Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 126/ШШ2021/0014

 

     Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

    бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

  хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд холбогдох “Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын орлого шимтгэлийн байцаагчийн гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтад Л.Уянгыг оролцуулаагүй нь хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын орлого шимтгэлийн байцаагчийн гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг Төрийн албаны салбар зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд даалгах тухай” шаардлага бүхий Бах Лхагваагийн Уянга /РИ90090909/-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Лхагваагийн Уянга нь 2012 оноос хойш Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Арбулаг сум дахь Төрийн банкинд теллер, ахлах теллер, тооцооны төвийн эрхлэгчээр 2020 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч”-оор тус хэлтсийн даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар томилогдон ажиллах болсон. Улмаар хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Эрүүл мэндийн орлого шимтгэлийн байцаагч”-ийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Би төрийн албан зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс зарласан гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын зарын дагуу “Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын орлого, шимтгэлийн байцаагч”-ийн албан тушаалд өрсөлдөхөөр 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохих журмын дагуу бүртгүүлсэн. Бүртгүүлсний дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн дарга С.Энхзаяа 99386767 дугаараас над руу залгаж “шалгалтанд орох шаардлага хангаж байна” гэж хэлсэн. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт шалгалтанд оролцохоор очиход “шалгалтанд оруулахгүй, болзол шаардлага хангахгүй байна” гэж тухайн үед салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсан Х.Ган-Очир хэлээд үндэслэлгүйгээр шалгалтанд оролцуулаагүй.

Би салбар зөвлөлийн дээрх хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бичгээр гомдол гаргасан ч өнөөдрийг хүртэл надад хариу өгөөгүй. Намайг гомдол гаргаж байх үед миний одоо ажиллаж байгаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж Л.Уянга намайг “Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын орлого, шимтгэлийн байцаагч”-ийн гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцуулаагүй асуудалтай холбоотойгоор зөвлөмж хүссэн албан бичгийг мөн хүргүүлсэн байсан. Төрийн албаны зөвлөлийн зүгээс миний гаргасан гомдолд хариу өгөөгүй атлаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн явуулсан албан бичигт хариу өгч Л.Уянга намайг гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтанд оролцуулаагүй Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагааг зөвтгөсөн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02/382 дугаартай болон 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/546 дугаартай албан бичгүүдийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байсан. ... Иймд Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан “Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын орлого шимтгэлийн байцаагчийн гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтад Л.Уянга намайг оролцуулаагүй нь хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын орлого шимтгэлийн байцаагчийн гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч Л.Уянга шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Л.Уянга нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст эрүүл  мэндийн орлого шимтгэлийн байцаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тус шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2021 оны 1 сарын 25-ны өдөр зохион байгуулсан Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, орлого шимтгэлийн байцаагчийн гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтанд оролцуулаагүй нь хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, орлого, шимтгэлийн байцаагчийн гүйцэтгэх албан тушаалтны сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс өөр ажлын байраар хангагдах болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Уянгын Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын орлого шимтгэлийн байцаагчийн гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтад Л.Уянгыг оролцуулаагүй нь хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын орлого шимтгэлийн байцаагчийн гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг Төрийн албаны салбар зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан.

Нэхэмжлэгч Л.Уянга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Уянгын Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын орлого шимтгэлийн байцаагчийн гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтад Л.Уянгыг оролцуулаагүй нь хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын орлого шимтгэлийн байцаагчийн гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг Төрийн албаны салбар зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

    ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ