| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2021/0006/З |
| Дугаар | 126/ШШ2021/0013 |
| Огноо | 2021-04-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 126/ШШ2021/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хургадай Лхамрагчаагийн Ганхуяг /РЕ56051674/-ийн нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг “Оглорхой хуурай”, “Доод Ана” хэмээх бэлчээрийн газрыг Дашзэвэгийн Болдхуяг, Лхамрагчаагийн Ганхуяг нарт хамтран ашиглуулах шийдвэр гаргахыг Жаргалант сумын Засаг даргад даалгаж, энэ шийдвэрийг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Л.Ганхуяг, түүний өмгөөлөгч В.Энхболд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Болдхуягийн өмгөөлөгч Д.Буяндалай, Ө.Түвшинсайханы өмгөөлөгч П.Жамба нар шүүх хуралдааны танхимд биечлэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Болдхуяг, Ө.Түвшинсайхан нар Жаргалант сумын төвөөс цахимаар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Л.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хургадай овогт Лхамрагчаагийн Ганхуяг миний удмынхан насаараа мал маллаж Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр баг /Харгана/-ийн нутаг “Оглорхой Хуурай”, “Доод Ана” гэдэг газраар нутаглаж ирсэн хүмүүс юм. Миний ээж Натаа овогтой Нямсүрэн нь 92 настай, уугуул нутагтаа энх тунх амьдарч байна. Нэр дурдсан газрууд нь Тээлийн голын хоёр талд байрлалтай бөгөөд манайхан голынхоо урд тал буюу “Оглорхой”-д зусдаг, голын хойд тал буюу “Ана”-д өвөлждөг байсан. Миний хувьд мөн энэ нутагт төрж өссөн, 1979 онд гэрлэж гэр бүлийн хамтаар дээрх “Оглорхой хуурай”, “Доод Ана” хэмээх нутагтаа малаа маллан амьдарч байгаад 2005 онд Тосонцэнгэл сум руу түр шилжиж 2015 онд буцаж Жаргалант сумандаа ирээд өөрийн уугуул нутаг болох “Оглорхой хуурай”, “Доод Ана”-д нутаглах гэтэл энэ газарт Жаргалант сумын иргэн Дашзэвэгийн Болдбаатар /2016 онд нас барсан/ гэдэг хүн малын хаваржааны хашаа барьж, гэрчилгээ авсан гэх шалтгаанаар түүний ах Д.Болдхуяг нь уг нутагт буулгахгүй янз бүрийн арга хэрэглэж хөөж туугаад нутаглуулахгүй байна. Миний бие аргагүйн эрхэнд тухайн бэлчээрийг Д.Болдбаатартай хамтран эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгөхийг сумын Засаг даргад хандан хүссэний дагуу 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр болсон Харгана буюу 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаар миний өргөдлийг танилцуулан хэлэлцүүлсэн. Хурлаас дээрх бэлчээрийн нутгийг Л.Ганхуягт хамтран эзэмшүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Гэвч энэ хурлын ирц нь хуралдах хэмжээнд хүрээгүй байснаас гадна оролцогчдын олонх нь Д.Болдхуяг, түүний ээж Наранцэцэг нарын төрөл садангийн хүмүүс байсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Цэрэнбат нь хурлаа удирдаагүй Д.Болдхуягийн хүргэн, тус багийн Засаг дарга Ш.Алтандөш нь хурлыг удирдсан, хуралд оролцогчдод нөлөөлсөн, хурлын тэмдэглэлийг хуурамчаар нөхөн үйлдсэн, хуралд оролцогчдын ирцийг тусгаагүй, хурал болсон огноог санаатайгаар буруу бичиж миний гомдол гаргах эрхэд халдсан, хэдэн хүн хуралд оролцож хэд Л.Ганхуягт тухайн газарт бэлчээр ашиглуулахаас татгалзсан зэргийг хурлын тэмдэглэлд тусгаагүй. Нийтийн эдэлбэрийн газар буюу бэлчээрийг тодорхой хувь хүнд эзэмшүүлж гэрчилгээ олгодог байдал Монгол Улсын хэмжээнд ганцхан манай Жаргалант суманд л байдаг бололтой юм. Учир нь газар эзэмших гэрчилгээний төрөл ангилалд өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны болон бэлчээрийн газрыг эзэмшүүлэх гэсэн төрөл байхгүй байна. Газрын тухай хуулийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийн баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана”, мөн хуулийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заасан байна. Багийн нийтийн хурал нь бэлчээр ашиглах талаар гарсан маргааныг хэлэлцэж зохицуулах зохицуулалттай байтал дээрх хурал нь хуулийн энэ зохицуулалтыг зөрчсөн, энэ хурлаар тохиролцоогүй тохиолдолд сумын Засаг дарга шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай байхад сумын Засаг дарга И.Найманжин нь Д.Болдхуягтай маш дотно найз нөхдийн харилцаатай учир асуудалд шударга хандахгүй, нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргалгүй өдий хүрч байна. Хөвсгөл аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч “... шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Иймд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг “Оглорхой хуурай”, “Доод Ана” хэмээх бэлчээрийн газрыг Дашзэвэгийн Болдхуяг, Лхамрагчаагийн Ганхуяг нарт хамтран ашиглуулах шийдвэр гаргахыг Жаргалант сумын Засаг даргад даалгаж, энэ шийдвэрийг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Л.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нэхэмжлэлийн шаардлага дээрээ тодорхой дурдсан байгаа. Намайг өөрийн нутаг усандаа очоод нутаглах гэхээр хөөгөөд байдаг. Тухайн газар зуслангийн газар бөгөөд Д.Болдхуяг түүний өнгөрдөг дүү хоёр өмчлөөд тэр газар дээр намайг буулгахгүй байгаа. Би их гайхаж байна. Энэ талаар багийн Засаг даргадаа хүртэл хандаж байсан. Гэтэл багийн Засаг дарга болох хүн хүргэн нь болохоор Д.Болдхуягийг өмөөрөөд багийн хурал хийж хурлыг Ш.Алтандөш дарга явуулсан. Ингээд хурал болж Л.Ганхуягийг “Оглорхой Хуурай” гэдэг газар нутаглуулахгүй гэж байгаа хүн гараа өргө гэхэд нь бүгд гараа өргөж дэмжиж байсан. Миний хувьд нутгийн уугуул суугуул хүн. Гэтэл ял хийсэн хүн шиг нутгаасаа хөөгдөж байгаадаа их гомдолтой байгаа юм. Би энэ асуудлаар сумын Засаг даргад хандсан боловч Д.Болдхуягийн найз нь учраас шийдэж чадахгүй гэх зүйлийг надад хэлсэн. Мөн хурал хийхдээ хурлын ирцийг хүртэл худлаа бичиж тэмдэглэсэн байсан. 16 цагт 40 хүний бүрэлдэхүүнтэй нутгаас хөөх шийдвэр гаргасан. Тэгээд хурлын ирцийг уншаад шалгаад үзтэл 51 хүн болгоод бичиж тэмдэглэсэн байсан. Энэ нь хурлаа хүчинтэй болгох гэж ирц дээр өөрчлөлт оруулсан байсан. Тухайн зуслангийн газар миний ээж насаараа нутагласан хүн юм. Тэр газар нь зүгээр л бэлчээрийн газар ба н.Давааням гэх хүн тэтгэвэртээ гараад хашаа барьсан байсан. “Оглорхой Хуурай”-н газар их жижиг газар байдаг юм. Энэ хүмүүс хашаа бариад тэр газраа өмчлөөд авсан юм шиг хүн ойртуулдаггүй. Ийм учраас би сумын Засаг дарга, багийн Засаг дарга нарт гомдол гаргасан боловч хүлээж аваагүй учраас шүүхэд хандахаас өөр арга байгаагүй. Миний зүгээс энэ хүмүүсийг хөөгөөгүй байтал намайг хөөгөөд нутаглах эрхгүй болгосон юм. Манай хүргэн хаяанд буугаад хэсэг байтал хүргэнээ буулгалаа одоо хүргэнээ нүүлгэ та өөрөө ч нүү гээд хөөгөөд эхэлсэн. Хүн ингэж хөөдөг, нутаглах эрхгүй болгодог хууль байдаг бол үүнийг шалгуулах гэсэн юм. Одоо надад тэр нутагт нутаглах эрх байхгүй болоод байгаа. Ана гэх өвөлжөөг энэ хүмүүс биднийх гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тэр газар зүгээр бэлчээрийн газар. Энэ хүмүүсийн өвөлжөөний уугуул суугуул газар нь хясааны тэнд байдаг. н.Давааням гэх өвгөн 1990-ээд онд “Ана” гэх газар хашаа бариад 2 жил гаран амьдарч байгаад тэр газраа орхиод явсан. Тэр газарт нь Д.Болдхуягийн ах дүү нар байсан байх. Хувьчлал гарч 1990 оноос хойш дэл сул газарт хашаа хатгаж барьсан. Ингэхдээ удам судар байхгүй газар хашаа хатгасан. Нутгийн хүмүүс хүртэл энэ талаар баталгаажуулж гарын үсэг зураад тайлбар гаргасан байгаа. Гарын үсэг зурсан хүмүүс дотор манай ах дүү нар хүртэл гарын үсэг зурсан. Хясааны доодхон талд миний ээжийн өвөлжөө байдаг юм. Д.Болдхуягийн хувьд удам судартай Хойлогтын өвөлжөө гэдэг том өвөлжөөтэй. Д.Болдхуягийн аав нь 20 нас хүртлээ мал дээр байж байгаад цэрэгт явж халагдаж ирээд насаараа жолоочийн ажил хийсэн хүн байсан. н.Давааням гэх хүн манай ахаас зөвшөөрөл аваад хашаа барьсан. Түүнийгээ удам судартай миний аавын өвөлжөө гээд намайг хөөгөөд байгаад гомдолтой байна. “Ана” гэх газар Д.Болдхуяг, Д.Алтанхуяг нарт хамаагүй байтал өвөлжөөг өөрсдийн өвөлжөө гэж байгаа юм. Манай сумын Засаг дарга И.Найманжин нь газар усны нэр мэдэхгүй, хүний нэр мэдэхгүй, Мөрөн сумын төвд төрсөн хүүхэд байгаа юм. Тэгсэн атлаа намайг “та энд хамаагүй хүн байна” гэж хэлээд хөөсөн. Намайг яагаад тэр газар байлгаж болохгүй байгаа юм бол үүнийг л тогтоолгомоор байна. Д.Болдхуяг намайг байнга дарамталдаг “миний өвөлжөө, миний өвөлжөөнөөс нүү” гэх зэргээр дарамталдаг. Уг нь тэр газар өвөлжөөний газар биш бэлчээрийн газар байсан. Би Д.Болдхуягт “чи өвөлжөө зуслангийн газартай байж заавал ингэх шаардлага байгаа юм уу? Энэ газар өвөлжөөний газар биш бэлчээрийн газар гэж зөндөө хэлсэн. Би удам судартай Хойлогтын өвөлжөөний газар дээр чинь буух гээгүй, үнэхээр тэнд чинь буусан байлаа гэхэд хөөх боломжтой. Монгол Улсын үндсэн хууль, тусгай хууль гаргасан юм шиг бүх газраа хүмүүстээ хуваагаад өгсөн. Тэгээд буух гэхээр миний эзэмшлийн газар гэж хэрүүл маргаан үүсгэдэг. Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутгаас 280 километрийн газарт нүүгээд явдаг. 2018 онд нүүж очиход жорлонгийн шонг нураагаад дотор нь хийгээд үлдээсэн байсан. Яагаад ингэж байгаа юм гэхэд булгийн эхэнд жорлон барихгүй гээд шатаасан. Д.Болдхуягийн мал хардаг хүн байсан. Тэр хүн манай хүүг хонио нийлүүллээ “чамайг чулуугаар нам цохино” гээд дайрч байхад эхнэр нь дундуур нь орж салгаж байсан. Зундаа ийм хэрүүл маргаантай байж байгаад би өвөл нь Тосонцэнгэл суманд очиж өвөлждөг юм. Миний ээжийн удам судартай газар гэх утгаар нь би очиж зусдаг. Голын урд тал дан зуслангийн газар байдаг. Уг нь энэ зуслангийн асуудлыг багийн Засаг дарга шийдээд хамт зус гэж хэлэх боломжтой байтал тэгж хэлдэггүй. Ийм байдлаас болоод шүүхэд хандах болсон. Би тэр газрын эзэмшил дээр маргаагүй зүгээр хамт зусаж байхаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа юм.
Д.Болдхуяг нь миний өвөлждөг газар гэж худал мэдүүлэг өгөөд байгаад би гайхаж байгаа юм. Тэр газар би ганцаараа зусдаггүй олон айл зусдаг. Тэнд байгаа хүмүүс хамт зусаж байгаад нүүгээд явдаг зуслан, намаржааны газар. Хүний барьсан хашаагаар миний өвөлжөөний газар гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Миний зусаж байгаа газарт Д.Болдхуяг малчнаа байлгаж малаа харуулдаг юм. Тэр малчнаа байлгах гээд миний газар гэж хөөж туугаад байдаг. Дайргат, Хөшөөт гэх өвөлжөөнүүдийн зааг дээр нэг өвгөн хашаа бариад дээрээс доороос мал хамсаад иддэг юм. Ө.Түвшинсайханы талийгаач нөхрийн нэр дээр гэрчилгээ авсан газрыг “Оглорхой Хөтөл” гэдэг. Тэр газарт нь гэрчилгээ авсан байсан ч Ө.Түвшинсайхан тэр газар малаа харж байгаагүй. Хавар буудаг байж магадгүй. Гэхдээ тэр газар зуслангийн газар биш өвөлжөөний газар. Голын урд тал дан зуслангийн газар өвөл нь цас ихтэй ямар ч айл өвөлжиж байсан гэх тодотгол байхгүй удам судартай газар биш.
Манайхыг “Оглорхой Хуурай”-д зусаж байхад хүү, хүргэний нийлсэн 40 үхэр “Оглорхой Хуурай”-н мод руу ордог. Тэр модоо дагаж явж байгаад орой саалийн цаг болоход хүрээд ирдэг байсан. Бог мал “Оглорхой хуурай” гэх зуслангийн жалгаар бэлчээд “Ана” гэх газар руу ч бэлчээд явдаг. Энэ хоёрыг өвөлжөөний газар руу бэлчлээ гээд байхаар нь бог малаа тууж авчирдаг. Бог мал гэрээсээ 500 метрээс 1 километр газрын зайтай бэлчдэг. Би 2005 онд Тосонцэнгэл сум руу нүүхээсээ өмнө “Дээд Хөх чулуу”, “Доод Хөх чулуу” гэх Тээлийн голынхоо хөндлөн жалгаар нутаглаж байсан. Би Тосонцэнгэл сум руу нүүхдээ зуслангийн газар дээр байсан хашаа, байшингаа зарчихаад явсан юм. Одоо “Хөх чулуу”-даа буух гэхээр олон айл буугаад зай байдаггүй. Тэгээд намайг дээшээ буу гээд хөөгөөд байдаг. “Хөх чулуу” гэх газраар өвөлжөө байдаггүй. Тэр газар нь зуслангийн газар” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Монгол Улсын Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх, ашиглуулахыг зохицуулаад өгсөн байгаа. Бэлчээрийн эдэлбэр талбайг зуслан, намаржааны газар гэж нэг ангилаад өвөлжөө, хаваржаа гээд хоёр өөр зохицуулалтаар ашиглаж болдог. Зуслангийн газрыг багийн иргэд нийтээрээ дундаа ашиглана гэсэн байдаг. Өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлж болно гэсэн заалт байдаг. Шүүгч 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн байдаг. Энэ маргааныг зохицуулах гол зохицуулалт нь Газрын тухай хуулийн 38.2-т зааснаар “бусдын эдэлбэр талбайтай давхцаагүй байх ёстой” гэх заалт юм. Нэхэмжлэгчийн хүсэлт гаргаж байгаа газар нь Ө.Түвшинсайхан, Д.Болдхуяг нарын газартай давхацсан эсэх, давхацсан бол хэрхэн давхацсан нь нотлогдоогүй. Энэ газрыг давхцаж байгаа гэж үзэх юм бол Газрын албанаас таны хүсэлт гаргаж байгаа энэ газар нэгж талбарын тийм дугаартай газартай давхцаж байгаа талаар мэдэгдэх ёстой. Тухайн газар өвөлдөө өвөлжихгүйгээр зун зусах гэхээр хөөгөөд байдаг. Нэхэмжлэгч энэ талаар тодорхой тайлбарласан. Тэгэхээр дундаа ашиглана гэж заасан газраас хөөгөөд хүүхдийг зодоод, машинаар ирээд хөөгөөд байгаа үйлдэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа хэрэг юм. Өмгөөлөгч П.Жамба гэрч Д.Чинзоригийн мэдүүлгийг дурдсан. Д.Чинзоригийн мэдүүлэг маргааныг таслахгүй. 2020 онд Жаргалант сумыг бэлчээрийн дутагдалтай гэж гаргасан байдаг. Гэтэл Ө.Түвшинсайхан 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бэлчээрийг өөр дээрээ шилжүүлэх хүсэлт гаргаад Ш.Алтандөш гэх хүн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шийдээд ашиглуулсан байдаг. Хуульд тухайн нутгийн бэлчээрийн даац байгалийн нөхцөл байдлыг харгалзаад сумын Засаг дарга нийтийн эдэлбэр газар болон бэлчээрт мал оруулах гаргахыг шийдвэрээр шийддэг. Энэ асуудал дээр хувийн ашиг сонирхол байгаа нь тодорхой байдаг. Бусдын өвөлжөө, хаваржааны газраас хэдэн метр зайтай нутаглах боломжтой юм бэ? гэж шүүгчийн зүгээс асуухад Д.Чинзориг энэ талаар тогтоосон хэмжээ байхгүй гэдэг. Гуравдагч этгээдүүдийн зүгээс бэлчээрийн даац хэтэрсэн бэлчээргүй болсон гэх зүйлийг хэлдэг. Гэвч энэ талаараа тодорхой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байдаг. Мөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ахмадбат гэх хүн нотлох баримт гаргасан байдаг. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.6 дахь хэсэгт зааснаар 4 дүгээр багийн нутаг дэвсгэрийн өвөлжөө, хаваржаа, намаржаа, отрын бэлчээрийг тогтоосон болон газрыг ашиглахтай холбогдсон ямар нэгэн шийдвэр гаргаж хэрэгжүүлээгүй болно гэсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад эзэмших эрхгүй гэсэн нотлох баримт цугларсан байгаа юм. Яагаад гэхээр өвөлжөө, хаваржааны зориулалтаар 0,07 га газрыг хуулийн зохицуулалтаараа өгч болно. Гэтэл шүүхээс үзлэг хийсэн байдаг. Үзлэгээр ойр тойрны 5 км газраас 1,7 км газар хүртэл хоорондоо алслагдсан газар байгаа юм. Тэгэхээр 1,5 км-ээс, 1,7 км хүртэл алслагдсан газар байгаа. Харин газар олгосон гэрээ гэрчилгээ дээрээ “Оглорхой Хуурай” гэх газрыг бүхэлд нь эзэмшихээр заасан байдаг. Ө.Түвшинсайхан Засаг даргын захирамжаар энэ газрыг өвөлжөөний газар гэж авсан байдаг. Гэтэл гэрээ байгуулахдаа тусгай усалгаатай тариалангийн талбай байгуулах гэсэн байна. Газрын тухай хуульд зааснаар газрыг зөвхөн гэрээнд заасны дагуу зориулалтын дагуу ашиглах ёстой. Гарсан захирамжууд, захирамжийг үндэслэж олгосон гэрчилгээнүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Хуульд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар гэсэн байдаг. Гэтэл өвөлжөө, хаваржааны газрыг хамтарч өмчилнө гэж нэр зааж авсан байтлаа үүнийхээ оронд зөвхөн нэг өрх гэр бүл бусдын хамтран оролцоогүйгээр дангаараа эзэмшиж бусдын эрх ашгийг хөндөж байгаа юм. Газрын тухай хууль болоод гэрээн дээр бусдын эрхэнд халдаж болохгүй гэж заасан байдаг. Газрыг хот айл, хамтаараа ашиглахдаа нэгнийхээ эрхэнд хууль бусаар халдаж болохгүй гэж заасан байдаг. Иргэн Д.Болдхуягийн гаргаж байгаа үйлдэл нь хот айлаар ашиглах захирамжийн дагуу аваад гэрээгээ байгуулсан атлаа иргэн Л.Ганхуягийн эрхэнд хэрхэн халдаж байгаа малын бэлчээрийн даацыг тогтоосон хэдэн тооны мал байгааг тогтоож гаргасан юм уу гэх асуудал үүсэж байгаа. Энэ асуудалд Д.Болдхуяг өөрийн үзэмжээрээ манай энэ жалгад таны байх газар байхгүй яв гэх мэтээр дур зоргоороо аашилж байдаг. Иймд байдал байнга тулгардаг учраас Л.Ганхуяг энэ асуудлыг зохицуулах гээд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага бол өөрийнх нь эрх ашигт нийцэх хэмжээнд хүрнэ гэж найдаж байгаа. Хэрэгт агаараас авсан байрлал тогтоох зураг байгаа. Д.Болдбаатараас шилжүүлсэн нэгж талбарын дугаар зөрж байдаг. 2009 оны 74 дугаартай захирамж гэж гарсан үүний үндсэн дээр Д.Болдбаатарт газар олгосон байдаг. Ингээд үүний дараа шилжихдээ зориулалт болоод нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн. Үүний дараа шилжүүлсэн захирамж нь 74 биш 7420 гэсэн шилжүүлсэн захирамж байгаа. 123 гэсэн захирамж нь Д.Алтанхуягаас Д.Болдхуягт шилжсэн захирамж байдаг. Энэ газар нь эзэмших эрхээ шилжүүлсэн газар байдаг. Үнэхээр шилжүүлсэн юм бол иргэн хоорондын нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ нь хаана байгаа юм бэ? Энэ шаардлага хангаагүй байхад Засаг дарга дарга шилжүүлж болж байгаа юм уу? Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөгчдийн Хурлаар тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсныг үндэслэж тухайн сумын Засаг дарга зохицуулдаг. Засаг дарга нэг хүн ороод ирэхээр шийдвэр гаргадаггүй. Гэтэл энэ дээрээс үзэхээр тийм зүйл болж байгаа харагддаг. Нэг өдөр хүсэлт гарч тэр өдрөө шийдэж байгаа үйл баримт харагддаг. Энэ ямар байдлыг харуулж байна вэ гэхээр хувийн ашиг сонирхол давхар батлагдаж байна гэж үзэж байна. Тэгэхээр шүүхээс энэ талаар бодитой үнэлж шийдвэрээ гаргах байх ...” гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус сум нь ой мод, уул, усаар хүрээлэгдсэн, газар нутаг давчуу, мал сүрэг ихтэй, сэлгэн нүүдэллэх газар бэлчээргүйн улмаас нэг жалгыг олон хот айл дундаа хамтран бэлчээрийг нь ашиглах явцдаа малчид хоорондын маргаан тэмцэл сүүлийн үед байнга гарч, гэмт хэрэг үйлдэгдэх явдал ч гарсаар байгаа.
Манай сумын тухайд энэ байдлыг үе үеийн сум, багийн удирдлагууд, малчид, иргэд хамтран санаачлагатай ажиллаж, хуулийн хүрээнд заримыг нь эвлэрүүлэн ойлголцуулж ирсэн бөгөөд 1996 онд малчдын өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх, түүний бэлчээрийн газрыг нь багийн иргэдийн Нийтийн Хурлуудын саналыг үндэслэн сумын Засаг даргын захирамжаар малчид, хот айл дундаа хамтран ашиглах гэрээ байгуулан ажиллаж байсан байна.
Амьдрал үргэлжлэх явцад гэрээ, гэрчилгээг шинэчлэх, тодотгохоор 2009 онд багийн иргэдийн Нийтийн Хурлуудаас санал авч улмаар сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 74 дүгээр захирамжаар 1996 оны дээрх гэрээ, гэрчилгээг шинэчлэн тодотгох шийдвэр гарсан.
Дээрх маргалдагч талуудын төлөөлөл болох Д.Болдбаатар /нас барсан/ Ц.Наранцэцэг нар нь Тээлийн “Оглорхой Хуурай” гэдэг газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшихээр 2009 оны захирамжид тусгагдаж гэрээ, гэрчилгээ авсан бөгөөд одоо эдгээр иргэд тус газраа өвөлждөггүй, хавар намар ашигладаг билээ.
Л.Ганхуягийн хувьд 2005 оноос эхлэн өнөөг хүртэл Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт отроор өвөлждөг бөгөөд 2015 оноос өөрийн эцэг, эх олон жил нутагласан Тээлийн “Оглорхой Хуурай”-д зун, намрын улиралд ирж нутаглаад буцдаг.
Энэ үеэс эхлэн дээрх иргэдийн хооронд маргаан үүссэн бөгөөд тодорхой зөвшилцөл, шийдэлд хүрэлгүй өнөөг хүрсэн байна. Л.Ганхуяг нь 2009 онд бэлчээрийг хот айлууд дундаа хамтран ашиглах гэрээ, гэрчилгээг шинэчлэн, тодотгох үед орон нутагтаа байгаагүй, гадна аймаг суманд шилжиж явсан, өөрөө хуралд оролцож санал хүсэлтээ гаргаж чадаагүй улмаас шийдвэр нэг талдаа гарсан байх магадлалтай байна.
Иймд Монгол Улсын Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, 52.10 дахь заалтуудын дагуу “Тээлийн Оглорхой Хуурай”, “Доод Ан” гэдэг зуслан намаржааны нутгийг Ө.Түвшинсайхан, Ч.Наранцэцэг, Л.Ганхуяг нарын хамтран эзэмшилд дундаа ашиглуулах саналыг хүргүүлж байна.
Жич: Лхамрагчаагийн Ганхуяг нь манай сумын багуудад өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшиж, ашиглаж байгаа тухай гэрээ, гэрчилгээ байхгүй болно” гэжээ.
Гуравдагч этгээд Д.Болдхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: “... 1.Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг “Оглорхой Хуурай” гэх газрын талаар: Уг газрыг миний талийгч дүү Д.Болдбаатар нь тус сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 74 тоот шийдвэрийн дагуу 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу ээж Наранцэцэгийн хамтаар эзэмшиж байсан бөгөөд дүү минь 2016 онд нас барсан бөгөөд одоо уг газар түүний эхнэр Түвшинсайхан нь эзэмшиж байгаа юм. Энэ талаарх холбогдох эрхийн гэрчилгээ, гэрээ нь хууль журмын дагуу байгаа. Иймд энэ газрыг Л.Ганхуяг нь надтай хамтран эзэмшиж ашиглах боломжгүй юм. 2.Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг “Тээлийн Доод Ана” гэх газрын талаар: Л.Ганхуяг нь нэхэмжлэлдээ “Доод Ана” гэх газрыг надтай хамтран эзэмших, ашиглах талаар Засаг даргын захирамж гаргуулах гэжээ. Миний хуулийн дагуу эзэмшдэг газар нь “Тээлийн Доод Ана” гэх газар юм. Уг газрыг миний бие Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж зааснаар өмнө нь эзэмшиж байсан Даваанямын Алтанхуягаас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлэн авсан.
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорх газрын Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэл гаргахдаа дээрх хуулийн заалтыг баримтлан гаргасан гэж үзэхээр байна. Гэтэл дээрх заалтаас үзвэл хот айлаар дундаа эзэмшиж болно гэснээс бусдын эзэмших эрхэд халдаж бусдад эзэмших эрх олгох талаар зохицуулсан заалт биш, хот айлууд хоорондоо зөвшилцөж хамтран эзэмших талаар тохиролцсон тохиолдолд л дундаа эзэмшиж болохоор хуульчлан заасан байна.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэсний дагуу Л.Ганхуяг нь иргэд Нийтийн Хуралд гомдол гаргасныг хэлэлцэн шийдвэрлэсэн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харганат багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар “Бэлчээрийн маргааныг шийдвэрлэх тухай” тогтоолоор “Тээлийн Оглорхой Хуурай” гэх газрыг Л.Ганхуяг хамтран эзэмших боломжгүй гэж үзэж шийдвэрлэсэн. Энэ талаар мөн Засаг даргад Л.Ганхуяг нь хандаж шийдвэрлүүлсэн байна. Үүнд миний эзэмшлийн “Тээлийн Доод Ана” гэх газрын талаар огт дурдагдаагүй. Иймд миний бие Л.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа болно” гэжээ.
Гуравдагч этгээд Д.Болдхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Тээлийн Оглорхой Хуурай”, “Доод Ана”, “Дээд Ана” гэх газарт 1993 оноос хойш нутаглаж байгаа. Тэр газар манай аав болон дүү нутагладаг байсан газар юм. Манай өвөлжөөний урд Л.Ганхуяг гуай ирж зусаад өвөл цаг хатуу болоход мал идэх идээгүй болгодог. Өмнөх жилүүдэд хатуу өвөл болж бид малаа цөөлсөн. Манай нутагт надад зуслан, намаржааны газар гэж байдаггүй. Өвөл, хавар тэр газраа нутаглахаас өөр аргагүй байдаг. Л.Ганхуяг тэр газрыг манай ээжийн нутагладаг байсан газар, үүнийг зуслан болгож авна гэж зүтгээд байгаа юм. Тэр газар уг нь өвөлжөөний газар бөгөөд айл зусаад байгаа учраас бид тэр газраа өвөлжих боломжгүйд хүрээд байгаа юм. Малаа байгаа нутгийнхаа байдалд тааруулаад цөөрүүлж байлгаад байхаар энэ хүн ирж зусаад, өвөл нь оторт яваад өгдөг. Тэгэхээр тухайн газрыг хамтран эзэмших боломжгүй. Нүүх болохоороо малдаа нийлсэн малыг аваад явсан байсныг араас нь очиж авч байсан удаатай. Л.Ганхуяг гуай өөрөө ч энэ талаар мэдэж байгаа. Л.Ганхуяг гуайн нутаглаж байсан газар байсаар байхад надтай хамтран эзэмших гээд байгааг ойлгохгүй байна. Тийм учраас энэ асуудлыг ялгаж салгаж өгөөч гэж хэлмээр байна. Мөн Засаг дарга байсан И.Найманжинтэй найз нөхөд болон өөр зүйлээр холбоо байхгүй. Мөн миний зүгээс хуралдааны үед ямар нэг байдлаар нөлөө үзүүлсэн зүйл байхгүй. Би өвөлжөөний газраа хамтран эзэмших боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Манайх жилийн дөрвөн улирал эндээ л байдаг. Нутгийнхан бие биенийхээ өвөлжөө рүү малаа явуулдаггүй. Би тэр газраа л зусаж, хаварждаг. Өвлийн улирал хатуу болох юм бол оторт явдаг. Л.Ганхуяг гуайн хэлээд байгаа Дайргатын өвөлжөө рүү бид нар нүүхгүй. Дайргатын хүмүүс наашаа нүүдэггүй. Л.Ганхуягийн ээжийнх нь өвөлжөө одоо хэлээд байгаа Хөх чулуу гэх газрын Дайргатын өвөлжөө юм. Л.Ганхуяг гуай өөрөө манай өвөлжөөнд ирж зусаад байгаа. Би анх нүүж ирэх үед нь маргаж яваагүй, анхнаас нь маргах ёстой байсан юм байна. Манай газар дээр зусаад өвөлжих, хаваржих ямар ч үндэсгүй болгочихоод оторт яваад өгдөг. Би бэлчээрээс шалтгаалаад малаа хүртэл цөөлсөн. Тийм учраас хамтран эзэмших боломжгүй. Л.Ганхуягийн үхэр нь “Оглорхой Хуурай”-н өвөлжөөн дээр очно. Хонь нь бас очиж идээшдэг. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө хэлж байна ...” гэв.
Гуравдагч этгээд Д.Болдхуягийн өмгөөлөгч Д.Буяндалай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Өмгөөлөгч миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл Л.Ганхуягийн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл гэдэг асуудлаа тодорхойлоогүй байгаа юм. Тухайлбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд хамаарах зүйлийг хуульчилсан байгаа. Үүнд захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах илт хууль бусыг тогтоолгох эсвэл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг тодорхой тусгахыг үүрэг болгосон байдаг. Л.Ганхуяг гэдэг хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар тодорхойгүй байгаа. Л.Ганхуягийн эрх, хууль ёсны ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэлэхэд Л.Ганхуяг гуайн нэхэмжлэлд дурдагдаад байгаа “Оглорхой Хуурай” гэх газарт иргэн Ө.Түвшинсайхан гэх хүн 6725001714 нэгж талбарын дугаартай 000023131 дугаарын гэрчилгээгээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар өвөлжөөний газар эзэмшиж байгаа. “Доод Ана” гэх газарт Д.Болдхуяг 210604035 нэгж талбарын дугаартай 000570368 дугаарын гэрчилгээгээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар өвөлжөөний газар эзэмшиж байгаа ба энэ газруудад Л.Ганхуяг гэх хүнд хуулийн дагуу эзэмшиж байгаа ямар нэгэн өмчилсөн эзэмшиж байгаа газар байхгүй. Дээр нэр дурдагдсан Д.Болдхуяг, Ө.Түвшинсайхан нарын өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа газраас шүүхийн үзлэг хийж тогтоосон хэмжээгээр 576 метр нөгөөгөөс 535 метр мөн 1,6 км зайтай бэлчээрийг хамтран ашиглуулах шийдвэр гаргуулах, уг шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа зүйл огт байхгүй. Өөрөөр хэлбэл бусдын хууль ёсоор эзэмшиж байгаа газрын ойролцоо буучихаад түүний бэлчээрт малыг нь бэлчээхгүй байгаа гэдэг нь ямар эрхийг зөрчиж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч өөрөө шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарлахдаа манай удам угсааны газар гэж хэлсэн. Хуучин нүүдлийн мал ахуй аж ахуйн зохицуулалт хэвийн байсан. Үүнийг журамлаад Монгол Улс хуульчлаад Газрын тухай хууль болон бусад хууль журмууд гарсан байгаа. Ийм маргаанаас урьдчилан сэргийлж газартай холбоотой хууль тогтоомж гарсан учраас өмнө онуудад хэн нутаглаж байсан нь маргааны үйл баримтад хамаагүй. Нэмж хэлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгахаар хуульчилсан. Гэтэл бэлчээрийн газрыг хамтран ашиглуулах талаар захиргааны акт гардаггүй. Тодруулах юм бол Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасан байдаг ба малчдад хэсэг бүлгээр ашиглуулахад сумын Засаг дарга захиргааны акт гарахгүй, тодорхой болзол гэрээний дагуу шийдвэрлэхээр байгаа. Энэ зүйл заалтад “зуслан, намаржаа, отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц иргэдийн саналыг харгалзан өвөлжөө хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх мал оруулах хугацааг сум дүүргийн Засаг дарга тогтоож баг хорооны Засаг дарга иргэдэд мөрдүүлж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөх сэргээх зорилгоор тухайн бус нутгийн онцлог, бэлчээр ашиглаж байсан уламжлал, газрын даац чадавхыг харгалзан багийн иргэд Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтаас үзэхээр зуслан, намаржааны газрыг нийтээр ашиглаж болно. Ингэхдээ өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхагдлаас хамгаалах нөхөн сэргээх зорилгоор гэсэн заалтаар нь тухайн нутагт байгаа өвөлжөө хаваржааны нутаг бэлчээрийг уг газар орны өвөлжөө, хаваржаа эзэмшдэггүй өөр этгээдийн малыг идэш болох, талхагдлаас сэргийлж хэсэг бүлэг хүмүүст ашиглуулах тухай ойлголт байгаа. Энэ хуулийн заалтаар “Оглорхой Хуурай , Доод Ана” гэх газруудад гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар өвөлжөө, хаваржааны газар эзэмшиж байгаа Д.Болдхуяг, Ө.Түвшинсайхан нарын өвөлжөө, хаваржааны нутгийн бэлчээрийг өөрсдөө ашиглаж болохоор хуулийн зохицуулалт байгаа. Түүнээс биш гаднаас ирээд энэ өвөлжөөний газрыг талхлагдахаас хамгаалахын тулд бүлгээр ашиглах боломж байхгүй юм. Мөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 74 гэх захирамжийн дагуу захиргааны байгууллагаас “Оглорхой Хуурай, Доод Ана” гэх газруудын бэлчээрийг Д.Алтанхуяг, Д.Болдхуяг нарт ашиглуулахаар газар эзэмшүүлэх захирамж гарч эзэмшүүлсэн. Мөн үүний дагуу малчид, хот айлуудад өвөлжөөний доорх газруудыг эзэмшүүлэх түүний бэлчээрийг хуваарьтай ашиглах гэрээ байгуулсан. Энэ гэрээний 5.1-т заасан бэлчээр ашиглах эрх Д.Болдхуяг, Ө.Түвшинсайхан нарт шилжиж ирсэн байдаг. Сумын Засаг дарга хамтран ашиглуулах талаар захиргааны акт гаргахгүй гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл гаргах тухай заалт байхгүй мөн захиргааны гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхгүй гэх ойлголт байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхээс захиргааны гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой болон захиргааны гэрээ байгуулах шийдвэр гаргуулах боломжгүй бөгөөд ийм хуулийн зохицуулалт байхгүй юм. Иймд энэ бүх үндэслэлүүдээс үзээд Л.Ганхуягийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна ...” гэв.
Гуравдагч этгээд Ө.Түвшинсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “... Л.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч өөрөөр хэлбэл Л.Ганхуягтай би хамтран эзэмших, ашиглах хүсэл сонирхолгүйн дээр энэ нь миний хууль ёсоор эзэмшиж буй эрхийг зөрчиж байх тул дараах тайлбарыг хүргүүллээ.
Үүнд: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг “Оглорхой Хуурай” гэх газрын талаар: Тус сумын Засаг даргын 2009 оны 10 сарын 22-ны өдрийн 74 тоот шийдвэрийн дагуу 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу нөхөр Д.Болдбаатар, хадам ээж Ц.Наранцэцэгийн хамтаар гэрчилгээ авсан.
Миний бие Ө.Түвшинсайхан нь 2006 онд нөхөр Д.Болдбаатартай гэр бүл болж 2 хүүхэд төрүүлсэн. 2004 оноос хойш бид хамтдаа “Оглорхой Хуурай” гэдэг газар малаа маллаж 2009 онд 1353 мал тоолуулж “Мянгат малчин”-ы гэрчилгээ авч байсан. 2012 онд би өөрөө ажилд орж нөхөр маань үргэлжлүүлэн малаа маллаж 2016 онд биеийн байдлын улмаас нас барсан. Цаашид мал маллах хүн хүч дутсан учир малаа цөөлж ах Д.Болдхуяг, хадам ээж Ц.Наранцэцэг нар нь өөрсдийн малтайгаа хамт маллан өнөөдрийг хүртэл “Оглорхой Хуурай” гэх газар өвөлжиж хаваржиж зусан намаржиж байна. Хадам ээж маань 19 настайгаасаа энэ нутагт бэр болж ирээд 46 жил болж байна гэж ярьдаг. Манай том хүү 14 настай, бага хүү 5 настай. Том болоод үргэлжлүүлээд нутагтаа малаа маллана гэж ярьж байгаа. Л.Ганхуяг нь намайг нөхөр нь нас барсан хоёр жижиг хүүхэдтэй гэж дээрэлхэн иймэрхүү аргаар нутгийг нь авах санаа илтээр харагдаж байна.
2020 оны 04 дүгээр сарын 01-ний 74/20 тоот шийдвэрээр “Оглорхой Хуурайн” гэрчилгээг хуулийн дагуу өвлөн авсан.
Л.Ганхуягийн хувьд: Хоёр жилийн өмнө хадам ээж Ц.Наранцэцэгээс зуслангийн доод хэсэгт зусуулаач гэж гуйсныг ангийн хүүхэд гэж бодоод зөвшөөрсөн. Дараа жил нь бүр таван гэрээр олон малтай ирж буун малаа “Хуурай” руу бэлчээж хамаг өвсийг идүүлж хавар, өвөл, намар мал идэх өвсгүй болтол идүүлчихээд дээр нь нутгаас нь хамтран эзэмших талаар сумын Засаг даргад өргөдөл гаргасныг иргэдийн Нийтийн Хурлаар 2020 оны 05 сарын 29-ний өдөр “Тээлийн Оглорхой Хуурай” гэх газрыг Л.Ганхуяг хамтран эзэмших боломжгүй гэж үзэж шийдвэрлэсэн. Иймд миний бие Л.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа болно” гэжээ.
Гуравдагч этгээд Ө.Түвшинсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний гаргах тайлбар Д.Болдхуягтай адилхан. Багийн иргэдийн Нийтийн Хурал өмнө нь нэг удаа болсон юм. Тэр үед ирц нь хүрээгүй гэх шалтгаанаар мөн Л.Ганхуяг гуай хүмүүсийг хэл амаар доромжлоод байхаар нь тараасан гэсэн яриа байсан. Түүний дараа иргэдийн Нийтийн Хурал ирц бүрэн болж шийдвэрээ гаргасан. Миний хувьд 2004 онд энэ айлын бэр болж ирсэн. Үүнээс хойш 2011 он хүртэл малаа маллаад 2009 онд мянгат малчин болж байсан. 2016 онд бэлчээрийн даац хэтрээд мөн гэр бүлийн хүн маань тэр онд талийгаач болсон учраас малаа цөөлсөн. Тэр өдрөөс хойш би хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. Л.Ганхуяг гуай өөрөө дээрэлхэж байгаа юм шиг 2 жил тэр газар зуссан. Зусахдаа ганц гэрээрээ биш таван гэрээрээ буугаад хамаг өвсийг малаараа идүүлчихээд нүүгээд явдаг. Бид бодохдоо оторт явахгүйгээр малаа цөөлж эндээ маллаад, эндээ нутаглаад явна гэж боддог байсан. Тухайн газар их жижиг бөгөөд бэлчээрийн даац хэтрээд байгаа тул хамтран эзэмших хүсэлгүй байна. Л.Ганхуяг над дээр ирээд “чи шүүхээрээ явбал яваарай, би ард нь гартал үзнэ, та нар намайг буудаарай гэж” дарамталж байсан удаатай. Манайх өвөлжөөний газраасаа нэг километр газар яваад зусдаг. Тэр газар угаасаа жижиг газар учраас тэр хавиараа өвөлжиж, хаваржиж, зусдаг ...” гэв.
Гуравдагч этгээд Ө.Түвшинсайхан өмгөөлөгч П.Жамба шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Гэрч Хөвсгөл аймгийн хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн Д.Чинзоригийн мэдүүлэгт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг нь бэлчээрийн даац хэтэрснийг нотолсон байдаг. Нийт малын тоог бэлчээрийн газар нутагтай харьцуулахад бэлчээрийн даац хэтэрсэн гэж үзсэн байгаа учраас Ө.Түвшинсайхан “Оглорхой Хуурай” гэх газрыг хамтран ашиглах боломжгүй гэж үзэж байна. Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ахмадбатын бичиг дээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан, отрын нөөц нутгийг ерөнхий хуваарийн дагуу тогтооно гэсний дагуу тогтоосон зүйл байхгүй гэсэн учраас ашиглуулах боломжгүй байгаа юм ...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь;
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг ... багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”, 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан тул нэхэмжлэгч Л.Ганхуягийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шүүх үзсэн болно.
Гэсэн хэдий ч хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Л.Ганхуягийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг “Оглорхой хуурай”, “Доод Ана” хэмээх бэлчээрийн газрыг Дашзэвэгийн Болдхуяг, Лхамрагчаагийн Ганхуяг нарт зуслангийн зориулалтаар /шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав/ хамтран ашиглуулах шийдвэр гаргахыг Жаргалант сумын Засаг даргад даалгаж, энэ шийдвэрийг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Нэхэмжлэгч Л.Ганхуяг нь “Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг “Оглорхой хуурай”, “Доод Ана” гэдэг газраар нутаглаж ирсэн. Нэр дурдсан газрууд нь Тээлийн голын хоёр талд байрлалтай бөгөөд манайхан голынхоо урд тал буюу “Оглорхой”-д зусдаг, голын хойд тал буюу “Ана”-д өвөлждөг байсан. Миний хувьд мөн энэ нутагт төрж өссөн, 1979 онд гэрлэж гэр бүлийн хамтаар дээрх “Оглорхой Хуурай”, “Доод Ана” хэмээх нутагтаа малаа маллан амьдарч ирсэн” хэмээн нэхэмжлэлдээ дурдсан.
Гэвч энэ нь түүний өөрийнх нь шүүх хуралдаанд хэлсэн “Би 2005 онд Тосонцэнгэл сум руу нүүхээсээ өмнө “Дээд Хөх чулуу”, “Доод Хөх чулуу” гэх Тээлийн голынхоо хөндлөн жалгаар нутаглаж байсан. Би Тосонцэнгэл сум руу нүүхдээ зуслангийн газар дээр байсан хашаа, байшингаа зарчихаад явсан юм. Одоо “Хөх чулуу”-даа буух гэхээр олон айл буугаад зай байдаггүй. Тэгээд намайг дээшээ буу гээд хөөгөөд байдаг. “Хөх чулуу” гэх газраар өвөлжөө байдаггүй. Тэр газар нь зуслангийн газар” гэх тайлбар,
Гэрч Даваанямын Алтанхуягийн “Намайг “Доод Ана”-д нутаглаж байх үед Л.Ганхуяг болон түүний ээж, аав нь ерөөсөө нутаглаж байгаагүй. Л.Ганхуягийн аав нь Жаргалант сумын 3 дугаар багийн Хургадай гэдэг газарт нутаглаж байсан. Ээж нь дээр үед Дайргат гэдэг газарт нутаглаж байсан юм гэнэ билээ. Би сүүлийн жараад жил нутаглаж байсныг нь хараагүй” гэх мэдүүлэг[1],
Гэрч Даваанямын Цэрэннадмидийн “Миний төрсөн цагаас хойш миний мэдэхээр л Л.Ганхуягийн ээж Тээлийн “Доод Ана”-д нутаглаж байгаагүй юм. Миний аав төрсөн цагаасаа хойш насан туршдаа Тээлийн “Доод Ана”-д нутаглаж байсан. Үргэлжлүүлэн би болон миний ах дүү нар нутаглаж байгаа гэж үзвэл 100 шахам жил бид тэр газарт нутаглаж байгаа. Миний аав 1924 онд төрсөн хүн байсан. Л.Ганхуяг яагаад миний ээжийн нутаг гэж дайраад байгааг ойлгохгүй байна. Сүүлийн ганц хоёр жил манай Тээлийн “Доод Ана”-д зуссан юм. Тэгээд л миний нутаг гэж дайраад байгаа юм” гэх мэдүүлэг[2] зэргээр үгүйсгэгдэж байна.
Хоёр. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Болдхуяг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/123 дугаар захирамжаар[3] Жаргалант сумын 4 дүгээр багийн Тээлийн “Доод Ана” дахь нэгж талбарын 210604035 дугаар бүхий 0,5 га газрыг өвөлжөөний зориулалтаар[4], Ө.Түвшинсайхан нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар[5] Жаргалант сумын 4 дүгээр багийн “Оглорхой Хуурай” дахь нэгж талбарын 6725001714 дугаар бүхий 0,5 га газрыг өвөлжөөний зориулалтаар[6] тус тус эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн хувийн хэрэг дэх баримтуудаар нотлогдож байх ба Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг /ойлгоно/, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэх заалтад нийцэж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Л.Ганхуяг нь гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, Засаг даргын захирамжтай маргаагүй болно.
Гурав. Нэхэмжлэгч Л.Ганхуягийн зуны цагт нутаглахыг хүсэж байгаа Жаргалант сумын 4 багийн Тээлийн голын “Оглорхой Хуурай” гэх газар нь гуравдагч этгээд Д.Болдхуягийн хууль ёсоор эзэмшиж[7] буй Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн “Тээлийн Доод Ана” дахь өвөлжөөний зориулалттай газрын бэлчээр, Ө.Түвшинсайханы хууль ёсоор эзэмшиж[8] буй Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн “Оглорхой Хуурай” дахь өвөлжөөний зориулалттай газрын бэлчээртэй тус тус давхцаж байгаа болох нь:
Нэхэмжлэгч Л.Ганхуягийн шүүх хуралдаанд хэлсэн “Манайхыг “Оглорхой Хуурай”-д зусаж байхад хүү, хүргэний нийлсэн 40 үхэр “Оглорхой Хуурай”-н мод руу ордог. Тэр модоо дагаж явж байгаад орой саалийн цаг болоход хүрээд ирдэг байсан. Бог мал “Оглорхой хуурай” гэх зуслангийн жалгаар бэлчээд “Ана” гэх газар руу ч бэлчээд явдаг. Бог мал гэрээсээ 500 метрээс 1 километр газрын зайтай бэлчдэг.” гэх тайлбар,
Гуравдагч этгээд Д.Болдхуягийн шүүх хуралдаанд хэлсэн “Л.Ганхуяг гуай өөрөө манай өвөлжөөнд ирж зусаад байгаа. Манай газар дээр зусаад өвөлжих, хаваржих ямар ч үндэсгүй болгочихоод оторт яваад өгдөг. Би бэлчээрээс шалтгаалаад малаа хүртэл цөөлсөн. Л.Ганхуягийн үхэр нь “Оглорхой Хуурай”-н өвөлжөөн дээр очно. Хонь нь бас очиж идээшдэг” гэх тайлбар,
Гуравдагч этгээд Ө.Түвшинсайханы шүүх хуралдаанд хэлсэн “Л.Ганхуяг гуай өөрөө дээрэлхэж байгаа юм шиг 2 жил тэр газарт зуссан. Зусахдаа ганц гэрээрээ биш таван гэрээрээ буугаад хамаг өвсийг малаараа идүүлчихээд нүүгээд явдаг. Бид бодохдоо оторт явахгүйгээр малаа цөөлж эндээ маллаад, эндээ нутаглаад явна гэж боддог байсан. Тухайн газар их жижиг бөгөөд бэлчээрийн даац хэтрээд байгаа” гэх тайлбар,
Гэрч, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Бэлчээр, уст цэг хариуцсан мэргэжилтэн Д.Чинзоригийн “Монголчуудын мал маллагааны уламжлалт арга ухаан эрдэмтдийн зөвлөж байгаагаар бог малын бэлчээр 5 километрийн радиуст багтана. Монгол малчид цаг сайхан дулаан байх үед аль болох алсын бэлчээрт малаа хариулж, цаг хүйтэрч, цас их унавал ойрын бэлчээрт малаа хариулдаг байсан уламжлалтай. Бог малын алсын бэлчээр өвөлжөө, хаваржааны хашаанаасаа 5 километр орчим радиуст, харин ойрын бэлчээр нь өвөлжөө, хаваржааныхаа хашаанаас 1 километр орчим радиуст байдаг. Өвлийн өдөр богино, зуд турхантай үед болон төллөх мал, ядарсан малаа ойрын бэлчээрт бэлчээдэг учраас ойрын бэлчээрээ аль болох малд идүүлэхгүй гамнадаг уламжлалтай. Өвөлжөө, хаваржааны газраас 0,5-1 километр орчим зайд зусвал өвөлжөө, хаваржааны бэлчээрт нөлөөлнө. Учир нь бэлчээрийн ургамал төрөл зүйлээсээ хамаараад 7-8 дугаар сард үрээ хаяж, сэргэн ургадаг. Иймд өвөлжөө, хаваржааны газраас 0,5-1 километр зайд зуны 7-8 сард зусаж нутаглах юм бол бэлчээрийн ургамлын гарцад сөргөөр нөлөөлж, өвөлжөө, хаваржааны ойрын бэлчээрт мал идэх ургамал муудна гэсэн үг. Ургамлын үрээ хаяж, ургах хугацаа зуны 7-8 сард байдаг учраас энэ хугацаанд өвөлжөө, хаваржааныхаа бэлчээрийг малаас бүрэн чөлөөлөхийг эрдэмтэд зөвлөдөг. Үүнийг бэлчээрийг хуваарьтай ашиглах гэж нэрлэдэг” гэх мэдүүлэг[9],
Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үзлэгээр[10] “Гуравдагч этгээд Д.Болдхуягийн өвөлжөөний хашаанаас нэхэмжлэгч Л.Ганхуягийн үхэр саадаг зэлний хашаа хүртэлх зайг Жи Пи Эс багажаар хэмжиж үзэхэд 535 метр, нэхэмжлэгч Л.Ганхуягийн зуслангийн газраас гуравдагч этгээд Ө.Түвшинсайханы хаваржааны хашаа хүртэлх зайг Жи Пи Эс багажаар хэмжиж үзэхэд 576 метр, нэхэмжлэгч Л.Ганхуягийн маргаж буй зуслан гэх газрын үхрийн зэлний хашаанаас гуравдагч этгээд Ө.Түвшинсайханы өвөлжөөний хашаа хүртэл 1,6 километр зайтай болох нь тогтоогдсон” зэргээр нотлогдож байна.
Дөрөв. Хөвсгөл аймгийн Жаргалант сум нь уул, усаар хүрээлэгдсэн, малын бэлчээр хомс, газар нутаг давчуу. Тиймээс ч гуравдагч этгээд Д.Болдхуяг, Ө.Түвшинсайхан нар нь малынхаа тоо толгойг цөөрүүлэхээс өөр аргагүйд хүрч, өвөлжөөнийхөө ойролцоо бууцаа сэлгэн жилийн дөрвөн улирал нутаглаж байгаа болох нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл[11], хариуцагчийн[12] шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Тав. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д” Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална” гэж заасан.
Гэвч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 багийн “Оглорхой Хуурай”, “Доод Ана” хэмээх газруудыг зуслангийн газар хэмээн баталсан ерөнхий хуваарь байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 тоот “Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.6 дахь хэсэгт зааснаар 4 дүгээр багийн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын бэлчээрийг тогтоосон болон уг газрыг ашиглахтай холбогдсон ямар нэгэн шийдвэр журмыг гаргаж байгаагүй болно” гэх албан бичгээр[13] нотлогдож байна.
Иймд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 багийн “Оглорхой Хуурай”, “Доод Ана” хэмээх газруудыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан зуслангийн газар гэж үзэхгүй тул мөн хуулийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана ...” гэх заалт тухайн газарт хамаарахгүй. Д.Болдхуяг, Ө.Түвшинсайхан нарын өвөлжөө орчмын “Оглорхой Хуурай”, “Доод Ана” гэх газрыг зуслангийн зориулалтаар нийтээр ашиглах хууль зүйн үндэслэлгүй.
Зургаа. Нэхэмжлэгч Л.Ганхуягийг маргаан бүхий Жаргалант сумын 4 дүгээр багийн Тээлийн “Оглорхой Хуурай” хэмээх газарт зусуулахыг Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа зөвшөөрсөн нь гуравдагч этгээд Д.Болдхуяг, Ө.Түвшинсайхан нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт зааснаар Тээлийн “Оглорхой Хуурай” хэмээх газрыг зуслангийн газар гэж хуваарилаагүй байхад гуравдагч этгээд нарын өвөлжөөний бэлчээртэй давхцаж байгаа уг газрыг бусдад зуслангийн зориулалтаар ашиглуулах үндэслэлгүй.
Долоо. Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг ургамал ургадаг зуны турш ашиглах нь өвөл, хаврын хахир цагт мал сүргийг идэх өвсгүй болгож, эх мал жилбэгүй болох, төл алдах, үхэж үрэгдэх нөхцлийг бүрдүүлж, улмаар малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон мал хорогдсоноор малчин хүний амьдралын чанар доройтож, ядууралд өртөх нөхцөл бүрдэнэ. Тиймээс ч монголчуудын уламжлалт нүүдлийн мал аж ахуйд бэлчээрийг хуваарьтай, зохистой ашиглахыг эрхэм болгож ирсэн нь монгол хүний хувьд үнэт зүйл, уламжлалт соёл төдийгүй нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээ юм.
Дээрх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээг хууль тогтоомжид тусгахдаа дараах байдлаар хуульчилсан байна. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэснээс үзвэл өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор малчдад бэлчээрийг хуваарьтай ашиглуулах санаа хууль тогтоомжид тусгагджээ.
Найм. Нэхэмжлэгч Л.Ганхуяг Тээлийн “Оглорхой Хуурай” гэх газар зусаж баймаар байна гэсэн өргөдөл гаргасныг[14] Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана /4 дүгээр/ багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж[15], тус хуралдаанаас Л.Ганхуягийг олонхийн саналаар тухайн нутагт нутаглуулахгүй, хамтран эзэмших боломжгүй гэж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. ...” гэсэн хуулийн заалтад нийцсэн, түүний “Багийн нийтийн хурал нь бэлчээр ашиглах талаар гарсан маргааныг хэлэлцэж зохицуулах зохицуулалттай байтал дээрх хурал нь хуулийн энэ зохицуулалтыг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Ес. Дараа нь нэхэмжлэгч Л.Ганхуяг Газрын тухай 52 дугаар зүйлийн 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Жаргалант сумын Засаг даргад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хандсан болох нь Л.Ганхуягийн өргөдөл[16], Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр[17] дээрх бүртгэлээр тус тус нотлогдоно.
Арав. Нэхэмжлэгч Л.Ганхуяг “сумын Засаг дарга ... шийдвэр гаргалгүй өдий хүрч байна” хэмээн тайлбарлаж байгаа боловч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг дарга И.Найманжин 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/311 тоот албан бичгээр[18] “Тээлийн Оглорхой хуурайн өвөлжөө, хаваржааны доорх газрыг хамтран эзэмших, бэлчээрийн газрыг ашиглахаар ирүүлсэн өргөдөлд дурдагдсан нутаг нь Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь заалтын дагуу 2009 онд сумын Засаг даргын захирамжаар иргэн Д.Болдбаатарын нэр дээр шийдвэрлэгдсэн байх ба 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар хамтран эзэмшүүлж, ашиглуулах боломжгүй тухай тогтоол шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байгаа тул Засаг даргын хувьд ямар нэгэн өөрчлөлт хийх боломжгүй болохыг уламжлав” гэсэн хариу өгчээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.Ганхуягийн өргөдөлд Жаргалант сумын Засаг дарга татгалзсан хариу өгснийг ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгаа “эс үйлдэхүй” гэж үзэхгүй. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т “... Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан нь заавал өргөдөл, гомдлыг хангаж шийдвэрлэнэ гэсэн агуулга бүхий хэм хэмжээ биш юм.
Арван нэг. Нэхэмжлэгчийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын ирц нь хуралдах хэмжээнд хүрээгүй байснаас гадна оролцогчдын олонх нь Д.Болдхуяг, түүний ээж Ц.Наранцэцэг нарын төрөл садангийн хүмүүс байсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Цэрэнбат нь хурлаа удирдаагүй Д.Болдхуягийн хүргэн, тус багийн Засаг дарга Ш.Алтандөш нь хурлыг удирдсан, хуралд оролцогчдод нөлөөлсөн, хурлын тэмдэглэлийг хуурамчаар нөхөн үйлдсэн, хуралд оролцогчдын ирцийг тусгаагүй, хурал болсон огноог санаатайгаар буруу бичиж миний гомдол гаргах эрхэд халдсан, хэдэн хүн хуралд оролцож хэд Л.Ганхуягт тухайн газарт бэлчээр ашиглуулахаас татгалзсан зэргийг хурлын тэмдэглэлд тусгаагүй” гэх үндэслэлд дараах дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, ... тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэснийг зөрчөөгүй болох нь:
Гэрч Жаргалант сумын 4 дүгээр багийн Засаг дарга Ш.Алтандөшийн “Манай баг 156 өрхтэй. Хурлын дарга ирц хангалттай хүрсэн гэж ирцээ танилцуулж, багийн иргэдийн Нийтийн хурлыг нээсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Цэрэнбатын “Манай баг нийтдээ 159 өрхтэй байхаас 51 хүн ирсэн байсан. Ирц бол зохих хэмжээндээ хангалттай хүрсэн байсан” гэх мэдүүлэг болон Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлийн гар бичмэл[19], ирцийн бүртгэл[20] зэргээр нотлогдож байна.
Хэдийгээр гэрчүүд Жаргалант сумын 4 дүгээр баг нь 156 өрхтэй, 159 өрхтэй гэж зөрүүтэй мэдүүлсэн боловч энэ нь Хурлын хуралдааныг хүчинтэй эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Учир нь тус баг 160 хүрэхгүй өрхтэй гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Хэрэв тухайн баг 156 өрхтэй бол 39 өрхийн төлөөлөл ирснээр, 159 өрхтэй бол 40 өрх /39,75/-ийн төлөөлөл ирснээр Хурлын хуралдаан хүчинтэй болох юм. Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны ирцийн бүртгэлд 51 хүний гарын үсэг зурагдсан байх ба мөнхүү хуралдааны гараар бичсэн ноорог тэмдэглэлийн[21] эхэнд “Хурлын ирц 44 хүн ирсэн” гэжээ. Эндээс дүгнэвэл ямартай ч 40-өөс дээш буюу дор хаяж 44 өрхийн төлөөлөл хуралдаан эхлэхэд оролцсон болох нь тогтоогдож байх ба хуульд заасан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хүчинтэй байх шаардлагыг хангасан, Хурлын хуралдааны явцад 7 хүн нэмэгдэж ирсэн /хурал эхэлсэн хойш 7 хүн хожимдож ирсэн/ байх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Иймд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааныг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “Багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцогчдын олонх нь Д.Болдхуяг, түүний ээж Ц.Наранцэцэг нарын төрөл садангийн хүмүүс байсан ...” гэжээ.
Садан төрлийн холбоотой хүмүүс нэг баг, орон нутагт амьдардаг байх, тэд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаандаа өрхөө төлөөлөн оролцсон нь тухайн Хурлын хуралдааныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасныг дурдах нь зүйтэй.
“Багийн иргэдийн Нийтийн хурлын дарга Д.Цэрэнбат нь хурлаа удирдаагүй Д.Болдхуягийн хүргэн, тус багийн Засаг дарга Ш.Алтандөш нь хурлыг удирдсан, хуралд оролцогчдод нөлөөлсөн” гэх тайлбарын тухайд:
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааныг Хурлын дарга Д.Цэрэнбат удирдан явуулсан болох нь гэрч Д.Цэрэнбат, Ш.Алтандөш нарын мэдүүлгээр нотлогдож байна. Харин Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс[22] үзэхэд хуралд оролцогчдод нөлөөлсөн гэх зүйл тогтоогдохгүй байна.
“Хурлын тэмдэглэлийг хуурамчаар нөхөн үйлдсэн. Хурал болсон огноог санаатайгаар буруу бичиж миний гомдол гаргах эрхэд халдсан” гэх тухайд:
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр багийн төв дээр хуралдсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны гараар бичсэн ноорог тэмдэглэл[23], ирцийн бүртгэл[24], Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд хандсан Л.Ганхуягийн өргөдөл[25], Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/311 тоот албан бичиг[26] зэргээр нотлогдож байна.
Гэвч Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны гараар бичсэн ноорог тэмдэглэлийг тогтоолын хамт компьютерээр сийрүүлэн бичихдээ 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөр огноолсон болох нь гэрч Д.Цэрэнбатын “Жаргалант сумын Засаг даргын орлогч Д.Амарбаясгалангаас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сум багт хийгдэх ажлын иргэдээс авсан саналыг эрэмбэлж иргэдэд танилцуулах хугацаа нь өмнө байх ёстой гэсний үндсэн дээр тогтоол, тэмдэглэлийн огноог 2020.05.29-н болгосон. Тэрнээс багийн иргэдийн Нийтийн Хурлыг бол 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр багийн төв дээр хийсэн” гэх мэдүүлэг, Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл[27], “Бэлчээрийн маргааныг шийдвэрлэх тухай” 02 дугаар тогтоол[28] зэргээр тус тус нотлогдож байна.
Мөн Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, “Бэлчээрийн маргааныг шийдвэрлэх тухай” 02 дугаар тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөр огноолон бичсэн нь Архивын тухай /1998 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 68 дугаар тушаалаар баталсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ыг зөрчсөн хууль бус боловч Хурлын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр болсон бодит үйл баримтыг үгүйсгэж чадахгүй, нэхэмжлэгч Л.Ганхуягийн гомдол гаргах эрхийг зөрчөөгүй, захиргааны акт эрх зүйн үйлчлэлтэй байна гэж шүүх үзлээ.
Л.Ганхуяг нь гомдол гаргах эрхээ эдэлж Газрын тухай 52 дугаар зүйлийн 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Жаргалант сумын Засаг даргад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хандсан болох нь Л.Ганхуягийн өргөдөл[29], Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр[30] дээрх бүртгэл, Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/311 тоот албан бичгээр[31] тус тус нотлогдоно.
Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны “Бэлчээрийн маргааныг шийдвэрлэх тухай” 02 дугаар тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөр огноолон бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна.
Хууль бус захиргааны актыг дотор нь “хууль бус”, “илт хууль бус” гэж ангилдаг бөгөөд “хууль бус” захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй боловч эрх зүйн үйлчлэлтэй байдаг бол “илт хууль бус” захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг онцлогтойг энд дурдъя.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй ...”, 45.2-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасныг дурдах нь зүйтэй байна.
“Хуралд оролцогчдын ирцийг тусгаагүй. Хэдэн хүн хуралд оролцож хэд нь Л.Ганхуягт тухайн газарт бэлчээр ашиглуулахаас татгалзсан зэргийг хурлын тэмдэглэлд тусгаагүй” гэх тухайд:
Жаргалант сумын иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд оролцсон иргэдийн ирцийг тус хуралдааны гараар бичсэн ноорог тэмдэглэлд[32] “Хурлын ирц 44 хүн ирсэн” гэж тусгасан байх ба хуралдаанд оролцсон 51 хүнээр гарын үсэг зуруулсан болох нь хэрэгт авагдсан “2020.07.06: 4-р багийн хурлын ирц” гэх баримтаар[33] тогтоогдож байна.
Жаргалант сумын иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд оролцсон иргэдийн хэдэн хувь нь Л.Ганхуягийг Тээлийн “Оглорхой Хуурай”-д зусуулахыг дэмжиж, хэд нь эсрэг санал өгснийг уг хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгаагүй боловч Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар иргэн Л.Ганхуягийг тухайн нутагт нутаглуулахгүй гэж шийдвэрлэсэн болох нь:
Тус Хурлын хуралдааны компьютерээр сийрүүлсэн бичсэн тэмдэглэл[34], 02 дугаартай тогтоол[35],
Гэрч Ш.Алтандөшийн “Л.Ганхуягийн өргөдлийг иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэх бусад асуудлаар хэлэлцсэн. Л.Ганхуяг өөрөө өргөдлөө өгсөн учраас уг хуралдаанд оролцсон. Өмнө нь авчихсан айлын гэрээ, гэрчилгээтэй өвөлжөө, хаваржааны хашаа байсан учраас Л.Ганхуягт тухайн газрыг хамтран эзэмшүүлэх, зусуулах боломжгүй гэж шийдсэн” гэх мэдүүлэг[36],
Гэрч Д.Цэрэнбатын “Л.Ганхуяг хурлаас өргөдөл өгсөн бөгөөд үүнийг иргэдээс өгсөн өргөдлийг шийдвэрлэх асуудлын хүрээнд шийдвэрлэсэн. Л.Ганхуяг нь Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг Тээлийн Оглорхой Хуурай ам гэдэг газрыг Л.Болдхуягтай хамтран эзэмшүүлэх гэрчилгээ олгож өгнө үү гэсэн утгатай өргөдөл байсан. Тухайн өргөдлийг багийн иргэдийн Нийтийн Хуралд уншиж танилцуулан иргэдийн олонхийн саналаар гар өргүүлж хамтран эзэмших боломжгүй гэж шийдвэрлэсэн” гэх мэдүүлэг[37],
Нэхэмжлэгч Л.Ганхуягийн шүүх хуралдаанд хэлсэн “ ... хурал болж Л.Ганхуягийг “Оглорхой Хуурай” гэдэг газар нутаглуулахгүй гэж байгаа хүн гараа өргө гэхэд нь бүгд гараа өргөж дэмжиж байсан” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн ... баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан тул Хурлын хуралдааны тэмдэглэлд Л.Ганхуягийн өргөдөлд хэдэн хүн дэмжсэн, хэдэн хүн татгалзсан санал өгсөн тухай тоог тусгаагүй боловч “олохийн саналаар” гэж бичсэн нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
Арван хоёр. Нэхэмжлэгчийн маргаж буй “Нийтийн эдэлбэрийн газар буюу бэлчээрийг тодорхой хувь хүнд эзэмшүүлж гэрчилгээ олгодог байдал Монгол Улсын хэмжээнд ганцхан манай Жаргалант суманд л байдаг бололтой юм. Учир нь газар эзэмших гэрчилгээний төрөл ангилалд өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны болон бэлчээрийн газрыг эзэмшүүлэх гэсэн төрөл байхгүй байна” гэсэн үндэслэлд дараах дүгнэлтийг өгье.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “... Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг ... багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малчдад болзол гэрээний дагуу ашиглуулж болохоор хуульд заажээ.
Урьд нь Тээлийн “Доод Ана”-ын өвөлжөөний доорх газрыг эзэмшиж байсан Д.Алтанхуягт “Доод Аны дээд үзүүрээс, Улаан хясааны дээд үзүүр хүртэлх” бэлчээрийг, “Оглорхойн Хуурай”-н өвөлжөөний доорх газрыг эзэмшиж байсан Д.Болдбаатар агсанд “Оглорхой Хуурай”-н бэлчээрийг бүхэлд нь гэрээгээр ашиглуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар[38] нотлогдоно.
Хожим Тээлийн “Доод Ана”-ын өвөлжөөний доорх газрын эзэмших эрхийн гэрчилгээг Д.Алтанхуягаас Д.Болдхуягт, “Оглорхой Хуурай”-н өвөлжөөний доорх газрын эзэмших эрхийн гэрчилгээг Д.Болдбаатар агснаас Ө.Түвшинсайханд шилжүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа өвөлжөө, хаваржааны бэлчээрийг ашиглуулах талаар нарийн тодорхой тусгаагүй байна.
Гэсэн хэдий ч гуравдагч этгээд Д.Болдхуяг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/123 дугаар захирамжаар[39] Жаргалант сумын 4 дүгээр багийн Тээлийн “Доод Ана” дахь нэгж талбарын 210604035 дугаар бүхий 0,5 га газрыг өвөлжөөний зориулалтаар, Ө.Түвшинсайхан нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар[40] Жаргалант сумын 4 дүгээр багийн “Оглорхой Хуурай” дахь нэгж талбарын 6725001714 дугаар бүхий 0,5 га газрыг өвөлжөөний зориулалтаар тус тус эзэмшиж байгаа тул тэд өвөлжөө, хаваржааныхаа тодорхой нутаг, бэлчээрийг ашиглах нь монголчуудын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн онцлог тул нийтээр хүлээн зөвшөөрөгдөнө.
Арван хоёр. Нэхэмжлэгч Л.Ганхуяг “Д.Болдхуяг Тээлийн “Доод Ана”-д нутаглах удам судартай хүн биш. Д.Болдхуягийн эцгийн уугуул нутаг Элстийн Хойлогтын өвөлжөө гэдгийг нутгийн ард түмэн бүгд мэднэ. Д.Болдхуяг Тээлийн “Доод Ана”-д малчин гэгдэх хүнээ байлгахын тулд миний удам судартай нутгаас намайг хөөгөөд байгаа юм” гэжээ.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг /ойлгоно/”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 52 дугаар зүйлийн 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж зааснаар иргэн өвөлжөө, хаваржааныхаа доорх газрыг зориулалтын дагуу эзэмших эрхтэй тул Д.Болдхуягийн Тээлийн “Доод Ана” дахь өвөлжөөний доорх газраа эзэмшиж байгаа нь хуульд нийцэж байна.
Тэрээр тухайн өвөлжөөндөө өөрийн малыг маллаж буй малчинг нутаглуулах, эсхүл өөрөө өөрийн биеэр нутаглахын аль нь ч байсан хуулиар хориглогдоогүй, Газрын тухай хуульд эцэг, эхийн удам дамжин ирсэн нутагт л газар эзэмших эрхтэй байх талаар, эсвэл иргэн зөвхөн нэг л өвөлжөөний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байх талаар хуульчлаагүй бөгөөд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно” гэж заасан тул нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Арван гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Ө.Түвшинсайхантай байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд үр тарианы усалгаатай тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн атлаа гэрчилгээнд өвөлжөөний газар газар бичсэн. Нэгж талбарын дугаар зөрүүтэй” гэжээ.
Гуравдагч этгээд Ө.Түвшинсайхан нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар[41] Жаргалант сумын 4 дүгээр багийн Оглорхой Хуурай дахь нэгж талбарын 6725001714 дугаар бүхий 0,5 га газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхтэй болсон атал түүнд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 000023131 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгохдоо[42] сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 74/20 захирамжаар гэж алдаатай бичсэн.
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06719-2019/00147 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд[43] Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06719-74/2009 тоот шийдвэрийг үндэслэн үр тарианы усалгаатай тариалангийн зориулалтаар 5000 м2 газар эзэмшүүлсэн гэж алдаатай бичсэн байна.
Гэвч Ө.Түвшинсайханд Жаргалант сумын 4 дүгээр багийн Оглорхой Хуурай дахь нэгж талбарын 6725001714 дугаар бүхий 0,5 га газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/39 дүгээр захирамжийн холбогдох хэсэг болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 000023131 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ” нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт зааснаар Ө.Түвшинсайхан руу чиглэсэн эерэг үйлчлэл бүхий захиргааны акт бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүй тул эрх зүйн үйлчлэлтэй.
Түүнчлэн Ө.Түвшинсайханы хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим үйлчлэх ба мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй ...”, 45.2-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу дээрх захиргааны актын алдааг засуулах хууль зүйн боломж байгаа болно.
Д.Болдбаатар агсны “Оглорхой Хуурай” дахь өвөлжөөний доорх газрын нэгж талбарын дугаар[44], Д.Болдбаатар агсны эхнэр Ө.Түвшинжаргалын түүнээс “өвлөн” авсан “Оглорхой Хуурай” дахь өвөлжөөний доорх газрын нэгж талбарын дугаар[45] өөр өөр байх боловч газар нутгийн нэр, өвөлжөөний хашаа, түүний доорх газрын байршил өөрчлөгдөөгүй, энэ нь нэхэмжлэгч Л.Ганхуягийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул өмгөөлөгчийн маргаж буй үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.
Арван дөрөв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүхийн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгддэг бөгөөд дээрх арван гурван хэсэгт дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Л.Ганхуяг “зусах газар олдохгүй нутгаасаа хөөгдөж байна” гэсэн утгатай тайлбар хэлж байгаа ба энэхүү шүүхийн шийдвэр нь түүнийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.4, 52.6 дахь хэсэгт зааснаар өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарь гарган, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар шаардах эрхийг хөндөөгүй.
Мөн гуравдагч этгээд Д.Болдхуяг, Ө.Түвшинсайхан нар хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөөнийхөө бэлчээрийг хамгаалуулахаар шаардах, өвөлжөөнийх нь бэлчээрийг зуслан, намаржааны газар болгож, нийтээр ашиглах шийдвэр гаргахгүй байхыг шаардах эрхийг ч энэхүү шүүхийн шийдвэр хөндөөгүй болно.
Нэхэмжлэгч Л.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хангалттай үндэслэл тогтоогдсон тул хэргийн оролцогчдын маргаж буй бусад үндэслэлд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн зүйлийн 52.2, 52.10 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Ганхуягийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг “Оглорхой хуурай”, “Доод Ана” хэмээх бэлчээрийн газрыг Дашзэвэгийн Болдхуяг, Лхамрагчаагийн Ганхуяг нарт хамтран ашиглуулах шийдвэр гаргахыг Жаргалант сумын Засаг даргад даалгаж, энэ шийдвэрийг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
[1] Хэргийн 127-128 дугаар хуудас
[2] Хэргийн 136-137 дугаар хуудас
[3] Хэргийн 80 дугаар хуудас
[4] Хэргийн 82 дугаар хуудас
[5] Хэргийн 92 дугаар хуудас
[6] Хэргийн 96 дугаар хуудас
[7] Хэргийн 82 дугаар хуудас
[8] Хэргийн 96 дугаар хуудас
[9] Хэргийн 132-133 дугаар хуудас
[10] Хэргийн 47-54 дүгээр хуудас
[11] Хэргийн 47-54 дүгээр хуудас
[12] Хэргийн 111-112 дугаар хуудас
[13] Хэргийн 99 дүгээр хуудас
[14] Хэргийн 107 дугаар хуудас
[15] Хэргийн 100-109 дүгээр хуудас
[16] Хэргийн 13 дугаар хуудас
[17] Хэргийн 97-98 дугаар хуудас
[18] Хэргийн 6 дугаар хуудас
[19] Хэргийн 108-109 дүгээр хуудас
[20] Хэргийн 105 дугаар хуудас
[21] Хэргийн 108 дугаар хуудас
[22] Хэргийн 101-104, 108-109 дүгээр хуудас
[23] Хэргийн 108-109 дүгээр хуудас
[24] Хэргийн 105 дугаар хуудас
[25] Хэргийн 107 дугаар хуудас
[26] Хэргийн 6 дугаар хуудас
[27] Хэргийн 101-104 дүгээр хуудас
[28] Хэргийн 100 дугаар хуудас
[29] Хэргийн 13 дугаар хуудас
[30] Хэргийн 97-98 дугаар хуудас
[31] Хэргийн 6 дугаар хуудас
[32] Хэргийн 108-109 дүгээр хуудас
[33] Хэргийн 105 дугаар хуудас
[34] Хэргийн 101-104 дүгээр хуудас
[35] Хэргийн 100 дугаар хуудас
[36] Хэргийн 125-126 дугаар хуудас
[37] Хэргийн 129 дүгээр хуудас
[38] Хэргийн 76-77, 87-88 дугаар хуудас
[39] Хэргийн 80 дугаар хуудас
[40] Хэргийн 92 дугаар хуудас
[41] Хэргийн 92 дугаар хуудас
[42] Хэргийн 96 дугаар хуудас
[43] Хэргийн 93-94 дүгээр хуудас
[44] Хэргийн 86 дугаар хуудас
[45] Хэргийн 96 дугаар хуудас