| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2022/0103/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/241 |
| Огноо | 2022-08-25 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунбилэг, Б.Манлайбаяр,
Шүүгдэгч А.А-, А.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-, А.Б- нарт холбогдох эрүүгийн 2138000000585 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.А-,
Монгол улсын иргэн, А.Б-,
Шүүгдэгч А.А-, А.Б- нар нь 2021 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун эх” гэх нэртэй газраас мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас өөр газарт мөн мод бэлтгэх арга, огтлолын төрөл зөрчиж ойгоос 11.6602 м3 модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж экологид 1.966.551 төгрөг буюу 5.899.653 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А-, А.Б- нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэр “Хонгор” гэх газраас өөр газарт буюу Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэр “Баруун эх” гэх газраас мод бэлтгэх арга, огтлолын төрөл зөрчиж ойгоос түлшний зориулалтаар 11.6602 м3 босоо шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, иргэн Д.А-ын эзэмшлийн “Портер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, улсын дугааргүй “FOTON LOVOL 250” маркийн бага оврын трактор зэргийг ашиглан цагаалж бэлтгэн экологид 1.966.551 төгрөгийн шууд хохирол, нийт 5.899.653 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгч А.А-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч А.А-, А.Б- нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч А.А-, А.Б- нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэр “Хонгор” гэх газраас өөр газарт буюу Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэр “Баруун эх” гэх газраас мод бэлтгэх арга, огтлолын төрөл зөрчиж ойгоос түлшний зориулалтаар 11.6602 м3 босоо шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, иргэн Д.А-ын эзэмшлийн “Портер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, улсын дугааргүй “FOTON LOVOL 250” маркийн бага оврын трактор зэргийг ашиглан цагаалж бэлтгэн экологид 1.966.551 төгрөгийн шууд хохирол, нийт 5.899.653 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Ойн тухай хуулийн 3.1.1-д “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг; 3.1.2-д “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг” гэж заасан байх тул ойгоос хууль бусаар бэлтгэсэн мод нь бүхэлдээ ойн санд хохирол учруулсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч А.А-, А.Б- нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 5.899.653 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.А-, А.Б- нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 5.899.653 төгрөгийг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан нөхөн төлөхөө бичгээр илэрхийлж байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч нараас байгаль экологид учруулсан хохирол 5.899.653 (таван сая найман зуун ерэн есөн мянга зургаан зуун тавин гурав) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.А-, А.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч А.А-, А.Б- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.А-, А.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал, шүүгдэгч А.А-ын өмгөөлөгч Д.Оюунбилэг, шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын: “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээг авч өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгч А.А-, А.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-, А.Б- нар нь ахин гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1.966.551 (нэг сая есөн зуун жаран зургаан мянга таван зуун тавин нэг) төгрөгийн үнэлгээтэй 11.5 куб метр түлшний зориулалтаар бэлтгэсэн хуурай шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож хураан авч улсын орлогод оруулж,
Шүүгдэгч А.А-, А.Б- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.А-ын эзэмшлийн “Портер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Д.А-ын эзэмшлийн улсын дугааргүй FOTON LOVOL 250 маркийн бага оврын тракторын үнэ 3.000.000 (гурван сая) төгрөгийг шүүгдэгч А.А-, А.Б- нараас хувь тэнцүү хуваан гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан 600.347 (зургаан зуун мянга гурван зуун дөчин долоо) төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн А.А-ын эзэмшлийн “Маяти-2” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч А.А-од буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бариул хэсэг нь хугарсан, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Шүүгдэгч А.А-, А.Б- нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.А-, А.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.А-, А.Б- нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.А-, А.Б- нарт тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-, А.Б- нар нь санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч А.А-, А.Б- нараас байгаль экологид учруулсан хохирол 5.899.653 (таван сая найман зуун ерэн есөн мянга зургаан зуун тавин гурав) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1.966.551 (нэг сая есөн зуун жаран зургаан мянга таван зуун тавин нэг) төгрөгийн үнэлгээтэй 11.5 куб метр түлшний зориулалтаар бэлтгэсэн хуурай шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож хураан авч улсын орлогод,
шүүгдэгч А.А-, А.Б- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.А-ын эзэмшлийн “Портер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Д.А-ын эзэмшлийн улсын дугааргүй FOTON LOVOL 250 маркийн бага оврын тракторын үнэ 3.000.000 (гурван сая) төгрөгийг шүүгдэгч А.А-, А.Б- нараас хувь тэнцүү хуваан гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан 600.347 (зургаан зуун мянга гурван зуун дөчин долоо) төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн А.А-ын эзэмшлийн “Маяти-2” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч А.А-од буцаан олгосугай.
8. Эрүүгийн 2138000000585 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бариул хэсэг нь хугарсан, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч А.А-, А.Б- нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-, А.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР