Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                            

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: С.Баатарсүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуягт танкийн албаны офицер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хуягт техникийн инженер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн ******* тоотод оршин суух хаягтай, ******* /РД: *******4/.

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчим согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах 60 айлын орон сууцны 23 тоотод хохирогч *******ийн биед халдсаны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн зулай хэсэгт шарх, дух болон доод уруул хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 600000 төгрөг төлсөн гэв.

                                                                                                                                  

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Архангай аймгийн чиглэлд явж байгаад 20 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирсэн. Өвөрхангай аймгийн Шүүх дээр очиж шүүхийн буудлын түлхүүр цагдаагаас нь аваад машинаа 60 айлын орон сууцны гадаа тавьчихаад хойд талын орцны 5 давхрын 23 тоот шүүхийн буудалд байрлахаар нэг гартаа мишок, нөгөө гартаа халуун сав, 2 ширхэг ус бариад шатаар өгсөж явтал нэг хүн утсаар чанга яриад байгаа нь сонсогдсон. Намайг дээш өгсөөд явж байтал 4 давхрын шатан дээр хүн унтаж байхаар нь би хажуугаар нь гараад явтал нөгөө унтаж байсан хүн сэргээд юун хүн бэ гэхээр нь би буудалд бууж яваа хүн байна гэсэн чинь тэр залуу манай байранд юун буудал байдаг юм гэсэн. Тэгэхээр нь би энд шүүхийн буудал байдаг юм гэж хэлтэл миний өмнөөс шүүхийн муусайн малнууд гэсэн агуулгатай юм яриад намайг шүүхээр түрий барилаа гэж байсан. Тэгээд би 23 тоотын өрөөг онгойлгож ороод барьж явсан юмнуудаа тавиад байж байтал хаалга зад татаад тухайн залуу ороод ирсэн. Тэгээд намайг цохих гээд байхаар нь би хоёр гарыг нь бариад авсан. Тэгээд цохиулахгүй гэж бодоод зууралдаад байж байтал миний дух руу толгойгоороо мөргөсөн. Тэгж байтал нэг эмэгтэй орж ирээд хорих гэж байтал тухайн залуу намайг буудлын том өрөө рүү чирч ороод сандлаар цохих гээд далайгаад байсан. Тухайн үед тухайн эмэгтэй тэр залуугийн гараас ус буцалгагч, сандлыг нь булааж авсан. Тэгээд бид гурав зууралдсаар байгаад коридорт гараад бас зууралдаж байтал гар утсаа шидээд миний толгой хэсэг рүү цохисон. Хажуу айлын хүмүүс хаалгаа онгойлгоод та нар боль гэж байх хооронд би Мөнхзул руу залгасан. Мөнхзул цагдаад дуудлага өгсөн. Хажуу айлын хүмүүс гарч ирэхэд тухайн залуу арай гайгүй сатаарч байсан. Миний дух хавдсан, толгой хагарсан, намайг цохих гэхэд нь гараараа хаагаад гар жаахан өвдсөн байдалтай байна. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээг нь авч өгнө үү. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 9 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2022 оны 05 дугаар сарын 06-ны орой ажлаа тараад 21 цагийн орчим Арвайхээр сумын 13 дугаар баг 103-30 тоот гэртээ орох гээд явж байтал 3 давхарт манай нөхөр ******* ажлынхаа хүмүүстэйгээ зөрсөн тэгэхэд архи ууцан юм шиг байсан. Тэгэхээр нь хаачих гэж байгаа юм бэ гэтэл ажлынхаа хүмүүсийг гаргаж өгчихөөд орлоо” гэсэн би гэртээ орсон манай нөхөр гэртээ орж ирэхгүй удаад байхаар нь би гэрээсээ гартал манай доод давхарт хүмүүс хэрэлдээд байх шиг байхаар нь би буугаад хартал манай нөхөр нэг танихгүй хүнтэй маргалдаад байхаар нь очоод “Яагаад байгаа юм бэ чиний таньдаг хүн чинь юм уу? Гэсэн чинь “Энэ хүн манай байрыг буудал гээд доромжлоод байна” гээд байсан. Би нөхрөө гэр лүүгээ оръё гэтэл “Чи түрүүлээд орж бай” гээд тэр хүнтэйгээ маргалдаад хоорондоо барьцалдаад манай нөхөр тэр танихгүй хүнийг нэг удаа цохиж байгаа юм шиг харагдсан би айгаад хажуу талын айлын хаалга тогшоод “Та энэ хүмүүсийг салгаад өгөө ч би дийлэхгүй байна” гэсэн чинь өөрсдөө учраа ол гэчээд хаалга хаачихаар нь би хүн дуудъя гэж бодоод дээд давхарт байх гэр лүүгээ ороод утсаа авчихаад буцаад буугаад очтол нөгөө танихгүй хүний толгой хэсгээс нь цус гарцан байхаар нь би утсаар Нэргүй гэдэг хүнийг “та хүрээд ирээ” гээд дуудчихаад би салгаад нөхрөө аваад явж байтал нэг үл таних эгч ирээд “Ийм балиар заваан юмыг шоронд хийвэл таарна” гээд хэлтэл манай нөхөр уурлаад нөгөө ахтай дахиад маргалдаад байж байтал нөгөө эгч “Чи ингэж хүн цохиж болохгүй” гээд байх шиг байсан би тэр үед нь нөхрөө гэр лүүгээ авч орох гээд чадахгүй байсан тэгээд манай нөхөр Батсайханыг тэр эгч “Чи цохичих би жирэмсэн хүн шүү дараа нь хариуцлагаа хүлээгээрэй” гээд байхаар нь манай нөхөр тэр эгчийг заамдаад авахаар нь би очоод нөхрийнхөө гарыг цохиод салгаад авсан удалгүй цагдаа нар ирсэн. /хх-ийн 11 хуудас/,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 331 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. Үзүүлэгч *******ийн биед тархи доргилт, толгойн зулай хэсэгт шарх, дух болон доод уруул хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23-24 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******ы 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 76-77 хуудас/,

 

Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа  /хх-ийн 53-59 хуудас/,

 

Шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч *******ы хүсэлтийг хангаж, яллагдагч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, яллагдагч ******* нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчим согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах 60 айлын орон сууцны 23 тоотод хохирогч *******ийн биед халдсаны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн зулай хэсэгт шарх, дух болон доод уруул хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.        

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******ыг 2022 оны 05 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчим согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 60 айлын орон сууцны 23 тоотод хохирогч *******ийн биед халдсаны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн зулай хэсэгт шарх, дух болон доод уруул хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно”, 1.1-д” гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч *******ы 2022 оны 05 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчим согтуурсан үедээ хохирогч *******ийн биед халдсаны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн зулай хэсэгт шарх, дух болон доод уруул хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн газар болох Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг болж өөрчлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчим согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах 60 айлын орон сууцны 23 тоотод хохирогч *******ийн биед халдсаны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн зулай хэсэгт шарх, дух болон доод уруул хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ийн шатаар өгсөж явтал нэг хүн утсаар чанга яриад л байгаа нь сонсогдсон. Намайг дээш өгсөөд явж байтал 4 давхрын шатан дээр хүн унтаж байхаар нь би хажуугаар нь гараад явтал нөгөө унтаж байсан хүн сэргээд юун хүн бэ гэхээр нь би буудалд бууж яваа хүн байна гэсэн чинь тэр залуу манай байранд юун буудал байдаг юм гэсэн. Тэгэхээр нь би энд шүүхийн буудал байдаг юм тэгээд хэлтэл миний өмнөөс шүүхийн муусайн малнууд гэсэн агуулгатай намайг шүүхээр түрий барилаа гэж байсан. Тэгээд би тухайн буудлынхан буюу 23 тоотын өрөөг онгойлгож ороод барьж явсан юмнуудаа тавиад байж байтал хаалга зад татаад тухайн залуу ороод ирсэн. Тэгээд намайг цохих гээд байхаар нь би хоёр гарыг нь бариад авсан. Тэгээд цохиулахгүй гэж бодоод зууралдаад байж байтал миний дух руу толгойгоороо мөргөсөн. Тэгж байтал нэг эмэгтэй орж ирээд хорих гэж байтал тухайн залуу намайг буудлын том өрөө рүү чирч ороод сандлаар цохих гээд далайгаад байсан. Тухайн үед тухайн эмэгтэй тэр залуугийн гараас ус буцалгагч, сандлыг нь булааж авсан. Тэгээд бид гурав зууралдсаар байгаад коридорт гараад бас зууралдаж байтал гар утсаа шидээд миний толгой хэсэг рүү цохисон. Гэрч *******ийн манай доод давхарт хүмүүс хэрэлдээд байх шиг байхаар нь би буугаад хартал манай нөхөр нэг танихгүй хүнтэй маргалдаад байхаар нь очоод “Яагаад байгаа юм бэ чиний таньдаг хүн чинь юм уу? Гэсэн чинь “Энэ хүн манай байрыг буудал гээд доромжлоод байна” гээд байсан би нөхрөө гэр лүүгээ оръё гэтэл “Чи түрүүлээд орж бай” гээд тэр хүнтэйгээ маргалдаад хоорондоо барьцалдаад манай нөхөр тэр танихгүй хүнийг нэг удаа цохиж байгаа юм шиг харагдсан би айгаад хажуу талын айлын хаалга тогшоод “Та энэ хүмүүсийг салгаад өгөө ч би дийлэхгүй байна” гэсэн чинь өөрсдөө учраа ол гэж хэлчихээд хаалга хаачихаар нь би хүн дуудъя гэж бодоод дээд давхарт байх гэр лүүгээ ороод утсаа авчихаад буцаад буугаад очтол нөгөө танихгүй хүний толгой хэсгээс нь цус гарсан байсан гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 331 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 331 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

                                                                    

Шүүгдэгч *******ы 2022 оны 05 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчим согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах 60 айлын орон сууцны 23 тоотод хохирогч *******ийн биед халдсаны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн зулай хэсэгт шарх, дух болон доод уруул хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээж байна” гэсэн.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******т хохиролд 600000 төгрөг төлсөн болох нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч *******ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 600000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эс-7 загварын гар утас 1 ширхгийг буцаан авах хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эс-7 загварын гар утас 1 ширхгийг шүүгдэгч *******д буцаан олгож,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

           

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 600000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эс-7 загварын гар утас 1 ширхгийг шүүгдэгч *******д буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ