Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/846

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022            06             30                                    2022/ШЦТ/846

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Р.Очирсүрэн /томилолтоор/,

шүүгдэгч М.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-ад холбогдох ...  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Алтай хүдэр ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, ... тоотод оршин суух, урьд

... дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар тэнссэн,

Хөхөөгийнхөн овогт М.Н /РД:ЧС7802.../.

 

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.Н- нь 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны 78 тоотод Б.Б-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ мөнгөн аягыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 851,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 809 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дүгнэлт:

1. Шүүгдэгч М.Н- нь хохирогч Б.Б-ын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 851,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Б-ын “...2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр манай гэрийнхэн байхгүй би гэртээ ганцаараа байж байгаад ойрхон амьдардаг танил найз ах болох, Б /Г/-тай гадаа үүдэнд таараад бид хоёр манай гэрт орж 0.75 литрийн /нэрийг нь санахгүй байна/ архи хувааж уугаад байж байтал манай цонхон доор танил найз болох М.Н- /Наагий/ намайг нэрээр дуудсан юм. Цонхоор хараад гэрт ороод ир гэж М.Н-ад хэлээд манай гэрт ганцаараа орж ирсэн. Тэгээд бид 3 ууж байсан архиа уугаад жаахан муудаад байж байсан чинь М.Н- нь миний нүдийг хариулж байгаад ширээн дээр байсан архи хундаглаж ууж байсан жижиг мөнгөн аягыг аваад гарчихсан байсан. Энэ талаар надад манай гэрт байсан Бээгий /Ганхуяг/ М.Н-ыг явсны дараа, мөнгөн аягыг чинь М.Н- аваад гарчихлаа шүү дээ гэж хэлсэн юм. М.Н-ыг миний мөнгөн аягыг авч ирж өгөх байх гэж бодоод хүлээж хэд хоносон. Тэгээд хэд хоногийн өмнө байрны гадаа явж байгаад М.Н-тай таараад мөнгө аяга авчирч өг гэхэд М.Н- нь миний мөнгөн аягыг 13-р байрын үзүүрт байдаг ломбардад барьцаанд тавьчихсан гэж хэлсэн. М.Н- нь манай эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй байж дур мэдэн ээжийн минь хэрэглэдэг байсан аягыг авч яваад ломбардад тавьсан байгаа нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж бодож байна... хохирогч Б.Б-ын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “..М.Н- мөнгөн аягаа ломбардаас аваад манай гэрт авчирч өгч намайг хохирол, гомдол саналгүй болгосон..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 14 хуудас)

- Гэрч Б.Г-ийн “...2022 оны 5 дугаар сарын 10-ны хавьцаа байсан байхаа би Батжаргалын гэрт ороод 0.75 литрийн архи хувааж уугаад байж байсан чинь Батжаргалыг гаднаас М.Н- дуудахаар нь Батжаргал М.Н-ыг гэрт ороод ир гэж хэлээд гэртээ оруулсан юм. Тэгээд бид 3 хамт авсан архиа хувааж уугаад дуусчхаад нэлээн муудаад Батжаргал цаашаа хараад хэвтээд өгсөн. Тэгээд нэг харсан чинь М.Н- ширээн дээр байсан архи хундаглаад ууж байсан мөнгөн аягыг халаасандаа хийгээд аваад гараад явчихсан. Би Батжаргалыг дуудаад М.Н- танай мөнгөн аягыг бариад гарчихлаа гэж хэлж сэрээгээд бид 2 араас нь гарч харахад М.Н- яваад өгчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 хуудас)

- Гэрч Б.Б-ийн “...2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үдээс өмнө байсан санагдаж байна. Хуучны модон тагштай, тагш нь нэг газраараа босоо цууралттай, 5 хэмжээтэй мөнгөн аяга 60.000 төгрөгийн барьцаанд М.Н- /ЧС7802.../-ын өөрийн иргэний үнэмлэхийг нь үндэслээд баталгаажуулж байгаад авсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 2 цагийн дараа дахин орж ирээд тавьсан мөнгөн аягаа 100.000 төгрөг болгоод 40.000 төгрөг нэмээд авчих уу гэж гуйж байгаад нэмээд аваад явсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 хуудас)

-“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “..Дээр үеийн, тагш нь хагархай хуучны мөнгөн аяга 1 ширхэг 851.000 төгрөг..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 хуудас)

- М.Н-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гаргасан “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би мөнгөн аягыг нь аваад өгчихсөн. Хохирогчоос уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг нотлох баримтаар нотлогдсон.

 

2. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зоригоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Шүүгдэгч М.Н-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтээр хохирогчийг унтаж байх хойгуур нь түүний гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.

 

3. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

4. Шүүгдэгч М.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

5. Улсын яллагчаас шүүгдэгч М.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал, дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч М.Н-аас: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэв.

 

6. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч М.Н- гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

   7 . Шүүгдэгч М.Н- нь хувийн байдал болон хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

9. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэв.

 

10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөхөөгийнхөн овогт М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ад хорих ял оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Н-ад “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ