Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагва,

Шүүгдэгч: Б.Тогтохбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дөлгөөн овгийн Баатарын Тогтохбаатарт холбогдох 2226003180221 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                              

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ................ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Дөлгөөн овгийн Баатарын Тогтохбаатар /РД:ЙИ92041710/

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Тогтохбаатар нь 2022 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ................ тоотод гэртээ хохирогч Б.Самдангийн зүүн гарын бугуй, шуу хэсгээс базаж татаж, газарт түлхэн унагаан зүүн хөлийн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсний улмаас“ зүүн гарын бугалга, шуу, зүүн дал, зүүн гуя хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Тогтохбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                                                                                                                  

Хохирогч Б.Самдан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 34-4 тоотод гэртээ өөрийн нөхөр болох Б.Тогтохбаатар болон хүүхдийн хамт амарч байсан юм. 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 02 цагийн үед манай нөхрийн утас руу найз нь болох Оюунсүрэн залгаад “та хоёр уулан дээр гараад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь Тогтохбаатар бид хоёр хүүхдээ хажуу айлдаа үлдээгээд хамт уул руу гараад Оюунсүрэнтэй уулзсан. Тухайн үед Оюунсүрэн нь өөрийн эхнэр болох Отгонсүрэнгийн хамт явж байсан. Тэгээд бид дөрөв уулзаад Б.Тогтохбаатар, Оюунсүрэнтэй 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” архи хувааж уусан. Тэгээд ууж байсан юмнуудаа дуусгаад Б.Тогтохбаатар бид хоёр хажуу айлаасаа хүүхдээ аваад гэр лүүгээ орсон. Тэгээд гэрт ороод Б.Тогтохбаатар намайг хэл амаараа доромжлоод миний зүүн гарын бугуй хэсгээс базаад татсан. Тэгээд намайг гэрийн гадаа гаргаад цээж хэсэг рүү түлхэж газар унагаагаад миний зүүн хөлийн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би хашааны гадаа гараад цагдаад дуудлага өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 38-39 хуудас/,

           

Шүүгдэгч Б.Тогтохбаатар мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 499 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. Б.Самдангийн биед зүүн гарын бугалга, шуу, зүүн дал, зүүн гуя хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 15-16 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Самдангийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 6-8, 40 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Тогтохбаатарын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, /хх-ийн 52-56 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Тогтохбаатарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Тогтохбаатарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Тогтохбаатар нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 94 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Б.Тогтохбаатарын хүсэлтийг хангаж, яллагдагч Б.Тогтохбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, яллагдагч Б.Тогтохбаатар нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Б.Тогтохбаатарт холбогдох 2226003180221 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно”, 16.2 дугаар зүйлийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” гэж тус тус хуульчилжээ.

 

 Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 172 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн хохирогч Б.Самдангийн мэдүүлэгт “Б.Тогтохбаатар намайг хэл амаараа доромжлоод миний баруун гарын бугуй хэсгээс базаад татсан. Тэгээд намайг гэрийн гадаа гаргаад цээж хэсэг рүү түлхэж газар унагаагаад миний баруун хөлийн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн.” гэж бичсэн боловч шүүгдэгч Б.Тогтохбаатар нь 2022 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 34-04 тоотод гэртээ хохирогч Б.Самдангийн зүүн гарын бугуй, шуу хэсгээс базаж татаж, газарт түлхэн унагаан зүүн хөлийн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн болох нь хохирогч Б.Самдангийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 499 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

           

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Тогтохбаатар нь 2022 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 34-04 тоотод гэртээ хохирогч Б.Самдангийн зүүн гарын бугуй, шуу хэсгээс базаж татаж, газарт түлхэн унагаан зүүн хөлийн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсний улмаас“ зүүн гарын бугалга, шуу, зүүн дал, зүүн гуя хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.         

 

 Шүүгдэгч Б.Тогтохбаатар нь 2022 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 34-04 тоотод гэртээ хохирогч Б.Самдангийн зүүн гарын бугуй, шуу хэсгээс базаж татаж, газарт түлхэн унагаан зүүн хөлийн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсний улмаас“ зүүн гарын бугалга, шуу, зүүн дал, зүүн гуя хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тогтохбаатарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Самдангийн 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 34-4 тоотод гэртээ өөрийн нөхөр болох Б.Тогтохбаатар болон хүүхдийн хамт амарч байсан юм. 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 02 цагийн үед манай нөхрийн утас руу найз нь болох Оюунсүрэн залгаад “та хоёр уулан дээр гараад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь Тогтохбаатар бид хоёр хүүхдээ хажуу айлдаа үлдээгээд хамт уул руу гараад Оюунсүрэнтэй уулзсан. Тухайн үед Оюунсүрэн нь өөрийн эхнэр болох Отгонсүрэнгийн хамт явж байсан. Тэгээд бид дөрөв уулзаад Б.Тогтохбаатар, Оюунсүрэнтэй 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” архи хувааж уусан. Тэгээд ууж байсан юмнуудаа дуусгаад Б.Тогтохбаатар бид хоёр хажуу айлаасаа хүүхдээ аваад гэр лүүгээ орсон. Тэгээд гэрт ороод Б.Тогтохбаатар намайг хэл амаараа доромжлоод миний зүүн гарын бугуй хэсгээс базаад татсан. Тэгээд намайг гэрийн гадаа гаргаад цээж хэсэг рүү түлхэж газар унагаагаад миний зүүн хөлийн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Тогтохбаатарын үйлдлийн улмаас хохирогч Б.Самдангийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 499 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Самдангийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Б.Тогтохбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Тогтохбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 499 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Самдангийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

                                                                    

Шүүгдэгч Б.Тогтохбаатарын 2022 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 34-04 тоотод гэртээ хохирогч Б.Самдангийн зүүн гарын бугуй, шуу хэсгээс базаж татаж, газарт түлхэн унагаан зүүн хөлийн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсний улмаас“ зүүн гарын бугалга, шуу, зүүн дал, зүүн гуя хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Дөлгөөн овгийн Баатарын Тогтохбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Тогтохбаатар нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Б.Тогтохбаатар өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээж байна” гэсэн.

 

Шүүгдэгч Б.Тогтохбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Тогтохбаатарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Тогтохбаатарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Тогтохбаатар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Б.Тогтохбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тогтохбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

           

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Тогтохбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Дөлгөөн овгийн Баатарын Тогтохбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тогтохбаатарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тогтохбаатар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч Б.Тогтохбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тогтохбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Тогтохбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ