Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 138

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

иргэдийн төлөөлөгч Д.Баттөмөр

улсын яллагч Д.Мөнхтуяа

хохирогч Ц.Даваадорж,

гэрч Б.Ижилбаатар, Н.Алтанчимэг, Д.Цогтцэцэг

шүүгдэгч Н.Найманжин түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч

 

Монгол улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 8-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 08-18 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

ял шийтгэлийн талаар:

2002 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Налайх дүүргийн шүүхийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугааар зүйлийн 239.2, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заааснаар 4 жил хорих ялаар,

2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 11 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,

2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 104 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар,

2014 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын 21 дүгээр шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, уг ял дээр 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг бүгдийг нэмж, бүгд 3 жил 6 сар 19 хоног хорих ялаар шийтгүүлж,

2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний эдлээгүй үлдсэн 01 жил 8 сар 07 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан /РП:УД83030811/ Боржигин овогт Нацаг-Юмын Найманжинд холбогдох 201626020616 дугаартай эрүүгийн хэргийг  2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Н.Найманжин ялтай байх хугацаандаа согтуугаар 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24, 26 дугаар байрны жижүүрийн өрөө болон подволд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Ц.Даваадоржтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хутга, тоосго зэрэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Н.Найманжин шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн, оройн 21 цагийн үед гэртээ хоол хийж дуусаад Баянгол дүүргийн 22 дугаар хороо 12-77 тоот гэрээсээ гарч хамтран амьдрагч Цогтцэцэгийн гэр буюу ажил руу нь явсан. Тэгээд Цогтцэцэгийн гэр рүү явж байх замдаа Тааз дэлгүүрийн үүдэнд Батнасан гэж залуутай таараад Цогтцэцэгт юм авах гээд дэлгүүр рүү орсон чинь Батнасан Модун гэх нэртэй архи худалдаж аваад хувааж ууя гэж хэлсэн. Дэлгүүрээс гараад сууж явсан таксиндаа суугаад авсан архиа таксины жолоочтой, Батнасантай  хамт гурвуулаа хувааж уучихаад Цогтцэцэгийн гэрт очсон чинь гэр нь гэрэлтэй, хаалга нь цоожтой байсан. Тэгээд би цонхоор нь очоод харсан чинь Даваадорж Цогтцэцэг хоёр зэрэгцээд хэвтэж байгаа харагдсан. Тэгэхээр нь би нэрээ хэлээд хаалгыг нь дугтарсан чинь онгойчихсон. Тэгээд  яваад орсон чинь Даваадорж гутлаа өмсөөд сууж байхаар нь уур хүрээд би Цогтцэцэгтэй хардаад Даваадоржийг цохиж авсан. Тэгээд Даваадорж бид хоёр ноцолдож эхэлсэн. Тэгсэн чинь Цогтцэцэг охиноо аваад гараад явчихсан. Харин Даваадорж бид хоёр зодолдож байгаад салаад би хаалган талын сандал дээр суусан. Даваадорж ширээний хажуу талд суусан. Тэгснээ Даваадорж ширээн дээр байсан ногоон өнгийн иштэй хутга руу ухасхийж шүүрч авахаар нь би хутгыг булаацалдаж аваад  байж байсан чинь Цогтцэцэг гаднаас орж ирээд надаас хутга авсан. Тэгээд би Цогтцэцэгтэй хэсэг хэрэлдэж байгаад гараад гэртээ харих гээд явсан. Тэгээд 25 дугаар байрны булан тойроод  зам дээр явж байсан чинь Даваадорж араас гүйж ирээд намайг боосон. Тэгээд миний ухаан балартаад юу болсон гэдгийг нь санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь миний зүүн шанаа руу дэвсээд зогсож байсан. Тэгээд би босч ирээд хоёулаа эвлэрье би чамд архи авч өгье гэж худлаа хэлээд дэлгүүр рүү явж байх замдаа 26 дугаар байрны цаад талаасаа хоёр дах орцны подваль гэрэлтэй харагдахаар нь цусаа угаая гэж хэлээд тийшээ орсон. Миний зүүн шанаанаас цус гарсан байсан. Тэр орцны подваль руу орсон чинь манай ах Ижилбаатар эхнэртэйгээ бас танихгүй хоёр хүнтэй хувцас угаагаад байж байсан. Харин би цусаа угаах гээд байж байсан чинь Даваадорж араас орж ирээд дахиад хэрүүл болсон. Даваадорж бид хоёр 2008-2011 оны хооронд хамт хорих 425 дугаар ангид ял эдэлж байсан учраас тэнд байсан харьцаагаа сөхөж хэрүүл хийсэн. Тэнд байхдаа хувийн таарамжгүй харилцаатай байсан. Энэ хэрэг гарахаас өмнө 2015 оны 12 дугаар сард таараад мөн маргалдаж байсан. Цогтцэцэг гэж эмэгтэйгээс болж Даваадоржтой би удаа дараа маргалдаж байсан. Харин тэр подвальд байхад Даваадорж над руу тоосго авч дайраад миний баруун гарын тохой руу тоосгоор цохисон. Тэгэхэд дахиад намайг боож унагаасан. Харин би боолтыг нь тавиулах  зорилготой гарт таарсан зүйлээрээ цохисон. Юугаар цохисон гэдгээ мэдэхгүй байна. Тэгсэн чинь Даваадоржийн нүүрнээс цус гараад босч ирээд би Даваадоржийг гар утсаа гаргаад ир мессежийг чинь үзье гэж хэлсэн. Энэ хэрүүл маргаан нь өмнө нь хамт ял эдэлж байхдаа таарамжгүй байсан харилцаанаас болон Цогтцэцэгийг хардсанаас үүдэж гарсан. Энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна гэв.

 

хохирогч Ц.Даваадорж шүүхийн хэлэлцүүлэгт: Би хэрэг гардаг орой Толгойтын эцэст найзындаа очиж байж байгаад орой гэр рүүгээ явж байсан. Замдаа бичил хорооллын арктай байрны урд автобуснаас буухдаа авто замын боржур хашлага дээр хальт гишгээд хөлөө эвгүй болчихсон. Харин Цогтцэцэг эгчийн гэр ойрхон байдаг болохоор очиж хөлөө үзье гэж бодоод гэрт нь очоод “хөлөө эвгүй гишгэчихлээ, гутлаа тайлаад хөлөө үзээдхэе” гэхэд Цогтцэцэг эгч “болно, болно хамаагүй ш дээ” гэхээр нь өрөөсөн гутлаа тайлаад оймсоо тайлах гэж байсан чинь Найманжин гаднаас орж ирээд чи манайд юу хийж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөлөө эвгүй болгочихлоо үзэх гэсэн юм гэж хэлсэн чинь  шууд миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би “чи буруу ойлгоод байна” гэж хэлсэн чинь цамцаа тайлж хаяснаа арагш нь орон дээр дарж унагааж намайг багалзуурдсан. Тэгтэл Цогтцэцэг эгч Найманжингийн араас татаад авахаар нь би босч гутлаа өмсөөд гарах гэж байх хооронд Цогтцэцэг, Найманжин хоёрт хүүхэд нь түлхэгдээд орон дээрээс унасан. Тэгээд гарах гэтэл миний араас Найманжин хутга бариад хүрч ирсэн. Харин би ухраад гарах гэсэн чинь хаалга тээглэсэн чинь Найманжин ирээд над руу хутгатай гараараа далайхаар нь хутгыг нь булааж авах гэж ноцолдож байгаад гар руугаа хутгаар зүсүүлсэн. Тэгтэл Цогтцэцэг араас нь гарч ирэхээр нь би хутгыг нь булааж авч өгчихөөд цаашаагаа гарах гэсэн чинь Цогтцэцэгийн хүүхэд уйлаад араас гарч ирсэн. Харин Цогтцэцэг, Найманжин хоёр хоорондоо ноцолдоод хоцорсон. Би гадаа гараад машины ард суугаад Цогтцэцэгийн хүүхдийг сатааруулаад сууж байсан чинь Найманжин гараад хойшоогоо яваад өгсөн. Харин Цогтцэцэг Найманжингийн араас гарч ирээд хүүхдээ дуудахаар нь би Цогтцэцэг рүү залгаж хүүхдийг нь өгчихөөд харих гээд явж байсан чинь Найманжин 25 дугаар байрны 2 дугаар орцны подваль руу орж байгаа харагдсан. Тэгэхээр нь би буруугаар ойлгочихлоо гэж бодоод очиж үнэн зөвөөр нь ойлгуулж хэлэх зорилготой араас нь яваад очсон чинь өмнөх нөхцөл байдлыг яриад хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би хэрэггүй, хоёулаа учраа олъё гэж хэлсэн чинь Найманжин наашаа ороод ир гэхээр нь ороод өмнө нь очиж зогсоод учир байдлаа хэлсэн чинь Найманжин босч ирж заамдаж аваад арагшаагаа хана руу намайг налуулаад шил хагалаад чи намайг алчих гээд хүрч ирэхээр нь би шилийг нь аваад суултуур руу шидчихээд чамайг эрүүл үед чинь учраа олъё гэж хэлээд гарах гэсэн чинь миний цээж рүү түлхээд тоосго аваад духан дээр цохисон. Харин би сөхрөөд нүүрээ дарж суугаад Найманжинг гараараа цааш нь түлхэх гэсэн чинь миний уруул руу өшиглөсөн. Тэр хооронд Алтанчимэг гэж хүн гараад явсан. Харин би дуугаралгүй хамар амнаас гарсан цусаа дараад босох гэсэн чинь нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Би мөлхөөд голын хаалгаар цаашаагаа гарсан чинь миний нуруу руу 2-3 удаа дэвссэн. Тэгэхээр нь би хоёулаа учраа олъё одоо болъё гэж хэлсэн чинь Найманжин би чамайг алж хаячихаад шорондоо орно гэх мэтээр хэлээд орилоод байсан. Харин намайг гарч явах гэсэн чинь араас зуураад явуулаагүй. Тэр хооронд Найманжингийн ах эгч нар нь ирээд Ижилбаатар намайг татаж гаргаад Найманжинг цааш нь түлхээд орсон. Би гадаа гараад хашлаган дээр суугаад үзсэн чинь миний үүдэн хоёр хиймэл шүд байгаагүй. Тэгээд гэртээ очоод эгчдээ болсон үйл явдлын талаар хэлсэн чинь манай эгч цагдаа дуудсан. Найминжингийн ярьж байгаа шиг Цогтцэцэг эгч бид 2 зэрэгцээд хамт хэвтэж байсан асуудал огт байхгүй. Цогтцэцэг эгч бид нар хамт ажилладаг хүмүүс байгаа юм.  Найманжин бид хоёр өмнө нь хамт нэг хорих ангид ял эдэлж байсан. Гэхдээ бие биенээ зүс л мэдэхээс биш танилын хэмжээнд бие биенээ мэдэхгүй. Би Найманжинтэй өмнө нь ямар нэг таарамжгүй харьцаа үүсч байгаагүй. Өнөөдөр шүүх хурал эхлэхийн өмнө надад 250000 төгрөг Найманжингийн талаас өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

гэрч Д.Цогтцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: Даваадорж манай гэрт орж ирээд автобуснаас буухдаа хөлөө эвгүй болгочихлоо хөлөө үзэх гэсэн юм  гэж хэлэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэр үед би зурагт үзээд сууж байсан. Тэгсэн чинь гаднаас Найманжин орж ирээд Даваадоржтой маргаан үүсгэсэн. Даваадорж бид хоёр зэрэгцээд хэвтэж байсан зүйл байхгүй.  Найманжинг ирэхэд гэрийн хаалга цоожгүй байсан гэв.

 

гэрч Б.Ижилбаатар шүүхийн хэлэлцүүлэгт:  Найманжин бид 2 эх нэгтэй, эцэг тусдаа ах дүү улс. Тэр орой би би эхнэр Алтанчимэгтэй хувцас угаагаад байж байсан чинь Найманжин гаднаас орж ирсэн. Тэгэхдээ баруун шанаа хэсэг нь зулгарсан байдалтай орж ирээд  Найманжин “Цогтцэцэгийн гэрт очсон чинь Даваадорж хөл нүцгэн сууж байна тэгэхээр нь хэлсэн чинь Цогтцэцэг, Даваадорж хоёр нийлээд намайг үстэж аваад хоолой боогоод тэгээд зодолдсон” гэж хэлэхээр нь би наад бөгс баарны асуудалд чинь би оролцохгүй гэж хэлээд гадагшаа гараад явсан. Тэгэхэд манай аав нас барчихсан байсан учраас хэрүүл маргаанд оролцохыг хүсээгүй. Би гадаа гараад байж байсан чинь манай эхнэр Алтанчимэг араас гарч ирээд нөгөө хоёр чинь муудалцаад болохгүй байна чи орж салгахгүй бол юм авч шидээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би орж салгаад гэр гэр рүү нь явуулсан гэв.

 

гэрч Н.Алтанчимэг шүүхийн хэлэлцүүлэгт: Би нөхөр Ижилбаатарын хамт подвальд хувцсаа угаах гээд байж байсан чинь Найманжин гаднаас орж ирсэн. Тэгсэн чинь араас нь Даваадорж орж ирээд Найманжинтай маргалдаад байхаар нь би гараад Ижилбаатарт хэлчихээд эргээд орж ирсэн чинь Даваадорж нил цус болчихсон байж байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

хохирогчоор Ц.Даваадоржийн:..”би Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах Түшээ нэртэй СӨХ-д цахилгааны засварчнаар ажилладаг байсан юм. 2016 оны 2 дугаар сарын 14-ний орой 20-21 цагийн үед санагдаж байна 6 дугаар бичил хорооллын арктай байрны автобусны буудал дээр микро автобуснаас буугаад явж байхдаа замын боржур дээр хальт гишгээд зүүн хөлийн шагай хэсгээ эвгүй болгочихсон тэр үед  хөл маань өвдөөд хойшоо аркаар гараад доглоод явж байхдаа 24 дүгээр байрны 2 дугаар орцны жижүүр Цогтцэцэг эгч дээр очсон чинь охинтойгоо 2уулахнаа жижүүрийнхээ өрөөнд байсан. Тэгэхээр нь би Цогтцэцэг эгчид “хөлөө эвгүй болгочихлоо танайд сууж байгаад хөлөө үзээдхэе” гэж хэлсэн чинь” тэг тэг суу” гээд надад үүдэндээ сандал ойртуулж өгсөн. Тэгээд би суугаад гутлаа тайлчихаад оймсоо тайлах гээд доошоо тонгойгоод сууж байхад Цогтцэцэг эгчтэй хамт амьдардаг Найманжин гэх залуу гаднаас нилээн халамцуу орж ирээд миний өөдөөс хараад “чи манай гэрт юу хийж байгаа пизда вэ” гээд миний нүүрэн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон тэр үед нь би шууд өөрийнхөө оймсыг эргүүлж өмсөөд гутлаа өмсөж байхад Найманжин гэх залуу өөрийнхөө дээгүүрх өмсөж явсан хувцасаа тайлчихаад цээж нүцгэлснээ намайг багалзуурдаж аваад хоолойг боосон тэр үед би ноцолдож байгаад 2 гарыг нь арай гэж тавиулсан чинь хажуунаас Цогтцэцэг эгч нөгөө Найманжин гэх залууд хандаж “чи зүгээр байгаа хүнийг яаж байгаа юм бэ” наадах чинь ямар ч гэмгүй манай байгууллагад ажилладаг хүн гэж хэлж байсан. Энэ хооронд би гарах гэсэн чинь Найманжин орон дээр сууж байсан жоохон охиныг наанаас нь түлхээд газар унагасан. Тэгээд гарч байхад араас хутга барьчихсан над дээр ирээд надруу дайраад байсан. Тэгээд би хутгыг нь тавиулах гэж ноцолдож байгаад зүүн гарын алга аа зүсүүлсэн. Энэ үед Цогтцэцэг эгч нөгөө хутгыг нь цааш байрны саад руу шидэж байсан. Тэгээд Найманжин эхнэртэйгээ ноцолдоод үлдсэн би ч явъя гэж орцноос нь гараад ирсэн ...би хойшоо 25 дугаар байрны булангаар тойроод гэррүүгээ явж байхад Найманжин 26 дугаар байрны 2 дугаар орцны подволын үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь би Найманжин дээр очоод “чи буруугаар ойлгоод байна ингэж болохгүй би энд ажилладагаас өөр юм байхгүй” гэж хэлсэн чинь Найманжин надад “хоёулаа подваль дотор орж байгаад ярилцъя” гэж хэлсэн. Тэгээд подваль дотор ороод Найманжин миний өөдөөс “тэгээд би чамайг яасан юм бэ” гээд том дуугарсан. Тэгэхээр нь би Найманжинд зүсэгдсэн гараа үзүүлээд “чи хутга шөвөг бариад буруу ойлгож байна” гээд хэлсэн чинь наад муу шалбархай чинь үү гээд цаана хана түшүүлээд тавьсан байсан цонхны шилийг хөлөөрөө өшиглөж хагалчихаад надруу том шил бариад дайрсан тэгэхэд нөгөө ахынх нь эхнэр нь гэх эмэгтэй нь угааж байсан юм аа орхиод гараад гүйсэн тэгээд би нөгөө шилийг тавиулаад 00-н суултуур руу авч хийчихээд Найманжинд “хоёулаа эрүүл болсон үед чинь ярилцъя” гэж хэлчихээд гарах гэсэн чинь араас мөрөн дээрээс татсан тэр үе нь би эргээд харсан чинь миний духан дээр бүтэн тоосгоор цохисон тэр үед би шууд сөхрөөд унасан.  Тэгэхэд “би одоо чамайг ална” гээд намайг татаж босгож ирээд духаараа миний нүүрэн хэсэг рүү мөргөсөн энэ үед миний үүдэн шүд тэр дороо мултараад унаж байгаа нь мэдэгдсэн. Тэрнээс хойш нүүр рүү, мөн гэдэс рүү элэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Мөн хамгийн сүүлд миний ар нуруу хэсэг рүү дохойгоороо 2 удаа цохиж байсан. Тэгээд би юм дугарч чадахгүй сөхрөөд хэсэг сууж байгаад босоод ирсэн чинь Найманжин надаас гар утсаа гаргаад ир гээд утас нэхээд байсан тэгээд би байхгүй гэж хэлээд хэсэг амьсгаа авч байгаад гарч зугатах гээд хаалга руу гүйсэн чинь хаалга дээр намайг барьж аваад араас татаад байсан...одоо миний үүдэн 3 шүд байхгүй онгорхой явж байна. Миний 2 шүд нь хиймэл байсан 1 шүд зүгээр өөрийн эрүүл шүд байсан тэгэхдээ Найманжингээс эрүүл шүд нэхэхгүй надад зүгээр 3 хиймэл шүд, миний тархины зураг авахуулсан мөнгө мөн эм авсан зардлыг гаргаад өгчихвөл надад цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бүгд нийлээд багцаагаар 250.000 төгрөгний зардал гарсан. /хх-ийн 14-17/ гэсэн,

 

гэрчээр Д.Цогтцэцэгийн:..”2016 оны 2 дугаар сарын 14-ний орой орцны жижүүрийнхээ байранд охинтойгоо байж байхад манай СӨХ-н цахилгаанчин Даваадорж автобуснаас бууж байгаад эвгүй гишгэчихлээ гээд бүр доглоод манай гэрт орж ирсэн. Тэгээд гутлаа тайлаад хөлөө үзчих үү гэхээр нь би тэг гэж хэлсэн чинь Даваадорж манай өрөөнд байдаг ширээний хажуу талын сандал дээр суугаад гутлаа тайлаад оймсоо тайлах гэж байхад нь гаднаас манай найз Найманжин нилээн согтуу орж ирээд үгийн зөрүүгүй шууд Даваадоржийг тонгойгоод сууж байхад нь ар нуруу руу нь гараараа цохиод байхаар нь би арай гэж салгаад Найманжинд хандаж “чи зүгээр сууж байгаа хүнийг яагаад цохиж зодоод байгаа юм бэ” гэж хэлсэн чинь надад юм хэлэлгүй Даваадорж руу дайраад “чи яахаараа манайд гутал хувцасаа тайлаад сууж байдаг юм” гээд агсраад байсан чинь Даваадорж “чи зөвөөр ойлгоорой би хөлөө эвгүй гишгэчихээд танайхаар дайрж орж ирээд үзсэн юм” гэж хэлж байсан тэгэхэд Найманжинд ахиж Даваадоржтой зууралцаад ноцолдоод гэрийн хамаг эд хогшил буулгаад байсан энэ үед миний охин айгаад гараад явсан тэгэхээр нь би араас нь гарсан чинь охин маань орцны үүдэнд зогсож байсан тэгэхээр нь би аргадаад эргүүлээд жижүүрийнхээ байранд яваад орсон чинь Найманжин хутга авчихсан Даваадоржийн гарыг зүссэн байсан. Тэр үед Даваадорж бид хоёр арай гэж Найманжингийн гараас арай гэж хутгыг нь аваад байрны голын саадруу хутгыг нь шидсэн. Энэ үед Найманжин надруу чи яагаад Даваадоржийг өмөөрөөд байгаа юм тэр хоёр явдалтай болоод л чи энийгээ өмөөрч байна гээд надруу дайраад намайг алгадаад авсан...тэгээд би охиноо аваад жижүүрийнхээ байранд ороод Даваадорж, Найманжин нарын буулгасан зүйлийг цэвэрлэж янзлаад байж байхад Найманжин гаднаас ганцаараа орж ирээд би чиний өмөөрөөд байсан Даваадоржийг чинь 26 дугаар байрны подволд цусыг нь еүлээд хаясан шүү гэж хэлж орж ирсэн /хх-ийн 18-19/ гэсэн,

 

гэрчээр Н.Алтанчимэгийн:..”2016 оны 2 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед 26 дугаар байрны подвальд хувцасаа угаах гээд нөхөр 2 найзынхаа хамт ороод байж байхад манай нөхрийн дүү Найманжин бага зэрэг согтуу орж ирээд Цогтцэцэгийнд би хүнтэй зодолдлоо гээд Цогтцэцэг нэг хүнтэй нийлээд надруу дайрлаа гээд хашгираад ороод ирсэн. тэгээд удалгүй араас нь манай цахилгаанчин Даваадорж ирээд Найманжинд чи намайг хутгаар зүсчихлээ гээд гараа харуулж байсан. Тэгэхэд Даваадоржийн алга хэсэгт бага зэрэг зүсэгдээд цус гарч байгаа харагдсан. Энэ үед манай нөхөр 2 найз маань гараад явчихсан. Тэгээд тэр хоёр хэрэлдэж маргалдаад байсан энэ үед Найманжин подвальд байсан цонхны шилийг хагалаад урт шил барьчихаад Даваадорж руу дайраад байсан тэгэхэд Даваадорж чи буруу ойлгоод байна гэж Найманжинд хэлж байсан. Тэгээд ноцолдоод хэрэлдээд байхаар нь би нөхрөө дуудъя гэж бодоод гарч  явсан. Тэгээд би нөхрөө дагуулаад эргээд подвальд ирэхэд подвалын хаалганы үүдэнд Даваадорж гарах гээд гарч чадахгүй Найманжин хойноос нь зулгаачихсан зогсож байсан. Энэ үед Даваадоржийн баруун хөмсөгний дээд хэсгээс их хэмжээний цус гараад нүүр хувцас нь их цус болчихсон гарах гээд гарч чадахгүй араас нь Найманжин зулгаагаад зогсож байсан. /хх-ийн 20-21/ гэсэн,

 

гэрчээр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа Б.Алтан-Өлзийгийн: Анх дуудлагаар очиход  зодуулсан залуугийн толгой хагарсан бололтой боочихсон, өмссөн хувцас нь цусаар бохирлогдсон байсан. Мөн нүүрэн хэсэг нь хөхөрч хавдсан байсан. /хх-ийн 25/ гэсэн,

 

гэрчээр С.Золжаргалын:..”2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ажлаа тараад 22 цаг 50 минутын орчим гэртээ очоод байж байхад 23 цагийн үед хашааны хаалга нүдээд байсан тэгээд би хаалга онгойлгосон чинь миний төрсөн эгч Оюуны хүү Даваадоржийн нүүрэн хэсэг, өмсөж явсан хувцас нь нилэнхүйдээ цус болчихсон гаднаас орж ирсэн...Даваадоржийн толгой нь хагарч олон оёдол тавиулсан. Мөн зүүн гарын ар хэсэгт нь үзүүртэй зүйлээр хатгасан шархтай байсан тархи толгой нь доргиж нүүрэн хэсэг нь нилэнхүйдээ хавдаж хөхөрсөн байсан. Мөн үүдэн 2 хиймэл шүд, өөрийнх нь нэг шүд хугарсан байсан. /хх-ий 26/ гэсэн,

 

гэрчээр Ц.Гуамаралын:..”2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Алтанчимэг гэх найз дээрээ очсон юм. Алтанчимэг бид хоёр тус хорооны 26 дугаар байрны подвальд ороод хувцасаа угааж байхад гаднаас Алтанчимэгийн нөхөр Ижилбаатар, Шараа гэх залуутай гаднаас орж ирсэн. Тэгээд бид 4 дэмий яриад сууж байхад гаднаас Ижилбаатарын дүү Найманжин гэх залуу нэг залуутай муудалцаад хэрүүл зодоон хийж орж ирсэн. Найманжин гэх залуу хана түшүүлээд тавьсан байсан цонхны шилийг хөлөөрөө өшиглөөд хагалсан. /энэ үед Алтанчимэг наад залуу чинь Ижилбаатарын дүү нь байгаа юм. Хүнтэй харьцаж чадахгүй их хэцүү ууртай хүн байна лээ гэж хэлсэн/ ...тэгээд Алтанчимэг, Ижилбаатар, Шараа бид 4 эргээд гараад 26 дугаар байрны подвальд очиход нөгөө Найманжин гэх залуу нөгөө залууг зодчихсон тэр залуугийн нүүрэн хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон нүүрээ гараараа дараад гарынхан алгаар цус гарч байсан. /хх-ийн 93-94/ гэсэн,

 

яллагдагчаар Н.Найманжингийн:..”2016 оны 2 дугаар сарын 14-ний орой 19, 20 цаг өнгөрч байхад би Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 12-77 тоот гэрээсээ гараад хамтран амьдрагч Цогтцэцэгийн 6 хороолол бичил хорооллын 24 дүгээр байрны орцны жижүүрийн байр руу очих гээд явж байгаад Таац дэлгүүрийн гадна зүс таних Батнасан гэх хүнтэй тааралдаад 0,5 литрийн савлагаатай байх Модун нэртэй архийг такси дотор хувааж уусан. Энэ үед би такси бариад явж байсан юм. Тэгээд би шууд Цогтцэцэгийн гэр рүү очоод хаалгыг нь татахад хаалга нь дотор талаасаа цоожтой байхаар нь цонхоор нь харахад Цогтцэцэг өөрийнхөө орон дээр Даваадоржтой хэвтэж байхаар нь би уур хүрээд хаалгыг нь угз татаж ороход Цогтцэцэг, Даваадорж хоёр босож ирээд Даваадорж оймсоо авч өмсөөд буцаад орон дээр суухаар нь би Цогтцэцэгийг хараад уур хүрээд бас урьд нь Даваадоржтой 2008 оны үед байх Чойрын шоронд хамт байхдаа таарамж муутай байснаа бодоод мөн 2015 оны 12 дугаар сард 6 дугаар бичил хорооллын 28 дугаар байрны гадаа Даваадорж архи уусан байдалтай надтай таараад намайг “чи янхантай суулаа, архи аваад ир” гэх мэт хэл амаар доромжилсныг нь санаад Даваадоржийн зүүн шанаа тус газарт баруун гараа атгаж байгаад нэг удаа цохиод зууралдаад харилцан зодолдсон. Энэ үед Цогтцэцэг орон дээрээс унтаж байсан өөрийн 5 настай охиноо аваад өрөөнөөс авч гарсан. Тэгээд Даваадорж бид хоёр зодолдож байгаад өөрсдөө салцгаагаад би орон дээр Даваадорж ширээний хажуу талын түшлэгтэй сандал дээр суугаад маргалдаж байтал Даваадорж ширээн дээр ил байсан ногоон өнгийн иштэй жижиг хутгыг аваад надруу дайрахаар нь би Даваадоржтой зууралдаад ноцолдоод Даваадоржийн гараас хутгыг нь салгаж аваад байж байтал гаднаас Цогтцэцэг орж ирээд миний гараас ногоон өнгийн иштэй хутгыг аваад гараад явсан. Тэгээд би Даваадоржийг гутлаа өмс гэж хэлээд түрүүлээд гарч яваад гэррүүгээ харих санаатай 26 дугаар байрны урд явж байтал миний араас Даваадорж гүйж ирээд намайг араас боож унагаагаад хөлөөрөө миний нүүрний зүүн шанаа хэсэгт гишгэсэн байсан. Энэ үед би боолтондоо болоод хальт ухаан алдчихсан байсан. Тэгээд би Даваадоржийн хөлийг нүүрнээсээ холдуулаад босох гэтэл Даваадорж миний өмсөж явсан цамцны захаар миний хоолойг боогоод 26 дугаар байрны ертөнцийн зүгээр урагш харанхуй хэсэг рүү чирээд байсан ба чирэгдэх явцдаа 26 дугаар байрны подваль дотор хүн байгааг анзаарч хараад Даваадоржоос миний буруу уучлаарай, би чамд архи авч өгье намайг босгочих” гэж гуйхад Даваадорж намайг боохоо болиод намайг босгож ирээд архи авч өг гэж хэлэхээр нь би 26 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах Кала нэртэй дэлгүүрийг заагаад би дэлгүүр орохоос өмнө ийшээ ороод цусаа угаагаадхъя гэж худал хэлээд 26 дугаар байрны подваль руу орсон. Намайг подваль руу ороход миний эх нэгтэй, эцэг өөртэй ах Ижилбаатар, түүний эхнэр Алтаа, Ижилбаатарын эрэгтэй, эмэгтэй 2 найзууд байсан. Тэгээд би цусаа угаагаад байж байтал Даваадорж дахин араас орж ирээд шоронд хамт байсан тухайгаа болон саяын зодоон болсон шалтгааны талаар намайг янхантай суучихаад янхан харамлалаа, шоронд чи муу лалрын барлаг миний юмыг хулгайлаад байсан биздээ гэх мэт хэл амаар доромжлоод эхлээд миний цамцны захаар миний хоолойг боогоод байсан ба бид хоёр харилцан зодолдсон. Даваадорж бид хоёрыг маргалдаж байх үед Ижилбаатар ах эхнэртэйгээ гараад явсан. Харин Ижилбаатарын найз гэх эрэгтэй, эмэгтэй хоёр байсан. Даваадорж бид хоёр зодолдож байхад миний хоолойг боогоод байхаар нь газарт унахад миний баруун талын гарт тоосго баригдахаар нь тоосгыг аваад Даваадоржийн нүүр хэсэг рүү нэг удаа цохьсон ба Даваадоржийн толгойноос нь цус гараад надаас салаад намайг ална гэж заналхийлээд подвалаас өрөө гараад явсан. ...хэрэг гарсны маргааш Даваадорж надад хоёулаа учраа олноо чи шүүх эмнэлэгт үзүүлээд яах вэ би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний хиймэл шүд хугарсан байна. чи надад шүү эмнэлэгт үзүүлэх мөнгө өгчих, алийн болгон хэн хэндээ хонзон санаж явах вэ хоёулаа энүүгээрээ учраа ольё гэж хэлэхээр нь би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. /хх-ийн 123-125/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2415 дугаартай: Ц.Даваадоржийн биед 3 шүдний булгарал, духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салст, зүүн шанаа, зүүн гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх духны шарх гэмтэл нь ир ирмэгтэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэлүүд нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт,

шүүгдэгч Н.Найманжингийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, ял шалгах хуудас /хх-ийн 51/,  Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 53/ Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-55/, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-59/, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 3 сарын 4-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-83/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2015 оны 11 сарын 5-ны өдрийн 455 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 147-148/ болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Найманжин ялтайд тооцогдох хугацаандаа согтуугаар  2016 оны 2 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24, 26 дугаар байрны жижүүрийн өрөө болон подвальд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан хутга, тоосго зэргийг зэвсгийн чанартай хэрэглэн Ц.Даваадоржийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан

хохирогчоор Ц.Даваадоржийн...”би Цогтцэцэг эгчид “хөлөө эвгүй болгочихлоо танайд сууж байгаад хөлөө үзээдхэе” гэж хэлсэн чинь” тэг тэг суу” гээд надад үүдэндээ сандал ойртуулж өгсөн. Тэгээд би суугаад гутлаа тайлчихаад оймсоо тайлах гээд доошоо тонгойгоод сууж байхад Цогтцэцэг эгчтэй хамт амьдардаг Найманжин гэх залуу гаднаас нилээн халамцуу орж ирээд миний өөдөөс хараад “чи манай гэрт юу хийж байгаа пизда вэ” гээд миний нүүрэн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...”/хх-ийн 14-17/ гэсэн,

гэрчээр Д.Цогтцэцэгийн:..”манай СӨХ-н цахилгаанчин Даваадорж автобуснаас бууж байгаад эвгүй гишгэчихлээ гээд бүр доглоод манай гэрт орж ирсэн. Тэгээд гутлаа тайлаад хөлөө үзчих үү гэхээр нь би тэг гэж хэлсэн чинь Даваадорж манай өрөөнд байдаг ширээний хажуу талын сандал дээр суугаад гутлаа тайлаад оймсоо тайлах гэж байхад нь гаднаас манай найз Найманжин нилээн согтуу орж ирээд үгийн зөрүүгүй шууд Даваадоржийг тонгойгоод сууж байхад нь ар нуруу руу нь гараараа цохиод... Даваадоржийг чинь 26 дугаар байрны подволд цусыг нь еүлээд хаясан шүү гэж хэлж орж ирсэн /хх-ийн 18-19/ гэсэн,

гэрчээр Н.Алтанчимэгийн...”Даваадорж гарах гээд гарч чадахгүй Найманжин хойноос нь зулгаачихсан зогсож байсан. Энэ үед Даваадоржийн баруун хөмсөгний дээд хэсгээс их хэмжээний цус гараад нүүр хувцас нь их цус болчихсон гарах гээд гарч чадахгүй араас нь Найманжин зулгаагаад зогсож байсан” /хх-ийн 20-21/ гэсэн,

гэрчээр Б.Алтан-Өлзийгийн...”зодуулсан залуугийн толгой хагарсан бололтой боочихсон, өмссөн хувцас нь цусаар бохирлогдсон байсан. Мөн нүүрэн хэсэг нь хөхөрч хавдсан байсан” /хх-ийн 25/ гэсэн,

гэрчээр С.Золжаргалын...Даваадоржийн толгой нь хагарч олон оёдол тавиулсан. Мөн зүүн гарын ар хэсэгт нь үзүүртэй зүйлээр хатгасан шархтай байсан тархи толгой нь доргиж нүүрэн хэсэг нь нилэнхүйдээ хавдаж хөхөрсөн байсан. Мөн үүдэн 2 хиймэл шүд, өөрийнх нь нэг шүд хугарсан байсан” /хх-ий 26/ гэсэн,

гэрчээр Ц.Гуамаралын... “26 дугаар байрны подвальд очиход нөгөө Найманжин гэх залуу нөгөө залууг зодчихсон тэр залуугийн нүүрэн хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон нүүрээ гараараа дараад гарынхан алгаар цус гарч байсан”. /хх-ийн 93-94/ гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2415 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд:         

Шүүгдэгч Н.Найманжингийн өмгөөлөгч Ц.Алтанцол...”Найманжин гэмт хэрэг  үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн дээр бол маргахгүй, харин гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд бол хувийн сэдэлттэйгээр үйлдэгдсэн байх тул зүйлчлэлийг зөвтгөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгож өгнө үү” гэсэн хүсэлт бүхий онолын тайлбар гаргаж мэтгэлцлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.Найманжин, хохирогч Ц.Даваадорж нарын хооронд гэмт хэрэг гарахад ямар нэг хувийн таарамжгүй харьцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Түүнчлэн энэ хэрэг 2016 оны 2 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн орчим үйлдэгдсэн байх бөгөөд уг хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

 

Н.Найманжин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхөөс татгалзаж, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “хэрэгт мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан”-ны дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар анх байцаалт өгсөн байна.

 

Тэрээр “Цогтцэцэг өөрийнхөө орон дээр Даваадоржтой хэвтэж байхаар нь уур хүрээд”...гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт...”Цогтцэцэг, Даваадорж хоёр зэрэгцээд хэвтэж байсан“ гэж мэдүүлдэг боловч түүний энэ мэдүүлэг нь  хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байхын зэрэгцээ, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус буруутай ажиллагаа нөлөөлсөн гэх байдал нотлогдоогүй болно.

 

Н.Найманжингийн гэмт үйлдлийг Ц.Даваадоржтой хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдсан гэж шууд дүгнэх хууль зүйн үндэслэлгүй тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Танхайн сэдэлт нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдаж ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүргүй догшин зан авир бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, үл ялих зүйлээр шалтаглан, сэдэлтийн хувьд танхайн сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдэхийг ойлгоно.

 

Иймд шүүгдэгч Боржигин овогт Нацаг-Юмын Найманжинг ялтайд тооцогдох хугацаандаа  бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан хутга, тоосго зэргийг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар хорих ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Н.Найманжинд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтов.   

 

Н.Найманжин урьд нь шүүхээр 2 удаа хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдэж Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д заасан хуулийн хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг шинээр үйлдсэн нь түүний ялгүй болох хугацаа тасарч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д заасан хууль зүйн үр дагаврыг бий болгож байна.

Шүүгдэгч Н.Найманжин урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар хоёр удаа шийтгүүлж, ялтайд тооцогдох хугацаандаа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох үндэслэл болов.        

 

                                                                              Л.ОЮУН