Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/698

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Ч.Батбаатар,

Хохирогч Т.М,

Шүүгдэгч Г.П /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Пд холбогдох эрүүгийн 2203001870271 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, Г.П, 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Түр саатуулах ТС-15 байранд туслахаар ажилладаг, ам бүл 5, эх, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 40-41 тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн х улийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.П нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 08 цаг 00 минутын орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, 15 дугаар авто машин түр саатуулах байрны хашаанаас “Булган Жацо” ХХК-ийн эзэмшлийн “Киа бонго” маркийн 40-71 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөл авалгүй авч Чингэлтэй дүургийн 10 дугаар хороо, далан давхарын урд замд явж байхад нь хойд дугуй нь салж өнхөрөн явган зорчигч Т.Мын мөргөж түүний биед зүүн шаант, тахилзуур ясны дээд булууны зөрүүтэй далд хугарал бүхий хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Г.Пгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Анх өгсөн мэдүүлгээ худлаа өгсөн. Худал мэдүүлэг өгсөн тул зөвөөр мэдүүлгээ өгнө. Компанийн захирал нь намайг ятгаад ийм мэдүүлэг өгүүлсэн. Чи энэ хүн мөргөсөн хэргээ даагаад авчих, мөргүүлсэн хүний хохирлыг өгнө битгий санаа зов гэсэн. Би өглөө ажил дээрээ 6 өнгөрч байхад ирсэн. Журмын хашаа дээр ямар ч хүнгүй байсан. Үүдний харуул гялс яваач ээ явчихаад ир гээд намайг компанийн хүн хөөж гаргасан. Тэгээд машиныг нь унаж явж байгаад осол гаргасан, хүн гэмтээсэн. Би машиныг унаж яваад 2 машин оруулаад 3 дахийг нь оруулах гэж байгаад ар талын дугуй салаад хүн мөргөчихсөн. Миний машины дугуй салаад хүн мөргөсөн дээр маргах зүйлгүй. Компани намайг зөвшөөрөлгүй авч явсан гэдэг дээр маргаж байна. Би гарч явахдаа үнэмлэхгүй гэдгээ хэлсэн. Урьд нь ажиллаж байсан..” гэв.

 

Шүүгдэгч Г.Пгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн өглөөнийн 06 цагийн орчим гэрээсээ гараад ажил болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар түр саатуулах байранд очоод байж байтал ажлын утас дуугархаар нь би аваад ярьтал цагдаагаас хоёр зөрчилийн машин байна ирээд ачаад аваад яваадах гэж хэлхээр нь би ажлын шкафанд байсан машины түлхүүрүүдээс нэгийг нь аваад 40-71 УБЭ улсын дугаартай автомашиныг асаагаад журмын хашаанаас гарсан. Тэгээд Баянбүрдийн тойрог орж хоёр машин аччихаад байж байтал дахиад ажилын утас дугархаар нь би аваад ярьтал бас нэг цагдаагаас Далан давхар дээр хүрээд ир нэг зөрчилийн автомашин байна гэж хэлхээр нь тэр автомашиныг ачих гэж явж байгаад Чингэлтэй дүүргийн Хүчит Шонхор худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун гар талаар нь Далан давхарын замаар баруун тийш явж байтал миний жолоодож явж байсан автомашины зүүн хойд талын угсраа хоёр дугуй хоёулаа салаад унчихсан.Тэгээд би толиндоо хартал нөгөө салсан хоёр дугуйны нэг нь эсрэг урсгалд явж байсан саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашиныг очиж мөргөөд тэр машинд ойгоод буцаад тус замын ертөнцийн зүгээр хойд талд зогсож байсан явган зорчигч болон цагаан Toyota Prodox маркийн автомашиныг мөргөчихсөн. Тэгээд би сандраад машинаа зогсоогоод машинаасаа буугаад эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг /хх-51-52/,

 

Хохирогч Т.Маас шүүхийн хэлэлүүлэгт мэдүүлсэн: “..2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр машинаа хашаанаас гаргаж тавиад буцаад машинд суух үед зүүнээс баруун тийш явж байгаа машины зүүн талын дугуй мултарч унасны улмаас намайг бэртээсэн. Жолооны араас шүүгдэгч бууж ирсэн. Би 103 дуудаад явчихсан. Цагдаа нар хэмжилт хийгээд үлдсэн. Гэмтлийн эмнэлэгт очоод 04 дүгээр сарын 11-ний өглөө хагалгаанд орсон. Эмчилгээний зардалд 500.000 төгрөгийн зардал гарсан. Хөдөлмөрөө алдсан, асрагч авсан зэрэг 9.856.000 гаруй төгрөгийг нэхэмжилж байна. Булган Жацо компани болон П нараас нэхэмжилж байна. Би тэр хүнтэй утсаар ярьсан. Эхлээд Сонгинохайрхан дүүргийн цагдаа залгаад байхаар нь Бтай ярих гээд залгатал, надад таньдаг цагдаа байхгүй, шоронгийн гарууд байгаа гэх маяггийн заналхийлсэн зүйл ярьсан.  Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтэс байсан байна. Захирал руу нь би ярьсан.  Хариуцагчаар татагдаад очиж мэдүүлэг өгөхгүй байна гэсэн. Хохирлоо барагдуулах л хүсэлтэй байна..” гэв.

 

Хохирогч Т.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа явахаар 07 цаг өнгөрч байхад хашаанаас машин гаргаж зам дагуу байрлуулчихаад хашааныхаа хаалгыг хаагаад буцаад машиндаа суух үед зүүнээс баруун тийш чиглэлд явсан ачилтын цагаан өнгийн автомашин хурдтай ирэх үед зүүн талын арын давхар дугуй салаад нэг дугуйн өнхөрч эсрэг замаар явсан саарал өнгийн Тоёота Приус маркийн автомашины зүүн талын урд дугуйг мөргөж ойгоод миний зүүн шилбэ рүү цохих үед машины баруун талын урд хаалгатай хавсарсан. Нарийн шинжилгээ хийлгэхэд зүүн хөлний шилбэний яс хугарсан байна гээд гэмтлийн эмпэлэгт 4 хоног хэвтээд ясаа хадуулаад эмнэлгээр гарсан. ..Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-46/,

 

Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өглөө 08 цагийн үед өөрийн эзэмшлийн 93-35 УБИ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлтэй Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, далан давхарын замаар баруунаас зүүн чиглэлтэй явж байсан чинь надтай зам дээр зөрсөн ачигч машины дугуй салж ирээд миний машины зүүн урд талын дугуй хэсгийг мөргөж гэмтээсэн. Би өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэхгүй ачигч машины жолооч миний машинд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-49/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Осол болох үед зээл дуусч байсан сүүлийн төлөлтийг 2022 оны 4 сарын сүүлээр хийгээд байгууллагын нэр дээр шилжүүлж авах ёстой байсан. Одоо бол уг автомашин манай байгууллагын нэр дээр шилжсэн “Булган Жацо” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Байгууллагын зүгээс автомашины эвдрэлтэй холбоотой Пгээс нэхэмжлэх зүйл байхгуй. Хохирлын үнэлгээ хийлгэхгүй. ..Г.П манай байгууллагатай албан ёсоор гэрээ хийгдээгүй болохоор манай ажилтан биш. Тухайн үед Пгийн найз манай байгууллагад ажиллагдаг болохоор найзыгаа дагаж ирээд хэд хоног манай журмын хашаан дээр ажилласан байдаг. Тэгээд шөнө найзтайгаа хамт хонохдоо үүрээр ачилтын дуудлага ирэх үед зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл аваад гараад явсан байна лээ. Пгийн бусадад хохирол учруулсан асуудлыг манай байгууллага хариуцахгүй..” гэсэн мэдүүлэг /хх-139, 143/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №5649 дугаартай Эмнэлгийн бичиг баримтаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд: “..Т.Мын биед зүүн шаант, тахилзуур ясны дээд булуу нь зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ..Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-56-57/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн №1591 дугаартай дүгнэлтэд: “..Шинжилгээнд ирүүлсэн “Киа бонго” маркийн 40-71 УБЗ улсын дугаартай автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.. тоормосны ажиллагаа жигд биш, тоормосны эд ангиуд харилцан адилгүй хэмжээтэй.. дээрх гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байна. Зүүн хойд дугуйн бэхэлгээний боолт шпылканы резьба элэгдсэн гэмтэл ослын емнө үүссэн шинэ гэмтэл байна.. зүүн хойд дугуйн бэхэлгээ боолт шпылка дутуу сул боогдсон шалтгаан нөхцлөөс зуүн хойд дугуй хөдөлгөөний явцад салсан байна..” гэх дүгнэлт /хх-74-80/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 520 дугаартай магадлагаанд:  “..Жолооч Г.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем.. ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй.. үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-108-109/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-12/, Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд: /хх-69/ “..Тоёота Пробокс” маркийн 47-01 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 240.000 төгрөгийн шууд, 280.000 төгрөгийн нийт хохирол учирсан..” гэх тайлан,

 Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичиг /хх-120/,

Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд: /хх-69/ “..Тоёота Пробокс” маркийн 47-01 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 240.000 төгрөгийн шууд, 280.000 төгрөгийн нийт хохирол учирсан..” гэх тайлан,  шүүгдэгч Г.Пгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-116/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-113/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-121/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.                                        

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Мын биед учирсан гэмтлийг гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгчийн дээрхи гэмт үйлдлийн улмаас хохирогч Т.Мт хүндэвтэр хохирол учруулсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.П нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 08 цаг 00 минутын орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, 15 дугаар авто машин түр саатуулах байрны хашаанаас “Булган Жацо” ХХК-ийн эзэмшлийн “Киа бонго” маркийн 40-71 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөл авалгүй авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэргийн, уг өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хохирогч Т.Мын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

 Шүүх хуралдаанд шүүгчдэгч Г.П нь би тухайн авто машиныг зөвшөөрөлгүй авч гараагүй, тухайн компаний ажилд авч гарч байсан, захирал Д.Б нь осол гарсаны дараа намайг зөвшөөрөлгүй авч гарсан гэж мэдүүлчих арыг чинь даана гэсэн боловч тэгээгүй, хохирол төлбөр төлөөгүй гэж мэдүүлсэн боловч энэ мэдүүлэг нь өөр нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна. Тэрээр зам тээврийн осол гаргаж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд ямар нэг маргаан гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан”, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, шүүхээс тогтоосон гэмт хэргийн улмаас хохирогч Т.Мт учирсан 2.075.000 төгрөгийн хохирлыг төлсөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Пг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Пд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Пд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүх хуралдаанд хохирогч Т.М нь эм, тариа, бензин, асрагчийн хөлс, ажилгүй байсан хугацааны орлого, авто машины засвар зэрэг зэрэг нийт 9.856.000 төгрөгийг шүүгдэгч Г.П, иргэний хариуцагч Д.Б нараас нэхэмжилсэн болно. Хохирогчоос нэхэмжилсэн нэхэмжлэлээс эм тариа, бензин, асрагч хөлсөлж асруулсаны хөлс нийт 2.075.800 төгрөгийн баримтыг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Пгээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв. Зам тээврийн ослын улмаас хохирогчид гэмтэл учруулсан үйлдэлд “Булган Жацо” ХХК, иргэний хариуцагч Д.Б нар буруутай гэх баримт хэрэгт байхгүй, Булган Жацо” ХХК-нд шүүгдэгч ажилладаггүй, шүүгдэгч зөвшөөрөлгүйгээр тухайн авто машиныг авч гарсан болох нь тогтоогдсон буюу дан ганц шүүгдэгчийн буруутай үйлдлээс хохирогчид хохирол учирсан гэж үзсэн тул хохиролыг иргэний хариуцагч хамтарч төлөхгүй шүүгдэгч дангаар хариуцах ёстой гэж шүүх шийдвэрлэлээ.

Хохирогчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны орлого 7.500.000 төгрөг, автомашины засварын 280.000 төгрөгтэй холбоотой баримтаа хохирогч шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлээс 7.780.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2.075.800 төгрөгийн төлбөртэй болохыг тогтоосны дараа шүүгдэгчээс Г.Пгээс хохирол төлөхтэй холбоотойгоор завсарлага авах талаар гаргасныг хүсэлтийг шүүх хүлээн авч ажлын 5 хоногоор шүүх хуралдааныг завсарлуулсан. Шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч Г.П нь хохирогч Т.Мт 2.075.000 төгрөгийг төлж, 800 төгрөгийг дутуу төлссөн байх тул шүүгдэгч Г.Пгээс 800 төгрөгийг гаргуулан хохирогч  Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо оршин суух А.Т-д олгуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Б нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болно.

 

Шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан”, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Шүүгдэгч Г.Пд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Пд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д хэсэгт зааснаар хохирогч Т.Маас нэхэмжилсэн 9.856.800 төгрөгийн нэхэмжлэлээс 7.780.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  шүүгдэгч Г.Пгээс 800 төгрөгийг гаргуулан хохирогч Амбаа овогт Тожилын Мягмарт /РД:ЛЙ75102872/ олгож, хохирогч Т.М нь хэлэлцэхгүй орхисон 7.780.200 төгрөгийн нэхэмжлэлийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Г.Пгээс  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР