Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/896

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022            07             06                                    2022/ШЦТ/896

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Г.Лхагвасүрэн /томилолтоор/,

шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Жарантай овгийн Б.Э (регистрийн дугаар: ЙР8811...)

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн үед гэрийнхээ түлхүүрийг авч яваад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд оройтож ирэх үед эхнэр Э.Б- уурлахад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1/58 дугаар байрны гадна түүнийг юм мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун зулайд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 561/а дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1.Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Б.Э- нь Э.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Эрх бүхий албан тушаалтнаас иргэн Э.Б-аас гаргасан зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 хуудас)

- Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас “...миний үснээс зулгааж цохисон тул би гомдолтой байна...” гэх илтгэх хуудас (хавтаст хэргийн 12 хуудас)

- Хохирогч Э.Б-ын “...миний цамцны захны ар хэсгээс гараараа татаад чирээд байрны орцны үүдэнд аваачсан юм. Тэгээд орцны хаалгыг хүчтэй ширүүн нээж онгойлгохдоо миний ам хэсэг рүү хүчтэй цохигдоод би хойшоогоо савахдаа толгойныхоо баруун дагз хэсгээр хана мөргөчихсөн юм. Тэгтэл Б.Э- над руу хүрч ирээд миний нүүрэн тус газар гараараа хойш нь хүчтэй түлхэж миний толгойг 2 удаа хана мөргүүлсэн. Тэгээд орилж чарлаад уурлаад таксинд суугаад яваад өгсөн юм. ...Дээд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Б.Э- орцны хаалгыг хүчтэй нээж онгойлгоход миний уруул хэсэг цохигдож үүссэн гэмтэл байна. Хүзүүнд зулгаралт гэмтэл нь миний куртикны захаас татаж чирэх үед үүссэн, тархи доргилт, баруун зулайд цус хуралт гэмтэл нь Б.Э- миний нүүрэн тус газар гараараа 2 удаа түлхэж хана мөргүүлэх үед болон хаалганд цохиулах үед үүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 хуудас)

- Хохирогч Э.Б-ын дахин өгсөн “...Намайг урьд өмнө нь зодож цохиж байгаагүй тул би цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шалгуулж байгаагүй юм. Анх удаагаа миний биед гар хүрч байгаа юм. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрээд цуг амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 хуудас)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5423 дугаартай “...тархи доргилт, дээд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун зулайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 хуудас)

- Б.Э-ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийг зодсон гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан. Шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаагийн хүч хэрэглэж зодсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж хүндрүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Э-ы үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

3. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Э.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Торгуулийн ялыг хөнгөлж өгнө үү? гэсэн.

 

            5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Э- нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх 800,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Жарантай овогт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Э-д үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Э-д мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ