Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2022/0658/Э |
Дугаар | 2022/ШЦТ/687 |
Огноо | 2022-08-29 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/687
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч О.Нандинцэцэг,
Шүүгдэгч М.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М холбогдох эрүүгийн 2211 00910 1403 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, , М.М, 1992 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, буриад, бүрэн бус боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, дүү, хүргэн, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 23-02 тоотод оршин хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар
Шүүгдэгч М.М нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, “Гүнт” зуслангийн орчмын ойгоос 4 ширхэг зулзаган нарс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.М нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, “Гүнт” зуслангийн орчмын ойгоос 4 ширхэг зулзаган нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр айлын хашаанд зөвөөрлөн тарих зорилгоор үндсээр нь сугалан авсан байна.
Энэ нь шүүгдэгч М.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч М.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөвөөр өгсөн байгаа. Дахин энэ талаар мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэж бодож байна. Би үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ миний буруутай үйл ажиллагаа. Тухайн үед би хэн нэгнээс ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр тэр 4 ширхэг зулзаган модыг сугалж авсан нь үнэн хэргийн материалд би бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..” гэн мэдүүлэг/хх-119/.
Хохирогч, иргэний нэхэмжпэгч Г.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Иргэн М.М нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Гүнт зуслангийн ойгоос 4 ширхэг зулзаган нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль орчинд 1.407 068 төгрөгний хохирол учруулсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 4.221.204 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжпэх болно..” гэсэн мэдүүлэг /хх-88-89/,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би тухайн өдөр Улаанбаатар хотод явж байхад манай төрсөн ах Мөнхсүхийн хүүхэд гээд М над руу 90114617 гэсэн дугаараас залгаад “би Улсын их хурлын гишүүн Н гэдэг хүний хашаанаас мод ухаж байгаад баригдаад буцаагаад булчихлаа, намайг загнаад явуулсан” гэж хэлсэн. Би тухайн үед уурлаад яах гэж хүний хашаанаас мод авч байгаа юм бэ гэж загнасан. Тэгээд утсаа салгасан ба дахин надтай холбогдоогүй. Би уулзаагүй ба болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Түүний дараа Нгийн манаач Б.Н танай дүү эндээс мод хулгайлж байгаад баригдаад намайг хуйвалдсан гээд байна гэж над руу уурласан. Тэгээд би тухайн үед нь цагдаад нь өгөөд шалгуулахгүй яасан юм бэ гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-14-15/,
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байсан ба манай гэрийн үүдэнд Н гишүүний жолооч С машиндаа байсан. Тэгээд би гэртээ ороод сууж байхад С орж ирээд “дарга дуудаад байна, хамт очъё” гээд бид хоёр очиход Н гишүүн нэг залууг зогсоочихсон загнаад байж байсан. Н гишүүн “чи энэ хүнтэй хамт мод хулгай хийсэн” гэж над руу загнаж дайрсан. Би үгүй ээ энэ надтай хамаагүй, би энэ хүнийг танихгүй гэж хэлэхэд, яахаараа чиний нэрийг мэддэг юм бэ гээд намайг загнаж байгаад хөөгөөд явуулсан. Тухайн үед тэр залуу манай хажуу хашааны манаач И.Мөнхманлай руу залгахад “цагаан толгойтой хүн байна уу, Б.Н ах юм байх даа” гэж хэлсэн юм байна билээ. Тэгээд л миний нэрийг хэлсэн учир надтай хамаатай гээд ойлгосон юм. ...Тэр залуу манай хашаанаас биш, тэс өөр уулан дээрээс хашааны гадна талд ухаж авсан байсан. Н гишүүн намайг дуудсан газар миний хардаг хашааны эзэмшлээс гадна талд зайтай байсан..” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,
Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..тухайн өдөр Улсын Их хурлын гишүүн асан, манай компаны эзэн Б.Н өөрийн зуслан дээрээ амарч байсан юм. Хойд уул руугаа алхъя гээд надтай хамт очсон юм. Тухайн газрыг манаач Б.Н хариуцан хамгаалдаг байсан бөгөөд би даргыг хүлээгээд машиндаа байж байсан чинь залгаад Нарангэрэлийг дагуулаад дээшээ хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь Б.Н ахыг гэрээс нь аваад хамт очсон чинь нэг залуу 4 ширхэг зулзаган ургаа мод үндэстэй нь барьчихсан дарга загнаад зогсож байсан. Тэгээд тэр хүнээс яаж ийшээ зөвшөөрөлтэй мод сугалж авсан юм бэ гэхэд манай доод талын хашааны харуул гэж хэлж байсан. Дарга Б.Н ах руу хандаж ‘чи оруулсан’ гэхэд нөгөө залуу нь ‘биш ээ, Манлай ах явуулсан’ гэж хэлсэн ба Б.Н нь ‘би чамайг танихгүй’ гэх зэргээр маргалдсан юм.Тэгээд дарга тэр залууг цагдаа дуудаж өг гэж хэлчихээд яваад өгсөн юм. Би тэр залууд наад модоо авсан газарт нь суулга’ гэж хэлээд суулгуулсан” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1586 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..Шинжлэгдсэн моднууд нь 10-15 насны Нарс овгийн /Pinaceae/, эгэл нарс /Pinus silvstris байна. Уг моднуудын ургалт хэвийн амьд, цаашид ургахад ямар нэгэн сөрөг нөлөөгүй байна..” гэсэн дүгнэлт /хх-39-43/,
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 01-08/3863 дугаартай “...солбилцол бүхий байршил дээр иргэн, аж ахуй нэгжийн бүртгэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-108/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06/3900 дугаартай “..дээрх байршил нь Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй байна” гэх албан бичиг /хх-110-111/, шүүгдэгч М.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Мын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Маас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч М.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ам бүлийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Мад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ж нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мад оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР