Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0755/Э |
Дугаар | 2022/ШЦТ/765 |
Огноо | 2022-06-15 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/765
2022 06 15 2022/ШЦТ/765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0923 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “Үлэмж говь” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1,
/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Л.А нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-ын авто худалдааны төвийн орчимд “2 ширхэг ёмкостийг авлаа” гэж үл ойлголцлоор маргаан үүсгэж, Ж.Бын зүүн хөл рүү нь өшиглөж түүний эрүүл мэндэд нь зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 665 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Л.А.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Л.А нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-ын авто худалдааны төвийн орчимд Ж.Быг 2 ширхэг ёмкостийг үндэслэлгүйгээр авлаа гэж үл ойлголцон маргалдаж түүнийг цохиж зодон, зүүн хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ж.Бын “...Би 2021 оны 11 сард Үнэгүй.мн сайтаас “ёмкост зарна” гэсэн зарын дагуу Шинэжаргал гэх хүнтэй холбогдоод 3, 4-р хорооллын эцэст хоолны газарт уулзсан. Тэгээд машин дотор сууж байхдаа 2 ширхэг ёмкость 63 сая төгрөгөөр худалдаж авах гэрээ хийгээд, төлбөрийн нөхцөлийг түлшээр хийхээр тохиролцоод урьдчилгаанд 2 сая төгрөг дансаар өгсөн. Тэгээд би 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ёмкостоо авхуулахаар найз Бямбадэлгэрийг Өмнөговь аймаг руу явуулж, 2022 оны 3 дугаар сарын 21-нд Өмнөговиос ачуулаад Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд найз Бямбадэлгэрээр хүнээс асууж байгаад ёмкостоо зарахаар болсон. Тэгээд 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр уг ёмкостийг худалдаж авсан гэх хүний хашаанд очиж, Бямбадэлгэрээс асуухад 36 саяар 2 ёмкостоо зарсан. Тэгээд би ажил хөөцөлдөж яваад буцаад 22-н авто худалдааны төвийн ойролцоо байх ёмкост дээр очиход, ёмкост худалдаж авсан залуу, А гэх залуу, бас нэг залуугийн хамт байсан. Тэгээд би буугаад очиход А гэх залуу надаас ёмкостийн эзэн хаана байна гэж асуухаар нь би байна гэж хэлэхэд намайг шууд барьж аваад заамдаад толгой руу 2, 3 удаа гараараа, хөлөөрөө толгой руу 1 удаа өшиглөөд, элэг рүү 1 удаа, зүүн шилбэ рүү 3, 4 удаа өшиглөсөн. Тэгээд Бямбадэлгэр цаанаас ирээд салгасан. Тэгэхэд А гэх залуу орилоод хулгайч, луйварчин гээд байхаар нь би 102-т дуудлага өгсөн. Би А гэх залууг огт танихгүй. Цагдаа дээр ирээд А гэж мэдсэн. Тухайн үед ямар нэгэн маргаан болоогүй, шууд ирээд үгийн зөрүүгүй намайг зодсон. Тухайн үед А гэх залуу ямар шалтгааны улмаас зодсоныг мэдээгүй. Сүүлд нь цагдаа дээр ирээд А гэх залууг ёмкост зарсан гэрээ хийсэн Шинэжаргал гэх залуу явуулсныг мэдсэн. А гэх залуу бид хоёрын хооронд өмнө нь ямар ч асуудал байхгүй. Би тэр өдөр л анх харсан. Тухайн үед А, түүний хамт явж байсан найз нь гэх залуу, ёмкост худалдаж авсан залуу, би таксины жолоочтой хамт явж байсан. Би Л.Аийн өөдөөс нь огт эсэргүүцэл үзүүлээгүй. Тухайн үед миний толгой хавдаж, зүүн хөлийн шилбэ хөхөрч, шалбарч, цус хураад хавдсан. Тэгээд би Хан-Уул дүүргийн эмнэлэг дээр очиж, шилбэний цус хурсан хэсгийг хагалуулсан. Уг гэмтлийг А гэх залуу намайг зодож учруулсан. Миний зүгээс Л.Ад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх14-15, 43/,
- Гэрч С.Баын “...Би 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22-н авто худалдааны төвийн ойролцоо хашаанд зарах гэж байгаа хүний 2 ёмкостны нэгийг буулгасан. Тэгээд буцаад нөгөө ёмкостоо авах гээд ойролцоо байх хашаанд ирэхэд хар суудлын машинтай 2 залуу ирсэн байсан. Тухайн үед Э ах ёмкост худалдаж авч байсан. Тэгэхэд ёмкостны эзэн бололтой намхан настай ахыг хар машинтай ирсэн өндөр залуу барьж аваад өшиглөөд, цохиж харагдсан. Тэгээд би очиход тэр 2 маргалдаад хүмүүс дундуур нь орж салгаж байсан. Тэгээд өндөр залуутай хамт явж байсан ах цагдаа дууд гээд удалгүй цагдаа нар ирсэн. Ёмкостоо миний сав, гэрээтэй сав гэх мэтээр маргалдаад байсан. ...Миний харснаар хар машинтай ирсэн өндөр залуу, намхан настай ахыг барьж аваад толгой руу нь 2, 3 удаа, хөл, гар луу нь өшиглөж, гараараа цохиж харагдсан. Нөгөө намхан настай ах нь эсэргүүцэл үзүүлээгүй. ...Тухайн үед ёмкост авч байсан Э ах, надтай утсаар ярьж ёмкост заруулсан 90778766 утасны дугаартай залуу байсан. Хар машинтай ирсэн 2 залуу байсан. Зодуулсан намхан ах бас байсан. ...Тухайн үед намхан настай ах толгой өвдөөд байна гээд толгойгоо барьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх46-47/,
- Гэрч М.Эгийн “...Батай нөгөө хар машинаас бууж ирсэн 2 залуугийн өндөр залуу нь барилцаж аваад Быг хөл, гар луу нь өшиглөж харагдсан. ...Бын хөл, зүүн мөр үү нь хөлөөрөө 1, 2 удаа өшиглөж, харагдсан. Ба эсэргүүцэж, зодоон хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /хх50-51/,
- Гэрч А.Билгүүний “...Би 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод ирээд таньдаг ах А ахынд хоносон. Тэгээд маргааш өглөө нь А ах ёмкостоо алдчихлаа хамт хайлцаад өгөөч гээд бид 2 гараад гадуур хайж яваад өдөр 12 цагийн үед 22-н товчооны авто худалдааны төвийн хойд талд том машин зогсдог зогсоол дээрээ олсон. Тэгээд худалдаж авсан гэх хүнтэй уулзаад зогсож байхад цаанаас нь 3 машинтай хүмүүс ирээд намхан настай ах бууж ирээд А ахтай маргалдаад, миний юм чи юугаа мэддэг юм гээд маргалдаад тэр 2 барьцалдаад авахаар нь би дундуур нь ороод салгасан. Тэгээд А ах цагдаа дууд гэхээр нь би дуудлага өгөөд, удалгүй цагдаа нар ирээд бүгдээрээ цагдаагийн хэлтэс дээр ирцгээсэн...” гэсэн мэдүүлэг /хх58/,
- шүүгдэгч Л.Аийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 3 дугаар 25-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уурхайн кемпээс алга болсон 2 ёмкостоо хайж явж байгаад өдөр 11 цагийн үед Хуучин 22-н товчооны авто худалдааны төв рүү эргээд уулзвар дээр шланзны зогсоол байдаг хашаанд байхыг олсон.Тэгээд яваад очиход нэг сахалтай залуу 2 ёмкост 36 сая төгрөгөөр худалдаж авсан гээд зогсож байсан. Ингээд зарсан хүнийг нь асуугаад утсаар нь холбогдоход удахгүй очлоо гээд 15 орчим минутын дараа 3 машинтай хүмүүс ирсэн. Тэгээд ёмкост зарсан гэх Ба гэх хүнтэй уулзаад хүний юмыг хулгайлаад зөвшөөрөлгүй зарсан байна гэж хэлэхэд чамайг танихгүй юм байна, би өөрийнхөө юмыг зарж байна гэж хэлэхээр нь бид 2 барьцалдаад заамдалцсан. Тэгэхэд хажуугаас хүмүүс ирж салгахаар нь би уг Ба гэх хүний хөл рүү нь 1 удаа, зүүн мөр лүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд дахиад заамдалцаад зогсож байхад хүмүүс ирж салгаад цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх77-78/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4895 дугаар шинжилгээний дүгнэлт хэсэгт “Ж.Бад зүүн шилбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь нэг хоногийн өмнө үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ. /хх65/
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчтой маргалдан хөлөөрөө өшиглөсөн, цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Л.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.
9. Шүүгдэгч Л.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдалтай гэж дүгнэн, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Л.А нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР