| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 181/2016/00647/И |
| Дугаар | 301 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 301
Ж.Баттуяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01440 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.Баттуяагийн хариуцагч “Оюутолгой” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Баттуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, Б.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч М.Баасанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Баттуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 оноос “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК болон “Оюутолгой” ХХК-ийн Хуулийн хэлтсийн ахлах менежерээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Гүйцэтгэх захирлын “ОТ” ХХК-ийн “Бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” 14/16 дугаар тушаалыг үндэслэн гарсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1268/16 дугаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын дагуу ажлаас гарсан. Дээрх Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй, тодорхой бус байдлаар шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аль үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг дурдаагүй, эрх хэмжээгээ хэтрүүлэн тушаал гаргасан, ажил хүлээлцэх боломж олголгүй ажлаас гаргасан. Миний хийж гүйцэтгэж байсан ажил, үүрэг үгүй болоогүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би МУИС-ийн Хууль Зүйн сургууль, Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөж, Австрали улсад хуулийн магистрийн зэрэг хамгаалсан ба 17 жил хуулийн салбарт, түүний дотор “Оюутолгой” ХХК-д 13 жил тасралтгүй ажиллахдаа ажлын болон мэргэжлийн туршлага хангалттай хуримтлуулсан байхад хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон зарчим, шалгуур, үндэслэл тодорхойгүй. 2013, 2016 онд миний шууд удирдлага, Хуулийн ерөнхий менежер асан Австрали Улсын иргэн Саймон Блэйдэнд холбогдох олон жилийн турш намайг ажлын байранд системтэй дээрэлхсэн, дарамталсан, ялгаварлан гадуурхсан, энэхүү нөхцөл байдал нь миний сэтгэл санаа, эрүүл мэндийг хохироосон талаар гаргасан гомдолд компанийн зүгээс ямар нэг хариу өгөлгүй, шийдвэрлэлгүйгээр ажлаас халах тушаал гаргасан. Иймд “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1268/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, “Оюутолгой” ХХК-ийн Хуулийн хэлтсийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, “ОТ” ХХК-нд ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Оюутолгой” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Оюутолгой” ХХК нь компанийн зардлыг бууруулах, эдийн засгийн чадавхи, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2016 оны 05 дугаар сард хуулийн дагуу ажилтнуудыг бөөнөөр ажлаас халсан бөгөөд зарим орон тоо хасагдаж, зарим ажилтны тоо цөөрсөн болно. Нэхэмжлэгч Ж.Баттуяагийн хувьд түүний ажил, албан тушаалын орон тоо нь хасагдсан тул “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсан болно. “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх батлах тушаал гаргаж эрсдэл хариуцсан ажилтан, зөвшөөрөл хариуцсан ажилтан, хуулийн ахлах менежер зэрэг албан тушаал, ажлын байр хасагдаж, дотоод аудитор, зөвшөөрөл хариуцсан ажилтан зэрэг албан тушаал, ажлын байрны тоо цөөрсөн. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь эрх хэмжээнийхээ хүрээнд, хууль зүйн үндэслэлтэй, Ж.Баттуяагийн эрхийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Баттуяаг “Оюутолгой” ХХК-ийн хуулийн хэлтсийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Оюутолгой” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 71 042 664 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Баттуяад олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ж.Баттуяагийн болон хариуцагч “Оюутолгой” ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Оюутолгой” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 513 163.32 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогч “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 1268/16 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэж хууль зүйн үндэслэлтэй гарсан болно. Энэ нь “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Оюутолгой” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай 14/16 дугаартай тушаалын хавсралтаар нотлогдож байгаа болно. Шинэ бүтэц, зохион байгуулалтад “Хуулийн ахлах менежер” албан тушаал нь цомхотголд орох ажил, албан тушаал гэсэн тэмдэглэгээтэй буюу маргаж буй хуулийн ахлах менежер албан тушаал нь хамаарагдаж байсан болно. Ж.Баттуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2016 оны №1268/16 тоот тушаалын 1 дэх хэсэгт “Оюутолгой” ХХК-ийн Санхүү, бизнес-хуулийн хэлтсийн хуулийн хэлтсийн ахлах менежер...” гэх бүтцийн нэгжийн харьяаллын дагуу тодорхойлон заасан байдаг. Гэтэл шүүх “Санхүү, бизнес-хуулийн хэлтсийн ахлах менежер гэж хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрны нэрээс өөрөөр бичсэн” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Нотлох баримтаар гаргаж өгсөн гүйцэтгэх удирдлагын гэрээний 3.4 дэх заалтын К хэсэгт зааснаар өөр этгээд тухайн тушаалд гарын үсэг зурсан нь тушаалыг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн талууд тушаал дээр гарын үсэг зурсан этгээдийн талаар огт маргаагүй. Шүүх хуралдааны явцад шүүгч тушаалд хэн Эндрью Вүүдлэйг төлөөлж гарын үсэг зурсан тухай асуусан боловч ийнхүү төлөөж болох эсэхийг асуугаагүй төдийгүй хариуцагчаас гүйцэтгэх захирал бүрэн эрхээ шилжүүлсэн нотлох баримт байгаа гаргаж өгөх боломжтойг дурдсаар байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулан нотлох баримтыг гаргуулан шалгаж хэргийг шийдвэрлээгүй атлаа “нотлох баримт хэрэгт авагдаагүй тул тушаалыг эрхгүй этгээд гаргасан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хуулийн хэлтсийг удирдах албан тушаал болох хуулийн хэлтсийн ерөнхий менежерийн албан тушаалыг шүүх буруу дүгнэж хуулийн хэлтсийн ахлах менежерийн албан тушаалтай адил чанарын албан тушаал гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хуулийн хэлтсийн ерөнхий менежерийн албан тушаалд хүн авсан гэх үндэслэлгүй тайлбар гаргасан бөгөөд хариуцагч нь уг албан тушаалд хүн аваагүй, авах үндэслэлгүй. Хариуцагч талаас юун түрүүнд татгалзлын тайлбартай холбоотойгоор цалин хөлс гаргуулсныг бүхэлд нь эс зөвшөөрч байгааг анхаарна уу. Анхан шатны шүүх цалин хөлс гаргуулахдаа тооцооллын алдаа гаргасан. Шүүх ажлын 21.2 өдрөөр тооцож нэг өдрийн дундаж цалин хөлсийг 640 024 төгрөг гэж үзсэн нь үндэслэлгүй. Хуанлийн тооллоор нэг сард ажлын 22, 23 ажлын өдөр ээлжилдэг учир нэг өдрийн дундаж цалин хөслийг тооцохдоо ажлын 22.5 өдрөөр тооцох ёстой. Тус иргэний хэрэгт нэг сарын дундаж цалин хөлс болох 13 568 509 төгрөгийг ажлын 22.5 өдөрт хуваавал нэг өдрийн цалин хөлс 603 044,8 төгрөг болно. Энэ нь шүүхийн тооцоолсноос даруй 36 980 төгрөгөөр бага байна. Мөн шүүх нийт ажлын 111 хоногоор тооцсон нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт ажлын 106 хоног байхад шүүх бүх нийтээр амарсан өдрүүдийг оролцуулан ажлын нийт хоногийг тооцон хариуцагчид үндэслэлгүй хохирол учруулахаар шийдвэрлэсэн гэж үзэж болно. Ж.Баттуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалган шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэл шаардлагын үндэслэлээ тайлбарласан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлага болох “эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийх”-ийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн бусад дүгнэлт болох гүйцэтгэх захирлын эрх хэмжээ, нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхаагүй зэрэг дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй болсныг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Дээр дурдсан давж заалдах гомдлын үндэслэлүүд нь анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэл, дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөд үндэслэл бүхий болоогүйг харуулна гэдэгт итгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хоорондын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Ж.Баттуяа нь хариуцагч “Оюутолгой” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.
“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1268/16 дугаар тушаалаар тус компанийн Санхүү, бизнес-хуулийн хэлтсийн ахлах менежер Ж.Баттуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14/16 дугаар тушаалыг үндэслэн цуцалжээ. /хх.5/
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн нь ажиллаж байсан Санхүү, бизнес-хуулийн хэлтсийн ахлах менежерийн албан тушаал хасагдаагүй, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захиралд компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх эрх хэмжээ олгогдоогүй гэж маргаж байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлыг компанийн бүтэц, орон тоог өөрчлөх эрх бүхий этгээд гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрхтэй болно. Хэрэгт авагдсан хариуцагч компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.б хэсэгт “Компани нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон албан тушаал, чиг үүрэг бүхий албан тушаалтнуудтай байж болох бөгөөд үүнд хамгийн наад зах нь гүйцэтгэх захирал багтсан байна ...” гэж зааснаас үзэхэд тухайн компанид ажиллах албан тушаал, чиг үүргийн хүрээг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр тогтоохоор заасан гэж үзнэ. Түүнчлэн тус компанийн гүйцэтгэх удирдлагын гэрээний 3.4-т зааснаас үзэхэд гүйцэтгэх захиралд компанийн бүтэц, орон тоонд өөрчлөлт хийх эрхийг уг гэрээгээр олгосон гэж үзэх боломжгүй байна.
Гэтэл шүүх хэргийн 139 дэх талд авагдсан “Орон тооны ажилтны төлөвлөгөө” гэх баримтад хуулийн хэлтсийн ерөнхий менежер гэсэн хэсгийг “гадаад ажилтны ажиллах хугацааг тогтоосон” тэмдэглэгээ бүхий байгааг анхааралгүй нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалтай адилтгаж үзсэн нь буруу.
Хариуцагч байгууллагын зүгээс эрх бүхий этгээд компанийн орон тоо, бүтцийн өөрчлөлт хийсэн гэдгийг баримтаар нотолж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо бодитой хасагдсан гэх нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэлгүй юм.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас /хх.185/ үзэхэд сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого гэсэн хэсгийн сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцвол 13 568 509 төгрөг гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийн сарын хөдөлмөрийн хөлсийг 13 579 060 төгрөг гэж заасан байна. /хх.2/ Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон уг хэмжээгээр цалин хөлсний дунджийг тооцон ажлаас халагдсан 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 67 842 545 /13 568 509*5 сар=67 842 545/ төгрөг гаргуулах үндэслэлтэй байх тул энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01440 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “... 71 042 664 ...” гэснийг “67 842 545” гэж өөрчилж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... 513 163,32 ...” гэснийг “497 162” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Оюутолгой” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513 164 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ