Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/ШШ2021/0002

 

“ЭМҮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, иргэдийн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан, “ЭМҮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “ЭМҮ” ХХК.

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар.

Нэхэмжлэлийн шаардлага:Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1270 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлд хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.2.3“Энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа” гэх заалт,

3.5-д “Энэ журмын 3.4-д заасан үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн мэдээллийг энэ журмын 3.1-3.3-т заасан эцсийн өмчлөгч хүнийг бүртгэх хүртэл задална гэх хэсэг нь тус тус Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоолгож, тус заалтуудыг тус тус хүчингүй болгуулах тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЭМҮ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хуулийн үндэслэл: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6 дахь зүйл.

Манай компани өөрийн хувьцааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулагч нарт худалдахаар яриа хэлэлцээр өрнүүлж байгаа болно. Гэтэл компанийн хувьцааг худалдах, худалдан авахтай холбоотой хууль тогтоомжийг судлах явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1270 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлд хөтлөх журам”-ын зарим зүйл, заалт хууль зөрчсөн байхыг олж мэдлээ.

Учир нь манай компанийн хувьцааг гадаадын хуулийн этгээд худалдан авахаар төлөвлөж байгаа. Гэтэл журмын дагуу тухайн хуулийн этгээдийн мэдээллийг бүртгэх журамгүй, зөвхөн хувь хүний мэдээллийг бүртгэх журам баталсан байна. Энэ журам нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн байх тул холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Энэ журмаас шалтгаалан манай компанийн хувьцаа худалдах, худалдан авах ажиллагаа саатаж, улмаар бид гадаадын хөрөнгө оруулагчдаа алдах эрсдэл үүсэж болзошгүй байна.

Нэг. Татварын ерөнхий хуулийг зөрчсөн.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1270 дугаар тушаалаар баталсан Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлд хөтлөх журмын 3.5-д Энэ журмын 3.4-д заасан үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн мэдээллийг энэ журмын 3.1-3.3-т заасан эцсийн өмчлөгч хүнийг бүртгэх хүртэл задална” гэсэн зохицуулалт нь Татварын ерөнхий хуультай зөрчилдөж байна.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48-д “эцсийн эзэмшигч” гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг, мөн хуулийн 6.1.47-д “этгээд” гэж хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болон тэдгээртэй адилтгах иргэний харилцаанд оролцогчийг тус тус тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, эцсийн эзэмшигч гэдэгт хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байхаар хуульчилсан байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан журамд зөвхөн “хувь хүн байна гэж хязгаарлаж өгсөн нь хууль бус байна.

Хоёр. Иргэний хуулийг зөрчсөн.

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдыг иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гэж тодорхойлж өгсөн байх бөгөөд компанийн хувь, хувьцаа эзэмших замаар иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхийг зөвхөн иргэн байхаар хязгаарласан зохицуулалт байхгүй. Тухайлбал,

7 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч.

7.1. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна.

Гурав. Компанийн тухай хуулийг зөрчсөн.

Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт компанийг ямар этгээд үүсгэн байгуулж болох тухай заажээ. Тэгвэл энэ заалт нь зөвхөн хувь хүн компанийг үүсгэн байгуулна, харин хуулийн этгээд болон харьяалалгүй хүнийг компани үүсгэн байгуулах эрхгүй гэж заагаагүй байна.

12 дугаар зүйл. Компанийн үүсгэн байгуулагч.

12.1. Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно.

Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт компанид ямар этгээд хувьцаа эзэмшиж болох тухай заажээ. Тэгвэл энэ заалт нь зөвхөн хувь хүн компанийг хувьцаа эзэмшинэ, харин хуулийн этгээд болон харьяалалгүй хүнийг компанийн хувьцаа эзэмших эрхгүй гэж заагаагүй байна.

12.2. Компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан журамд зөвхөн хувь хүнийг компанийн хувьцаа эзэмших ёстой гэж хязгаарлаж өгсөн нь хууль бус байна.

Дөрөв. Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлд хөтлөх журам нь Татварын ерөнхий хууль, Иргэний хууль, Компанийн тухай хуулийг зөрчсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан Захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх шаардлагатай гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/1270 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлд хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-г зөрчсөн болохыг тогтоолгож, тус хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “ЭМҮ” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй” гэж заасныг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1270 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.2.3 “Энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа” этгээдийг хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх зохицуулалт оруулсан байх бөгөөд уг заалт нь дараах хуулийг зөрчиж байна.

Иргэний хуулийг зөрчсөн.

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ... эрхтэй" гэж заасан. Үүнээс харвал компанийн өмчлөгч нь зөвхөн тухайн компанийн хувьцаа эзэмшигч байхаар байна. Гэтэл журмын 3.1.2.3-аар хувьцаа эзэмшигчийг компанийн удирдлагыг хэрэгжүүлэгчийг эцсийн өмчлөгчөөр бүртгэхээр заажээ. Өөрөөр хэлбэл, өмчлөгч бус этгээдийг өмчлөгчөөр бүртгэх нь хууль зөрчсөн үйлдэл болно гэдэг нь илт ойлгомжтой байна.

Өмчлөгч бус этгээдийг улсын бүртгэлд бүртгэлд өмчлөгчөөр бүртгэх тухайн компанийн жинхэнэ өмчлөгчид буюу хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрчих, цаашилбал, өмч хөрөнгийн маргаан гарах зэргээр хуулийн зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлэхээр байна.

Компанийн тухай хуулийг зөрчсөн.

2. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотолно ...” гэж заасан.

Компани нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгөөс бүрдсэн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн өмчлөгчид нь хувьцаа эзэмшигчид байдаг.

Гэтэл энэ журмаар хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшиж байгаа этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчих байдалд хүргэж байна. Учир нь энэ журмын 3.1.2.3-ын дагуу хувьцаа эзэмшигчдийг бус компанийн удирдлагыг хэрэгжүүлэгчийг эцсийн өмчлөгчөөр бүртгэхээр заажээ.

Өөрөөр хэлбэл, компанийн хувьцаа эзэмшигч нарт хамаарах заалтыг хүчээр удирдлагыг хэрэгжүүлэгчид хамаатуулж, өмчлөгч гэж үзэж, улсын бүртгэлд бүртгэх нь хууль бус юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.2.3 “Энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа” гэх заалтыг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай” гэж ихэсгэж байна” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д “эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг гэж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6. “эцсийн өмчлөгч” гэж,

3.1.6.а-д “харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг”,

3.1.6.б-д “харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг”,

3.1.6.в-д “хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг” гэж тус тус зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь хуульд зааснаар хуулийн этгээд байх боломжгүй заавал иргэн байхаар журамласан байна.

Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь ялгаатай ойлголтууд юм. Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр хуулийн этгээд байх боломжтой.

Иймд тус компанийн нэхэмжлэл хуулийн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн, түүнтэй талууд бүрэн танилцсан байх. Манай компаниас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1270 дугаар тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг мэдээллийг улсын бүртгэлд хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.1.2.3, 3.5-д тус тус заасныг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус журмын заалтууд нь Иргэний хууль, Компанийн тухай хууль, Татварын ерөнхий хуулийг тус тус зөрчсөн байна. Учир нь тус журмаар эцсийн өмчлөгч гэдэг ойлголт нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуульд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын хууль тогтоомжтой нийцсэн байх гэж заасныг зөрчсөн, хуулиар хориглоогүй харилцааг хориглосон байдлаар зөрчсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.

Хүнийг бүртгэх ёсгүй гэж маргаагүй. Компанийн гүйцэтгэх захирал, эсхүл гүйцэтгэх удирдлагыг бүртгэж буй нь буруу юм. Учир нь гүйцэтгэх захирал гэдэг нь тус компанид хөлсөөр ажиллаж буй жирийн нэгэн иргэн байдаг. Тухайн компаниас ашиг хүртэж буй этгээдүүд цаана нь сугарч үлдэж байна. Энэ нь мөнгө угаах, авлига, терроризмтой холбогдох нөхцөл үүсэж байна. Тиймээс ашиг хүртэгчийг бүртгэх асуудал тавьж байна. Энэ нь Монгол Улсыг хар, саарал жагсаалтад орох үндэс болно. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэг заалтыг тус журам дээрээ хуулж тавьсан. Гэтэл тус журмын орчуулга нь өөрөө буруу юм. Учир нь 2017 онд олон улсын байгууллагаас Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг үзэхэд “ашиг хүртэгч этгээд” гэсэн ойлголт байгаа юм. Гэтэл Улсын Их Хурал болон улсын бүртгэл үүнийг орчуулахдаа эцсийн өмчлөгч гэж орчуулсан. Гүйцэтгэх захирал нь хэзээ ч өмчлөгч байхгүй, өмчлөгч гэдэг нь тухайн эд зүйлийг захиран зарцуулах эрх бүхий субъект. Нэр томьёог буруу орчуулсан бөгөөд үүнийг нь журамд оруулахад амьдралд нийцэхгүй байна. Тухайн компанийн ашиг хүртэгч этгээдийн эрхийг зөрчиж байна“ гэв.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Эцсийн өмчлөгч гэдэг ойлголт нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгчээс эцсийн өмчлөгчөөр хүн бүртгүүлэх журам нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэл гаргасан. Ямар хуулийн аль заалтыг зөрчиж байгаа талаар тодорхой тайлбар хийхгүй байна. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд хөтлөх журам нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэн гарсан акт юм. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө байгуулагдсан хуулийн этгээдүүд 2020 онд багтаж эцсийн өмчлөгчөө бүртгүүлэх хуульд заасан үүрэгтэй байсан бөгөөд тус хуулийн хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгчээс асуудал гарч магадгүй гэсэн таамаг байдлаар нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Эцсийн өмчлөгчийг дараах дарааллаар шалгаж тогтооно” гэж заасан. Хувьцааны дийлэнх хэсгийг дангаар буюу бусадтай хамтран өмчилж байгаа хүнийг эцсийн өмчлөгчөөр тогтооно гэж байгаа. Гэтэл зарим хуулийн этгээдүүдийн тухайд энэ нь боломжгүй байдаг. Энэ тохиолдолд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т “энэ хуулийн 41.1.1-д заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж байгаа, эсхүл өөрийн эрхээ бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа хүнийг” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга юм. Хэрэв боломжгүй бол хуулийн этгээдийн удирдлагыг тогтоох боломжтой. Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хүрээнд эцсийн өмчлөгчийг хэрхэн тогтоох талаар журамласан. Тиймээс тус журам нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.

Иргэдийн төлөөлөгч Ц.Т дүгнэлтдээ: ”Миний ойлголтоор өмчлөгчөөр хүнийг бүртгэнэ гэдэг нь буруу гэж дүгнэж байна. Учир нь компани тодорхой компанийн хувьцаа эзэмшихэд компаниар нь биш дийлэнх хувьцаа эзэмшигчийг бүртгэх нь буруу гэж үзэж байна.

Эцсийн өмчлөгчөөр хувь хүн биш байгууллагыг бүртгэх нь зөв болов уу гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна“ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЭМҮ” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1270 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлд хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг, 3.1.2.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага гаргаж, үндэслэлээ “хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй” гэж тодорхойлжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, хэрэглэх баримт бичгийн загвар, маягт, зааврыг батлах бүрэн эрхийг олгосны дагуу хариуцагч албан тушаалтан 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр А/1270 дугаар тушаалаар “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлд хөтлөх журам”-ыг батлахдаа 3 дугаар зүйлийн 3.1.2.3 “Энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа” буюу тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, мөн дийлэнх хэсгийг дангаараа, бусадтай хамтран өмчилж байгаа эцсийн өмчлөгчгүй зэрэг тохиолдлуудад тухайн хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа этгээдийг хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр бүртгэхээр, 3.5-д “Энэ журмын 3.4-д заасан үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн мэдээллийг энэ журмын 3.1-3.3-т заасан эцсийн өмчлөгч хүнийг бүртгэх хүртэл задална гэж тусгасныг “хуульд нийцээгүй” гэж үзэхээргүй байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтооход оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.6-д ““эцсийн өмчлөгч” гэж”, 3.1.6.а-д “харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг”, 3.1.6.б-д “харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг”, 3.1.6.в-д “хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг” ойлгохоор тус тус хуульчилсан.

Мөн хуулийн 41 дүгээр зүйлд эцсийн өмчлөгчийг, 41.1.1, 41.1.2, 41.1.3-д тус тус зааснаар хувьцааны дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж байгаа, эсхүл өөрийн эрхээ бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа хүнийг эцсийн өмчлөгчөөр тогтоохоор зохицуулсан бөгөөд маргаан бүхий журмын заалтууд буюу 3.5 дахь “Энэ журмын 3.4-д заасан үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн мэдээллийг энэ журмын 3.1-3.3-т заасан эцсийн өмчлөгч хүнийг бүртгэх хүртэл задална” гэх хэсэг, 3.1.2.3 дахь “Энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа” гэх заалт нь хуулийн дээрх зохицуулалттай агуулгын хувьд адил байна.

Маргаан бүхий журмын тухайлсан заалтууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх буюу тухайн үйл ажиллагаатай холбоотойгоор хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас эцсийн үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа буюу “эцсийн өмчлөгч” гэж тодорхойлсон этгээдтэй холбоотой бүртгэлийг гүйцэтгэх харилцааг зохицуулсан байна.

Харин дээрх хууль тогтоомжийн хүрээнд эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн нь шууд утгаараа Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан компанийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч буюу компанийг өмчлөгч этгээдийг тодорхойлж байгаа асуудал биш юм.

Нөгөө талаар, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч маргаан бүхий журмын дагуу бүртгэл хийлгэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүй, үүнтэй холбогдуулан төрийн захиргааны байгууллагаас ямар нэг шийдвэр гараагүй нь тогтоогдсон, энэ тохиолдолд улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн эсэхээс үл хамаарч маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭМҮ” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “ЭМҮ” ХХК-ийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1270 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлд хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.2.3 дахь заалт, 3.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА