Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/223

 

 

 

 

 

 

 

 

   2022        07            27                                      2022/ШЦТ/223

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бгийн Ид холбогдох эрүүгийн 2238000310257 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.И нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” баарны ширээн дээрээс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ц.Сгийн өмчлөлийн “Самсунг эс 9 плас” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэж хохирогч Ц.Сд 636.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, Эрүүгийн 2238000310257 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.И нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” баарны ширээн дээрээс хохирогч Ц.Сгийн өмчлөлийн “Самсунг эс 9 плас” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч, 636.500  төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Иын өгсөн: “...мэдүүлэг  өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Сн өгсөн: “..Тэгээд баарнаас явах болоод утсаа хайхад Болдоо ах чиний утсыг нэг хүүхэн утсаар яриад өгье гээд авсан гэж хэлсэн. Тэр авсан хүүхнээс угсаа авъя гэхэд мэдэхгүй, би өгөөгүй юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр утас авсан хүний найз Лхагваа гаднаас орж ирэхээр нь чиний утас луу ямар дугаар залгасан бэ? дугаарыг харъя гээд утасны жагсаалтыг харахад миний дугаараас залгаж ярьсан байсан. Тэгээд нөгөө утас авсан гэх У гэдэг хүүхэн утсаа, яачхав болоод л камер шүүж үзсэн. Камер шүүж үзэхэд У гаднаас орж ирэхдээ утсаар ярьж орж ирээд манай ширээн дээр очилгүй өөрийнхөө сууж байсан ширээн дээр очоод текний талын буланд зогсоод утсаар ярьж дууссаныхаа дараа ширээн дээр утсаа тавиад хувцсаа аваад өмсөж байгааг нь харахад гартаа утасгүй байсан. Тэр бичлэгийг харахад бол ширээн дээр тавьсан байна л гэж харагдаж байсан. У хувцсаа өмсөөд дууссаны дараа ширээн дээр сууж байсан хүмүүс босож ирээд явах үед ширээн дээр байсан утсыг хар өнгийн үслэг материалаар хийгдсэн хувцастай хүүхэн авч байгаа бичлэг камерт бичигдсэн байсан. Тэр үед нөгөө утас авч байсан хүүхэн гараад явчихсан байсан. ..

Маргааш нь У надтай уулзаад дахин камер шүүж үзсэн, Тэр утсыг Утэй цуг явсан эмэгтэй хүн авсан болох нь камерын бичлэгээс баталгаатай болсон учраас тэр хүнээсээ миний утсыг авч өг эсвэл мөнгийг нь өгөөрэй гэж хэлсэн. Тэр үедээ У, утас авсан гэх Ичинхорлоогийн утас руу залгаад чи хүний утас авчихсан байна. Камерын бичлэг үзлээ гэж хэлэхэд Ичинхорлоо би аваагүй ш дээ нөхөртэй минь ярь гээд нөхөртэй утсаа өгсөн. Нөхөр нь мэдэхгүй, тэр утас чинь байхгүй. Цагдаадаа өгөхгүй юу гэж хэлсэн. Би утас, эсвэл мөнгийг нь өгөөрэй гэж хэлээд л явсан. 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр У надтай утсаар ярихдаа: Би чамд утасны мөнгийг чинь өгч чадахгүй байна. Чи Анугийн утасны лангуун дээрээс очоод адилхан загварын утсаа авчих гэж хэлэхээр нь очиж утас авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

Иргэний нэхэмжлэгч Л.Уийн өгсөн: “...миний утасны цэнэг дууссан байсан болохоор бааранд дотор миний танил ах /нэрийг нь мэдэхгүй / байхаар нь гар устыг гуйж аваад баарнаас гарч яриад буцаж орж ирээд сууж байсан ширээнийхээ ертөнцийн зүгээр баруун урд буланд тавиад гадуур хувцсаа өмсөх хооронд гар утас байхгүй болсон байсан. ... Тэгээд маргааш нь камер шүүсэн чинь бичлэг дээр Ичинхорлоо миний ширээн дээр тавьсан байсан гар утсыг авсан нь бичигдсэн байсан. Ингээд Ичинхорлоотой гар утсаар ярьж чи хүний утас авсан байна ш дээр гэхэд би өөрийнхөө утсыг аваагүй байна уу, та манай нөхөртэй ярь гээд нөхөртэй утсаа өгсөн.. Нөхөртэй ярихад: Эгч би камер шүүдэг хүнтэй нь зах дээр цуг явна ш дээ, орой 18 цагаас очиж камерыг нь шүүж үзье гэж бодсон юм гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм би ирээд камерын бичлэгийг шүүж үзэхэд чиний эхнэр ширээн дээрээс авч гараад, гадагшаа гараад машины хажууд утсаа унтрааж байгаа бичлэг байна гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 37 тал/,

Гэрч Г.Ггийн өгсөн: “...Энэ өдөр нэг танихгүй залуу орж ирээд утас авах уу гэж асуухаар нь утсыг чинь үзье гэж хэлэхэд эс-9 плас загварын тод ягаан ч биш, чернелин ягаан ч биш ягаан завсрын өнгөтэй гар утас гаргаж ирээд үзүүлсэн. Уг утас нь кодгүй болохоор өөрийнх нь юм байх гэж бодсон. Тэгээд хэдэд зарахын гэхэд 200,000 хэдэн мянгад өгнө гэхээр нь 190,000 мянганд л худалдаж авна гэсэн. Тэгсэн ав, ав гэхээр нь тэр залуугийн дансны дугаарыг нь авч өөрийнхөө 5909086877 дугаарын данснаас интернэт банк ашиглан гүйлгээ хийсэн. Тэр залуугаас дансны дугаарыг нь асууж Дэлгэрдалай гэх хүний данс мөн үү гэж асуухад мөн хариулсан. .” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын  10-ны өдрийн №2245617200031  дугаартай: “.. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Сарангоогийн Samsung S 9 plus загварын гар утасны үнэлгээг 636.500 ( Зургаан зуун гучин зургаан мянга таван зуу)-н төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 63-64 тал/,

Шүүгдэгч Б.Иын яллагдагчаар өгсөн: “....Би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Аянчин бааранд ороод архи дарс ууж яваад хүний ширээн дээр байсан утсыг өөрийнхөө утастай андуураад авч гарсан байсан. ..Буруугаа хүлээж байна....” гэх мэдүүлэг /хх-н 80-81 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-20 тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 21-22 тал/,

Эд зүйл/ баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.И нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” баарны ширээн дээрээс хохирогч Ц.Сгийн өмчлөлийн “Самсунг эс 9 плас” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч, 636.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.Иыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Шүүгдэгч Б.Иын үйлдэл идэвхтэй, хохирогч нарын эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Иыг  бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, 636.500 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Иын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Сарангуй болон иргэний нэхэмжлэгч Л.Ут 636.500  төгрөгийн хохирол учирчээ. Хавтаст хэрэгт хохирогч Ц.С нь иргэний нэхэмжлэгч  Л.Уээс Анугийн утасны лангуун дээрээс очоод адилхан загварын утсаа авчих гэж хэлэхээр нь очиж утас авсан гэх мэдүүлэг, “хэргийн  материал танилцуулсан  тэмдэглэл”-д гомдол санал байхгүй, иргэний нэхэмжлэгч  Л.У нь “хэргийн  материал танилцуулсан  тэмдэглэл”-д гомдол санал байхгүй гэх тайлбар,  болон эд  зүйлийн  хүлээн авсан  тэмдэглэл зэргээр гар утсаа хүлээн авсан, мөн хохирогч Л.С, иргэний нэхэмжлэгч Л.У нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Иыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.И нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Иыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Б.Иын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр “..тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал, айлд амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэнсэж албадлагын арга хэмжээ  авч  өгнө үү” гэх  санал дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 82-83, 98, 105-106,139 дүгээр талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  Жилчиг багийн засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.И нь ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар  26-20 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдал тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ид  хорих ял оногдуулахгүйгээр 6 сар 10 хоногийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “..оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх..” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.И нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Б.И нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Бгийн Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх  хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бгийн Ид хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/  сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Иыг  оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Ид  хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

      6. Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН