Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
Хэргийн индекс | 188/2022/0773/Э |
Дугаар | 2022/ШЦТ/781 |
Огноо | 2022-06-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/781
2022 06 17 2022/ШЦТ/781
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч Б.Р-, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Р-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 сарын 10-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, одоогоор ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Боржигон овогт Б.Р- (РД:АИ9006...).
Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Б.Р- нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна үл таних Б.Т-тай үл ялих зүйлээс маргалдан түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 5 сарын 30-ны өдрийн 670 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Б.Р-ын үйлдлийн улмаас Б.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:
- Хохирогч Б.Т-ын “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай найз Оюунболд шинэ байшин барьсан байрны найрт нь эхнэрийн хамт очсон. Тэгээд бид хэд найрлаж би тухайн үед нэлээн муудчихсан. Тэгээд тэндээс гараад... Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” нэртэй дэлгүүр орсон. Тэгсэн гаднаас нэг залуу орж ирээд тэр залуутай юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Хэрүүл маргаан хийж байтал тэр танихгүй залуу намайг хавсарч унагаасан. Тэр танихгүй залуу намайг дэлгүүрээс чирч авч гараад намайг дахин хавсарч унагаагаад гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд машиндаа суугаад гудам өгсөөд явж чадахгүй байгаа бололтой буцаад уруудаад явж байхад нь би уулзах гээд очиход миний хажууд зогсохдоо толь хэсгээрээ мөргөөд зогссон. Тэгэхдээ толь нь хугарчих шиг болсон. Тэгээд тухайн залуу цонхоо онгойлгоод миний зүүн талын нүд, хамар хэсэгт нэг удаа хүчтэй цохичхоод машинаа асаагаад зугтаах гэхээр нь би машины хаалганаас бариад чирэгдээд хэсэг явсан. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-39 дүгээр тал),
- Гэрч Б.Б-ийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 4-132 тоотод байрлах “Чандмань” нэртэй хүнсний дэлгүүр дээрээ ганцаараа наймаа хийгээд байж байтал 30 орчим насны халамцуу архи үнэртүүлсэн залуу орж ирээд архи худалдаж авах гээд зогсож байтал гаднаас мөн 30 гаран насны залуу ганцаараа орж ирээд наймаа хийх гээд зай тавиад өг гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Хэл муутай залуу халамцуу залууг хавирч унагаад дээр нь гарах гэхээр нь би боль гэж хэлээд болиулсан... ...хэл муутай залуу болон халамцуу залуу хоёр барилцаж аваад дэлгүүрээс гартал араас нь хартал хоорондоо зодолдоод бие биеийнхээ нүүр бие рүү цохиод дээшээ өгсөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар тал),
- Гэрч С.Т-гийн “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ээж Отгончимэгийг аваад өөрийнхөө гэр рүүгээ явсан. Манай нөхөр дэлгүүрээс нэг шил архи аваад гэртээ орьё хүмүүс ирж байгаа юм чинь гэж хэлэхээр нь “Чандмань” нэртэй дэлгүүрийн гадаа зогстол манай нөхөр дэлгүүр лүү ороод гарч ирэхгүй удаад байхаар нь манай хадам ээж Отгончимэг араас нь ороод хэсэг хугацааны дараа бөөн хэрүүл маргаан болоод дэлгүүрээс хүмүүс гараад ирэхээр нь хартал манай нөхөр, ээж хоёр танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хэрүүл маргаан хийсэн байдалтай гарч ирсэн. Манай нөхөр тухайн залуутай барилцаад авчихсан ноцолдож байтал нөхрийг хавсарч унагасан. Манай нөхөр босох гээд дөрвөн хөллөсөн байхад тухайн залуу манай нөхрийн нүүр хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөөд автал манай нөхрийн хамраас цус гарсан, аль хөлөөрөө өшиглөсөн талаар нь анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дугаар тал),
- Гэрч М.Ө-ны “...Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн эгч Өнөрцэцэг түүний нөхөр Ранжил нарын хамт явж байтал Ранжил ах тамхи татах гээд галгүй болчихлоо гээд гудамжинд “Чандмань” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа зогсоод дэлгүүр рүү орчхоод гарч ирэхгүй удаж байгаад дэлгүүрээс цамц нь оёдлоороо урагдчихсан гараад иртэл манай эгч Өнөрцэцэг яасан юм гэж асуутал согтуу залуутай маргалдсан гэж хэлтэл манай эгч дэлгүүр рүү яваад орсон. Харин би машинд сууж байтал хэсэг хугацааны дараа дэлгүүрээс Ранжил ах нэг согтуу залуутай барилцаад авчихсан манай эгч болон бас танихгүй настай эгч нар хэрүүл маргаан хийсэн байдалтай гарч ирээд Ранжил ах тухайн согтуу хоёр ноцолдоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” №2673 дугаартай шинжээчийн “...Б.Т-ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, (хавтаст хэргийн 90-91 дүгээр тал),
- Б.Р-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд гаргасан “... Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа зогсож ганцаараа дэлгүүр лүү ортол 30-35 орчим насны халамцуу залуу наймаа хийгээд байж байхаар хажуугаар нь ороод наймаа хийх гэтэл тухайн залуу над руу агсарч пизда минь гэж хэлэхээр нь миний уур хүрээд юу гээд байгаа юм гэтэл намайг заамдаад авахаар нь зөрүүлж заамдаж аваад тухайн залууг хавсарч унагаад хоорондоо ноцолдож түлхэж унгачихаад дэлгүүрээс гараад машиндаа суутал манай эхнэр юу болоод байгаа юм бэ гэж асуухаар нь нэг согтуу залуутай маргалдсан гэж хэлтэл. Эхнэр маань уурлаад дэлгүүр лүү араас нь яваад ортол манай эхнэр тухайн залуу руу уурлаад байж байтал ээж нь гэх эмэгтэй араас орж ирээд манай эхнэртэй хэрүүл маргаан хийж дэлгүүрээс бөөндөө гарсан. Гадаа гараад тухайн залуу бид хоёр хоорондоо зодолдож нэг нэгнийхээ бие болон нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохилцсон. Бид хоёроос өөр хүн хоорондоо зодолдоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 152 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
3. Хохирогч Б.Т- нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мэдүүлэг (хавтаст хэргийн 35-39 хуудас)-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Хохирогч Б.Т-ын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 284,000 төгрөг зарцуулсан талаарх тус сангийн зарлагын баримт хэрэгт хавсаргасан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар иргэний нэхэмжлэгчээр төлөөлөн оролцож, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас тус сангаас гарсан зардал болох 284,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар Б.Р-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) олгуулах хууль зүйн үндэслэлтэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
5. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.
6. Шүүгдэгч Б.Р- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Р- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Р-д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Р-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар Б.Р-аас 284,000 (хоёр зуун наян дөрвөн мянган) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) олгосугай.
6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ