Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0111

 

 

 

 

 

 

              

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э

Хариуцагч: СДЗД

Гуравдагч этгээд: Х.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О, онлайнаар нэхэмжлэгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А түүний өмгөөлөгч Ж.Э, , гэрч Н.Б нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүрэг Засаг даргын 2012 оны 08 сарын 07-ны өдрийн А-260 дугаар захирамжийг хүчингүй болгуулах. Нэхэмжлэлийн үндэслэл: Сүхбаатар дүүрэг Хандгайт зусланд Төмөр замын ажилчдын зориулалтын газарт миний ээж Б.А амьд сэрүүндээ 2011 онд байшингийн хундам цутгасан болно. Ар гэрийн гачигдлаар газраа гэрчилгээ гаргуулахгүй байхад Х.Б гэх иргэн ар талын айл өөрийн газар мэт залилан хийн А-260 захирамж гарган авсан байна. Ээжийн миний цаг зав эд хөрөнгө сэтгэл гарган үр хүүхэддээ үлдээсэн газрыг охин Эби өөрийн нэр дээр өмчлөн авах хүсэлтэй байна.”

Хариуцагч СДЗДшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Дүүргийн Засаг даргын 19 дүгээр хороо Хандгайтын зусланд 677м2 газрыг иргэн Х.Б дүүргийн Засаг даргын 2012 оны 260 дугаар захирамжаар эзэмшүүлсэн байна. Иргэн Э.Ч-Д газар эзэмших эрх үүсээгүй бөгөөд ээж нь байшингийн суурь цутгасан гэх боловч тогтоогдохгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.” гэжээ.  

Гуравдагч этгээд Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн 19-р хорооны Хандгайт /14090/ 1-р гудамжны 365 тоот хашаа бүхий хувийн сууцны 677м2 талбай бүхий эзэмшил газрын зөвшөөрлийг зохих хамаарал бүхий албан байгууллагад өргөдөл гаргаж 2004 оноос эхлэн хөөцөлдөж авсан.

Уг өргөдөл нь миний нөхөр Ш.А нэр дээр УБТЗ-ын орлогч даргын цохолт, ҮЭХ-ны зөвшөөрөлтэй. /Хавтаст хэргийн 34 хуудас/ болно. Миний байшингийнхаа урд талд дөрвөлжлөн 6х7 хэмжээтэй ухаж, хундам цутгахаар бэлдсэн газарт минь яльгүй зөрүүлэн, хэн нэг хүн дур мэдэн хундам цутгасан байсан ч эзэн нь олдохгүй байсаар, 2020 оны 04, 05 сараас надруу нэрээ хэлэлгүйгээр “Чи миний хундамыг хашаалж кадастрт оруулсан байна. Кадастраа татуулж өг гэх мэтээр” утсаар ярьж байсан. Эзэн нь хэн болохыг одоо мэдэж байна. Би газрын тухай хуулийн дагуу зохих байгууллагад нь шат дараалан хандаж, кадастр, зөвшөөрөл, гэрчилгээгээ авсан. Эзэмшил газрын төлбөрөө төлж ирсэн.

Уг газрыг зориулалтын дагуу үл хөдлөх хөрөнгөө барьж, Нийслэлийн өмчийн газарт бүртгүүлж холбогдох гэрчилгээгээ /Үл хөдлөх хөрөнгийн/ хууль ёсоор нь гаргуулж авсан болно. Уг иргэн нь хүний эзэмшлийн, тэр тусмаа байшингийн суурийн хэлбэртэй дөрвөлжлөн ухсан тэмдэглэгээтэй газарт ямар нэг лавлагаа, магадалгаа /хүний газар эсэхийг шалгахгүйгээр/ хийхгүйгээр дур мэдэн хундам цутгачхаад 5-6 жилийн дараа гэнэт эзэн нь “би” гэж гарч ирж, маргаж байгаа нь үндэслэлгүй хууль бус үйлдэл гэж би үзэж байна.

Энэ хүн миний эзэмшлийн газарт дур мэдэн хундам цутгаад ор мөргүй, хэл сураггүй, нэр нь хэн болох нь тодорхойгүй, тухайн хугацаанд 1 ч удаа эрэл сурал болоогүй үйлдэл нь хууль бус зүйл юм. Миний бие улсад 30 жил ажиллаж байгаа, төр улсад үнэнч шударга хөдөлмөрлөж ирсэн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлж яваа жирийн иргэн хүн. Надад хүн залилсан өчүүхэн ч үйлдэл байхгүй тул иргэн Э.Ч-д гомдолтой байна. Тухайн үед миний өргөдөл гаргах үед кадастр хийлгэх газрын зөвшөөрөл авах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах үед миний эзэмшил газар дээр ямар нэг хундам цутгагдаагүй байсан болно. Сүүлд нь бүх зөвшөөрөл баримт бичиг минь гарсны дараа модон хашааны урд үе хулгайд алдагдсан үед далимдуулж энэ хүн нууцаар хундам цутгаад өөрөө ор сураггүй алга болсон.

Иймд нэхэмжлэгч Э.Ч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, миний эзэмшил газрын шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү.” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Э нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар захирамжийн Х.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 260 дугаар захирамжаар Хандгайтад байрлах 677 м.кв газрыг Х.Б 5 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна. 

Гуравдагч этгээд Х.Б нь маргаан бүхий газар дээрх буюу Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт, 1 дүгээр хэсэг гудамж 365 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай хувийн сууцаа улсын бүртгэлийн Ү-2203027207 дугаарт бүртгүүлж 000276959 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр авсан байна.

           Шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үзлэг хийсэн ба уг үзлэгээр газрын кадастрын мэдээллийн санд үзлэг хийж Х.Б 18642333822041 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг Google earth-ын сансрын зурагтай давхцуулж үзэхэд дараах үйл баримт илэрлээ. Үүнд:  

  • 2012 оны 05 дугаар сард /imagery date/ гуравдагч этгээд Х.Б байшингийн суурь үүссэн байх ба харин нэхэмжлэгчийн байшингийн суурь бий болоогүй байна. /Уг сансрын зургийг кадастрын зурагтай давхцуулсан зургийг хэрэгт хавсаргав/ 
  • 2015 оны 05 дугаар сард /imagery date/ гуравдагч этгээд Х.Б байшин баригдаж дууссан байж болохоор харагдаж байх ба мөн 2015 оны 05 дугаар сард нэхэмжлэгчийн барьсан гэх байшингийн суурь үүссэн байна. /Уг сансрын зургийг кадастрын зурагтай давхцуулсан зургийг хэрэгт хавсаргав/

           Мөн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үе шатанд хэргийн оролцогчдыг оролцуулан Google earth-ын программд үзлэг хийсэн ба үзлэгээр мөн дээрх цаг хугацаанд бий болсон нөхцөл байдлуудтай адил үйл баримтууд илэрсэн болно. /Уг сансрын зургуудыг хэрэгт хавсаргав/

           Иймд дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн барьсан гэх байшингийн суурь гуравдагч этгээд Х.Б байшин /хувийн сууц/-аас цаг хугацааны хувьд өмнө бий болсон болох нь нотлогдохгүй байна. 

             Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2/2424 тоот албан бичгээс үзэхэд Х.Б-ийн 18642333822041 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй болох нь нотлогдож байх ба мөн уг албан бичигт хавсаргасан мэдээллийн сангийн зургаас үзэхэд Х.Б н газар нь бусдын газартай давхцалгүй болох нь нотлогдож байна.

           Х.Б газар эзэмшихийг хүссэн өргөдлийг Сүхбаатар дүүргийн Газрын алба 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан болох нь өргөдөл, гомдлын бүртгэл хяналтын картаар[1] нотлогдож байна.

             Гуравдагч этгээд Х.Б газар эзэмших хүсэлт гаргахаас өмнө буюу 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө газар эзэмших хүсэлтээ Засаг даргад хандан гаргаж байгаагүй болохоо нэхэмжлэгч Энь хүлээн зөвшөөрдөг болно.

           Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан ба уг хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж газар эзэмших, ашиглах эрх буюу эзэмшил, ашиглалт үүссэн, түрүүлж хүсэл зоригоо илэрхийлсэн, түрүүлж хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил, ашиглалт үүссэн газарт газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.

           Иймд гуравдагч этгээд Х.Б газар эзэмших хүсэлт гаргахаас цаг хугацааны хувьд өмнө нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтээ Засаг даргад гаргаж байгаагүй, мөн нэхэмжлэгчийн барьсан гэх байшингийн суурь гуравдагч этгээд Х.Б ийн хувийн сууцаас цаг хугацааны хувьд өмнө бий болсон болох нь нотлогдохгүй байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар захирамжийн Х.Б холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

             Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар захирамжийн Х.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Э.Ч  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ч н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ

 

[1] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас