Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/605

 

 

 

 

 

 

 

       2022         05          10                                        2022/ШЦТ/605  

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 сарын 04-ний өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Шүрэн зоог” зоогийн газарт тогооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,

Боржигин овогт Б.М /РД:УП0225.../

 

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Б.М- нь 2022 оны 3 сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “Орчлон” хорооллын орчимд Э.А-ыг “намайг хөөе гэж дууддаг хэн бэ” хэмээн үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж, зодон биед нь “тархи доргилт, зүүн хөмсөг, баруун, зүүн шанаа, хоёр дал, баруун тохой, зүүн шуу, хэвлий, хоёр өвдөгт зулгаралт, дух, хэвлийн баруун хэсэгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 546 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.М-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Э.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Э.А-ын “...Би 2022 оны 3 дугаар сарын 02-нд найз охин А.Ч-тэй хамт “Орчлон” хорооллын орчим алхаж байгаад манай найз охин А.Ч- бид хоёрын урд явж байсан хоёр залууг андуураад араас нь “хөөе” гээд дуудчихсан. Гэтэл нөгөө хоёр залуу эргэж хараад бид хоёр дээр ирээд намайг учир зүггүй заамдаад, “намайг энд хөөе гэж дууддаг хүн байхгүй” гэж хэлээд цохисон... Хоёр залуугийн нэг залуу нь намайг цохиж зодсон... уг залуу нь толгой руу олон удаа гараараа цохисон... Надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Б.М- надтай уулзаад, надаас уучлалт гуйгаад бид хоёр салсан. Уулзахдаа 130,000 төгрөгийг бэлнээр өгөөд, миний хохирлыг барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12, 49 дүгээр тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3774 дугаартай “...Э.А-ын биед тархи доргилт, зүүн хөмсөг, баруун, зүүн шанаа, хоёр дал, баруун тохой, зүүн шуу, хэвлий, хоёр өвдөгт зулгаралт, дух, хэвлийн баруун хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь 24 цагийн дотор үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Э.А-ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дүгээр тал),

- Гэрч А.Ч-ийн “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 02 цагийн орчим Э.А- бид хоёр “Орчлон” хорооллын үүдэнд явж байхад Э.А-ын найзууд болох хүмүүс урд алхаад байх шиг болохоор нь би “хөөе Ооноо” гээд орилсон. Гэтэл Ооноо биш байсан бөгөөд нөгөө хоёр залуугийн нэг нь эргэж хараад “яасан” гэж хэлэхээр нь “за уучлаарай хүн андуурсан байна” гэж хэлтэл нэг намхан залуу нь “21-т намайг хөөе гэж дууддаг чи хэн бэ” гэж хэлээд учир зүггүй Э.А-ын толгой руу хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дугаар тал),

Б.М-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би “Орчлон” хороолол орчим явж байтал араас нэг залуу “хөөе хоёр бандиа” гээд дуудсан. Эргэж хартал нөгөө залуу “нааш ир хүрээд ир” гэж хэлэхээр нь...яасан гээд очиход уг залуу “манай бацаануудтай ямар адилхан юм бэ” гэж хэлээд...Тэгэхээр нь би “21 дүгээр хороололд намайг хөөе гэж дууддаг хүн байхгүй шүү” гэж хэлээд тухайн залуугийн нүүр толгой руу нь 2-3 удаа гараараа цохичихсон юм...Би хохирогч Э.А-аас уучлалт гуйж 130.000 төгрөгийг нь бэлнээр барагдуулаад өгчихсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   3. Хохирогч Э.А- нь гомдолгүй тухай бичгээр гаргасан баримт (хавтаст хэргийн 56 хуудас), гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй хохиролд 130,000 төгрөгийг хүлээн авсан гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 тал)-ээр хохирогчид учруулсан хор уршгийг шүүгдэгч нь мөнгөөр нөхөн төлсөн болох нь тогтоогдсон тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн биед учирсан хохирол хор уршиг арилсан, гэмт хэргийн нийгмийн аюул их биш, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд Б.М- урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...-т заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шүүгдэгчтэй тохиролцсон саналын хүрээнд уг ялыг оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.М-д үүрэг болгосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.М-д мэдэгдсүгэй.

 

   5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ