн Зээлийн гэрээг байгуулсан талаар маргаангүй, уг гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг М.Чандмань-Эрдэнэ, Ч.О нарт шилжүүлсэн, хариуцагч нар нь тохирсон хугацаандаа мөнгөө буцааж төлөөгүй тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулсан гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй тул зээлсэн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй болно.

Хариуцагч М.Чандмань-Эрдэнэ, Ч.О нар нь нэхэмжлэгч О.Нт 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 52 000 000 төгрөгийг төлж зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн, уг төлсөн мөнгийг үндсэн зээлийн 50 000 000 төгрөг, хүү болон алданги 10 000 000 төгрөгийг төлснөөр гэрээ дуусгавар болохоор нэхэмжлэгчтэй тохирсон гэж мэтгэлцсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүү, алдангийг 10 000 000 төгрөгт тооцохоор харилцан тохиролцоогүй, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж тайлбарласан тул зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгч О.Н, хариуцагч М.Чандмань-Эрдэнэ нарын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн зээлийн гэрээний дагуу тооцоход үндсэн зээл 50 000 000 төгрөг, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд “зээлийн хүүг 6 хувийн хүүтэй” гэж харилцан тохиролцсон байх тул 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ний хүртлэх хугацааны хүүнд 9 000 000 төгрөг, нийт 59 000 000 төгрөгийг төлөх үүрэг 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хариуцагч нарт үүссэн байна. /үндсэн зээл 50 000 000+хүү 6 хувь буюу 50 000 000х6:100=3 000 000 төгрөг, 3 000 000 х 3=9 000 000=59 000 000 төгрөг/

Гэвч хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, 59 000 000 төгрөгийг буцаан өгөөгүй тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд “...үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол 0,5 хувиар алданги тооцохоор” харилцан тохиролцсоны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртлэх 4 хоногийн алданги 1 180 000 төгрөг, нийт 60 180 000 төгрөгийг буцаан өгөхөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөгийг төлсөн тул зээлийн гэрээний үүрэг 60 180 000 төгрөгнөөс хасч, 52 180 000 төгрөг үлдсэн байна. /59 000 000 х0,5:100=295 000 х4 өдөр=1 180 000, 59 000 000+1 180 000=60 180 000, 50 000 000- 8 000 000=42 000 000 +9 000 000+1 180 000=52 180 000 төгрөг/

Үүнээс хариуцагч нар нь 52 000 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр буцаан өгсөн тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртлэх хугацааны алдангийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар гүйцэтгээгүй үүрэг 42 000 000 төгрөгний 50 хувь болох 21 000 000 төгрөгний алданги, нийт 73 180 000 төгрөгнөөс 52 000 000 төгрөгийг хасч, үлдэх 21 180 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна гэж үзэв. /52 180 000+21 000 000=73 180 000-52 000 000=21 180 000/

Иймд хариуцагч М.Чандмань-Эрдэнэ, Ч.О нараас зээлийн гэрээний үүрэгт 21 180 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Нт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 9 203 412 төгрөгт ногдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээний буюу 21 180 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 263 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.Чандмань-Эрдэнэ, Ч.О нараас зээлийн гэрээний үүрэгт 21 180 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Нт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9 203 412 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371 490 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 263 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай .

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.ХУЛАН