Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ..........., түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                              

       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, ах, дүү нарын хамт,  ялаар шийтгүүлсэн, /РД:*******/

 

      Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ........... нь 2022 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 04-04 тоот хашаанаас иргэн ******* эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Даюун” загварын улаан ангийн мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ........... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

           

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр усанд явж ирээд аавын гэрийн зүүн талд буюу байшин гэр хоёрын хооронд мотоциклио тавиад 23 цагийн орчим унтаж амарсан. Өглөө 07 цагт ээж ******* манайд ирээд мотоцикль алга болсон байна гэхээр нь би гэрийн ойр орчмын гудамж, жалгуудаар хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, улаан өнгийн “Даюун” загварын хуучин мотоцикль байсан. Мотоциклийн банкны тагны цоож нь эвдэрчихсэн байсан болохоор скочоор нааж тогтоож байсан хэсэг нь халтартсан, баруун талдаа дөрвөлжин хар тольтой, өндөр кирлотой, хар суудлын бүрээстэй мотоцикль байсан. Мотоциклио буцаан авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 25 хуудас/,

 

Гэрч Р.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2022 оны 03 дугаар сарын 26-ны орой гэрийн зүүн талд мотоцикль харагдаж байсан. Би тус орой 01 цаг өнгөрөөгөөд кино үзээд унтсан. Харин өглөө 07 цаг гээд босоход мотоцикль байхгүй байсан. Шөнө 02 цагийн орчим хаалга дуугараад байгаа юм шиг байсан. Би салхинд дуугарч байгаа гэж бодсон, өөр ямар нэгэн чимээ сонсоогүй. Улаан өнгийн “Даюун” загварын хуучин мотоцикль байсан. Мотоциклийн банкны тагны цоож нь эвдэрчихсэн байсан болохоор скочоор нааж тогтоож байсан. Скочоор нааж байсан хэсэг нь халтардсан, номергүй, улаан өнгийн өндөр хуванцар кирлотой мотоцикль байсан. Манайд гаднаас хүн ирээгүй. /хх-ийн 25 хуудас/,

           

Шүүгдэгч ........... мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... 2022 оны 03 дугаар сарын 26-ны шөнө унтаж байгаад архи олж уухаар гэрээсээ гараад явж байтал хашааны хаалга нь онгорхой айл байхаар нь ороод Даюун маркийн мотоциклийг түрж гараад холдож байгаад унаад явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 119-120 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, эд зүйлд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-13, 14-17, 20, 34-35 хуудас/,

 

Шүүгдэгч ...........ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 73-76 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч ...........ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч  нь 2022 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 04-04 тоот хашаанаас иргэн ******* эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Даюун” загварын улаан ангийн мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ...........ын өмгөөлөгч П.Дониддолгор “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ........... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээсэн. Хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгч хохирлыг төлсөн учир хохирогчид төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ........... нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч ...........д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч ........... нь 2022 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 04-04 тоот хашаанаас иргэн ******* эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Даюун” загварын улаан ангийн мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 700000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч ...........ын дээрх үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ........... нь 2022 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 04-04 тоот хашаанаас иргэн ******* эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Даюун” загварын улаан ангийн мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******* 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр усанд явж ирээд аавын гэрийн зүүн талд буюу байшин гэр хоёрын хооронд мотоциклио тавиад 23 цагийн орчим унтаж амарсан. Өглөө 07 цагт ээж ******* манайд ирээд мотоцикль алга болсон байна гэхээр нь би гэрийн ойр орчмын гудамж, жалгуудаар хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Гэрч Р.*******ийн 2022 оны 03 дугаар сарын 26-ны орой гэрийн зүүн талд мотоцикль харагдаж байсан. Би тус орой 01 цаг өнгөрөөгөөд кино үзээд унтсан. Харин өглөө 07 цаг гээд босоход мотоцикль байхгүй байсан. Шөнө 02 цагийн орчим хаалга дуугараад байгаа юм шиг байсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, эд зүйлд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч ...........ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

 Шүүгдэгч ........... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, эд зүйлд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

 Шүүгдэгч ...........ын 2022 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 04-04 тоот хашаанаас иргэн ******* эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Даюун” загварын улаан ангийн мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 700000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 Улсын яллагч “Шүүгдэгч ...........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгч ...........ын өмгөөлөгч П.Дониддолгор”...Шүүгдэгч ...........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялын саналыг гаргаж байна. Мөн түүний эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн хорих ял оногдуулах саналыг гаргаж байна.“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 Шүүгдэгч ........... нь “Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч ...........ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршиг арилсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...........д найман сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ........... нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 17 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...........ын цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ЦХШЗ/79 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч ...........д 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 05 минутаас эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар шүүгдэгч ...........ын хорих ялын тооцоог хийсэн байх тул шүүгдэгч ...........ыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ........... нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2022/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 25 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ........... нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 3 сар 5 хоногийн хорих ялыг эдэлсэн, 7 сар 20 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2022/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцоо зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...........д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд  өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2022/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...........д оногдуулсан 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ...........д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ........... нь хохирогч *******д мотоциклийг нь буцаан өгсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ........... нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид мотоциклийг нь буцаан өгсөн, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...........д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

             

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ...........д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...........ыг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...........д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...........д оногдуулсан 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...........ын цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч ........... нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид мотоциклийг нь буцаан өгсөн, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...........д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ...........д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ