Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0177

 

 

“М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, Л.А

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: ШӨХТГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол /”М” ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон/-ыг хүчингүй болгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0931 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, Л.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0709/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь ШӨХТГт холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол /”М” ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон/-ыг хүчингүй болгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0931 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “М” ХХК-ийн гомдолтой, ШӨХТГт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0931 дугаартай шийдвэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол /”М” ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон/-ыг хүчингүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

3.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг үндэслэн холбогдох төрийн байгууллагууд болох Гаалийн ерөнхий газар, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар болон эм ханган нийлүүлэх, бөөний худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдээс импорт, борлуулалтын орлогын тайлан мэдээг гаргуулан авч судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.

3.2. Анхан шатны шүүхээс “зах зээлд эзлэх хувийг 46,4% гэж тооцсон нь бодит байдлаас илтэд зөрүүтэй, тодруулбал буруу мэдээлэлд үндэслэн судалгааг хийсэн, сонсох ажиллагаа явуулж, тайлбар санал гаргах боломжийг олгоогүй, боломжит хугацаагаар хангаагүй гэх үндэслэлээр “М” ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.3. ШӨХТГ тус судалгааны ажлыг хийхдээ салбарын хяналтын байгууллага болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас гарган өгсөн эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа топ 10 аж ахуй эрхлэгчийн мэдээлэлд үндэслэсэн бөгөөд судалгааны дүнгээр “М” ХХК эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд 335,4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж зах зээлийн 46,4%-ийг эзэлж байна. Судалгааны ажлын явцад Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын мэдээлэл Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын мэдээлэл хоорондоо зөрүүтэй байсан бөгөөд хариуцагчийн зүгээс салбарын хяналтын байгууллагын мэдээллийг үндэслэсэн болно. Гэвч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас анхан шатны шүүхэд “М” ХХК-ийг 2022 онд 145,2 тэрбум төгрөгийн эм импортолсон гэх зөрүүтэй мэдээллийг гаргаж өгсөн байдаг.

3.4. Гэтэл анхан шатны шүүхээс эх сурвалжийн мэдээлэл зөрүүтэй байхад зөвхөн шийдвэр гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг бодит байдлаас илтэд зөрүүтэй, буруу мэдээлэлд үндэслэн судалгааг хийсэн гэж дүгнэн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас ирүүлсэн мэдээлэл зөрүүтэй байгаа нөхцөл байдлыг тодруулах, нягтлах, эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн мэдээлэлд үндэслэн дээрх судалгааг дахин хийх нөхцөл бололцоогоор хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0931 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “М” ХХК-иас ШӨХТГт холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

3. Хэргийн үйл баримтаас үзэхэд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20/А/95 дугаар тушаалаар баталсан “Эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийх” ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хийсэн байна.

3.1. Ингэхдээ Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-д заасны дагуу судалгаа хийж, “М” ХХК-ийг “... 2022 онд тус зах зээлд 131 аж ахуй эрхлэгч эмийн импорт, ханган нийлүүлэх үйл ажиллагааг явуулсан ба дээр дурдсан нэр бүхий 10 аж ахуй эрхлэгч 80 хувийг нийлүүлсэн байна. Үүнээс “М” ХХК нь 2022 онд импортын эмийн зах зээлийн 46.4 хувийг дангаар нийлүүлсэн байна. Эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд төвлөрлийн түвшин 2021 онд 1440.76 буюу дунд зэргийн төвлөрөлтэй байсан бол 2022 оны байдлаар төвлөрлийн түвшин 2378.30 буюу өндөр, өрсөлдөөн хязгаарлагдмал байна” дүгнэсэн.

3.2. Улмаар уг судалгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанаар хэлэлцээд тус газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” 05 дугаар тогтоолоор “М” ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ.

4. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж заасан бөгөөд аж ахуй эрхлэгч нь тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа, эсхүл бусад этгээдтэй хамтран үйлдвэрлэл, борлуулалтын эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож болох бөгөөд энэ ажиллагааг мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална” гэж зааснаар Засгийн газраас баталсан журмын дагуу гүйцэтгэхээр байна.

4.1. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 2.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараахь үе шатаар тогтооно”, 2.2.1-д “бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох”, 2.2.2-т “зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох”, 2.2.3-т “зах зээлийн төвлөрлийг тооцох”, 2.2.4-т “зах зээлийн хүчийг тодорхойлох” гэж, мөн журмын 3.1-д “Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлоход дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ”, 3.1.1-д “эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээлэл”, 3.1.2-т “зах зээлийн судалгаа”, 3.1.3-д “шаардлагатай бол хэрэглэгчдээс авсан санал асуулга, шинжээчийн дүгнэлт” гэж тус тус журамласнаас үзэхэд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч мөн эсэхийг энэ журмын 2.2-т заасан үе шатаар шалган тогтоож, 3.1-т заасан хүчин зүйлүүдийг харгалзан судласны үндсэн дээр шийдвэр гаргахаар нарийвчлан зохицуулжээ.

4.2. Мөн журмын 5.1-д “Зах зээлийн төвлөрлийг тооцохдоо дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ” гээд 5.1.1-д аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувь буюу аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг бараа бүтээгдэхүүний хүрээ, газар зүйн хил хязгаараар тодорхойлогдсон зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын нийт хэмжээнд харьцуулж тодорхойлно. Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг дор дурдсан зүйлийг харгалзаж ойролцоогоор тооцож болно гээд тухай аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг тогтоохдоо тухайн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг биет, мөнгөн дүн, хүчин чадал зэргийг үндэслэн нийт хэмжээнд харьцуулан тооцохоор байна.

 4.3. Хариуцагч ШӨХТГ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ажилтнаас цахим шуудангаар ирүүлсэн гэх “Топ 10 ханган нийлүүлэгч байгууллага” гэсэн нэртэй судалгааг үндэслэн “М” ХХК-ийн 2022 оны импортын үнийн дүнг 335.4 тэрбум төгрөг, зах зээлд эзлэх хувийг 46.4 хувь гэсэн дүгнэлт бүхий судалгааг үндэслэн маргаан бүхий тогтоолыг гаргасан байна.

4.4. Гэтэл судалгаагаар гаргасан дээрх тоон мэдээлэл нь бодит байдлаас зөрүүтэй, буруу болох нь хэрэг авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар хариуцагчаас баримтаар үгүйсгэж чадахгүй байна.

4.5. Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 01/2107 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтуудаас үзвэл “М” ХХК нь 2022 онд нийт 145,228,460,110 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортолсон болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоохдоо журамд заасны дагуу судалгаа хийгээгүйгээс гадна зах зээлд эзлэх хувийг буруу дүнг үндэслэн гаргасан мөн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.

4.6. Түүнчлэн маргаан бүхий актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулж, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д зүйлд заасан зарчимд нийцэхгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдолдоо “... судалгааны ажлын явцад Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын мэдээлэл, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын мэдээлэл хоорондоо зөрүүтэй байсан бөгөөд хариуцагчийн зүгээс салбарын хяналтын байгууллагын мэдээллийг үндэслэсэн болно. ...мэдээлэл зөрүүтэй байгаа нөхцөл байдлыг тодруулах, нягтлах, эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн мэдээлэлд үндэслэн дээрх судалгааг дахин хийх нөхцөл бололцоогоор хангаж” өгөхийг хүссэн байна.

5.1. Өөрөөр хэлбэл, хариуцагч ШӨХТГ нь бодит байдлыг тогтоолгүйгээр зөрүүтэй мэдээллийг үндэслэн “М” ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон болохоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

5.2. Маргаан бүхий захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон энэ тохиолдолд түүнийг хүчингүй болгох нь хуульд нийцэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...судалгааг дахин хийх бололцоогоор хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны актыг түр түдгэлзүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй.

5.3. Харин анхан шатны шүүх шийдвэрийн “Тогтоох” хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн заалтыг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хуулийн заалтыг нэмсэн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0931 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Өрсөлдөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6”  гэж нэмж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

               ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ