Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1388

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/01388

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 47-35 тоотод оршин суух  Цагаанзалаа овогт Бадарчийн Бын /РД:ЙС65032601/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино тосгон, өөрийн байранд байрлах Д,

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-16, Засгийн газрын 9 байранд байрлах Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 6 038 276 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ишжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов. 

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаартай тогтоолын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь 2017 оны 10 дугаар  сарын 17-ны өдөр иргэн Б.Б намайг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эрхэлж байсан ажил болох Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар томилсон 415 дугаар тогтоолыг гаргасан. Гэтэл би уг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолын дагуу ажлаа эгүүлэн 2018 оны 01 дүгээр сарын 23-нд хүлээж авсан. Энэ хугацааны цалингаа шүүхэд нэхэмжилсэн байсан боловч ажлаа хүлээж авсан болохоор нэхэмжлэлээ буцаан татсан нь миний алдаа буруутай үйлдэл болжээ. Учир нь ТӨБЗГ нь ажлаа хүлээж авахаас өмнөх хугацааны цалинг өгөхгүй, шүүхэд хандаж ав гэсэн тул шүүхэд нэхэмжпэл гаргаж байгаа болно. Мөн дээрх хугацааны цалинг нөхөн авсан ч НДШ бөглөгдөхгүй тул шүүхэд хандаж байгаа болно. Иргэн Б.Б миний буруугаас биш, надаас үл шалтгаалан ажилд томилогдохоос өмнөх 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойшхи хугацааны ажлын 9 хоног болон ажилд томилогдсон 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс уг тогтоолыг хэрэгжүүлж ажлаа хүлээж авсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан 67 хоногийн цалинг Улсын Дээд шүүхээр тогтоосон цалин болох сүүлийн 3 сарын дундаж цалин 1.747.916 төгрөгөөр гаргуулах үндэслэлтэй байна. Хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02143 дугаартай ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох шийдвэр гарснаас хойш 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ажилд эгүүлэн томилсон 415 дугаар тогтоол гарах хүртэлх ажлын 9 хоног, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажил эгүүлэн томилогдсноос хойш 2018 оны 01 дүгээр сарын 23-ны ажлаа хүлээж авсан өдөр хүртэл 67 хоногийг нэмээд бүгд 76 хоног ажилгүй байсан байна. Дээрх ажилгүй байсан 76 хоногийн хугацааны цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдснээр тогтоосон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2016 оны 864 дугаар шийдвэр, Дээд шүүхээр тоггоосон 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 344 дугаар тогтоолын дагуу нэг өдрийн цалинг 79.451 төгрөгөөр тооцож нийт 76 хоног х 79.451 төгрөг=6.038.276 төгрөгийг Биокомбинат ТӨААТҮГ болон ТӨБЗГ-аас нэхэмжлэн гаргуулах үндэслэлтэй байна. Иргэн Б.Б би нэхэмжлэлийн дараах 2 шаардлагыг хангуулахаар нэхэмжилж байна.

1.Өөрийн эрхэлж байсан ажил 3 шатны шүүхээр эгүүлэн томилогдсон Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын цалинг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47-р зүйлд зааснаар аваагүй цалин хөлс болох 6.038.276 төгрөгийг Биокомбинат ТӨААТҮГазраас ТӨБЗГ-ын зөвшөөрлөөр гаргуулж өгөхийг нэхэмжилж байна.

2.Дээрх уг нэхэмжлэлийн дагуу олгож байгаа цалин хөлснөөс Хөделмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ болон ТӨБЗГ-т даалгаж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэхдээ шүүхэд “Биокомбинат” ТӨААТҮГ болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч миний зүгээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж, түүнийг хариуцагчаас хассан билээ.

Тиймээс “Биокомбинат” ТӨААТҮГазраас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэж байгаа. Миний бие “Био комбинат” ТӨААТҮГ-ын захирлын сонгон шалгаруулалтад орж эхний байр эзэлж томилогдон ажиллаж байгаад 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаас хууль бусаар ажлаас халагдсан. Ингээд Монгол Улсын 3 шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон юм. Гэвч ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдэхгүй явсаар байгаад 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүрсэн. Энэ хугацаанд Б.Б би ажилгүй байсан хугацааны цалинг 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж авсан болно. Ингээд хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай шийдвэр гарсан. Үүнээс хойш 7 хоногийн дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шүүхийн шийдвэрийг биелүүлэн иргэн Б.Быг ажилд эргүүлэн томилсон 415 дугаар тогтоолыг гаргасан. Ингээд энэ хооронд ажил хүлээлцээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэж байна. Би тухайн үед шүүхэд цалингаа нэхэмжилж хандсан, нэхэмжлэл гаргахдаа хоёр хариуцагч татсан байсан. Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нэхэмжлэлийг гардаж авсан байсан. Хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй байсаар байгаад 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүрсэн, тэгээд намайг ажлаа хүлээн аваад байж байтал 2018 оны 1 дүгээр сарын 29, 30-ний үед хоёр цагдаа ирээд та шүүхэд очиж нэхэмжлэлээ ав гэж хэлэхээр нь би гайхаад ямар нэхэмжлэл болохыг асуухад танай “Биокомбинат” ТӨААТҮГ-ын Б гэдэг хүн нэхэмжлэлээ гардаж аваагүй байна, шүүгчийн захирамж гарсан байна гэж хэлсэн. Ингээд би нэхэмжлэгч нь би өөрөө байна, өөрөө хариуцагч болчихсон сууж байна гээд шүүхэд очиж, ажилдаа эргүүлэн томилогдсон учраас одоохондоо шийдвэрлүүлэх боломжгүй болчихлоо, нэхэмжлэлээ татаж авъя гээд шүүхэд хүсэлтээ өгсөн. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталсан шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжид нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан байдаг. Энэ хугацаанд би ажлаа авсан байсны улмаас нэхэмжлэл гаргах завгүй явж байгаад Төрийн өмчийн бодлого төлөвлөлтийн, удирдлагын хэлтсийн даргатай уулзаад цалингаа аваагүй байгаа томилогдсон өдөр хүртэлх цалингаа заавал шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэл гаргах ёстой юу гэж асуухад минь шүүхэд нэхэмжлэл гаргаад авна гэсэн. Тиймээс л дахин шүүхэд хандсан боловч шүүх нэхэмжлэлийг Онолбаатарт холбогдуулан гаргасан эсэх нь тодорхойгүй гээд хүлээн авахаас татгалзсан байсан, би нэхэмжлэлээ засаад өгсөн. Нэхэмжлэлдээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг хариуцагчаар татсан байсан нь ёс зүйн хувьд удирдах дээд байгууллагыг оруулъя гэж бодоод хоёр хариуцагчийн нэгээр татсан юм. Гэхдээ энэ нь шаардлагагүй гэж үзээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг хариуцагчаас чөлөөлсөн. Гэтэл өнөөдөр гуравдагч этгээдээр оролцож байна. Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн тайлбарыг зөвшөөрөхгүй. Уг тайлбараас нь харахад нэхэмжлэлийн шаардлагыг сайн уншаагүй юм байна гэж ойлгосон. Уг тайлбарт хуулийн үндэслэлтэй зүйл харагдахгүй байна. Контрактын гэрээ байгуулаагүй, гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, энэ талаар би хангалттай сайн тайлбарласан. Контрактын гэрээ байгуулаагүй нь үнэн. Энэ талаар тусдаа шүүх дээр явж байгаа. Би ажилласан хугацааныхаа цалингаа аваагүй, гэхдээ би үүнийг нэхэмжлээгүй. Энэ бас тусдаа асуудал юм. Би зөвхөн 2017 оны 10 дугаар сарын 10-наас 2018 оны 1 дүгээр сарын 23-ныг хүртэл ажлаа хүлээж авах хүртэлх цалингаа нэхэмжилж байгаа юм. Иргэн хүний хувьд би маш их хохирч явдаг. Эцсийн эцэст би төрийн эрх ашгийн төлөө явдаг. Өнөөдөр ч улсын эрх ашгийн төлөө явж байгаа. Учир нь шударга ёс гэдэг зүйл Монгол Улсад байх ёстой. Иймд миний нэхэмжлэлийн 2 шаардлагыг хангаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

 

Хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирал В.Дарханбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус дүүргийн шүүхэд Б.Боос “Биокомбинат” ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардпага дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаартай тогтоолоор Б.Быг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргасан байдаг. Тус тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Б.Быг 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 415 дугаартай тогтоолоор урьд эрхэлж байсан ажил болох “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар эгүүлэн томилсон. Б.Б нь ажлаа 2018 оны 01 дүгээр сарын 23-ны едөр хүлээж авсан байдаг. Гэвч Б.Б нь Төрийн өмчийн бодпого зохицуулалтын газартай контрактын гэрээгээ байгуулаагүй, “Биокомбинат” ТӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон тус газрын ажиллагсдаас удаа дараа Б.Бод холбогдуулан гомдол ирүүлж байсан зэргээс үүдэн дээрх асуудлыг судалж шийдвэрлэх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор өмнө гаргасан 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 415 дугаартай тогтоолыг ЭБЗГ-аас 2018 оны 04 сарын 03-ны өдрийн 72 дугаартай тогтоолоор түр түдгэлзүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 10 сарын 17-ны өдрөөс ажлаа хүлээн авсан өдөр буюу 2018 оны 01 сарын 23-ныг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шаардаж нэхэмжлэл гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гомдлоо 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах ёстой юм. Нэхэмжлэгч Б.Быг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан байхад цалин хөлсний талаарх гомдлоо 2018 оны 03 сарын 28-ны өдөр гаргасан тул гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна. Мөн Б.Б нь өнөөг хүртэл контрактын гэрээгээ ТӨБЗГ-тай байгуулаагүй, контрактын гэрээний зарим зохицуулалтыг хүлээн зөвшөөрөлгүй гарын үсэг зурахаас татгалзсан. Нэгэнт контрактын гэрээ байгуулагдаагүй тул гэрээ байгуулагдаагүй үеийн цалин хөлсийг тооцож олгох үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь түүнийг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь олгосон. Мөн нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажилд нь эгүүлэн тогтоосон. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 129 дүгээр зүйлд заасан 3 сарын дотор гомдол эрхтэй байхад хугацаа хэтрүүлэн гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

    Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд иргэн Б.Бын ажилгүй байсан 76 хоногийн цалин 6 038 276 төгрөг гаргуулах, төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, дэвтэрт бичилт хийхийг “Биокомбинат” ТӨҮГ болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор Б.Быг “Биокомбинат” ТӨҮГ-ын захирлаар эгүүлэн томилж, Б.Бтой контрактыг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулахыг үүрэг болгосон. Тус тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны А/160 дугаар тушаалаар ажил хүлээлцэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан “Биокомбинат” ТӨҮГ-т иргэн Б.Бын ажлыг хүлээлцүүлэхээр газар дээр нь очиж ажилласан боловч тус үйлдвэрийн газрын хамт олон, албан хаагчид, үйлдвэрчний эвлэл, ажилчдын түр хороо зэргээс Б.Быг ажилд эгүүлэн тавихыг эсэргүүцэж ажлын хэсэгт мэдэгдэл, шаардлага зэргийг хүргүүлж, шийдвэрээ эргэж нягтлахыг хүсэж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн болно. Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/3019, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-1/3436 дугаар албан бичгээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь заалтын дагуу шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлэх хүсэлт хүргүүлсэн болно. Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажлын хэсэг гарч манай байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хамт 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Биокомбинат” ТӨҮГ-т ажиллан Б.Бод захирлын ажлыг хүлээлцүүлсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 415 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тусламжтайгаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ТӨБЗГ болон  Биокомбинат ТӨҮГ хариуцан төлөх үүрэг байхгүй гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ишжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь манай байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан тул бид хүсэлт гаргаж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа, миний зүгээс гуравдагч этгээд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд манай зүгээс шүүхэд өгсөн тайлбар ч гуравдагч этгээдийн байр сууринаас өгсөн тайлбар юм. Б.Быг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоосон. Ажлын хэсэг байгуулж, байгууллага дээр нь 3 удаа ч очиж ажилласан, 2018 оны 01 дүгээр сарын 23-нд ШШГГазрын ажлын хэсэг очиж ажлыг нь хүлээлцсэн. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 25-нд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 02 дугаар сарын 01-нд татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тиймээс 1 асуудлаар дахин нэхэмжлэл гаргаад байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байхад дахин нэхэмжлэл гаргасан байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Дт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 6 038 276 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилд эгүүлэн томилохгүйгээр хохироосон тул ажилгүй байсан хугацааны олговорт 6 038 276 төгрөгийг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон, мөн хуульд зааснаар 3 сарын дотор гомдлоо гаргах эрхтэй боловч хугацаа хэтрүүлэн шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж маргасан.

Гуравдагч этгээд шүүх нэхэмжлэгчийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр №415 дугаар тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоосон, ажлын хэсэг байгуулж 3 удаа очиж ажилласан, 2018 оны 01 дүгээр сарын 23-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажлын хэсэг очоод ажилд нь эгүүлэн тогтоосон тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна гэсэн.

 

Нэхэмжлэгч Б.Быг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 910 000 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Дт даалгаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 7-13-р хуудас/

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 тоот магадлалаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 169 дугаар тогтоолоор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 14 тоот магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хэргийн 14-19-р  хуудас/

Уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч нь нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан “Биокомбинат” ТӨААТГ-ын захирлын ажилд нь эгүүлэн аваагүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02143 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-с 20 260 005 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар  Б.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Дт даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 60 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

            2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 415 дугаар “Б.Быг ажилд эгүүлэн томилох тухай” тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4139 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 14 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2015 оны 167 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Бадарчийн Быг “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эгүүлэн  томилжээ. /хэргийн 30-р хуудас/

            Гэвч 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 415 дугаар “Б.Быг ажилд эгүүлэн томилох тухай” тогтоолоор нэхэмжлэгчийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар эгүүлэн томилсугай гэсэн боловч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Быг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын албан тушаалд эгүүлэн томилсон болох нь хэрэгт авагдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/3019 тоот, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-1/3436 тоот албан бичгүүд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд  талууд энэ талаар маргаагүй болно. /хэргийн 25-р хуудас/

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байхад дахин шүүхэд хандсан гэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэгчийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгч дахин шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Мөн гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Б.Б нь тус дүүргийн шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ, Төрийн өмчийн бодлго, зохицуулалтын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 4 449 256 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан боловч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч, энэ талаараа хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авах”-аар зааснаар шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хэргийн 6-р хуудас/

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд дахин зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй байна гэж үзэв.

Мөн хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээд нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг ажилд нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эгүүлэн тогтоосон тогтоол гарсан тул шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, 3 сарын дотор шүүхэд хандах байсан гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд зохигч талууд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тогтоол гарсан боловч ажилд нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эгүүлэн тогтоосон талаар маргаагүй, нэхэмжлэгч нь түүнийг ажилд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эгүүлэн тогтоосон боловч ажилгүй байсан хугацааны цалинг нь олгоогүй гэж 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 169 дугаар тогтоол гарснаас хойш хариуцагч нь ажилд эгүүлэн томилоогүй, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажилд  нь эгүүлэн тогтоосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн өмнөх ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00864 дүгээр, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02143 дугаар шүүхийн шийдвэрүүдээр тооцон гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийсэн байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс ажилд эгүүлэн авах тушаал гарч, ажилд эгүүлэн томилсон 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн дундаж цалинг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02143 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 60 дугаар магадлалаар нэг сарын дундаж цалин 1 747 916 төгрөг, нэг өдрийн дундаж цалинг 79 451 төгрөгөөр тооцож гаргуулсныг нэхэмжлэгч маргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хэргийн 6-12-р хуудас/

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 3 сар, 13 хоногийн цалин нийт 6 276 611 төгрөг /1 747 916 х 3сар=5 243 748, 79 451 х 13хоног=1 032 863, 5 243 748+1 032 863=6 276 611/ байгаа боловч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинд 6 038 276 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хариуцагчаас 6 038 276 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

           

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

            Иймд хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-т нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Даас нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 038 276 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Дт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-с улсын тэмдэгтийн хураамжид 112 000 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН