Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,                     

              Улсын яллагч Г.Чанцалдулам,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

              Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Бын Мд холбогдох эрүүгийн 2238000000464 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             

              Шүүгдэгч Б.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 18-10 тоотод 2022 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр И.Бтай маргалдан улмаар зодож биед хүзүү, дал, 2 бугалга, баруун тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000464 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Б.М нь 2022 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 18-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр И.Бтай “аавын минь машины моторыг надад хэлэлгүй хаялаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар  эхнэр И.Бг зодож эрүүл мэндэд нь хүзүү, дал, 2 бугалга, баруун тохойд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мгийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,  

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр гэм буруугийн дүгнэлт болон эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “..Миний үйлчлүүлэгч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байна. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлбөр байхгүй. Гэм хорыг арилгаж, эвлэрлийн гэрээ байгуулсан. Шүүгдэгч урьд өмнө ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Ийм учраас шүүгдэгчид  улсын яллагчийн санал болгосон 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг зөвшөөрч оролцож байна.”  гэв

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч И.Бгийн өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 18-10 тоотод нөхөр Б.М болон хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед нөхөр Б.М хашаанд байсан мотор хайччихсан юм бэ? гээд надаас асуухаар нь би хариуд нь “моторыг чинь хаячихсан” гэж хэлэхэд манай нөхөр уурлаад манай хашаанд байсан ахын пургоны суудлыг хаяна гээд байхаар нь би хариуд нь “наад суудал чинь ахын компанид нь бүртгэлтэй байдаг юм, наадхаа хаяж болохгүй” гэж хэлэхэд Б.М надад “чи миний аавын машины моторыг хаячихсан байхад би чиний ахын юмыг хаяхад яадаг юм” гэх мэтээр бид хоёр хэрэлдэж, маргалдаж эхэлсэн. Улмаар энэ хэрүүл маргаан тасралтгүй үргэлжилсээр байгаад шөнийн 00 цаг 30 минутын үед би явлаа гээд гэрээсээ гарах гэтэл манай нөхөр Б.М хоёр гараараа миний хоёр гарын булчин шуу хэсгээс чангаар базаж, чимхэж намайг ор руу түлхэж унагаасан. Мөн хөлнөөс маань татаж газар луу унагаасан, хүзүүг маань гараараа багалзуурдсан. Өнөөдөр өглөө сэрэхэд миний хамаг бие хөндүүр, толгой айхтар өвдөж байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 348 дугаартай: “...И.Бгийн биед хүзүү, дал, хоёр бугалга, баруун тохойд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022 оны 06 дугаар сарын 06-нд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. И.Бгийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ ба уг гэмтлүүд нь нийт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

              Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 37-39 тал/,

              Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлыг үнэн зөвөөр ярьсан тул надад дахин ярих шаардлага байхгүй. Би эхнэр И.Бгийн биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, гэмт үйлдэлдээ гэмшиж байна. Би эхнэрээсээ уучлалт гуйж, дахин ийм асуудал гаргахгүй гэдгээ амлаж бид хоёр эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 24 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч И.Бгийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 348 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Мгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.М нь 2022 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 18-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр И.Бтай “аавын минь машины моторыг надад хэлэлгүй хаялаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар  эхнэр И.Бг зодож эрүүл мэндэд нь хүзүү, дал, 2 бугалга, баруун тохойд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч И.Бгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Мгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Б.Мгийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Мгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Мгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч И.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Б.М, хохирогч И.Б нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эвлэрсэн (хх-ийн 32) тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх эвлэрлийн гэрээ хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Мгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 26-31, 33-42 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ЦЕГ-ын хайлтын системийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа, аюулын зэргийн үнэлгээний маягт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.М нь ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 18-10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Мгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.Мгийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 /нэг/ сарын хугацаагаар хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М  нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.           

Энэ хэрэгт шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Г овогт Бын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г овогт Бын Мг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.Мгийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 /нэг/ сарын хугацаагаар хязгаарласугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Мд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.      

              5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН