Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/436

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч *******- түүний өмгөөлөгч Г.Тулга

хохирогчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн

гэрч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105022960770 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Заг Бүтээл” ХХК-ийн захирал байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож вакум цонх хийж өгнө гэж урьдчилгаа 30 хувийг одоо өг эхний цонхыг маргааш суулгана, 9 дүгээр сарын 05-ны өдөр танай бүх цонхыг суулгаж дуусна гэж хуурч бодит байдлыг нуух замаар хохирогч С.Б-аас 12.000.000 төгрөгийг “Заг Бүтээл” ХХК-ийн харилцах дансаар шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт “Би “Заг бүтээл ХХК”-ийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулсан. Тус компанийг анх үүсгэн байгуулахдаа гүйцэтгэх захирлаар Г.Г-ыг томилсон. Дараа нь Солонго гэх эмэгтэйг 40 хувийн хувьцаа эзэмшигчээр томилсон. Би компанийнхаа гаднах үйл ажиллагааг хариуцдаг байсан. Номилон гэх компанитай гэрээ хийхдээ 7 хоног явсан. Гал*******- гэх барилгын мэргэжилтэй хүнтэй очиж цохныхоо хэмжээ зэргийг аваад явсан. 1 хоногт тус ажлыг хийгээгүй. 14 хоногийн дараа “Номилон” компани дээр очиж танайх гэрээ хийх үү гэж асуусан. Цонх хийх материалыг сонгон авч очиж тохиролцсон юм. 3 дахь өдөр нь гэрээ байгуулаад цонхны материалыг сонгосон. Материал аваад хийх гэтэл “Номилон” компани нь хийх хугацааг 2 сар гаруй хугацаанд өөрсдөө хойшлуулсан. Гэтэл манайх материалаа захиалчихсан байсан. “Номилон” компани цонх хийлгэх хугацаагаа өөрсдөө хойшлуулсан тул цонхны материалыг өөр газарт зарсан. Ингээд дараа нь дахин цонх хийх материалыг захиалсан. Хил хаагдаад материал ирээгүй болохоор манайх цонхыг нь хийж өгч чадаагүй. “Номилан” компани өөр газраар цонхоо хийлгэсэн. “Барат констракшн” нь миний хувьцаа эзэмшдэг компани юм. Би “Номилон” компаниас 4 удаа очиж хэмжээ авч 46.000.000 төгрөг болно гэж тооцоог гаргасан. “Номилон” компанийн мөнгийг би авч идээгүй, утасны хуулга үзүүлсэн ч болно. Үүгээр “Номилон” компаниас хэдэн удаа над руу ярьсан зэрэг нь харагдана. Энэ компани манайхтай гэрээ хийгээд ажил нь хойшилсон нь үнэн боловч хорио цээрийн дэглэмээс шалтгаалж материал нь мөн ирээгүй юм. Би залилсан зүйл байхгүй. “Заг бүтээл ХХК”-ийн хамаарал бүхий хүн мөн гэдгийг ерөнхий нягтлан бодогч Саранцэцэг болон Солонго нар батална. Компанийн бичиг баримтууд надад байдаг. Г.Г- нь компанийн дансанд орсон мөнгийг дотоод үйл ажиллагааг явуулахад зарцуулсан. Би залилах гэмт хэрэг үйлдээгүй.” гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Г.Г- шүүхийн хэлэлцүүлэгт “*******- манай байгууллагад компанийн зөвлөх инженер ажилтай. “Заг бүтээл” ХХК-д зөвлөх инженер ажилтай гэх тушаал нь байгаа. Худалдаа хөгжлийн банкнаас зээл хүсэхээр бид нар тушаал гаргаж байсан. Харин манай компанид хувьцаа эзэмшигч биш. Манай компанид *******- нь хамааралтай хүн юм. Мөрдөн байцаагч надаас мэдүүлэг авахдаа *******- нь улсын бүртгэлийн гэрчилгээн дээр хамааралтай юу гэж асуусан. Би хариулахдаа гэрчилгээн дээр хамааралгүй, компанид зөвлөх инженерээр ажилладаг гэж хэлсэн. Гэрээг байгуулах үед би хамт явж байсан, гарын үсэг зурсныг нь анзаараагүй. Надаас *******- зөвлөх гэх өмнөх тушаалаа гаргаад өгөөч гэж гуйсан болохоор би гаргасан. Эхнэр нь надаас гуйсан. Би тухайн үед тушаал гаргаж өгсөн. Дараа нь би Болороо эгчид болохгүй юм байна шүү гэж хэлсэн. Гэхдээ энэ тушаалыг ашиглаагүй юм билээ. Шүүх хурал болохоос өмнө гуйсан. Мөрдөн байцаагч надаас танай компанид *******- хамраалтай юу гэж асуухад нь улсын бүртгэлийн гэрчилгээн дээр хамааралгүй, компанид зөвлөх инженерээр ажилладаг л гэж хэлсэн. *******-тай утсаар маргалдсан. Дарамталсан зүйлгүй. Солонго сүүлд хувьцаа эзэмшигчээр орсон. Анх би *******-аа ахаас компани байгуулмаар байна гэж асууж байхад болно гэж хэлж байсан. Бид хоёр Ханжин хөөс гэх компанид хамт ажиллаж байсан хүмүүс юм. Тэр үед Ханжин хөөс гэх газарт *******- нь гүйцэтгэх захирал, би няраваар ажиллаж байсан. Бичиг баримт дээр миний нэр дээр ашгаа хувааж авахаар тохиролцсон. Иймд “Заг бүтээл” ХХК-ийн бичиг баримтыг *******-д үлдээсэн. *******-аа ахад цонхны үйлдвэр байдаг байсан. Тэр газраараа хийлгэнэ гэж байсан. Энэ газар мөнгө авчихаад цонхоо хийгээгүй байгаа. Цонхны үйлдвэрээс байцаалт авсан гэж мөрдөгч хэлсэн.  2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хишигсайхан руу болон 8 дугаар сарын 15-ны өдөр Баттулга нар руу цонхны материал авна гэхээр нь би шилжүүлсэн. 12.000.000 төгрөгөөс *******-аа ах намайг шилжүүл гэсэн үед нь шилжүүлж байсан. Хишигсайхан руу 2.000.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг, тээврийн зардал гэж 200.000 төгрөг, Гэрэл*******-т тээврийн зардал 120.000 төгрөг, Мөнхжаргалд 1.000.000 төгрөг, Баттулга руу түүхий эд гэж 2.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 4.000.000 төгрөг, Найдан руу 300.000 төгрөгийг ир авахаар, Галбадрахад 3.000.000 төгрөгийг хийсэн. Уг мөнгийг цонхны материал авахад зориулсан гэж надад хэлсэн. 1.590.000 төгрөгийг би өөрийн гар утсаа ломбардаас авахдаа зарцуулсан. Найдан гэж *******-бямбын эхнэр юм. Цонхны тээвэрт 200.000 төгрөг шилжүүлсэн.  8 дугаар сарын 12-ны өдөр Батсүрэн рүү *******-аа ах материал авна гэж шилжүүл гэж хэлсэн учраас мөнгө шилжүүлсэн. 8 дугаар сарын 14-ий өдөр Найдан руу 300.000 төгрөг шилжүүлсэн нь хөрөөний ир авахаар хийсэн мөнгө. Хохирогчид хохирол төлөх тухайд надад төлсөн гэж хэлж байсан. Материал авсан мөртлөө хийж өгөөгүй байсан. Миний өмнөх мэдүүлэг болон одоогийн мэдүүлэг ижил байгаа. Би *******-аа ахыг цонхоо хийчих учраас энэ тухайд анхаарал хандуулаагүй. Ломбардад *******-аа ахын утас болон миний I phone 11  pro max гэх утсаа бас цуг тавьсан. “Барат констракшн” компанитай амаар гэрээ хийсэн, бичгээр гэрээ хийгээгүй нь ийм зүйл болсон. 12.000.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгөөр цонхны материал авсан. 4.000.000 төгрөг нь ашиг. Хохирлыг манай байгууллага төлсөн.” гэсэн мэдүүлэг.

 

Хоёр: Эрүүгийн 210502296 0770 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б-ын хохирогчоор өгсөн: “Би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх-Оньч эмнэлгийг ажиллуулдаг юм. Би 2021 оны 3 дугаар сараас эмнэлэгтээ өргөтгөл барихаар болж барилгын ажил эхлүүлсэн юм. Барилгын ажил хийгдэж явж байгаад цонх хийлгэх болсон. Тэгтэл манай нэг найз надад энэ хүн гайгүй цонх хийдэг хүн байгаа юм гээд *******- гэж хүнийг над дээр авчраад энэ хүнээр хийлгэвэл хийлгэ гэсэн *******- гэж хүн “Заг Бүтээл” ХХК-ийн захирал олон жил хийж байгаа гэсэн. *******- гэж хүн манай барилгын бүх зүйлийг нь үзээд танай цонх нийтдээ 46.000.000 болох юм байна би чамаас 6.000.000 төгрөгийг нь авахгүй ажилчдаа танай эмнэлэгт хэвтүүлье чи одоо 40.000.000 төгрөгийнхөө 30 хувийг нь одоо өгчих гээд манай өрөөнд *******- бид хоёр гэрээ байгуулсан. Тэгээд би *******-бямбын Худалдаа хөгжлийн банкны данс руу 12.000.000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өөрийн худалдаа хөгжлийн банкны 2622000213 дугаарын данснаас шилжүүлсэн. Би 2021 оны 8 дугаар сарын сүүлээр *******-бямбын 99102915 дугаар руу залгаж юу болж байна цонхоо хийлгэе гэхэд за одоо танай цонхыг хийлээ эхний цонхыг маргааш аваачиж суулгана. 2021 оны 9 дүгээр сарын 05 гэхэд танай бүх цонхыг хийгээд дуусгана гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш би тэр *******- гэж хүн рүү удаа дараа залгасан боловч миний утсыг авахгүй байсан. *******- гэрээ байгуулах гэж манай ажил дээр 30 орчим насны эмэгтэй хүнтэй хамт ирсэн. Тухайн үед би тэр эмэгтэй хүний утасны дугаарыг тэмдэглэж авсан юм. Би *******- гар утсаа авахгүй байхаар нь тэр эмэгтэй рүү залгахад *******-бямбын ажлыг зааж өгсөн. Би тэр эмэгтэйн зааж өгсний дагуу Яармагийн 2 дугаар буудлын хойно байрлах хашаанд очиход “Бараат Хайрхан” ХХК цонхны үйлдвэр гэсэн хаягтай газар байсан би тэр газрын үйлдвэрийн дарга гэх 30 орчим насны эрэгтэй хүнтэй уулзсан чинь *******- манай захирал мөн нь мөн. Гэхдээ “Заг Бүтээл гэж бол манай компани биш гэж хэлсэн. Тэр үйлдвэрийн дарга гэх залуугийн утасны дугаар нь 88999809. *******- хайж байна гэж хэлэхэд та өөр рүү нь залгачих би сайн мэдэхгүй гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал)  

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Г-ын гэрчээр өгсөн: “Одоогоос 4 жилийн өмнө буюу 2018 онд “Ханжин Хөөс” ХХК-д би нярав хийдэг байхад *******- гэж хүн тухайн компанийн хувьцаа эзэмшигч байсан юм. Би анх *******- ахыг ингэж таньдаг болсон. Би 2020 онд хар замаск, барилгын хөөсний чиглэлээр компани байгуулсан юм. Тэгээд *******- ахыг хөөс шахах газар байвал нийлүүлээд өгөөч гэж хэлж байсан. *******- ах хөөс нийлүүлэх газар олж өгөөд дундаас нь хувь авдаг байсан. Миний ажиллуулдаг “Заг Бүтээл” ХХК-д *******- нь ямар нэг байдлаар оролцоо байхгүй хамааралгүй өөрийгөө хүмүүст манай компанийн зөвлөх гэж яриад байдаг юм байна лээ. 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн үед *******- ах над руу залгаад гэмтлийн эмнэлгийн ойролцоо нэг газар байна хүрээд ир гэхээр нь би яваад очсон. *******- ах эмнэлгийн дарга гээд нэг цагаан халаадтай хүнтэй мөн бас нэг эмэгтэйн хамт сууж байсан. *******- ах тэр цагаан халаадтай хүнийг манай найз гээд юм яриад байсан би очоод ямар учиртай юм бэ гэсэн чинь манай найз таньдаг хүн байгаа цонх хийнэ энэ хүнтэй гэрээ хувь хүнээр хийж болохгүй байна заавал компаниар хийнэ танай компани дээр хийчихье гэсэн. Тэгээд би өөрийгөө гарын үсэг зурах юм болов уу гэж бодсон чинь *******- ах өөрөө гарын үсэг зурсан би тухайн үед юм бодолгүй компанийн тамгаа гаргаж өгсөн. Тамгыг *******- ах аваад дарсан. Тухайн үед *******-тай гэрээ байгуулсан хүнтэй хамт байсан эмэгтэй хүн дансны дугаараа гэж асуухаар нь би тэр эмэгтэйд өөрийн компанийн Худалдаа хөгжлийн банкны 438004278 дугаарын дансыг хэлсэн Тэгээд *******- ах бид хоёр тэр газраас гарч яваад салж явцгаасан. Энэ явдлаас 3 билүү 4 цагийн дараа манай компанийн дансанд 12.000.000 төгрөг орсон байхаар нь би *******- ахад мөнгө орсон байна яах вэ гэхэд надад нэг дансны дугаар өгсөн би тэр дансыг ямар данс гэдгийг мэдэхгүй байна надад өгсөн данс руу нь 12.000.000 төгрөгийг нь бүгдийг нь шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Г-ын гэрчээр дахин өгсөн: “Энэ мөнгө нь *******- гэж хүн гэмтлийн эмнэлгийн урд байрладаг эмнэлгийн захиралтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Тэр гэрээний дагуу орж ирсэн бэлэн мөнгө байгаа юм. Дансны хуулгыг харлаа. 12.000.000 төгрөг орж ирснээс хойших гүйлгээг тайлбарлаж өгье. 1.590.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ мөнгө нь *******- 5 шарын “Эталон” нэртэй ломбардад самсунг эс-21 гар утсаа барьцаанд тавьсан байсан тэр гар утсыг чөлөөлж авахын тулд энэ мөнгийг шилжүүлсэн. *******- над руу тухайн үед нэг данс явуулаад 3.000.000 төгрөг шилжүүл гэхээр нь би *******- ахын өгсөн данс руу нь 2.000.000 төгрөгөөр 1.000.000 төгрөгөөр 2 хувааж шилжүүлсэн. 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр *******- нэг тоног төхөөрөмж худалдаж авна гээд тэрийг нь өргөх кран хэрэгтэй болоод 200.000 төгрөг шилжүүлсэн. *******- ах өөрөө дансгүй учир над руу данс явуулаад мөнгө шилжүүлчих гэхээр нь би тэр дор нь шилжүүлдэг байсан яг юуны мөнгө гэдгийг ихэнхийг нь мэдээгүй. 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр над руу *******- данс явуулаад утга дээр нь дансны хуулга гээд явуулаарай гэхээр нь би надад өгсөн данс руу нь хэлсэн утгыг нь бичээд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Чулуунгоо гээд *******- ахтай уулздаг эмэгтэй рүү 400.000 төгрөг шилжүүлсэн утга дээр нь утасны дугаарыг нь бичсэн. *******- хар өнгийн приус-41 маркийн автомашиныг “Сайн” ломбардад барьцаанд тавьж авсан тухайн зээлийнх нь төлбөр гээд 1.004.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн өдрөө над руу нэг данс өгөөд 4.000.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би 4.000.000 төгрөгийг хоёр хуваагаад 2.000.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн утга дээр нь “түүхий эд” гэж бичсэн ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдэхгүй. 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 300.000 төгрөг шилжүүлж авсан. Найдан гэж дансыг *******- надад хэлэхдээ манай эхнэрийн данс. гэж хэлж байсан. *******- энэ 12.000.000 төгрөгийг манай компанийн дансанд хийлгэж аваад өөрт нь хэрэг гарах үедээ дандаа над руу мессежээр данс явуулаад мөнгө авдаг байсан би энэ мөнгөнөөс бол өөртөө авсан зүйл огт байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал)

 

4. “Номилон” ХХК болон “Заг бүтээл” ХХК-ны хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ (хавтаст хэргийн 5-8 дахь тал)

 

5. “Заг бүтээл” ХХК-ны Худалдаа хөгжлийн банкны 438004278 дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 36-39 дэх тал)

 

6. “Заг бүтээл” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм (хавтаст хэргийн 41-45 дахь тал)

 

            7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.*******-бямбын яллагдагчаар өгсөн “ Би 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Мөнх Оньч эмнэлэг дээр очиж барилгын цонх хийж өгөх гэрээ байгуулж, урьдчилгаа 12.000.000 төгрөгийг Заг Бүтээл ХХК-ийн данс руу шилжүүлэн авсан. Тэгээд материал нь ирэхгүй гэрээ цуцлагдаад ийм асуудалд ороод байна. Би тухайн эмнэлэг дээр очихдоо Г.Г- захиралтай хамт очсон. Би гэрээнд гарын үсэг зурсан. Би гэрээнд гарын үсэг зурах эрхтэй. Би тухайн мөнгийг байгууллагын данснаас Г.Г- захирал бараа материал авахаар бүтээгдэхүүн авдаг байгууллага руу шилжүүлсэн. Мөнх Оньч эмнэлэгтэй 46.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тухайн мөнгөний 6.000.000 төгрөгт ажилчдын эмчилгээ хийлгэхээр тохирч урьдчилгаа 12.000.000 төгрөгийг байгууллагын данс руу шилжүүлсэн...Тийм зүйл байхгүй. Би тухайн байгууллагыг төлөөлөн удирдах гарын үсэг зурах эрх мэдэл байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал)

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 63 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 219-221 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.            

 

 

Гурав.Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ж.*******- Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасныг хохирогчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн дэмжиж оролцсон,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулгаас “Миний үйлчлүүлэгчийн холбогдсон үйлдэл нь иргэний харилцааны маргааны шинжтэй болохоос эрүүгийн гэмт хэрэг юм. Яллах дүгнэлтэд гэрч Г.Г-ын мэдүүлгээр нотлогдож байна гэсэн. Гэтэл энэ нотлоод байгаа гэрчийн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр нь үгүйсгэгдэж байна. Батчулуун, Хишигсүрэн, Найдан зэргийг асуухад залилсан эсэх нь тодорхой болно. 12.000.000 төгрөгийг залилсан бол өөрийн эзэмшилд шилжүүлсэн байх ёстой гэтэл ийм зүйл байхгүй. Ковидын давагдашгүй нөхцөл байдлын улмаас ажлыг хийж гүйцэтгээгүй. “Бараат констракшн” гэх компанид *******- ямар нэг үүрэг хүлээдгийг шалгах хэрэгтэй. Хохирогчийн мэдүүлгээр буруутгах боломжгүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж,  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Мөн шүүгдэгчийг цагаатгах боломжоор хангаж өгнө үү.” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.*******-  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

           Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч *******- нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Заг Бүтээл” ХХК-ийн захирал гэж худал хэлж “Номилон” ХХК-ийн захирал С.Б-тай 72 раммтай, 2 давхар шилтэй, орос резинтэй цонхыг 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хийж дуусгах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж улмаар 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч С.Б-аас 12.000.000 төгрөгийг “Заг Бүтээл” ХХК-ийн 438004278 тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт нь:

-С.Б-ын хохирогчоор өгсөн: “...*******- гэж хүн “Заг Бүтээл” ХХК-ийн захирал олон жил хийж байгаа гэсэн. *******- гэж хүн манай барилгын бүх зүйлийг нь үзээд танай цонх нийтдээ 46.000.000 болох юм байна би чамаас 6.000.000 төгрөгийг нь авахгүй ажилчдаа танай эмнэлэгт хэвтүүлье чи одоо 40.000.000 төгрөгийнхөө 30 хувийг нь одоо өгчих гээд манай өрөөнд *******- бид хоёр гэрээ байгуулсан. Тэгээд би *******-бямбын Худалдаа хөгжлийн банкны данс руу 12.000.000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өөрийн худалдаа хөгжлийн банкны 2622000213 дугаарын данснаас шилжүүлсэн. Би 2021 оны 8 дугаар сарын сүүлээр *******-бямбын 99102915 дугаар руу залгаж юу болж байна цонхоо хийлгэе гэхэд за одоо танай цонхыг хийлээ эхний цонхыг маргааш аваачиж суулгана. 2021 оны 9 дүгээр сарын 05 гэхэд танай бүх цонхыг хийгээд дуусгана гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш би тэр *******- гэж хүн рүү удаа дараа залгасан боловч миний утсыг авахгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал) 

-Г.Г-ын гэрчээр өгсөн: “...Миний ажиллуулдаг “Заг Бүтээл” ХХК-д *******- нь ямар нэг байдлаар оролцоо байхгүй хамааралгүй өөрийгөө хүмүүст манай компанийн зөвлөх гэж яриад байдаг юм байна лээ...манай компанийн дансанд 12.000.000 төгрөг орсон байхаар нь би *******- ахад мөнгө орсон байна яах вэ гэхэд надад нэг дансны дугаар өгсөн би тэр дансыг ямар данс гэдгийг мэдэхгүй байна надад өгсөн данс руу нь 12.000.000 төгрөгийг нь бүгдийг нь шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал)

-“Номилон” ХХК болон “Заг бүтээл” ХХК-ны хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ (хавтаст хэргийн 5-8 дахь тал)

-“Заг бүтээл” ХХК-ны Худалдаа хөгжлийн банкны 438004278 дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 36-39 дэх тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******- хохирогч  “Номилон” ХХК-ийн захирал С.Б-ыг залилан мэхэлсэн хэргийн үйл баримтыг шууд нотолсон хохирогчийн мэдүүлэгтэй гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтанд мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй тохирч байх тул гэрчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Гэрч Г.Г- шүүх хуралдаанд мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгээсээ буцаж өөрөөр мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдоогүй тул түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******- нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 2021 оны 8 дугаар сарын 10-нд хохирогч С.Б-т “Заг Бүтээл” ХХК-ийн захирал гэж худал хэлж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,  2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр танай бүх цонхыг суулгаж дуусна нийт төлбөр 46.000.000 төгрөг болох ба 6.000.000 төгрөгийг ажилчдын эмчилгээнд зарцуулна гэж, урьдчилгаа 12.000.000 төгрөгийг Заг бүтээл” ХХК-ний Худалдаа хөгжлийн банкны 438004278 дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогч С.Б-т итгэл үнэмшил төрүүлэн өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч *******- “Заг Бүтээл” ХХК-ийн захирал мэтээр өөрийгөө худал хэлж  хохирогч С.Б-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байх ба,  гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон, хохирогч тал хууртаж байгаагаа мэдээгүй байсан нь залилах гэмт хэрэг гэж үзнэ. 

Шүүгдэгч Ж.*******-бямбын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Иймд шүүгдэгч Ж.*******- “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч *******-д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулга “хүлээн зөвшөөрч дэмжиж оролцсон” болно.

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ж.*******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв. 

Шүүхээс *******-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний  цагдан хоригдсон 10 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 80 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд  тооцож, үлдэх  160  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоов.

Хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн шүүгдэгч *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны  танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Шүүгдэгч *******- залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч С.Б-т учруулсан 12.000.000 төгрөгийн хохиролоо нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******- “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.*******- Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 10 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож,  80 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх  160  /нэг зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай

 

 4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ