Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/163

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ундрахбаяр,

Шүүгдэгч: А.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арвай овгийн Адъяагийн Лхагвасүрэнд холбогдох 2226000000173 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 2 дугаар гудамж 21 тоотод оршин суух, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 06-01 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Арвай овгийн Адъяагийн Лхагвасүрэн /РД: ЙЮ87062614/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Лхагвасүрэн нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 06-01 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ж.Даваадоржийн нүүр тус газарт цохиж, зүүн чих, зүүн гарын алганы доод хэсэг болон хамрын үзүүр хэсэгт нь хазаж, эрүүл мэндэд нь “хамар ясны муруйлт, зүүн чих, хамар, зүүн гар, дагзны хуйханд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгч А.Лхагвасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би архидан согтуурсан үедээ энэ гэмт хэргийг хийсэн. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надаас илүү их мөнгө нэхэж,  өөрийгөө ямар ч буруугүй гэж бичсэн байсан. Гэхдээ би тэр хүнд гэмтэл учруулсан болохоор гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би зүгээр байсан хүнийг хэзээ ч тэгэхгүй. Намайг аалз минь, газрын бэтэг минь гэж хэлсэн. Тэгээд хоёулаа гар барилдаан хийе гээд л иймэрхүү ярианаас сэдэв эхэлсэн. Би зүв зүгээр сууж байсан хүнийг хазаад, цохиод нүдээд байх хүн бол биш. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Үр хүүхдүүдийн дэргэд муухай үгээр дуудаад байхаар нь гэнэт миний   уур хүрсэн. Би тэр хүнийг хохироосон буруугаа хүлээж байна. Хохиролд 15000000 төгрөг төлсөн гэв.

           

Хохирогч Ж.Даваадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Тухайн өдөр би өглөө 09 цагийн үед ажилдаа явах гээд гэрээсээ гараад явж байх үедээ А.Лхагвасүрэнтэй хашааныхаа үзүүр дээр таарсан. Тэгээд Лхагвасүрэн надад хоёулаа нэг шил архи уух уу гэхээр нь би завгүй байна гэхэд А.Лхагвасүрэн би яаг үхэх гээд байна. Өчигдөр уучихсан. Шараа тайлчихмаар байна гээд байхаар нь 0.33 литрийн хэмжээтэй хараа нэртэй архийг А.Лхагвасүрэнгийн автомашинд нь сууж байгаад хуваагаад уусан. Тэгээд би архиа ууж дуусчихаад ажил руугаа явсан. Намайг хүнс бараан зах дээр барилгын материалаа цуглуулаад явж байтал А.Лхагвасүрэн залгаад хамт гол явъя. Хүрээд ир гэхээр нь би завгүй байна. Чи явж бай гэж хэлээд түрүүлээд явуулсан. Тэгээд байж байтал А.Лхагвасүрэн дахиж залгаад чи гол дээр хүрээд ир гэхээр нь би мотоциклийн такси аваад дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай Соёрхол архи 1 шилийг, 2.5 литрийн савлагаатай сэрүүн гэх пиво 1 ширхгийг аваад “Дайргын гол” дээр Лхагвасүрэнгийн байгаа газарт очсон. Тэгээд А.Лхагвасүрэнгийн машинд нь орж суугаад А.Лхагвасүрэнгийн задалчихсан байсан 1 шилтэй архинаас нь хоёулаа хоёр удаа уугаад аймгийн төв рүү орж ирсэн. Тэгээд А.Лхагвасүрэнгийн гэрт нь орж ирээд А.Лхагвасүрэн бид хоёр миний авсан “Соёрхол” архийг задлаад ууж эхэлсэн. Тэгээд “Соёрхол” гэх архиа ууж дуусгаад А.Лхагвасүрэн намайг хоёулаа гар барилдъя гэхээр нь гар барилдаж байтал А.Лхагвасүрэн гэнэт уурлаад босоод ирсэн. Тэгээд миний хүзүү хоолой хэсгээс багалзуурдаад авсан. Тэгтэл Лхагвасүрэн намайг доороо оруулж байгаад миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод миний зүүн чих хэсгээс хазсан. Тэгээд болиоч ээ гэж хэлэхэд миний зүүн чих тасраад цус гойжоод байхаар нь би зүүн гараараа дартал А.Лхагвасүрэн би дахиад чамайг хазчихъя гэж хэлээд миний зүүн гарын алганы доод хэсгээс дахиад хазсан. Тэгээд эхнэр нь гаднаас орж ирээд А.Лхагвасүрэнг болиулсан. Хохиролд 1.50.0000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 13-14 хуудас/,

 

Гэрч Т.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр болох А.Лхагвасүрэн 09 цагийн үед Ж.Даваадоржтой уулзсан байсан. Тэгээд тэр хоёр уулзсанаасаа хойш архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж байсан. Тэгээд би А.Лхагвасүрэн, Ж.Даваадорж хоёрын ууж байсан архийг дуусахаар хүүхдийнхээ ангийн зугаалганд А.Лхагвасүрэнг дагуулаад 13 цагийн үед Дайргын гол орчихоод 19 цагийн үед буцаж аймагт ирсэн. Дайргын гол дээр байх үед Ж.Даваадорж бид хэдийн араас хүрээд ирсэн байсан. Тэгээд манай нөхөр болох А.Лхагвасүрэн, Ж.Даваадоржтой машинд уулзаад суугаад байсан. Дайргын голоос аймгийн төв рүү 19 цагийн үед хөдлөөд аймгийн төвд орж ирээд би өөрийн нөхөр болон хүүхдүүдийг аваад гэртээ орж ирсэн. Ж.Даваадорж манай гэрт удалгүй хүрээд ирсэн. А.Лхагвасүрэн, Ж.Даваадорж хоёр гэрт орж ирээд 0.75 литрийн савлагаатай хар өнгийн бичигтэй архи уугаад юм яриад сууж байсан. Тэгээд А.Лхагвасүрэн, Ж.Даваадорж хоёрын ярианы сэдэв бага зэрэг муудалцах тал руугаа ороод байхаар нь би уурлаад болиулсан. Тэгээд би 21 цагийн үед дэлгүүр орохоор яваад А.Лхагвасүрэн, Ж.Даваадорж нарыг гэртээ архийг нь уулгаад үлдээсэн. Тэгээд дэлгүүр яваад 30 минут гаруй болоод буцаж ирээд гэртээ ортол манай хүүхэд болох 8 настай Тэргэлсаран гэрийн гадаа “ээж нөгөө хоёр зодолдоод цус болчихсон байна” гэж хэлэхээр нь би гэртээ ороод хартал А.Лхагвасүрэн, Ж.Даваадорж нар нэг нэгнийгээ бариад авсан А.Лхагвасүрэн дээр нь гарчихсан, Ж.Даваадорж доор нь орчихсон байдалтай байсан. Тэгээд би гэртээ ороод тэр хоёрыг салгаад зодооныг нь болиулсан. Тэгээд өөрийн нөхөр болох А.Лхагвасүрэнг гадаа машиндаа унтуулчихаад Ж.Даваадоржийг гэртээ унтуулж амраасан. Тэгээд үүрээр А.Лхагвасүрэн, Ж.Даваадорж нар сэрчихсэн гэрт ороод бас архи уусан. Намайг гэрт орох үед Ж.Даваадоржийн нүүр хэсэг нь битүү цус болчихсон байдалтай байсан. Яг хаанаас цус гараад байгаа болон биеийнх нь аль хэсэгт гэмтсэн талаар би хараагүй. А.Лхагвасүрэнгийн биед бас гэмтэл гэх зүйл ажиглагдаагүй. Ж.Даваадоржийг би цусыг цэвэрлээд өгье гэхэд үгүй гээд дургүйцэж байгаад унтаж амарсан. /хх-ийн 16-17 хуудас/,

 

Яллагдагч А.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:.... Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 40 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №391 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч Ж.Даваадоржийн биед хамар ясны муруйлт, зүүн чих, хамар, зүүн гар, дагзны хуйханд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь өөрийн гараар үүссэн байх боломжгүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21-22 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Ж.Даваадоржийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 1-4 хуудас/,

           

            Шүүгдэгч А.Лхагвасүрэнгийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 153 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа, /хх-ийн 45, 46, 47  хуудас/,

 

Шүүгдэгч А.Лхагвасүрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч А.Лхагвасүрэн нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 06-01 тоотод согтуурсан үедээ тухайн тохиолдолд үүссэн нөхцөл байдлаар шалтаглан иргэн Ж.Даваадоржийн нүүр тус газарт цохиж, зүүн чих, зүүн гарын алганы доод хэсэг болон хамрын үзүүр хэсэгт нь хазаж, эрүүл мэндэд нь “хамар ясны муруйлт, зүүн чих, хамар, зүүн гар, дагзны хуйханд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамар зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл “ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Ж.Даваадоржийн мэдүүлэг, гэрч Т.Даваасүрэнгийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 391 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22/, яллагдагч А.Лхагвасүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд дээрх гэмт хэргийг үйлдсэн А.Лхагвасүрэнг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч А.Лхагвасүрэн өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч А.Лхагвасүрэнд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Лхагвасүрэн нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 06-01 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ж.Даваадоржийн нүүр тус газарт цохиж, зүүн чих, зүүн гарын алганы доод хэсэг болон хамрын үзүүр хэсэгт нь хазаж, эрүүл мэндэд нь “хамар ясны муруйлт, зүүн чих, хамар, зүүн гар, дагзны хуйханд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

           

Шүүгдэгч А.Лхагвасүрэн нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 06-01 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ж.Даваадоржийн нүүр тус газарт цохиж, зүүн чих, зүүн гарын алганы доод хэсэг болон хамрын үзүүр хэсэгт нь хазаж, эрүүл мэндэд нь “хамар ясны муруйлт, зүүн чих, хамар, зүүн гар, дагзны хуйханд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ж.Даваадоржийн А.Лхагвасүрэн гэнэт уурлаад босоод ирсэн. Тэгээд миний хүзүү хоолой хэсгээс багалзуурдаад авсан. Тэгтэл Лхагвасүрэн намайг доороо оруулж байгаад миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод миний зүүн чих хэсгээс хазсан. Тэгээд болиоч ээ гэж хэлэхэд миний зүүн чих тасраад цус гойжоод байхаар нь би зүүн гараараа дартал А.Лхагвасүрэн би дахиад чамайг хазчихъя гэж хэлээд миний зүүн гарын алганы доод хэсгээс дахиад хазсан. Тэгээд эхнэр нь гаднаас орж ирээд А.Лхагвасүрэнг болиулсан. Гэрч Т.Даваасүрэнгийн А.Лхагвасүрэн, Ж.Даваадорж нар нэг нэгнийгээ бариад авсан А.Лхагвасүрэн дээр нь гарчихсан, Ж.Даваадорж доор нь орчихсон байдалтай байсан. Тэгээд би гэртээ ороод тэр хоёрыг салгаад зодооныг нь болиулсан. Тэгээд өөрийн нөхөр болох А.Лхагвасүрэнг гадаа машиндаа унтуулчихаад Ж.Даваадоржийг гэртээ унтуулж амраасан. Тэгээд үүрээр А.Лхагвасүрэн, Ж.Даваадорж нар сэрчихсэн гэрт ороод бас архи уусан. Намайг гэрт орох үед Ж.Даваадоржийн нүүр хэсэг нь битүү цус болчихсон байдалтай байсан. Яг хаанаас цус гараад байгаа болон биеийнх нь аль хэсэгт гэмтсэн талаар би хараагүй. А.Лхагвасүрэнгийн биед бас гэмтэл гэх зүйл ажиглагдаагүй гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №391 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч А.Лхагвасүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч А.Лхагвасүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №391 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогчийн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч А.Лхагвасүрэн нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 06-01 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ж.Даваадоржийн нүүр тус газарт цохиж, зүүн чих, зүүн гарын алганы доод хэсэг болон хамрын үзүүр хэсэгт нь хазаж, эрүүл мэндэд нь “хамар ясны муруйлт, зүүн чих, хамар, зүүн гар, дагзны хуйханд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Арвай овгийн Адъяагийн Лхагвасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

           

Улсын яллагч “Хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар А.Лхагвасүрэн нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Энэ хэрэгт А.Лхагвасүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, насны байдал, гэр бүлийн байдал эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, хохирол төлсөн байдал нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  Шүүгдэгч А.Лхагвасүрэн нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Хохиролд 1,500,000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч А.Лхагвасүрэнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч А.Лхагвасүрэн нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч А.Лхагвасүрэнгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч А.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Лхагвасүрэн нь хохирогч Ж.Даваадоржид хохиролд 1500000 төгрөг төлсөн болох нь хохирогч Ж.Даваадоржийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн “Хохиролд 1500000 төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн” хүсэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Лхагвасүрэнгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

           

Шүүгдэгч А.Лхагвасүрэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч А.Лхагвасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

           

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Лхагвасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Лхагвасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Арвай овгийн Адъяагийн Лхагвасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лхагвасүрэнг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лхагвасүрэн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч А.Лхагвасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Лхагвасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Лхагвасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ