| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2018/00527/И |
| Дугаар | 1101 |
| Огноо | 2018-05-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 1101
| 2018 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2018/01101 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 76-23 тоотод оршин суух Адьяа овогт Адьяагийн Эын /РД:ХИ54111900/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, 25 байр, 35 тоотод оршин суух Т,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, 25 байр, 35 тоотод оршин суух Тны захирал Б.Сүрхийсайхан /РД:НТ75090910/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, 25 байр, 35 тоотод оршин суух “Төв азийн хөрөнгө оруулалт” Хадгаламж, зээлийн хоршооны нягтлан бодогч А.Ичинхорлоо /РД:НТ79040523/ нарт холбогдох
2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хадгаламжийн хүүнд 26 374 696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
|
* |
А.Э миний бие 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-д 5.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламжийн 05040602374 тоот дэвтэр нээлгэж 1 жилийн хугацаатай хадгалуулсан. Миний бие 2005 оны 05 сарын 09-ний өдөр 800.000 төгрөг, 2005 оны 05 сарын 26-ны өдөр 2.500.000 төгрөг, 2005 оны 05 сарын 30-ний өдөр 1.100.000 төгрөг, 2005 оны 06 сарын 06-ны өдөр 1.100.000 төгрөг, 2005 оны 07 сарын 14-ний өдөр 2.200.000 төгрөг, 2005 оны 08 сарын 16-ны өдөр 1.600.000 төгрөг, 2005 оны 11 сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөг, 2006 оны 04 сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2006 оны 05 сарын 15-ны өдөр 1.600.000 төгрөг, 2006 оны 05 сарын 29-ний өдөр 500.000 төгрөг буюу нийт 18.900.000 төгрөгийг хадгалуулсан болно. Үүнд:
|
№ |
огноо |
Хадгаламж | Хүү /сараар /
| Хадгаламжийн хугацааг хаасан огноо | Хадгаламж бодогдсон хугацаа |
Төлөх хүү |
| 1. | 2005.04.06 | 5,000,000 | 3% | 2007.09.06 | 2жил 5сар | 4,350,000 |
| 2. |
2005.05.09 |
800,0000 |
3% |
2007.09.06 | 2жил Зсар 27хоног | 648,000 |
|
3. |
2005.05.26 |
2,500,000 |
3% |
2007.09.06 | 2жил Зсар 10 хоног | 2,050,000 |
| 4. | 2005.05.30 | 1,100,000 | 3% | 2007.09.06 | 2жил Зсар | 897,600 |
| 5. | 2005.06.06 | 1,100,000 | 3% | 2007.09.06 | 2жил Зсар | 891,000 |
| 6. |
2005.07.14 |
2,200,000 |
3% |
2007.09.06 | 2жил 1сар 24хоног | 1,652,200 |
| 7. | 2005.08.16 | 1,600,000 | 3% | 2007.09.06 | 2жил 20хоног | 1,184,000 |
| 8. | 2005.11.14 | 1,500,000 | 3% | 2007.09.06 | 1жил 9сар | 978,000 |
| 9. | 2006.04.28 | 1,000,000 | 3% | 2007.09.06 | 1жил 4сар 8хоног | 488,000 |
| 10. |
2006.05.15 |
1,500,000 |
3% |
2007.09.06 | 1жил Зсар 21хоног |
706,500 |
| 11. |
2006.05.29 |
500,000 |
3% |
2007.09.06 | 1жил Зсар 7хоног |
228,500 |
|
Хад\дүн |
18,900,000 |
|
|
Хүүгийн дүн |
13,629,8001 | |
|
| Нийт дүн | 32,529,8007 | ||||
“Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-с 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 200.000 төгрөг, 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 288.000 төгрөг, 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 930.000 төгрөг, 2006 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 26.800 төгрөг буюу нийт 1.444.800 төгрөгийг хүүд тооцон авсан болно. Цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан байх үед Б.Сүрхийсайханы зүгээс 14.000.000 төгрөг өгч хүүд тооцон төлсөн мөнгөний хамт нийт 15.444.800 төгрөгийг болон “Шижир интернэйшнл” ХХК-иас 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 04 дүгээр сар хүртлэх 5 жилийн хугацаанд увуулж цувуулан өгсөн 4.336.500 төгрөгийг тооцон нийт 19.781.300 төгрөгийг төлсөн хэмээн Прокурорын тогтоолд дурьдсан байдаг. Одоо үлдэгдэл 12.748.500 төгрөгийг эхний дэвтрийн үлдэгдэлд тооцон нэхэмжилж байна.
Харин хоёр дахь буюу мөнгөн хадгаламжийн 05071402391 тоот дэвтрийг 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нээлгэн 6.850.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр хадгалуулсан бөгөөд мөн өдрөө буюу 2005.10.17-ны өдөр 936 ам долларыг хадгаламжиндаа тухайн үеийн Монгол банкны ханш болох 1200 төгрөгийн ханшаар тооцон хадгаламжиндаа нэмж хадгалуулсан болно. Үүнд:
|
№ |
огноо |
Хадгаламж | Хүү /сараар\ | Хадгаламжийн хугацааг хаасан огноо | Хадгапамж бодогдсон хугацаа |
Төлөх хүү |
| 1. |
2005.10.17 |
6,850,000 |
3% |
2007.09.06 | 1жил 11сар 19хоног |
4,856,650 |
| 2. |
2005.10.17 |
936$\1$-1200\ |
3% |
2006.10.30 | 1жил 11сар 19хоног |
796,348 |
| Хад/дүн Хад\дүн | 7,973,2007 |
|
| хүүгийн дүн | 5,652,9987 | |
|
| Нийт дүн | 13,626,1987 | ||||
Хоёр дахь хадгаламжийн энэхүү дэвтэрт хадгалуулсан мөнгөний үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөөс нэг ч төгрөгийг өнөөдрийг хүртлэх хугацаанд аваагүй тул 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртлэх хугацааны төлбөр болох хүү 5.652.998 төгрөгийг үндсэн төлбөр болох 6.850.000 төгрөг, 936 ам.доллар буюу 1.123.200 төгрөгийн хамт нийт 13.626.198 төгрөгийг нэхэмжилж байна.
“Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ буюу тус хоршоог төлөөлөн Энхханд гэх хүний гарын үсэгтэй “Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай” гэрээг 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийн улмаар 25.268.000 төгрөгийг “Шижир интернэйшнл” ХХК төлөхийг зөвшөөрсөн хэмээн гэрээг байгуулсан боловч төлбөрийг зохих байдлаар төлөхгүй байсан тул миний бие аргагүйн эрхэнд Цагдаагийн байгууллагад хандан эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар гомдол гаргасан болно. Цагдаа, Прокурорын шатанд Сүрхийсайхан нь 19.810.500 төгрөгийг төлсөн бөгөөд хадгаламжийн үлдэгдэл төлбөр болон түүний хүүтэй холбоотой маргааныг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн болно. “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн Хурлын 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/69 тоот тогтоолоор “Шижир интернэйшнл” ХХК нь өр төлбөрийг шилжүүлэн авах хүсэл зоригоо илэрхийлээгүй байсан, түүнчлэн “Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай” гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрлийг авсан эсэх нь эргэлзээтэй, хоршооны тамга дарагдаагүй, санхүүгийн тамга дарагдсан байгаа нь энэхүү гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус болохыг нотолж байна. Мөн “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ болон “Шижир интернэйшнл” ХХК-ийн хооронд хийгдсэн “Хадгаламжийн өр шилжүүлэх тухай гэрээ” нь бодит байдалд огт мөнгөгүй компанид хий их хэмжээний өр үүсгэн улмаар хадгаламж эзэмшигч нарыг хууран мэхлэх замаар эрүүгийн хариуцлагаас мултрах гэсэн арга зам байсан тул тус хадгаламж зээлийн хоршоо хариуцах ёстойг харуулж байна.
Иймд 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгээр хүчин төгөлдөр бусд тооцуулах, нэхэмжлэгч А.Э миний 05040602374 тоот хадгаламжийн дэвтэр болон 05071402391 тоот хадгаламжийн дэвтэрт бичигдсэн хадгаламжийн зарим үндсэн төлбөр болон хүү болох нийт 26.374.696 төгрөгийг “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ болон тус хоршооны даргаар ажиллаж байсан Б.Сүрхийсайхан, нягтлан бодогч А.Ичинхорлоо нараас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-нд миний бие нийт 18 900 000 төгрөг, хамтран данс эзэмшигч А.Оюунбилэгийн хамт 6 850 000 төгрөг болон 936 ам.долларыг тус тус хадгалуулан мөнгөн хадгаламжийн гэрээ хийж, хүү тооцон авахаар болсон. Гэтэл гэнэт л уг хадгаламж зээлийн хоршооноос үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэдэг гэрээг байгуулсан, хадгаламжийн мөнгийг “Шижир интернэшнл” ХХК хариуцна гэсэн боловч энэ гэрээг миний бие ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан. Уг гэрээг байгуулсан, төлбөр хариуцах этгээдүүд солигдсон гэдгийг 2012 оны 6 сарын 25-нд анх мэдсэн. Иймд уг үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хадгаламжийн хүү болох 26 374 698 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасандорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэг. “Шижир интернэшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид болох Н.Аюур, Ж.Болд, Х.Алтангэрэл, Л.Батбилэг, П.Цэрэн, Х.Батцэнгэл нар нь 2005 оны 03 сарын 01-ний өдөр “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-той 05030101 тоот Зээлийн гэрээ байгуулж, 456.105.808 төгрөгийн зээлийг 15 сарын хугацаатай, нэг сарын 5%-ийн хүүтэй зээлдэж авсан. Зээлдэгч “Шижир интернэшнл” ХХК нь дээр байгуулсан Зээлийн гэрээнээс гадна нэмэлт санхүүжилтээр дахин нэмж зээл авч, зээл, зээлийн хүүний буцаан төлөлтийг хийж явсаар 2006 оны 10 сарын 24-ний өдрийн хоёр байгууллагын хоорондын тооцоогоор зээлдэгч “Шижир интернэшнл” ХХК нь “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-д нийт 2.215.877.547 төгрөгийн өглөгтэй байсан. Ингээд талууд “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-с хадгаламж эзэмшигчдэд төлөх ёстой хадгаламжийн төлбөрийг “Шижир интернэшнл” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцож, “Шижир интернэшнл” ХХК нь өрийг хүлээн авч барагдуулахаа хүлээн зөвшөөрч 2006 оны 10 сарын 24-ний өдөр ТУЗ-ийн даргын шийдвэр гарсан байна. Энэ шийдвэрийн 1-т “Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ-д буцаан төлөх өрийг 2.215.877.574 төгрөгөөр тооцож, хоршооноос иргэдийн хадгаламжийн төлбөрийг шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн болохыг баталгаажуулсан, талуудын хооронд өр шилжүүлэх хэмжээний нөхцөл байдал бодитой үүссэн байсан болох нь харагдаж байна. Ингээд 2 байгууллага хоорондоо үүссэн их хэмжээний зээлийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаад, буцаан төлөлтийг “Шижир интернэшнл” ХХК төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу манай ХЗХ хадгаламж эзэмшигч нартай нэгбүрчлэн уулзаж, өрийг өөр компанид шилжүүлж байгаа талаар танилцуулж бүх хадгаламж эзэмшигчдийн зөвшөөрлийг авсан. Ингээд тухайн үед ХЗХ-с авлагатай байсан хадгаламж эзэмшигч А.Этай 2006 оны 10 сарын 26-ны өдөр “Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ”-г байгуулсан ба энэ гэрээгээр А.Эад төлөх хадгаламжийн өглөг 25.268.000 төгрөгийг "Шижир интернэшнл” ХХК төлөхөөр шилжүүлсэн тухай тусгасан байна. Энэхүү гэрээний 2.2-т үндсэн хадгаламж болох 25.268.000 төгрөгийг “Шижир интернэшнл” ХХК зөвшөөрсний үндсэн дээр төлүүлэхээр шилжүүлж байна, гэрээний 3.1-т сайн дурын үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийг “Шижир интернэшнл” ХХК-иар солихыг хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү өр шилжсэн тухай гэрээ байгуулагдсанаас хойш өр шилжүүлж авсан “Шижир интернэшнл” ХХК-с 2006 оны 11 сараас 2011 оны 04 сар хүртэлх хугацаанд А.Эад төлөх ёстой өрнөөсөө төлж байсан. Энэ нь шинэ үүрэг гүйцэтгэгч нь “Шижир интернэшнл” ХХК болж өөрчлөгдсөн, тус компаниас өрөө шаардах эрхтэй гэдгээ мэдэж байсан болох нь тодорхой байна. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болно” гэж заасан. Эндээс үзэхэд өрийг шилжүүлэхэд өр шаардах эрхийг эзэмшигчийн зөвшөөрлийн үндсэн дээр энэхүү өр шилжих ажиллагаа хийгдэхээр заасан байх ба талуудын хооронд 2006 оны 10 сарын 26-ны өдөр Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ байгуулагдсанаар А.Э өрийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байна.
Хоёр. Нэхэмжлэгч нь Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээнд хоршоог төлөөлж Энхханд гэх хүн гарын үсэг зурсан, энэхүү гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрлийг авсан эсэх нь эргэлзээтэй, хоршооны тамга дарагдаагүй, санхүүгийн тамга дарагдсан байгаа нь энэхүү гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус болохыг нотолж байна гэсэн нь үндэслэлгүй. “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ болон “Шижир интернэшнл” ХХК нь 2 байгууллагын хооронд үүссэн зээлийн өглөгөө шилжүүлэх талаар урьдчилсан тохиролцож байсан болох нь “Шижир интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн даргын 2006 оны 10 сарын 24-ний өдрийн шийдвэрээс тодорхой харагдана. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан, “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн хурлын 2006 оны 10 сарын 30-ний өдрийн 2/69 тоот тогтоолоор “хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хугацааг дууссан дараалалд оруулан 2.215.877.547 төгрөгт багтсан хадгаламжийг шилжүүлэх гэрээ хийж дуусгахыг Э.Энххандад үүрэг болгосугай” гэж гэрээ байгуулах эрхийг баталгаажуулж гаргасан.
Гурав.Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ нь хуульд заасан хэлбэрээр, зохих этгээдийн зөвшөөрлөөр, талууд сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Энэ хугацаанд “Шижир интернэшнл” ХХК нь шилжүүлэн авсан өрнөөсөө иргэн А.Эад тодорхой хэмжээний төлөлт хийж байсан, А.Э нь уг төлөлтийг хүлээн авч байсан, “Шижир интернэшнл” ХХК-ийг өрөө төлөхийг шаардаж байсан байдаг. Одоо “Шижир интернэшнл” ХХК-с үлдэгдэл төлбөрөө авч чадахгүйд хүрэхээрээ би хуурч мэхлэгдсэн байна, энэ гэрээ хүчингүй гэж тайлбарлах нь утгагүй юм.
Иймд үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2006 оны 10 сарын 26-ны өдөр “Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ”-г байгуулсан ба энэ гэрээгээр А.Эад төлөх хадгаламжийн өглөг 25.268.000 төгрөгийг "Шижир интернэшнл” ХХК төлөхөөр шилжүүлсэн. Энэ тухай нэхэмжлэгч нь өөрөө мэдэж байсан, өр төлбөрийг “Шижир интернэшнл” ХХК-иас авч байсан, өр төлөх тухай мэдэгдэж, төлөх тухайгаа албан бичгээр хариу өгч байсан байдаг. Тиймээс энэ хэргийн хариуцагч нь “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ болон Б.Сүрхийсайхан, А.Ичинхорлоо нарын хэн нь ч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч А.Ичинхорлоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие тухайн үед тус хоршооны нягтлан бодогчоор ажиллаж байснаараа энэ хэргийн хариуцагчаар тооцогдож байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь иргэн А.Э нь тухайн үед мөнгөн хадгаламжийн гэрээг “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХоршоотой байгуулж байсан бөгөөд сүүлд хадгаламж зээлийн хоршоо, хадгаламж эзэмшигч А.Э, “Шижир интернэшнл” ХХК нар нь өрийг харилцан шилжүүлж гэрээ байгуулсанаар энэ асуудал дуусгавар болж байсан. Тиймээс энэ асуудалд нягтлан бодогч, иргэн А.Ичинхорлоо хариуцагч болж оролцох хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 06 сарын 25-ны өдрийн 1179 тоот шийдвэрт мөнгөн хадгаламжийн гэрээг иргэнтэй бус “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-той байгуулсан байна гэж дүгнэсэн ба энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Т, Б.Сүрхийсайхан, А.Ичинхорлоо нарт холбогдуулан 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хадгаламжийн хүүнд 26 374 696 төгрөг гаргуулах хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Тнд 2005 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртлэх хугацаанд нийт 18 900 000 төгрөгийг, мөн дүү А.Оюунбилэгтэй хамтран 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 6 850 000 төгрөг, 936 ам.долларыг тус тус хадгалуулсан тул хадгаламжийн хүү болох нийт 26 374 698 төгрөгийг хариуцагч Т болон Б.Сүрхийсайхан, А.Ичинхорлоо нараас гаргуулж, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болох 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч А.Эыг 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ”-г “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-той байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгчийн хадгаламжийн мөнгийг буцаан өгөх үүргийг “Шижир интернэшнл” ХХК хариуцахаар болсон тул хадгаламжийн хүү болох 26 374 698 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь гэрээний дагуу “Шижир интернэшнл” ХХК-иас хадгаламжийн мөнгийг буцаан авч байсан тул гэрээг ноцтой төөрөгдөж байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Тнд 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 5 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатайгаар хадгалуулахаар 05040602374 тоот данс нээж, хадгаламжийн 003681 тоот дэвтэр олгогдсон болох нь хэрэгт авагдсан А.Эын хадгаламжийн дэвтэр, иргэдийн мөнгөн хадгаламжийн гэрээ, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна. /хэргийн 6-7-р хуудас/
Т нь 2004 оны 01 дүгээр сард үүсгэн байгуулагдаж хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлийн албанд бүртгүүлж, 2379198 дугаартай хуулийн этгээдийн үүсгэн байгуулах гэрчилгээ авсан, 1998 оны Хоршооны тухай хуулийн 3.4.3-д зааснаар хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан болох нь хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 19-ний 7/4820 албан бичиг, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 34-р хуудас/
Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.3-т “мөнгөн хадгаламжийн гэрээг хадгаламжийн дэвтэр, хадгаламжийн сертификат болон хуульд заасан бусад арга хэрэгслийг ашиглан бичгээр байгуулна” гэж зааснаар зохигч талууд данс нээж, хадгаламжийн дэвтэр олгогдсон үйл баримтын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд мөнгөн хадгаламжийн гэрээ хийгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Зохигч талууд А.Этай байгуулсан хадгаламжийн гэрээний дагуу 2005 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 18 900 000 төгрөгийг хадгалуулсан, хадгаламжийн гэрээний хугацааг 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл сарын 3,1 хувийн хүүтэйгээр сунгасан талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хадгаламжийн 003681 тоот дэвтрээр тогтоогдож байна. /хэргийн 6-р хуудас/
Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д “мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь уг хадгаламжийн гэрээний дагуу 003681 тоот дэвтэрт хадгалуулсан 18 900 000 төгрөгний хүү 13 629 800 төгрөг, А.Оюунбилэгтэй хамтран эзэмшдэг хадгаламжийн дэвтэрт хадгалуулсан 6 850 000 төгрөг, 936 ам.долларын хүү 12 748 500 төгрөг буюу нийт 26 374 698 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, А.Оюунбилэгээс түүнд олгосон итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь А.Оюунбилэгтай хамтран хариуцагч Ттой хадгаламжийн гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, холбогдох баримтыг ирүүлээгүй тул А.Оюунбилэгтэй хамтран байгуулсан хадгаламжийн гэрээний хүү гэх 12 748 500 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй, харин хадгаламжийн 003681 тоот дэвтэрт хадгалуулсан мөнгөний хүүг шаардах эрхтэй байна гэж үзэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь А.Этай байгуулсан хадгаламжийн гэрээний үүргийг “Шижир интернэшнл” ХХК нь хариуцахаар гэрээ байгуулсан тул хариуцахгүй гэж маргаад энэ нь хэрэгт авагдсан 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ”, “Шижир интернэшнл” ХХК-ийн Б.Сүрхийсайхантай 2005 оны 2 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”, 2006 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 2/69 тоот “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-ны тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор нотлогдоно гэсэн.
Хэрэгт авагдсан 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ”-г хариуцагч “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХоршоо нь нэхэмжлэгч А.Этай “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-нд хадгалуулсан хадгаламжийн үндсэн өрийг түргэн шуурхай, найдвартай барагдуулах, “Шижир интернэшнл” ХХК-ийн хүлээсэн зээлийн гэрээний үүргийг биелүүлэх нөхцөл боломжоор хангах, хадгаламж эзэмшигчийн өр төлөх үүрэг гүйцэтгэгчийг солих зорилгоор байгуулсан байна. /хэргийн 8-р хуудас/
Дээрх гэрээний 2.1-д “А.Э нь 25 268 000 төгрөгийг 2005 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай хадгалуулсныг баримтаар Шижир интернэшнл ХХК-нд хүргүүлнэ”, 2.2-д “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-ны “Шижир интернэшнл” ХХК-иас авах зээлийн авлагаас үндсэн хадгаламж болох 25 268 000 төгрөгийг “Шижир интернэшнл” ХХК зөвшөөрсний үндсэн дээр төлүүлэхээр шилжүүлж байна”, 2.4-д “хадгаламжийн хүүг “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-ноос жич төлөх үүрэг хүлээнэ” гэжээ.
Мөн гэрээний 3.1-д “сайн дурын үндсэн дээр А.Э өөрийн үндсэн хадгаламж болох 25 268 000 төгрөгийг “Шижир интернэшнл” ХХК-иас авах зээлийн авлагаас авахаар шилжүүлж үүрэг гүйцэтгэгч “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-г “Шижир интернэшнл” ХХК-иар солихыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар аливаа татгалзалгүй болохыг баталж байна”, 3.2-д “А.Э нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-той үндсэн хадгаламжийнхаа талаар ямар нэгэн тооцоогүй болох бөгөөд цаашид “Шижир интернэшнл” ХХК-иас гэрээний 2.1-д заасан хадгаламж 25 268 000 төгрөгийг тус компанитай буцаан төлөх нөхцлөөр тохирох, хадгаламжийн хугацаа дууссан үеэс эхлэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй” гэж харилцан тохиролцжээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 003681 тоот хадгаламжийн дэвтэрт “2006.10.26-нд зарлага 25 268 000 Шижир лүү, үлдэгдэл 8 160 200 төгрөг, үндсэн мөнгө 1 444 800-иар нэмэгдэж 26 712 800 төгрөг байна. Алдаатай бодсон байсан тул залруулав. Хүү 6 715 400 үлдсэн” гэж бичилт хийгдсэн, хадгаламж эзэмшигчийн карт 2005.04.06-2007.07.28, 2006.05.26-наас 2007.09.06 хүртэл хүү тооцож дансны үлдэгдэл 21 292 000 төгрөг, 930 000 хүү, 25 268 000 Шижир лүү” гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд уг тэмдэглэгээг хийсэн талаар зохигч талууд маргаагүй болно. /хэргийн 6-р хуудас/
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХоршоотой байгуулсан 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ”-г ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн, хадгаламж эзэмшигч нарыг хууран мэхлэх замаар хариуцлагаас мултрахын тулд “Шижир интернэшнл” ХХК-тай байгуулсан тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож болно гэсэн.
Хариуцагч нь уг гэрээний дагуу үүрэг шилжиж, нэхэмжлэгч нь “Шижир интернэшнл” ХХК-иас хадгаламжийн мөнгийг авч байсан тул ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй, мөн “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ нь “Шижир интернэшнл” ХХК-тай өр , зээлийн өглөгөө шилжүүлэх талаар урьдчилсан тохиролцож байсан гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн”, 58.2.2-д “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” бол ноцтой төөрөгдсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь “Шижир интернэшнл” ХХК-тай зээл, хүүгийн тооцоо нийлсэн актаар гэрээгээ дүгнэж, хадгаламжийн мөнгийг буцаан авч байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 16-20-р хуудас/
Мөн нэхэмжлэгч нь ноцтой төөрөгдсөн гэдгийг 2012 оны 06 дугаар сарын 25-нд мэдсэн гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-р зааснаар нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул түүний ноцтой төөрөгдсөн гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан “Шижир интернэшнл” ХХК-аас авлагатай иргэдийн авлагын тооцоонд “...83.Э.А үндсэн зээл 25 300 000, хүү 31 874 627, төлсөн 2 000 000, үлдэгдэл 55 174 627“ гэсэн байх бөгөөд 2010 оны 06 сарын 04-ний өдрийн “Шижир интернэшнл” ХХК-ийн А.Этай зээл, хүүгийн тооцоо нийлсэн актаар “зээл 26 712 800 төгрөг, тооцсон хүү 6 715 400 төгрөг, төлсөн 4 366 500 төгрөг”, 2009 оны 01 сарын 12-ны А.Этай тооцоо нийлсэн актаар “үндсэн мөнгө 24 136 800, хүү 6 715 400, төлөлт 2 576 000” гэснээр нэхэмжлэгч нь “Шижир интернэшл” ХХК-тай тооцоо нийлж, хадгаламжийн мөнгөнөөс зохих хэсгийг буцаан авч байсан болох нь тогтоогдож байна .
Мөн “Шижир интернэшл” ХХК-ийн 2009.4.20, 2009.03.16, 2010.10.25-ны өдрийн баталгаа, 2009.04.29-ний 01/30 дугаартай албан бичиг, 2009.08.10, 2010.02.23-ны өдрийн тодорхойлолтоор зээлийн төлбөрийг хариуцах тухайгаа мэдэгдэж, 2007/08/13-032 тоот нэмэлт гэрээг байгуулж, 2011 оны 08 дугаар сарын 11-нд “Шижир интернэшнл” ХХК болон нэхэмжлэгч нар нь гарын үсгээ зурж баталгаажуулж байсан байна.
Хэрэгт авагдсан баримтаар “Шижир интернэшнл” ХХК нь Б.Сүрхийсайхантай 2005 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Хамтын ажиллагааны гэрээ”, 2006 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 2/69 тоот “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-ны тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор “Шижир интернэшнл” ХХК-д хадгаламжийн өр шилжүүлэх гэрээний дагуу шилжсэн хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг 2007 оны 6 дугаар сарын 30-ний өдрөөр дуусгавар болгон буцаан олгох үйл ажиллагаанд хяналт тавихыг хоршооны даргад хариуцуулсан”, 2006 оны 10 дугаар сарын 30-ний “Хадгаламжийн өр шилжүүлэх тухай” гэрээг “Шижир интернэшнл” ХХК, “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ ноос 2005 онд зээлийн эргэн төлөлтийг хоршооны хадгаламж эзэмшигч нартай зээлийн гэрээ байгуулан төлбөрийг бүрэн барагдуулахаар харилцан тохиролцов” гэсэн байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн хадгалуулсан мөнгийг “Шижир интэрнэшнл” ХХК хариуцана гэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч А.Э нь хариуцагч “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-той 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч “Шижир интернэшнл” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй, 2006-2011 оны хооронд уг гэрээний дагуу хадгаламжийн мөнгө шилжүүлэн авсан, үлдэгдэл мөнгийг төлөх талаар мэдэгдэж байсан байх тул талуудын хооронд байгуулсан үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-д зааснаар ноцтой төөрөгдсөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч нь энэ талаар баримтаар нотлоогүй болно.
Гэхдээ нэхэмжлэгч нь хадгалуулсан мөнгөний хүүг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ”-ний 2.4-д “хадгаламжийн хүүг “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-ноос жич төлөх үүрэг хүлээнэ” гэсэн, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгчийн хадгаламжийн хүүг “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-ноос гаргуулах, гэрээнд заасан үүргээ хариуцагч “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ хариуцах нь зүйтэй, түүний захирал байсан Б.Сүрхийсайхан, А.Ичинхорлоо нараас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.8-д зааснаар мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөө шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй боловч мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан, гэрээний хугацаанд хадгалуулсан мөнгөний хүү 6 715 400 төгрөг байсан болох нь хадгаламжийн дэвтрээр тогтоогдож байх тул уг 6 715 400 төгрөгийг “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-ноос гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 659 296 төгрөгийг болон нэхэмжлэгчийн хариуцагч Б.Сүрхийсайхан, А.Ичинхорлоо нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454 дүгээр зүйлийн 454.8-д зааснаар хариуцагч “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-ноос 6 715 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Эад олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 19 659 296 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагч Б.Сүрхийсайхан, А.Ичинхорлоо нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ-ноос 122 396 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
|
|
|
|