Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
Хэргийн индекс | 179/2022/0218/Э |
Дугаар | 2022/ШЦТ/219 |
Огноо | 2022-07-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/219
2022 07 25 2022/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,
Улсын яллагч Б.Ү,
Шүүгдэгч, хохирогч Н.С, Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ны С, Бгийн Ү нарт холбогдох эрүүгийн 2238001800472 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Н.С, Б.Ү нар нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 6-2 тоот хашааны гадна хоорондоо хэрүүл маргаан үүсгэж улмаар бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238001800472 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.С нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 6-2 тоот хашааны гадна А.О, Б.Ү нартай хэрүүл маргаан үүсгэж, Б.Үгийн толгой руу цохиж, түүний биед тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Ү нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 6-2 тоот өөрийн гэрийн хашааны гадна Н.С, Э.Б, Б.Э нартай маргалдаж, улмаар Н.Сыг чулуугаар цохиж түүний биед тархи доргилт, зулайд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Сын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Үгийн өгсөн: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Асуусан асуултад хариулна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Үгийн өгсөн: “Энэ охин чулуугаар цохисон гээд байгааг гайхаж байна. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Сын өгсөн: “Тухайн үед миний толгойд зулгаралт үүссэн. Харилцан бие биедээ хохирол учруулсан болохоор гомдол байхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Сын өгсөн: “...2022 оны 04 сарын 26-ны өдөр манай эгч Б, ээж Э нарын хамт оройны 21 цаг болж байхад өмнө нь манай аавтай машинаа сольж байсан хүнтэй очиж уулзсан. Тухайн үед тэр айлын гадаа ирэхэд хашааныхаа гадаа манай аавтай машинаа сольж байсан хүн нь нэг хүнтэй уулзсан зогсож байсан. Тэгээд бид хэдийг машинаасаа буугаад тэр хүнтэй очиж уулзхад нөгөө хүн нь яваад өгч байсан. Тэгээд нөгөө хүнтэй мэнд ус мэдээд нөгөө сольсон машин чинь эвдрэл гэмтэлтэй байна машинаа буцааж авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө хүн чадахгүй та нар шүүхдээд аваарай гээд хэгжүүрхээд хашаа руугаа орох гэж байхад манай эгч Б нь тэр залуугийн урдуур нь ороод хашааны хаалгыг нь хааж зогссон. Тэгэхэд тэр ах шууд хашааны хаалга нүдээд эхнэрээ дуудсан. Тэгэхэд эхнэр нь гарч ирээд бид гурвыг хэл амаар доромжилж байснаа газраас шороо аваад бид гурав луу цацаад байхаар нь би жирэмсэн хүн лүү шороо яагаад цацаад байгаа юм бэ гээд цээж хэсэг рүү нь түлхэж холдуулсан. Тухайн үед намайг манай ээж хойш нь татаад тэр эмэгтэй хүнээс холдуулж байхад тэр эгч газраас шороо, чулуу атгаж аваад над руу шидсэн. Тэгэхэд тэр шидсэн чулуу нь миний толгойны зулай орчмыг оноод миний толгой өвдөөд байхаар нь би тэр хэдээс холдож байгаад цагдаа дуудсан....” гэх мэдүүлэг / хх-ийн 22 тал/,
Хохирогч Б.Үгийн өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажлаасаа 20 цаг болж байхад тараад гэртээ ирээд хувцсаа тайлаад байж байхад манай хашааны үүдийг хүмүүс чанга чанга нүдээд байсан. Тэгэхээр нь манай нөхөр гэрээсээ гараад явсан. Манай нөхрийг гарч явсны дараа хашааны гадаа хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь хашааны гадаа гараад хартал 3 эмэгтэй хүн манай нөхөртэй хэрэлдээд үг хэлээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм гэж асуухад тэнд байсан нэг жирэмсэн эмэгтэй нь та нар бичиг баримтын асуудалтай машин өгсөн байна гэж хэлэхээр нь би та нар одоо жоохон хүүхэд наймаа хийж байгаа биш янз янзын юм ярьж ирээд байх шаардлага байхгүй зайл гэж хэлсэн. Ингээд байж байтал жирэмсэн биш нэг эмэгтэй нь шууд миний үснээс зулгааж аваад миний толгойг доош нь дараад хашаа руу шахаж байгаад миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед бид хоёрыг хэн ч салгаагүй байж байхад манай нөхөр утсаараа бичлэг хийж байгаа шүү гэж хэлсэн чинь намайг үсдэж байсан хүн нь намайг үсдэхээ болиод надаас холдсон. Тэгэхээр нь би газраас шороо атгаж авч байгаад тэр охин луу цацсан. Тухайн үед намайг тэр охинтой ноцолдож байх үед миний кирманд байсан манай охины утас унаад дэлгэц нь хагарсан байсан. .. Харин намайг үсдэж байсан охины урдаас шороо атгаж байгаад цацсан. Бас үг хэлээрээ адилхан хэрэлдсэн. Утсаа төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Гэрч А.Оын өгсөн: “...гурван эмэгтэй хүн бууж ирээд хашааны гадаа байсан миний машины хаалгыг нэг жирэмсэн эмэгтэй хүн хүрч ирээд татаад машин аваад ир очиж ямбий сэгээ ав гэхээр нь би орой үдэш гэрийн гадаа ярихгүй, ярьдаг газар нь очиж ярья, хууль хяналтын байгууллага дээр очъё гэж хэлсэн. Ингэж хэлээд би хашаа руугаа орох гэтэл тэр жирэмсэн эмэгтэй нь миний урдуур орж ирээд миний гэдэс рүү гараараа нэг удаа цохиод, миний баруун талын хөлний шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм би гэр лүүгээ орьё гэсэн чинь тэр жирэмсэн эмэгтэй над руу шороо цацаад хэл амаар доромжлоод байсан. Ингээд байж байтал манай эхнэр Ү гэрээсээ гарч ирээд хөөе юу болоод яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд тэр хоёр охин шороо, харин ээж нь давс бид хоёр луу цацаад байсан..Ингээд хэрэлдээд байхаар нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байж байсан чинь нэг жижигхэн намхан хүүхэн нь над руу ирээд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон. Тэгэнгүүтээ шууд манай эхнэрийн үснээс зулгааж байгаад хашаа руу түлхээд нуруу хэсэг рүү нь гараараа 4-5 удаа цохсон. Тэгэхээр би та нар яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ гээд орилсон чинь тэр гурван эмэгтэй манай эхнэрээс холдож байсан. Тэгэхэд нь манай эхнэр газраас шороо атгаж байгаад тэр гурван эмэгтэй рүү цацаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,
Гэрч Э.Бгийн өгсөн: “... гэрээс нь эхнэр нь бололтой хүн гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэхээр нь би “эгчээ машины талаар учраа олох гээд байж байна” гэсэн чинь тэр эгч шууд жингэр нохойгоор минь дуудаад, бас намайг эрүүл хүүхэд төрүүлэхийг чинь харъя жирэмсэн юм байж 100.000 төгрөг дээр үхэл ханхлуулаад байхдаа яадаг юм гэх мэтээр доромжилж байсан. Ингээд байж байхад тэр эгч газраас шороо аваад бид гурав луу цацаад эхэлсэн. Тэгээд л манай дүү цагдаа дуудаж мэдэгдсэн. ...Тэгээд салаад байж байхад тэр эгч газраас чулуу аваад манай дүү рүү шидсэн. Тэгэхэд тэр шидсэн чулуу нь манай дүүгийн толгойг оносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,
Гэрч Б.Эын өгсөн: “..Тэгсэн чинь нөгөө залуу нь эхнэрээ дуудаад гараад ир гээд байсан. Удаагүй эхнэр нь гарч ирээд яах гээд байгаа гичийнүүд үү гээд орилоод байхаар нь би тэр эмэгтэйд хандаж би машины хүн байна машинаа аваад явдаг юм уу гэхэд тэр эмэгтэй гичийнүүдээ аваад зайл гээд байсан. Тэгэхэд нь манай том охин Б нь тэр гарч ирсэн хүүхэнтэй нь хэрэлдээд байж байхад нөгөө хүүхэн чинь газраас шороо аваад бид гурав луу цацаад байсан. Ингээд байж байхад С нь эгчийгээ өмөөрөөд тэр эмэгтэйг хашаа руу нь түлхэж байсан. Хаашаа нь түлхэж байсан гэдгийг нь би тухайн үед сайн анзаарч хараагүй. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй газраас шороо, чулуу атгаж С луу шидэхэд нь толгойг оносон байсан. Тухайн үед С толгой хагарчихлаа гээд орилоод байхаар нь би очоод толгойг нь харахад толгойноос нь цус шүүрч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,
Гэрч Б.Огийн өгсөн: “.. Б.Ү гэх хүнээс оройны 22 цагийн үед уг дуудлага нь ирж байсан. Тухайн үед Б.Ү гэх хүн нь өөрөө цагдаа дээр ирж байсан шиг санагдаж байна. Тэгээд би холбогдох ажиллагааг хийж материалжуулсан. ..Тухайн үед намайг мэдүүлэг авч байх үед С нь чулуугаар толгой руугаа цохиулсан гэж ярьж байсан. Тэгээд надад толгойгоо үзүүлээд байхаар нь би хартал толгойн орой хэсэгтээ цус гараад хатсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,
Хохирогч Б.Үгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 263 дугаартай: “...Б.Үгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55 тал/,
Хохирогч Н.Сын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 264 дугаартай: “Н.Сын биед тархи доргилт, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 59-60 тал/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /15-18 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №ТХҮ-922/3982 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 63 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Сын яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.. Би тухайн үед хашаанаас гарч ирсэн эмэгтэй хүнийг маргалдаад байхаар нь толгойг нь хойш нь гараараа түлхэж байсан.. Харин би тэр эмэгтэй рүү очоод толгойг хойш нь түлхсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.. Үүний дараа тэр эмэгтэй газраас шороо, чулуу атгаж байгаад над руу шидсэн. Тэгэхэд тэр шидсэн чулуунаас нь миний толгойг оноод миний толгойноос цус гарч байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 77 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Үгийн яллагдагчаар өгсөн: “...Би тэр эмэгтэй хүүхдийг зодоогүй. Чулуу авч шидээгүй. Харин газраас шороо, элс аваад тэр эмэгтэй хүүхэд рүү цацсан.. Намайг тухайн үед хашааны гадаа гараад ирэхэд гурван эмэгтэй хүн янз бүрийн бүдүүлэг үг хэллэг ашиглаж манай нөхөртэй хэрэлдсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм гэсэн чинь тэр гурван эмэгтэй гурвуулаа машин тэрэгний асуудлаар л хэрэлдээд байсан. Тэгж байсан жижигхэн эмэгтэй хүүхэд нь шууд гүйж ирээд миний үснээс үсдэж аваад толгой руу 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би нөхөр От хүн амьтан зодоод байхад салгаач гэсэн чинь бичлэг хийж авсан нь дээр гээд утсаараа бичлэг хийж байсан. .. Би чулуу авч шидээгүй харин шороо, элс аваад цацсан маань үнэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 78 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч Н.С нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С өөрөө өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй гэжээ.
Шүүгдэгч Б.Ү гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруутай гэдгийг эс зөвшөөрч цагаатгах байр суурьтай оролцож “гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэтгэлцжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Н.Сыг хохирогч Б.Үгийн толгой тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Б.Үг хохирогч Н.Сын толгой тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргажээ.
Шүүхээс талуудын гаргасан мэтгэлцээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Үгийн гаргасан санал, дүгнэлт дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Сын өгсөн: “... би жирэмсэн хүн лүү шороо яагаад цацаад байгаа юм бэ гээд цээж хэсэг рүү нь түлхэж холдуулсан. Тухайн үед намайг манай ээж хойш нь татаад тэр эмэгтэй хүнээс холдуулж байхад тэр эгч газраас шороо, чулуу атгаж аваад над руу шидсэн. Тэгэхэд тэр шидсэн чулуу нь миний толгойны зулай орчмыг оноод миний толгой өвдөөд байхаар нь би тэр хэдээс холдож байгаад цагдаа дуудсан....” гэх мэдүүлэг,
хохирогч Б.Үгийн өгсөн: “..Ингээд байж байтал жирэмсэн биш нэг эмэгтэй нь шууд миний үснээс зулгааж аваад миний толгойг доош нь дараад хашаа руу шахаж байгаад миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед бид хоёрыг хэн ч салгаагүй байж байхад манай нөхөр утсаараа бичлэг хийж байгаа шүү гэж хэлсэн чинь намайг үсдэж байсан хүн нь намайг үсдэхээ болиод надаас холдсон. Тэгэхээр нь би газраас шороо атгаж авч байгаад тэр охин луу цацсан..” гэх мэдүүлэг,
гэрч А.Оын өгсөн: “.. шууд манай эхнэрийн үснээс зулгааж байгаад хашаа руу түлхээд нуруу хэсэг рүү нь гараараа 4-5 удаа цохисон. Тэгэхээр би та нар яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ гээд орилсон чинь тэр гурван эмэгтэй манай эхнэрээс холдож байсан. Тэгэхэд нь манай эхнэр азраас шороо атгаж байгаад тэр гурван эмэгтэй рүү цацаж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Э.Бгийн өгсөн: “...Тэгээд салаад байж байхад тэр эгч газраас чулуу аваад манай дүү рүү шидсэн. Тэгэхэд тэр шидсэн чулуу нь манай дүүгийн толгойг оносон...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Эын өгсөн: “..Хаашаа нь түлхэж байсан гэдгийг нь би тухайн үед сайн анзаарч хараагүй. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй газраас шороо, чулуу атгаж С луу шидэхэд нь толгойг оносон байсан. Тухайн үед С толгой хагарчихлаа гээд орилоод байхаар нь би очоод толгойг нь харахад толгойноос нь цус шүүрж байсан.” гэх мэдүүлэг,
гэрч Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан Б.Огийн өгсөн: “...Тухайн үед намайг мэдүүлэг авч байх үед С нь чулуугаар толгой руугаа цохиулсан гэж ярьж байсан. Тэгээд надад толгойгоо үзүүлээд байхаар нь би хартал толгойн орой хэсэгтээ цус гараад хатсан байдалтай байсан” гэх мэдүүлэг,
хохирогч Н.Сын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 264 дугаартай: “Н.Сын биед тархи доргилт, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ..Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдаанд шинжлэн судалсан СД зэрэг шууд болон шууд бус нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Үг гэмт хэрэг үйлдээгүй гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Үгийн гэм буруугүйд тооцох саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Үгийн мэдүүлэг, гэрч А.О, Э.Б, Б.Э, Б.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 263 дугаартай дугаартай дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №ТХҮ-922/3982 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг,
хохирогч Н.Сын мэдүүлэг, гэрч А.О, Э.Б, Б.Э, Б.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 264 дугаартай дугаартай дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Н.С нь Н.С нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 6-2 тоот хашааны гадна А.О, Б.Ү нартай хэрүүл маргаан үүсгэж, Б.Үгийн толгой руу цохиж, түүний биед тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Ү нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 6-2 тоот өөрийн гэрийн хашааны гадна Н.С, Э.Б, Б.Э нартай маргалдаж, улмаар Н.Сыг чулуугаар цохиж түүний биед тархи доргилт, зулайд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Үгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Сын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Мөн Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Сын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Үгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Ү, Н.С нарын харилцан үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Ү, Н.С нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.Ү, Н.С нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.С, Б.Ү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Үгийнн биед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Б.Үгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Сын биед хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Н.С, Б.Ү нар нь мөрдөн шалгах ажиллагааныи шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн гэм хорын хохирол, нэхэмжлэл гаргаагүй байна. Харин хохирргч Б.Ү нь гэмт хэрэг болох үед хүүхдийн гар утасны дэлгэц эвдэрсэн гэж Ашид билшүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 100.000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ утас хэнд байсан, хэний, ямар үйлдлийн улмаас унаж хагарсан нь тодорхойгүй байх тул 100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Миний цэнхэр куртикний халаасанд байсан. Нааш,цааш хашаанд түлхэгдээд манай охины утасны дэлгэц цуурсан” гэх мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Оын өгсөн: “тухайн үед миний санаж байгаагаар намайг бичлэг хийж байхад тэр жижигхэн охин миний гар луу цохиж гарт минь бариатай байсан утас газарт унаж хагарсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/ зэргээс үзэхэд хэнд гар утас байсан, хэний ямар үйлдлийн улмаас хагарсан гэдэг нь тодорхойгүй байх тул гар утасны дэлгэц засварын үнэ 100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ү, Н.С нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Ү, Н.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ү, Н.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ү, Н.С нарыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.С, Б.Ү “...санал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ү, Н.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 84,87-88, 90 дүгээр талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/790 дугаартай албан бичиг зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.С нь ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр хороо 5-7 тоотод амьдардаг, Титаник ХХК-д кассчин ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 84, 85-86, 89 дүгээр талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/790 дугаартай албан бичиг зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Ү нь ам бүл 3, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороо 6-2 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрахгүй байгаа зэрэг түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.С, Б.Ү нарт торгох ялыг сонгон хэрэглэж, ял оногдуулахдаа ялгамжтай оногдуулах гэм буруугийн болон шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ү, Н.С нар нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт хавсарган ирүүлсэн 3 хэсэг бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ны С, Б овогт Бгийн Ү нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Сыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Үг 470 /дөрвөн зуун далан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд оногдуулсан бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Үд оногдуулсан 470 /дөрвөн зуун далан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү, Н.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Б.Үгийн нэхэмжилсэн гар утасны дэлгэц засварын үнэ 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ү, Н.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ү, Н.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт хавсарган ирүүлсэн 3 хэсэг бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН