Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ч-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000138 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ... дүгээр хэсгийн ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч-ийн Ч (РД:...);

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Ч нь согтуурсан үедээ, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод шалтгаангүйгээр иргэн Ж.Б рүү шилэн аяга шидсэний улмаас биед нь зүүн хацар ясны бяцарсан хугарал, зүүн хацарт шарх гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ж.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дэх тал), гэрч Б.С-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), гэрч Б.М-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1384 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал), шүүгдэгч Ч.Ч-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дэх тал), гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 52 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 53 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 54 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 55 дахь тал), шүүгдэгч Ч.Ч-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод хохирогч Ж.Б рүү шалтгаангүйгээр шилэн аяга шидэж, зүүн хацрыг онож эрүүл мэндэд нь “зүүн хацар ясны бяцарсан хугарал, зүүн хацарт шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ж.Б-ийн: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний шөнийн 23 цаг 15 минут орчим өөрийн ажлаа дуусаад гэртээ харих гэж ...явж байхад манай найз М таарсан. М-гийн хүүхдийн төрсөн өдөр нь болсон манай гэрээр ороод хоол идээд яв гэж хэлэхээр нь М-гийн гэрт орж хоол идээд сууж байх хугацаанд гаднаас найз нь гэх Ч гэдэг залуу эрэгтэй, эмэгтэй хоёр найзынхаа хамтаар орж ирсэн. Би Ч-ыг М-гийн багийн найз болохоор таньдаг. Ч нь М-гийн гэрт орж ирэхдээ хоёр найзынхаа хамтаар архи уусан байдалтай согтуу орж ирсэн. Ч болон түүний найзууд М-гийн гэрт хоол идэж сууж байсан. Тэгсэн гэнэт Ч-ын хамт явсан С гэх эмэгтэй над руу учир битүүлгээр дайраад “...чи яагаад байгаа юм бэ...” гэж орилоод байсан. Би тэр хүнийг зодож, цохиж, хэл амаар доромжлоогүй байхад тэр эмэгтэй над руу дайраад байсан. Тэр эмэгтэйг над руу дайрахад Ч-ын хамт явсан нөгөө эрэгтэй найз нь намайг хамгаалаад урдуур орж сууж С гэх эмэгтэйг над руу дайрахыг нь болиулж байсан. Яг тэгж маргалдаж байх хугацаанд Ч нь “чи май шүү” гэж олон давтамжтай орилж байгаад  цай ууж байсан шилэн аягаа над руу шидчихсэн. Тэр шидсэн аяга нь миний зүүн нүд орчим оночихсон. Миний чамархай орчмоос шууд цус гараад эхлэхэд түргэн тусламж дуудаад, цагдаагийн байгууллагад хандсан. Би лазер мэд эмнэлэгт томографын шинжилгээ хийлгэсэн, төгс ялгуун эмнэлэгт косметик оёдол тавиулсан. Нийт эмчилгээний зардалд 565,000 төгрөг гарсан уг мөнгийг Ч өгч барагдуулсан. Одоо надад эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйл байхгүй, өвчний түүх байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

Гэрч Б.С-гийн: “...найз Ч хамт 2022 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-ны шилжих шөнө 00:30 цагийн үед найз М-гийн гэрт очсон байсан. Тухайн үед дахиж архи дарс хэрэглэсэн талаар мэдэхгүй байна би их согтуу тасарчихсан байсан. Нэг мэдэхэд Ч-гийн шанаа хэсгээс цус гарчихсан харагдсан юм. Тэр үед гэнэт ухаан ороход 103 ирж Ч-г аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

Гэрч Б.М-гийн: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай хүүгийн төрсөн өдөр болоод манай дүү нар төрсөн өдрийг нь тэмдэглээд явцгаасан. Орой 23 цаг өнгөрч байхад Б-тэй хашааны гадна талд таараад хоол идээд гар гэж хэлээд гэрт хамт орж ирээд хоол идээд байж байхад 00 цаг өнгөрч байхад Ч, С, С нар орж ирээд хоол унд идээд сууж байгаад нэг шил архи авч ирсэн байсныг дээрээс нь нэг нэг татчихаад тэд хэд юм яриад сууж байсан. Би гал тогооны өрөөнд юм хийгээд байж байхад эмэгтэй хүн орилоод явчихаар нь гайхаад эргээд харахад Б-ийн зүүн талын шанаанаас цус гарчихсан харагдсан. Тэгээд би юу болсон талаар Б-ээс асуухад Ч май май гэж хэлж байгаад ундааны шилэн жижиг стакан шидээд оночихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1384 дугаартай:

“1. Ж.Б-ийн биед зүүн хацар ясны бяцарсан хугарал, зүүн хацарт шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Шүүгдэгч Ч.Ч: “...Б-т эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... “ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ч.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хохирогч Ж.Б рүү шалтгаангүйгээр шилэн аяга шидсэний улмаас түүний зүүн хацар хэсэгт нь онож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх тул шүүгдэгч Ч.Ч-ыг тус хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч Ч.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Ч нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдав.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “Нийт эмчилгээний зардал 565,000 төгрөг гарсан уг зардлыг Ч нь өгч барагдуулсан. Одоо надад эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 9 дэх тал) байх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал нь Ч.Ч-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Ч.Ч-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Ч.Ч-ын хувийн байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ч.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ч.Ч нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-т 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ