Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2019/ДШМ/21

 

Д.Улаанхүүхэнд холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                Н.Энхнаран   

Прокурор                                     Ц.Лхамсүрэн  нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолыг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” Нийслэлийн Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Ц.Гантулгабатын бичсэн 07 тоот дүгнэлтээр Д.Улаанхүүхэнд холбогдох эрүүгийн 1921001340104 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хатавч овогт Доржцэрэнгийн Улаанхүүхэн /Регистрийн дугаар ЛЮ77062909/, Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1977 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4-20 насны 4 хүүхдүүдийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртийн 10-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Шүүгдэгч Доржцэрэнгийн Улаанхүүхэн нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 62 дугаар байранд үйл ажиллагаа явуулах “Самсунг” гэх гар утас худалдааны дэлгүүрээс “Самсунг А-7” загварын гар утас хулгайлж бусдад 1290000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Д.Улаанхүүхэнийг “2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Д.Улаанхүүхэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Улаанхүүхэнийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.Улаанхүүхэнийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

4/ Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,  7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Улаанхүүхэнд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,

5/ Шүүгдэгч Д.Улаанхүүхэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, ...шийдвэрлэжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабат бичсэн дүгнэлтдээ: “2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Ц.Батцэнгэлийн картыг ашиглан нийт 3 265 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх хэрэгт Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1906016781256 дугаартай хэрэг үүсгэн, Хатавч овогтой Доржцэрэнгийн Улаанхүүхэнг яллагдагчаар татаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Гэтэл мөрдөн байцаалтын явцад яллагдагч Д.Улаанхүүхэн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 62 дугаар байранд үйл ажиллагаа явуулах “Самсунг” гэх гар утас худалдааны дэлгүүрээс “Самсунг А-7” загварын гар утас хулгайлж бусдад 1 290 000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, улмаар мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан болох нь тогтоогдлоо.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэл тогтоогдож байх тул Доржцэрэнгийн Улаанхүүхэнд холбогдох эрүүгийн 1921001340104 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэлээр  прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу прокурорын дүгнэлт бичиж хүргүүлэв” гэжээ. 

Прокурор Ц.Лхамсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Улаанхүүхэний хувьд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сум, 62-р байранд байрлах дэлгүүрээс “Самсунг А-7” маркийн гар утас хулгайлсан үйлдэлдээ тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан.

Мөн Д.Улаанхүүхэний Улаанбаатар хотод 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэн Батцэнгэлийн банкны картнаас хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр 3 265 000 төгрөг авсан үйлдэлд нь Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Д.Улаанхүүхэний холбогдсон дээрх хоёр хэргийг нэг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж, нэг тогтоолоор шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх учир Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна. Иймд хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэлээр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Улаанхүүхэнийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчээ.

Гэвч Д.Улаанхүүхэн нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Ц.Батцэнгэлийн картыг ашиглан нийт 3 265 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, энэ хэрэгт нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабат түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзэхээр заасан, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасныг тус тус үндэслэн Д.Улаанхүүхэний холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд прокурор Ц.Гантулгабатын бичсэн 07 тоот дүгнэлтийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Улаанхүүхэнд холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Д.Улаанхүүхэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

        ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                               Ж.ДОЛГОРМАА