| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2018/00204/И |
| Дугаар | 1319 |
| Огноо | 2018-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 1319
| 2018 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2018/01319 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 422-87 тоотод оршин суух Даянч овогт Пүрэвдоржийн Дын /РД:ИЭ83020875/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун 95/2а байр 603 тоотод оршин суух Далай овогт Даваадоржийн Сд /РД:ЧП83061871/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 77 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтанцэцэг /ШТЭҮ-1761/, хариуцагч Д.С, гэрч Э.Мөнхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
|
|
П.Д би Д.Стэй 2016 оны 6 сард танилцан машин худалдан авч байсан. 2016 оны 8 сард Д.С нь надаас гэнэт мөнгөний хэрэг гарлаа 50 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлээч гэж хэлсэн.Тэгэхдээ надад 2-3 байр байна барьцаанд тавина гэж хэлсэн. 2016 оны 8 сарын 13-ны өдөр ”нөгөө мөнгө чинь яаралтай хэрэг болоод байна өнөөдөр шилжүүлээдэх, дараа нь гэрээ хийж барьцаанд байр тавина” гэхээр нь түүний Голомт банкны 3100004925 тоот дансруу 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн тэр өдрөө найз Ц.Жамъяндоржоос 10 000 000 төгрөгний авлагатай байсан тул түүнтэй ярьж Д.Сгийн 5011364120 дансыг өгч 10 000 000 төгрөгийг шилжүүлүүлсэн. Ингээд 2016 оны 8 сарын 18-ны өдөр 50 000 000 төгрөг зээлүүлсэн гэрээгээ хийе гээд 1 сарын хугацаатай зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулсан. Түүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрч зээлсэн мөнгөө өгөөгүй. Мөнгөө нэхэхээр өнөө маргаашгүй мөнгө бүтнэ, удахгүй өгнө гэж худлаа хэлсээр өдий хүрсэн. Ядаж барьцаанд яриад байсан байраа тавь гэхэд байрууд бүгд барьцаанд байгаа гээд бүтээгүй. Мөнгөө өгөхгүй явсаар 2017 он гарсан тул 2017 оны 01 сарын 31-нд зээлийн гэрээгээ дахин шинэчилж байгуулсан. Энэ хугацаанд мөнгөө өгөөгүй удааж чирэгдүүлсэн тул Д.С 10 000 000 төгрөгийг хүүнд чинь өгье гэж төлсөн. Би өөрөө Да Хүрээ зах дээр машины ченж хийдэг тул дээрхи 50 000 000 төгрөг байсан бол эргэлтэнд оруулж тэр хэмжээгээр ашигтай ажиллах байсан нь тодорхой юм. Барьцаанд байр тавих нь бүтэхгүй болсон тул шаардаж байж 2017 оны 8 дугаар сард 2010 оны хар өнгөтэй Range Rover 0789 УБП улсын дугаартай машиныг түр барьцаа болгож аваад энэ хугацаанд мөнгө өгөөгүй учраас уг машиныг 2017 оны 10 сарын 26-нд өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Уг машин нь кроп гэмтэлтэй эвдэрхий байсан бөгөөд барьцаанд тавихдаа Д.С нь өөрийн гар утсан дээрээ километрын заалтыг зургаар баталгаажуулж авсан. Иймд Д.Сгээс үндсэн зээлийн 50 000 000 төгрөг, зээлийн гэрээнд заасан хүү 1 600 000 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 25 800 000 төгрөг бүгд 77 400 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Д.Сд 50 000 000 төгрөгийг зээлсэн, хугацаандаа мөнгөө буцаан төлөөгүй учир нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан, 10 000 000 төгрөгийг хүүнд нь гэж өөрөө төлсөн, үндсэн зээлэнд төлөөгүй. Тиймээс үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 1 600 000 төгрөг, алданги 25 800 000 төгрөг, нийт 77 400 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч Д.Сгийн барьцаа гэж өгсөн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Тиймээс уг автомашиныг 40 000 000 төгрөгт тооцож, зээлийн гэрээний үүргээс хасч үлдэх 37 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөхгүй, машиныг хариуцагч ч өөрөө хүлээн зөвшөөрөөд надад шилжүүлэн өгсөн, би өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, гэхдээ 75 000 000 төгрөгөөр тохироогүй, тиймээс зээлийн гэрээнээс үлдэх 37 400 000 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч Д.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.С миний бие иргэн П.Дтай анх 2016 онд танилцаж өөрт байгаа болон найздаа байгаа машинуудыг бизнесийн шугам болон наймаа солилцоогоор орж ирсэн машинуудыг хамгийн түрүүнд Дд дуулгаж хямдаар буюу зах зээлийн үнээс 5-10% бууруулан зарж борлуулан танилцсан. Надад нэг өдөр мөнгөний хэрэг гараад Даас асуутал надад 50 000 000 төгрөгийг туслаж шилжүүлнэ гэсэн. Би баярлан ажлаа бүтээсэн. Үүнээс хойш барилгын ажил удааширч мөнгө санхүүгээр суух болсон. Тэгээд би Дтай ярьж уулзахаар болж учраа хэлж тайлбарлан найз нь одоо мөнгө алга, чамтай зээлийн гэрээ байгуулья гэж хэлтэл тэр зөвшөөрсөн. Үүнээс хойш би Дын дансруу 10 000 000 төгрөгийг нь шилжүүлсэн, зээлийг хугацаандаа бүрэн төлж чадахгүйд хүрсэн. 2017 оны 7 сард буюу наадмын дараахан Д надруу залган чамд бэлэн мөнгө байхгүй байгаа бол чамд зарах машин байвал би авья гэж хэлсэн. Надад тэр үед бэлэн машин байгаагүй, харин надад бас авлагатай нэг хүн байдаг байсан, тэр хүн мөнгөнийхөө оронд намайг машин авч болно гэдэг байсныг санаж би тэр авлагатай хүн болох иргэн Ж.Болдруу залгаж ямар машин байгаа болохыг, мөн ямар үнэтэй машин болохыг лавлан асууж залгасан. Болд надад 200-гаад сая төгрөгний өглөгтэй байсан тэгээд 2010 онд үйлдвэрлэгдсэн Range rover sport маркийн 75 000 000 төгрөгийн үнэлгээтэй машин санал болгож өгөх боломжтой гэж хэлсэн, уг машиныг хэрэв би авахыг хүсвэл уг машин нь банк бус санхүүгийн байгууллага дээр зээлэнд байгаа авахаар бол суллаж өгнө гэдгээ хэлэн тайлбарласан. Би Болдоос сонссон бүх мэдээллээ Дд тайлбарлан хэлсэн, үүнээс хойш Д байнга залгаж, тэр машиныг чинь үзээд таалагдвал өр төлбөр тооцоондоо бодож авья гэсэн. 2017 оны 8 сарын 02-нд уг машиныг Д бүрэн бүтэн байдалтайгаар хүлээн авч өөрт нь маш их таалагдаж, өөрөө зарж борлуулан учраа олно гэж хэлээд харин өөрийнхөө нэр дээр аль болох хурдан шилжүүлэн өгөхийг хүссэн. Миний бие
Дд 2017 оны 10 дугаар сарын 26-нд уг машиныг нэр дээр нь шилжүүлэн өгч тооцоо бүрэн дууссан болно. Гэтэл саяханаас гэнэт надруу залгаж машин болохгүй байна, янзалж засах арга чарга байна уу гэж асуух болсон, уг машиныг Д нь 5,6 сар унаж дээр нь миний мэдэхийн Дундговь аймаг руу хадамындаа очихдоо байнга унаж явдаг байсан. Иймд би маш их гомдолтой байна. Д надаас дансаар 10 000 000 төгрөг дээр нь 75 000 000 төгрөгийн үнэ бүхий машин бүрэн бүтэн хүлээн авчихаад гэнэт эвдэж ирчихээд ярих, ярихгүй үгээр доромжлон сүрдүүлэх боллоо. Тиймээс уг асуудлыг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэхэмжлэгч П.Даас 50 000 000 төгрөгийг зээлсэн, зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан нь үнэн. Гэхдээ 10 000 000 төгрөгийг хүүнд гэж өгөөгүй, үндсэн зээлэндээ төлсөн. Мөн мөнгө өгч чадахгүй байсан тул нэхэмжлэгчийн өөрийнх нь зөвшөөрснөөр автомашиныг хүлээлгэн өгөөд тооцоо дууссан. Уг автомашиныг 75 000 000 төгрөгөөр тооцохоор болсон. Гэтэл гэнэт л зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж, машиныг эвдэрсэн гэж байгаад гомдолтой байна. Хэрвээ машин эвдэрхий гэж байгаа бол надад машиныг буцаагаад өгөөд би 55 000 000 төгрөгийг хугацаа тохироод төлье, эсхүл машины эвдэрлийг би засаад өгье гэсэн санал тавьж байна. Хэрэв үүнийг зөвшөөрөхгүй гэж байгаа бол би нэхэмжлэгчид 10 000 000 төгрөгийг төлсөн, мөн машиныг нэр дээр нь шилжүүлэн өгсөн тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Д.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч П.Д, хариуцагч Д.С нар нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүйгээр зээлж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй дүнгээс 0,3 хувийн алдангийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Мөн нэхэмжлэгч П.Д, хариуцагч Д.С нар нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 50 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацаагаар сарын 3,2 хувийн хүүтэй, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөөгүй дүнгээс хоногийн 0,3 хувийн алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 3-4-р хуудас/
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 40 000 000 төгрөг, Ц.Жамьяндоржийн данснаас 10 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан, хариуцагч нь уг 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, мөн уг гэрээг шинэчлэн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус тус зээлийн гэрээг бичгээр байгуулсан талаар маргаагүй болно. /хэргийн 5, 6-р хуудас/
Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн болон 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг хариуцагч Д.Сд шилжүүлсэн, тохирсон хугацаандаа мөнгөө буцааж төлөөгүй тул үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 1 600 000 төгрөг, алдангид 25 800 000 төгрөг, нийт 77 400 000 төгрөгнөөс хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн автомашиныг 40 000 000 төгрөгт тооцож, үлдэх 37 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөгийг буцаан өгсөн, мөн автомашиныг 75 000 000 төгрөгт тооцож шилжүүлсэн тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөгийг, Range Rover маркийн 0789УБП улсын дугаартай автомашиныг хүлээн авсан талаараа маргаагүй боловч 10 000 000 төгрөг нь хүүнд тооцож өгсөн, Range Rover маркийн автомашиныг 75 000 000 төгрөгт тооцохоор тохиролцоогүй, зээлийн үүрэгт шилжүүлсэн тул 40 000 000 төгрөгт тооцно гэж мэтгэлцсэн.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний 2-д “талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүнд зээлдэгч нь 10 000 000 төгрөгийн хүүг зээлдүүлэгчид төлсөн болно” гэсэн боловч талуудын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд “...хүүгүйгээр зээлдүүлэв” гэж гэж харилцан тохиролцсон, хариуцагч нь нэхэмжлэгчид хүү төлөх талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт буцаан өгсөн 10 000 000 төгрөгийг хүүнд тооцсон гэсэн нь үндэслэлүй байна гэж үзэв.
Хариуцагч нь Range Rover маркийн 0789УБП улсын дугаартай автомашиныг 75 000 000 төгрөгт тооцон шилжүүлсэн болох нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн баталгаагаар нотлогдоно, мөн Land Rover Range Rover маркийн автомашин нь зах зээлийн ханш нь 35-50 сая төгрөгт байдаг болох нь Унаа.мн сайт болон автомашины зарын мэдээллээр тогтоогдоно гэсэн боловч хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн баталгаанд “...Ж.Болд миний бие нь Д.Сд 75 000 000 төгрөгийн өр төлбөрт 2010 онд үйлдвэрлэгдсэн Range rover sport маркийн автомашиныг бүрэн бүтэн байдалтайгаар хүлээлгэн өгч, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан болно” гэсэн байх бөгөөд хариуцагч нь Ж.Болдоос 75 000 000 төгрөгт тооцож авсан боловч нэхэмжлэгч П.Дд 75 000 000 төгрөгт тооцож өгсөн, энэ талаар тохиролцсон гэдэг нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна. /хэргийн 17, 22-25, 40-41-р хуудас/
Гэвч зохигч талууд автомашиныг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн талаараа маргаагүй, уг автомашин нь одоо нэхэмжлэгч П.Дын өмчлөлд байгаа, түүний өмчлөлд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн талаараа хүлээн зөвшөөрсөн болно.
Зохигч автомашины үнийн талаар маргаж, шүүхээс автомашины үнэлгээг тогтоолгохоор талуудын хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд шинжээч “Вагнер Ази автомотив” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18/03-27 тоот дүгнэлтээр автомашиныг 40 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 2018 оны 3 сарын 01-ний байдлаар км заалт нь 54 290 километр байсан болно” гэсэн байх тул автомашины үнийг 40 000 000 төгрөгт тооцох үндэслэлтэй байна гэж үзэв. /хэргийн 33-35-р хуудас/
Нэхэмжлэгч нь уг автомашиныг эвдрэлтэй байгаа, завсарын зардалд 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 05/18-11 тоот Вагнер Ази автомотив ХХК-ийн дүгнэлтэд “...хурдны хайрцагийг шинээр солих шаардлагатай байна” , засварын зардал нь 42 042 085 төгрөг” гэсэн боловч автомашиныг буцаан хариуцагч өгөх талаар зөвшөөрөөгүй, мөн засварын зардлыг нэхэмжлээгүй тул уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд зохигч талуудын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус зааснаар хүү, алданги тооцохоор тохиролцсон байгаа тул нэхэмжлэгч П.Д нь гэрээний дагуу хүү, алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй, хуулийн дагуу шаардах эрхтэй байна.
Хариуцагч Д.Сгээс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу тооцоход хариуцагч нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 1 600 000 төгрөг, нийт 51 600 000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс буцаан төлсөн 10 000 000 төгрөгийг хасч, үлдэх 41 600 000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Мөн зохигчийн байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний 3-д алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс автомашиныг өмчлөлд шилжүүлэн өгсөн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 6 сар 23 хоног буюу 203 хоногт 25 334 400 төгрөг байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар 41 600 000 төгрөгний 50 хувь болох 20 800 000 төгрөгөөр тооцож, нийт 62 400 000 төгрөгний үүргийг төлөхөөс автомашины үнэ 40 000 000 төгрөгийг хасч үлдэх 22 400 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв. /51 600 000-10 000 000 =41 600 000, 41 600 000 :2=20 800 000 төгрөг=41 600 000+ 20 800 000=62 400 000-40 000 000 =22 400 000/
Иймд хариуцагч Д.Сгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 22 400 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Д.Сгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22 400 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 544 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 269 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН