Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 1542

 

                               

 

 

 

 

 

 

 

2018 оны 6 сарын 18 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01542                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Рапид харш 23-77 тоотод оршин суух,  Д

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 8 хороо, Баянцагааны 9-10 тоотод оршин суух,  Б  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 хороо, 7 хэсэг, 303-202 тоот, “Ф” ХХК-д / холбогдох,

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 21.315.895 /хорин нэгэн сая гурван зуун арван таван мянга найман зуун ерэн тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, гэрч Ц.Энхзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид “Ф" ХХК-ийн захирал Бтай амаар тохиролцоод 2014 оны 9 сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл Улаанбаатараас Дорнод руу 3 удаа хар замын 256 тн битум, Сайншандаас Дорнод руу 1 удаа 89,6 тн эрдэс, Архангайгаас Сүхбаатар руу 1 удаа 120 тн битум тээвэрлэсэн. Бид тээврийн ажил хийдэг туршлагатай, бид урьд нь хэн алинаа таньдаг учир бичгээр гэрээ байгуулаагүй. Тээврийг хийхэд гардаг шатахууны зардлыг гүйцэтгүүлэгч байгууллага хариуцахаар тохиролцон, урьдчилгаа аваагүй. Бид ажил дууссаны дараа ажлын хөлсөө тооцоод төлөх ёстой татвар, сэлбэг зэргийг хасаад нийт 26.315,895 төгрөгийг 2014 оны 10 сарын 30-ны өдөр төлөхөөр захирал Бтай тохиролцож тооцоо нийлсэн. Ц.Д надад 5 сая төгрөгийг 2 хувааж өгсөн. Үлдэх төлбөрийг огто төлөөгүй.  Төлбөрийг нэхэмжилдэг боловч шалтаг хэлээд 2 жил өнгөрсөн. 2014 оны 10 сарын 30-ны өдөр төлбөрийг төлнө гэж хэлснээс болж бид хувь хүн, банкнаас зээл авч хүү төлж өрөнд орж, энэ байдлаа захирал Бд хэлж байсан. Иймд Ц.Дт 8,521,895 төгрөг, Д.Бд 12.794.000 төгрөгийг “Ф” ХХК-иас гаргуулж өгнө үү. “Н” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд Ф ХХК нь Арж Капитал ХХК, Нэшнэл Девлопер ХХК-тай тус тус ачаа тээвэрлэх гэрээ байгуулжээ. Ф ХХК-ийн захирал Б нь УБ-аас Дорнод руу 661 км зайд 256 тн битум, Сайншандаас Дорнод руу 600 км зайд 89,6 тн эрдэс, Архангайгаас Сүхбаатар руу 1040 км зайд 120 тн битум тээвэрлүүлэхээр Д, Б нартай тохиролцсон. Энэхүү тээврийг хийхдээ өөрсдийнх нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн автомашинаар ачаа тээвэрлүүлэхээр тохиролцон 2014 оны 9 сарын 25 өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30 хүртэл 5 удаагийн нийт 465,6 тн битум, эрдэс ачсан тээврийн хөлсийг тн/км 150 төгрөг байхаар тохиролцохдоо НӨАТ, ХАОАТ, түлш, сэлбэг зэрэг гарах зардлуудыг хасч тохирсон. Тээврийг хийж байх хугацаандаа ачаанд дагалдах баримтуудын 1%-г авч, хүлээлгэн өгөх газруудад нь ачааны дагалдах баримтуудыг өгч байсан. Энэ талаарх нотлох баримт Нэшнл девлопер ХХК-с гарч ирсэн. Тээврүүдийг 2014.10.30 өдөр хийж дуусгаад амаар анх тохиролцсон тохиролцоогоо 2014.10.31 өдрийн тооцоо нийлсэн актандаа тусгасан юм. УБ-Дорнод хийсэн тээвэр 661км*256тн*150төгрөг=25.382.400, Сайншанд-Дорнод хийсэн тээвэр 600км*89,6тн*150 төгрөг=8.064.000, Архангай-Сүхбаатар хийсэн тээвэр 1040км*120тн*150 төгрөг=18.720.000,           нийт 62.166.400 төгрөгөөс бензиний зардалд 17.377.450, НӨАТ-4.742.400, Орлогын албан татварт 3.004.655, сэлбэг 726.000 төгрөг нийтдээ 25.850.505 төгрөгийн зарлагыг хасч нэхэмжлэгч нарт өгөх ёстой тооцоог 26.315.895 төгрөг болохыг “Ф” ХХК, Д, Б нарыг байлцуулж 2014 оны 10 сарын 31 өдөр хийж байсан. Тооцоо нийлснээс хойш 5 сая төгрөгийг Дын эхнэр Мөнхцэцэг хүлээн авсан тул тээврийн хөлсний үлдэгдэл 21.315.895 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Ф” ХХК хүнд оврын ачаа, тээш тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг, 2014 оны 9-10 сарын хооронд “Нейшнл девелопер” ХХК, “Арж капитал” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу битум тээвэрлэсэн. Тухайн үед гэрээний дагуу ажил үүргээ хурдан шуурхай тээвэрлэх үүднээс нэмж жолооч хөлсөлж Ц.Д, Д.Б нартай танилын хувьд түр хугацаагаар ажиллуулахаар цалин хөлсийг тохиролцон жолоочоор ажиллуулсан. Энэ хугацааны хөлсийг санхүүгийн хүндрэлээс шалтгаалан тэр дор нь өгч чадаагүй боловч хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна гэх зэргээр нэхээд байсан тул танилаасаа хүүтэй мөнгө зээлээд 5 сая төгрөгийг 2 тасалж өгөөд тооцоо дууссан. Үүнээс хойш удаа дараа манай ажил дээр ирж “тохирсон хөлсийг удаасан тул нэмж мөнгө авмаар байна гэж” ямар ч үндэслэлгүй нэхэх болсон. Би нэхэмжлэгч нартай бичгээр гэрээ байгуулаагүй, анх жолоочоор ажиллуулахдаа харилцан тохирсон 5 сая төгрөгийг бүрэн төлсөн, одоо нэмж ажлын хөлс төлөх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлдээ “тооцоо нийлсэн акт” гэх бичгийн нотлох баримтыг нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хавсаргасан байна. Уг баримтыг манай компани нь Дтай огт үйлдээгүй. Харин нэхэмжлэгч нар нь 2016 оны 12 сард намайг эзгүй хойгуур компанид ажиллаж байсан Ц.Энхзоригттой уулзан “банкнаас зээл авах гэсэн чинь бусдаас авлага орлого байгаа эсэх талаар баримт бүрдүүлж ир гээд байгаа учир “Ф” ХХК-иас авлагатай гэсэн баримт хэрэгтэй” гээд тооцоо нийлсэн баримтыг авчран манай компанийн санхүүгийн тамгыг даруулаад явсан байна. Гэтэл уг баримтыг шүүхэд нотлох баримтаар хуурамчаар гаргаж өгсөн байх хуулийн шаардлага хангахгүй байна. Нотариатын тухай хуулийн 49.1-д баримт бичгийн бүрэн буюу хэсэгчлэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ гэж заасан. Манай байгууллага уг баримтыг огт үйлдээгүй, миний бие ийм баримт дээр гарын үсэг зурснаа огт санахгүй байтал нотариатч нь баримтыг гэрчлэн баталсан байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч “Ф” ХХК, “Н” ХХК нараас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Ц.Д нь 8.521.896 төгрөг, нэхэмжлэгч Д.Б нь 12.794.000 төгрөг буюу нийт 21.315.895 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Норд транс” ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч нар нь шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 380.1-д заасан хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул нийт тээвэр хийсэн 2301 км замыг тн/км-150 төгрөгөөр буюу нийт 62.166.400 төгрөгийн тооцооноос төлсөн 5 сая төгрөг болон НӨАТ, орлогын албан татвар, бензин, сэлбэгийн зардлыг хасч 21.315.895 төгрөгийг баримтын дагуу гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч нартай тохиролцсоноор нартай хөлс тохиролцон жолоочоор ажиллуулж, хөлсийг санхүүгийн хүндрэлээс шалтгаалан тэр дор нь өгч чадаагүй ч Ц.Дын эхнэрт 2 удаа 5 сая төгрөгийн хөлс төлсөн, “тооцоо нийлсэн акт” баримтыг намайг эзгүй хойгуур компанид ажиллаж байсан Ц.Энхзоригттой уулзан, манай компанийн санхүүгийн тамгыг даруулсан тул хуурамч нотлох баримт гэж маргалаа.

 

“Ф” ХХК нь “Нэшнл девелопер” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, Улаанбаатараас Дорнод аймаг руу ачааг тээвэрлүүлэн 33.140.692 төгрөгийг шилжүүлсэн, “Арж капитал” ХХК-ийн гүйцэтгэх ажилд туслан гүйцэтгэгчээр орж тооцоо дууссан байна.

 

Хариуцагч нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нартай ам хэлцлээр тохиролцон, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Улаанбаатараас Дорнод аймаг руу 3 удаа хар замын 256 тн битум, Сайншанд сумаас Дорнод аймаг руу 1 удаа 89,6 тн эрдэс, Архангай аймгаас Сүхбаатар аймаг руу 1 удаа 120 тн битум тус тус тээвэрлүүлсэн үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй баримтыг хариуцагч эс зөөвшөөрч шинжилгээ хийлгэхэд С.Бын гарын үсгийг хэвлэн олшруулах төхөөрөмж ашигласнаас шинжилгээнд тэнцэхгүй, Ц.Энхзоригтын гарын үсэг мөн болохыг тогтоосон байна.

 

Шүүхэд гэрчээр асуугдсан Ц.Э нь “2015 оны 9 сард ажлаас халагдсан, санхүүгийн тамгыг хүлээлгэн өгөөгүй, мөн оны 12 сард нэхэмжлэгч нар нь “тооцоо нийлсэн” баримттайгаа манай гэрт ирээд гуйхаар нь тамга дарсан” гэж мэдүүллээ.

 

Ингэснээр хариуцагч байгууллагын санхүүгийн тамгыг эрхгүй атлаа ашигласан, тамгаа буцаан авах үүргээ биелүүлээгүй ажил олгогч, хүлээлгэн өгөх үүрэгтэй ажилтан хэн алин нь үүнээс гарах үр дагаврыг мэдэж байсан, тамга дур мэдэн ашигласан талаар хариуцагч нь эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй байна.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачааг тогтоосон газар хүргэх үүргийг, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нар тохиролцооны дагуу ачааг хүргэх газарт нь хүргэж, ачааны дагалдах бичгийг ачаа хүлээн авагчид үлдээж, нөгөө хувийг “Ф” ХХК-д өгдөг байсан талаархи тайлбараар талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний эрх зүйн харилцаа үүсэн гэж үзэхээр байна.

Тээвэрлэгч нь үүргээ биелүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хариуцагчийн бусад 2 этгээдтэй хийсэн гэрээ нь ачааг хүлээн авснаар дууссан тухай баримтуудаар тогтоогдож байна.

 

Энэхүү үүргийн талаар талууд маргаагүй, харин тээвэрлүүлэгчийг дээрх хуулийн зохицуулалт болон тохиролцоогоор хөлс төлөх үүргээ биелүүлээгүй талаархи нэхэмжлэгч нарын тайлбарыг хариуцагч баримтаар няцааж чадахгүй байна. 

 

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна, 386.2-т дагалдах бичгийг 3 хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж, эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, 2 дахь хувийг ачаанд хавсаргаж, 3 дахь хувийг тээвэрлэгчид өгөхөөр тус тус заажээ.

 

Хариуцагч нь ачааны дагалдах бичгийг 3 хувь үйлдэж тээвэрлэгчид өгөөгүй, хэргийн үйл баримтаар хөлсийг 5.000.000 төгрөгөөр тохиролцсон нь нотлогдохгүй, нэхэмжпэгч Ц.Д, Д.Б нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, түүнтэй тооцоо хийж дууссан гэдгээ баримтаар нотлоогүй зэрэг байдлаас дүгнэхэд хариуцагч нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэстэй байна.

 

Иймд нэхэмжлэгч нар нь хариуцагчаас тээвэрлэлтийн гэрээний дагуу хөлсөө Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул хариуцагч “Ф” ХХК-иас нэхэмжлэгч Ц.Дт 8.521.895 төгрөг, Д.Б 12.794.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагч “Н” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг батлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 264.529 төгрөгийг орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 264.529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ф” ХХК-иас 8.521.895 /найман сая таван зуун хорин нэгэн мянга найман зуун ерэн тав/ төгрөг гаргуулж  Дт, 12.794.000 /арван хоёр сая долоон зуун ерэн дөрвөн мянга/ төгрөг гаргуулж  Б нарт тус тус олгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ц.Д, Д.Б нар нь хариуцагч “Н” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 264.529 төгрөгийг орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 264.529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ