Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/797

 

 

 

 

 

 

 

       2022         06          22                                        2022/ШЦТ/797

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Ц.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-д холбогдох ...  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ... жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь:

... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2019 оны 02 сарын 25-ны өдөр 133 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан,

Боржигон овогт Ц.Г /рд:уг8611.../

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Ц.Г- нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “Орчлон” хороолол 46-118 тоот гэртээ 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Ц.Т-г “эхнэр Э.У-г хэл амаар доромжиллоо” гэх шалтгааны улмаас толгойн болон нүүрэн тус газарт нь цохиж биед нь “тархи доргилт, толгойн оройн хуйханд зөөлөн эдийн няцрад” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 5 сарын 12-ны өдрийн 586 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Ц.Г-н үйлдлийн улмаас Ц.Т-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:

- Иргэн Ц.Т-ээс гаргасан “2022 оны 02 сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Орчлон хороололд байх эгчийн гэрээс дүүгээ авах гэсэн чинь манай дүүг өгөхгүй гээд намайг цохиж, зодоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 хуудас),

- Хохирогч Ц.Т-ий “...Э.Уянгаа нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “Орчлон” хороолол 46-118 тоотод амьдардаг... 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу бүтэн сайн өдрийн орой ээж над руу залгаад “дүү чинь маргааш хичээлтэй, аваад ир, даалгавраа хийгээгүй, хувийн ариун цэврийг нь сахиул” гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдөр 18 цагийн үед Э.У-ийн гэрт нь ирсэн бөгөөд Э.У нөхөртэйгөө хоёулаа согтуу байсан... Тэгээд би үүдэнд нь зогсоод “Хонгорзулаа явъя, гэртээ харья” гэж хэлэхэд...Э.Уянгаа “би маргааш өглөө хүргээд өгье, чи одоо яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи согтуу байна, маргааш чи хүргэж өгч чадахгүй, тэгээд ч би хүүхэд согтуу хүмүүстэй орхихгүй” гэж хэлсэн. Тэгээд хоорондоо маргалдаад, бие бие рүүгээ чанга, чанга дуугарсан. Тэгтэл нөхөр нь цаад өрөөнөөсөө гарч ирээд “чи яагаад эхнэр хүүхэд рүү орилоод байгаа юм” гэж хэлээд Э.У-ийн нөхөр Ц.Г- намайг яг юугаар цохисныг нь би хараагүй, гараараа миний толгой руу цохисон...шанаа руу 2 удаа гараараа цохисон...Ц.Г- надад эмчилгээний зардалтай холбоотой ямар ч мөнгө өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 68-р тал),

- Гэрч Э.У-ийн “...2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай ээжийн дүүгийн хүүхэд болох Ц.Т- нь манай гэрт ирээд дүү н.Хонгорзулыг аваад явна гэсэн чинь дүү н.Хонгорзул би Ц.Т- ахтай явахгүй гэсэн чинь “чи муу яагаад маяглаад байгаа” гэж хүүхэд загнаад байхаар нь би “Хонгорзул чамтай явахгүй гээд байна, би маргааш Хонгорзулыг хичээлд нь хүргээд өгнө” гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод гичий минь гэсэн чинь манай Ц.Г- уурлаад “чи юу гээд эхнэрийг хэл амаар доромжлоод байгаан” гэж хэлээд Ц.Т-г толгой руу нь гараараа цохиод гэрээсээ түлхээд гаргасан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-р тал),

- Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 3299 дугаартай “...Ц.Т-гийн биед тархи доргилт, толгойн оройн хуйханд зөөлөн эдийн няцрад гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23-р тал),

Ц.Гантулгын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд “...хамаатны дүү Ц.Т-г эхнэр Э.Уянгыг хэл амаар доромжлоод байхаар нь толгой болон нүүрлүү нь гараараа цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   3. Хохирогч Ц.Т-д 208,800 төгрөгийг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч Ц.Т- нь ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Мөн хохирогч Ц.Т-ий эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 203,800 төгрөг зарцуулсан талаарх тус сангийн зарлагын баримт хэрэгт хавсаргасан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар иргэний нэхэмжлэгчээр төлөөлөн оролцож, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас тус сангаас гарсан зардал болох 203,800 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар Ц.Г-д гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) олгуулах хууль зүйн үндэслэлтэй.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, эрүүл мэндийн байдлыг харгалзан торгож өгнө үү гэсэн.

 

            5. Шүүгдэгч Ц.Г- нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, мөн улсын яллагчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм.

Үүнд:   Шүүгдэгч Ц.Г- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, тэрээр Сонгинохайрхан дүүргийн засаг даргын захиалагчийн албанд жолооч ажилтай, хувийн байдлын хувьд урьд хоёр удаа ял шийтгүүлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ц.Г-д үүрэг болгосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Г-д мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Ц.Т- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаар баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар Ц.Г-ас 203,800 (хоёр зуун гурван мянга найман зуун) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) олгосугай.

 

7. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Ц.Т-д 209,800 (хоёр зуун есөн мянга найман зуун) төгрөгийг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ