Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  А.Х, А.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Э.Билгүүн

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч             С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр

            Шүүгдэгч                                           А.Д

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Дгийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Э.Билгүүний бичсэн эсэргүүцэл зэргийг үндэслэн, А.Х, А.Д нарт холбогдох 1812001720330 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Х овгийн Агийн Х

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Аийн Д

 

 

А.Х, А.Д нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр, Цагаан улиас гэх газраас иргэн Р.Дийн эзэмшлийн 2 тооны үхрийг бүлэглэн хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас А.Х, А.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор: Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Агийн Хын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, А.Хыг цагаатгаж, Шүүгдэгч Б овгийн Аийн Дг бусдын малыг хулгайлсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дг 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дг өдөрт 4 цагаас дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дгөөс 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Цагаан улиас гэх газар оршин суух, Тайж овгийн Рэнжавын Дагвадорж /РД:АЖ42052808/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, А.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д, А.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Дгийн гаргасан давж заалдах гомдолд: “А.Д би Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Намайг 2018 оны 01 дүгээр сард Дагвадоржийн шүдлэн, бяруу 2 үхрийг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэж гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсанд гомдолтой. Би тухайн сард малын тэжээл авах зорилгоор өөрийн үнээ, бяруу хоёрыг нядалж зарсан нь үнэн. Энэ талаар миний үхрийг төхөөрөлцсөн хүмүүс бүгд мэдэж байгаа. Харин багийн даргаас малын гарал үүслийн бичиг аваагүй нь үнэн. Үүнээс үүдэж намайг хулгай хийсэн гэж үзэж байгаад гомдолтой байна. Дагвадорж гэдэг хүний 2 үхрийн зүс ойролцоо юм шиг байгаа юм. Гэхдээ энэ 2 үхрийг алдсан уу, үхсэн үү гэдэг талаар би мэдэхгүй. Нутгийн хүмүүс бол усанд орсон байсныг сүүлд нь олсон гэж яриад байдаг юм. 2 үхрийн толгойг цагдаа нар Дагвадорж гуайд үзүүлэхэд миний үхрийн толгой мөн гэж хэлсэн байдаг ба үүгээр л намайг хулгай хийсэн гэж үзээд байгаа юм. Миний үхэр бол дөнжин үнээ, бяруу 2 юм. Харин Дагвадорж гуай шүдлэн, бяруу хоёр гэж хэлээд байгаа. Мөн миний малыг нь хардаг айлын Отгоо эгчид Дагвадорж гуай “Мөрөнг хулгай хийсэн гэж бодохгүй байна” гэж хэлээд бичиг хийж өгсөн байдаг. Цагдаа 2 үхрийн толгойг хурааж авсан мөртлөө зөвхөн хохирогчид үзүүлээд насыг нь тодорхойлолгүй орхисноос намайг буруутай гэж дүгнээд байгаад нь гомдолтой байна. Мөн гэрч нар Д өөрийнхөө үхрээс үнээ, бяруу 2 нядалсан гэж хэлээд байгаад үнэн зөв дүгнэлт хийгээгүй. Иймд хэргийг хянаж, үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгээ хамт оролцоно.” гэжээ.

 

Прокурор Э.Билгүүний бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шүүгдэгч А.Х нь А.Д нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр, Цагаан улиас гэх газраас иргэн Р.Дийн эзэмшлийн 2 тооны үхрийг бүлэглэн хулгайлж 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Архангай аймгийн прокурорын газраас яллагдагч А.Х, А.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч А.Х нь гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байна гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгч А.Дг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

1. Гэрч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Дгийн үхрүүд манай гэрийн гадаа тухайн үед байсан. Улаан хүрэн үнээний буруу талын эврийн гол хэсгийг хүрэн будгаар будсан, хар зүсмийн бяруу мөн адил будагтай байсан...” гэж, шүүх хуралдааны явцад “...Дгийн нядалж байсан 2 тооны үхэр нь будаггүй байсан, манай үхрүүд байгаа юм...”гэж, гэрч Л.Баярсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Дгийн нядалсан үхрүүд өөрийнх нь үхрүүд байсан гэж тус тус харилцан зөрүү бүхий худал мэдүүлэг өгсөн байх бөгөөд тэдгээрийн худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзэхэд гэрч Д.Цэцэгмаа нь шүүгдэгч А.Дг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэдгийг мэдсээр байж, нядалсан 2 тооны үхрийн гэдэс дотрыг арилгаж, улмаар чанаж идсэн нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг,

3. Шүүгдэгч А.Д, А.Х нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй өмгөөлөгч нар нь хохирогч Р.Дид өөрийн алдсан 2 үхрийн толгойг голын уснаас олсон гэж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, шан харамж амласан, шүүгдэгч А.Дгөөр дамжуулан 100.000 төгрөг өгсөн нөхцөл байдал шүүх хуралдааны явцад тогтоогдсон бөгөөд дээрх байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тус тус шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Иймд А.Х А.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн би шүүгдэгч А.Х, А.Д нарт холбогдох эрүүгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс прокуророор оролцож байна. Шүүгдэгч А.Х, А.Д нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр, Цагаан улиас гэх газраас иргэн Р.Дийн эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Уг хэргийг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Иймд А.Х, А.Д нар холбогдох хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “А.Д гэдэг хүнийг яллахдаа хохирогч алдсан гэх 2 үхрийнхээ толгойг таньсан гэдгээр яллаад байгаа юм. Шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлэг, А.Д нь анхнаасаа хэргээ хүлээхгүй яваад байгаа байдал зэргээс харахад А.Дг Дагвадоржийн 2 тооны үхрийг хулгайлсан гэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна. Тийм учраас А.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй байна.”гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх, цагаатгах тогтоолын А.Дд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.”гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч А.Дгийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Э.Билгүүний бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.2 дах хэсэгт тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэхийг шүүх зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Х, А.Д нарт холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруугийн хуралдааныг явуулж улмаар зөвлөлдөх тасалгаанд тэдгээрийн гэм буруугийн талаар хэлэлцэж гаргасан шийдвэрээ оролцогчдод танилцуулахдаа шүүгдэгч А.Хт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, А.Хыг цагаатгасан.

 

 Мөн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болохоо тайлбарласан нь дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байна.

 

Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцсон зүйл хэсэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан ялыг оногдуулаагүй төдийгүй уг асуудлын талаар дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүх зөвлөлдөх тасалгаанд гаргасан шийдвэрээ шүүх хуралдааны танхимд өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь дуу дүрсний бичлэгээр мөн тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны тэмдэглэлд бичихдээ тооцоогүй мэтээр бичсэн нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ. 

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

             Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд  буцааж байгаа тул шүүгдэгч А.Дгийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Э.Билгүүний бичсэн эсэргүүцэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.

 

Шүүгдэгч А.Х, А.Д нарын хувийн байдлыг харгалзан хэрэг шүүхэд очтол А.Х, А.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Х, А.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                           Д.БЯМБАСҮРЭН

                                                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ